Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/568

 

 

 

 

 

    2024             5              16                                         2024/ДШМ/568

 

С.Пд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Лхагваа,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Лхагваагийн бичсэн эсэргүүцлээр С.Пд холбогдох эрүүгийн 2307 00000 0406 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.П нь ...хаягт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Н-г:

2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хардалтын улмаас үл ялих зүйлээр шалтаглан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнийн 00 цагийн үед хохирогч А.Нг хардалтын улмаас гараараа алгадаж, цохин газарт унагаж, хоолойноос нь боож, хөлөөрөө өшиглөж, дэвсэх зэргээр халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон,

2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 02 цагийн үед хохирогч А.Нг “гадуур гарлаа” гэж шалтаглан зүй бус үгээр хараан доромжилж, нүүр хэсэгт гараараа алгадаж гэмтэл учруулахгүйгээр халдаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө хохирогч А.Нгийн “Ай фоне 10” загварын гар утсыг хардалтын улмаас “өөр хүнтэй цахим орчинд харьцлаа” гэсэн шалтгаанаар газар авч шидэж, дахин ашиглах ямар ч боломжгүй болгон устгаж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан,

мөн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 00 цагийн үед согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Нтой “урьд харилцаатай байсан хүнтэйгээ утсаар ярьсан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодох үедээ гараараа алгадах, цохих, газарт унагах, түлхэх, хоолой хэсгээс нь боох, хөлөөрөө өшиглөх, дэвслэх зэргээр олон удаа биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр зовхи, хамрын нуруу, зүүн хөхлөг сэртэн, хүзүү, цээж, зүүн дал, нуруу, баруун шуу, баруун гуя, ахар сүүлэнд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.Пгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Харнууд овогт Санжидын Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэр бүлийн хамааралтай хүнийг байнга зодсон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “хуваарьт эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхэд халдсан” тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар шүүгдэгч С.Пд 7 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах тус тус ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т тус тус зааснаар оногдуулсан 7 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 8 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пг Налайх, Багануур, Багахангай дүүргийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 27-36 тоотод оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 8 сар 20 хоногийн хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.Пгаас 1.154.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Лхагваа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго”-ыг тусгайлан хуульчилсан бөгөөд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хуулийн хүрээнд боловч хязгаарлалтын бүсийг хэт өргөн хүрээгээр буюу 3 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын зорилгод нийцээгүй байна.

Учир нь, зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Иймд шүүгдэгч С.Пд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг өргөн хүрээгээр тогтоосон гэж дүгнэж, түүнийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос С.Пгийн ...хаягт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Нг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хардалтын улмаас үл ялих зүйлээр шалтаглан зодсон, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнийн 00 цагийн үед хохирогч А.Нг хардалтын улмаас гараараа алгадаж, цохин газарт унагаж, хоолойноос нь боож, хөлөөрөө өшиглөж, дэвсэх зэргээр халдаж зодсон, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 02 цагийн үед хохирогч А.Нг “гадуур гарлаа” гэж шалтаглан зүй бус үгээр хараан доромжилж, нүүр хэсэгт гараараа алгадаж зодсон үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар,

- 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө хохирогч А.Нгийн “Ай фоне 10” загварын гар утсыг хардалтын улмаас буюу “өөр хүнтэй цахим орчинд харьцлаа” гэсэн шалтгаанаар газар авч шидэн, дахин ашиглах ямар ч боломжгүй болгон устгаж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар,

- 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 00 цагийн үед согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Нтой “урьд харилцаатай байсан хүнтэйгээ утсаар ярьсан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодох үедээ гараараа алгадах, цохих, газарт унагах, түлхэх, хоолой хэсгээс нь боох, хөлөөрөө өшиглөх, дэвслэх зэргээр олон удаа биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр зовхи, хамрын нуруу, зүүн хөхлөг сэртэн, хүзүү, цээж, зүүн дал, нуруу, баруун шуу, баруун гуя, ахар сүүлэнд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд тусгасан хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч С.Пгийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнийн 00 цагийн үед хохирогч А.Нг хардалтын улмаас гараараа алгадаж, цохин газарт унагаж, хоолойноос нь боож, хөлөөрөө өшиглөж, дэвсэх зэргээр халдаж зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн шинжид,

мөн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 00 цагийн үед согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Нтой “урьд харилцаатай байсан хүнтэйгээ утсаар ярьсан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодох үедээ гараараа алгадах, цохих, газарт унагах, түлхэх, хоолой хэсгээс нь боох, хөлөөрөө өшиглөх, дэвслэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн шинжид тус тус хамааруулжээ.

Өөрөөр хэлбэл, нэг үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамааруулан ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн зүйлчлэлийн талаар тайлбар хийгээгүй байна.

Шүүгдэгч С.Пгийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө хохирогч А.Нгийн “Ай фоне 10” загварын гар утсыг хардалтын улмаас буюу “өөр хүнтэй цахим орчинд харьцлаа” гэсэн шалтгаанаар газар авч шидэн, дахин ашиглах ямар ч боломжгүй болгон устгаж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол ... гэж заасан гэмт хэргийн шинжид яагаад хамаарахгүй болох, энэ хоёр гэмт хэргийн үндсэн шинж, төсөөтэй болон ялгаатай байдлыг өрсөлдөх хэм хэмжээний хүрээнд тайлбарлаагүйгээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Шүүгдэгч С.Пгийн хохирогч А.Нгийн гар утсыг газар шидэж ашиглах боломжгүй болгон 575.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд дээр дурдсан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар прокуророос болон анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй, нэг үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамааруулан ял шийтгэл оногдуулсан тус тус нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасан үндэслэлд хамаарч байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Прокурор А.Лхагваагийн бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч С.Пд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР