| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0081/Э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
хохирогч Ц.Оюун
шүүгдэгч Н.Жанчивдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гал овогт Нямжавын Жанчивдоржид холбогдох эрүүгийн 1807001810057 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1971 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын зоо техникч мэргэжилтэй, “Гийнгэр” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн 18 дугаар гудамж 01 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн АР71090830 дугаартай, Гал овогт Нямжавын Жанчивдорж.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Н.Жанчивдорж нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн 18-01 тоотод эхнэр Ц.Оюунтай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зүүн чихний дэлбээ, баруун дал, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун шилбэнд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Н.Жанчивдоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Жанчивдорж нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн 18-01 тоотод эхнэр Ц.Оюунтай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зүүн чихний дэлбээ, баруун дал, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун шилбэнд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Жанчивдоржийн өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүүгийн найз охин Сарантуяа, эхнэр нар хоол унд хийн ширээ засч, гэр бүлийн хүрээнд цэргийн баяр тэмдэглэж байх үед манай гэрт эхнэрийн найз Туяа нөхөр Заяагийн хамт ирсэн. Тухайн өдрийн оройноо бид хэд жаахан архи пиво уугаад унтсан. Өглөө нь үлдсэн тал шил архийг уухад эхнэр Оюун нь тал шил архийг гэрээс гаргаж хаясан. 16 цагийн орчим эхнэр, бид хоёр Улаанбаатар хот явах байсан боловч микро автобусанд амжаагүй тул оройны 18 цагийн микро автобусаар явахаар болсон. Би дахиж нэг шил архи авахад “эхнэр дахиж битгий архи уу, боль” гэж хэлснээс маргаан үүссэн. Би эхнэрээ зодож цохьсондоо маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Оюуны өгсөн: “Нөхөр 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөржин цэргийн баяр тэмдэглэж архи уусан. Маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нөхөр энд тэндгүй архи задалж уугаад байхаар нь би “одоо болно, чи хот орох ажилтай биз дээ” гэж хэлсэн. Нөхөр, бид хоёр 4 цагийн микро автобусаар Улаанбаатар хот явах байсан боловч хоцорсон. Дахиад архи ууна гэхээр нь “яаж хот руу согтуу хүн дагуулж явах юм бэ” гэж хэлээд архи уухыг хориглоход, өөдөөс “чамаар заалгахгүй” гэж хэлээд намайг гутлаар шилэн хүзүү рүү цохиж, үснээс зулгаагаад чирсэн. Би гарч гүйж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №08шэ/177 дугаар:
/хх-ийн 21 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 24 дүгээр тал/
Аюулын зэргийн үнэлгээний маягт,
/хх-ийн 28 дугаар тал/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,
/хх-ийн 29-37 дугаар тал/
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт,
/хх-ийн 39 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.Жанчивдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Оюунд хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгчээс нэхэмжилж байгаа хохирол төлбөр байхгүй” гэснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Н.Жанчивдорж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.Жанчивдоржийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Оюуны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Н.Жанчивдорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гал овогт Нямжавын Жанчивдоржийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Жанчивдоржийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Жанчивдоржид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150,000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Н.Жанчивдоржид мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Жанчивдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Жанчивдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ