Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 111/ШШ2025/0047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” хоршоо,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга,

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар,

Хариуцагч Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: ******* нарын хоорондын     

“******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоол, ******* сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/107 дугаар тушаал, Засаг даргын Тамгын газар "*******" ХХК нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Дулаан үйлдвэрлэх түгээх” Дулаан үйлдвэрлэлийн барилга байгууламжийн менежментийн гэрээ, Орон нутгийн өмчийн газар, ******* сумын Засаг даргын тамгын газар, “*******” ХХК-тай байгуулсан 2022 оны 10 сарын 01-ний өдрийн "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ"-г тус тус хүчингүй болгуулах, “*******” хоршооны дулаан үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааr сэргээж, үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******,,, хариуцагч Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” хоршоо нь Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, Иргэдийн Нийтийн хурлын дарга, Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газарт тус тус холбогдуулан “******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоол, ******* сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/107 дугаар тушаал, Засаг даргын Тамгын газар "*******" ХХК нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй "Дулаан үйлдвэрлэх түгээх" Дулаан үйлдвэрлэлийн барилга байгууламжийн менежментийн гэрээ, Орон нутгийн өмчийн газар, ******* сумын Засаг даргын тамгын газар, “*******” ХХК-тай байгуулсан 2022 оны 10 сарын 01-ний өдрийн "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ"-г тус тус хүчингүй болгуулах, “*******” хоршооны дулаан үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааr сэргээж, үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. “*******” хоршоо нь Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай  2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 01 дугаартай “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн менежментийн гэрээ”, Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газар, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газартай  2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаар  “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г тус тус байгуулжээ.

3. Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/107 дугаар “ Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулаах тухай” захирамжаар “...Сумын төвлөрсөн халаалт, дулаан үйлдвэрлэлийн талаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар батлуулсан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаар бүхий гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дулаан үйлдвэрлэл, түгээх үйл ажиллагааг менежментийн гэрээгээр гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилсугай...” гэж төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан байна.

4. Тус захирамжийн дагуу Сумын дулаан үйлдвэрлэгч аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2022 оны 09 дүгээр сарын 08-09-ний өдөр хуралдаж, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар Сумын дулаан үйлдвэрлэгч аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн саналаар “...1.Тус сонгон шалгаруулалтад “*******” ХХК, “Есен од констракшн” ХХК-иуд материал ирүүлснээс Есөн од констракшн ХХК-ны материал шаардлага хангахгүй бөгөөд “*******” ХХК-ны материал нь ерөнхий шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. 2. “*******” ХХК-аас гэрээ байгуулахаас өмнө доорх материалыг ирүүлэхийг шаардаж, шаардлага хангаж байвал гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзлээ...” гэсэн санал гаргасан байна.

5. Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Менежментийн гэрээг дуусгавар болгосонд тооцох тухай” 10/34 дүгээр “...1.Залаа Цагаан хоршоо нь сумын Засаг даргын Тамгын газартай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаар бүхий гэрээ байгуулан ажилласан тул Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Залаа-Цагаан хоршоотой 2020 оны 09 дүгээр сарын 15-наас 2021 оны 09 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаагаар байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай орон нутгийн өмчийн эд хөрөнгийн менежментийн гэрээг дуусгавар болсонд тооцсугай...” гэсэн тогтоол гаргасан.

6. Мөн тус өдөр “Санал дэмжих тухай” 10/35 дугаар “...Сумын Засаг даргын сумын төвийн төвлөрсөн халаалт, дулаан үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааг менежментийн гэрээгээр гүйцэтгэх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажиллуулах тухай саналыг дэмжсүгэй...” гэсэн тогтоол гарч, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар нь "*******" ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2022.01 34 дүгээр “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй "Дулаан үйлдвэрлэх түгээх" Дулаан үйлдвэрлэлийн барилга байгууламжийн менежментийн гэрээг байгуулж, Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газар, ******* сумын Засаг даргын тамгын газар нь “*******” ХХК-тай 2022 оны 10 сарын 01-ний өдрийн дугааргүй "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ"-г байгуулсан байна.

7. Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.  

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“*******” хоршоо нь 2006 оноос эхлэн ******* сумын Уурын зуухны барилгыг шинээр барьж, түрээслэн дулаанаар хангах гэрээ байгуулж байгууллага иргэдийг дулаанаар хангаж ирсэн. Энэ хугацаанд тус хоршоо уурын зуух , дулааны шугам сүлжээг түрээсийн журмаар ажиллуулж байсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 2022 оны 09 сарын 09-ны өдрийн хуралдаанаар ******* суманд дахин Уурын зуух барих нээлттэй тендер шалгаруулах тухай сонгон шалгаруулалт зарлахыг дэмжиж тогтоол гаргаснаар , Засаг Даргын Тамгын Газар, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй “*******” ХХК-ыг тендерт шалгарсан хэмээн гэрээ байгуулж 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дахин Уурын зуухны барилга барих ажлыг эхлүүлсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлан энэ ажлыг эхлүүлэх ёстой

Энэ хуульд зааснаар тендер гэж хамгийн сайн үнэлүүлсэн тендерийг хэлнэ гэж заасан. Гэтэл Засаг даргын тамгын газар нь дээрх хуулийн агуулга зарчим, олон заалтыг зөрчиж тендерийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлалгүйгээр, тендерийн ил тод тэгш эрхийн зарчимд тулгуурлан нээлттэй тендер зохион байгуулаагүй. Мөн дулаан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг олон жил эрхэлж Уурын зуухны барилгыг шинээр барьж хөрөнгө оруулалт хийсэн. "*******" хоршооноос Засаг Даргын Тамгын Газартай хийж буй хөрөнгийн маргааны асуудал шүүхийн эцсийн шатанд шийдвэрлэгдэж дуусаагүй, "*******" хоршоог сонсох ажиллагаа явуулаагүй байтлаа гэрээг шууд цуцалж нийтийн эрх ашгийг хохироож байна.

Иймд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгож.явагдсан гэх тендерийг хүчин төгөлдөр бусад тооцож Манай байгууллагын дулаан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллуулж өгнө үү.” гэжээ.

9. Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ "*******" хоршооны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын Иргэний хуулийг үндэслэн ******* сумын Засаг даргын Тамгын газар "*******" хоршоо нар нь 2021 оны 10 сарын 01-ний өдөр Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ гэх 101 дугаарын гэрээг байгуулсан.

Гэрээний зорилго нь: "*******" хоршоо нь сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, цэвэр усны шугам зэргийг ашиглалтдаа авч 2021-2022 онд шилжих хүйтний улиралд сумыг дулаанаар хангах, газар доорх шугам сүлжээний өмчлөгч болох Засаг даргын Тамгын газар нь түрээсийн төлбөр авах.

Гэрээний хугацаа: 2021.10.01-2022.04.31

Бусад нөхцөл: Гэрээний хугацаа дуусахад гэрээний үүргийн биелэлтийг хамтран дүгнэнэ.

Засаг даргын Тамгын газар нь тус гэрээний 10.1 дахь заалтын дагуу гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхээр 2022.05.01-ний өдрөөс "*******" хоршооны дарга руу удаа дараа холбогдон утсаар мэдэгдэж урьсан боловч үл ойшоон ирээгүй, улмаар хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн 2022.09.12-ны өдөр гэрээ дуусгавар болсон тухай 123 дугаарын албан тоотоор Засаг даргын Тамгын газар мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

"*******" хоршоо нь Засаг даргын Тамгын газраас "*******" ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй учир нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Тодруулбал нэгэнт гэрээний хугацаа дууссан буюу гэрээний дагуу үүссэн харилцаа дууссан. 2022 оны 08 сарын 26-ны өдрийн Засаг даргын А/107 дугаарын захирамжаар сумын нийт иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор сумын төвлөрсөн халаалт, дулаан үйлдвэрлэн түгээх аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан. Тус сонгон шалгаруулалтад "*******"  хоршоо оролцоогүй.

Иймд "*******" хоршооны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хөндөөгүй юм.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн 59.1.3-т "Сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулж сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулан хэлэлцүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх", 59.1.6-т "Сумын өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, сумын өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэргээр захиран зарцуулах санал боловсруулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх" зэргээр хуульчилсан байх ба сумын Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн гэрээг байгуулан нийтийн эрх ашгийг хамгаалан ажиллаж байна.

Тиймээс Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 09 сарын 09-ний өдрийн "Санал дэмжих тухай" тогтоол болон бусад хууль тогтоомжид үндэслэн байгуулсан 2022 оны 09 сарын 12-ны өдрийн ******* сумын Засаг даргын Тамгын газар болон "*******” ХХК нарын хооронд байгуулсан 2022.01/34 дугаарын гэрээ нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Мөн нэхэмжлэгч Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх журам нь захиргааны байгууллагад өөрийн гаргасан шийдвэрээ нягтлан хянах боломжийг олгоход чиглэгддэг бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийг зөрчиж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.” гэжээ.

9. Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Нийтийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“*******" хоршооны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэсэгт:

Сумын ИТХ-ын 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн хуралдаанаар баталсан шинээр уурын зуух бариулах нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тухай тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн байна.

Манай ИТХ-ын хувьд сонгон шалгаруулалт зарлах эрх хэмжээгүй ба тухайн нэхэмжлэлийн шаардлага бүхий тогтоол гаргаагүй байна.

Тодруулбал: 2022.09.09-ны өдрийн хурлын хуралдаан сумын Засаг даргын сумын төвийн төвлөрсөн халаалт, дулаан үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааг менежментийн гэрээгээр гүйцэтгэх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажиллуулах тухай саналыг дэмжсэн тогтоол гаргасан байна.

Тус тогтоол нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Төлөөлөгчдийн олонхын гаргасан саналыг ИТХ-ын даргын хувьд үүргийнхээ дагуу ёсчлон баталгаажуулсан ба сумын төвийн төвлөрсөн халаалт, үйлдвэрлэлээр хангах нь хүйтний улирал эхлэхээс өмнө Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн нэн тэргүүн шийдвэрлэх үүрэг байсан.

"*******” хоршооноос ямар ч санал, хүсэлт манай хуралд ирээгүй байна. Тухайн байгууллагын эрх хэзээ, хаана, хэрхэн зөрчигдсөн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх ба нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт уурын зуухны барилгын асуудал дурдсан нь Иргэний хэргийн шүүхийн шатанд маргаантай байгаа нь үнэн.

Сумын нийт иргэдийг дулаанаар хангуулах эрх ашгийг нэг байгууллага хохироож болохгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.” гэжээ.

10. Нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ******* сумын Засаг дарга Т.Эрдэнэбат нь Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.6-д Сумын Засаг дарга нь төрийн өмчийг, бусдад эзэмшүүлэх, түрээслэх, хувьчлах зэргээр захиран зарцуулах санал боловсруулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлнэ, бүрэн эрхийнхээ хүрээнд гэрээ байгуулан ажиллаж болно гэснийг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78-р зүйлийн 1-д... Засаг дарга нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэснийг, 78-р зүйлийн 2.1-д... Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэснийг зөрчиж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын шийдвэр гараагүй байхад 2022 оны 08 сарын 26-ны өдөр А/107 дугаартай захирамжаар Дулаан үйлдвэрлэн түгээх үйл ажиллагааг менежментийн гэрээгээр ажиллуулах нээлттэй сонгон шалгаруулах төсөл сонгон шалгаруулахаар Засаг даргын тамгын газрын дарга С.Зоригтоор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй. ажлын хэсэг байгуулан ажиллуулсан.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Захиргааны Ерөнхий хуулийн эрх ашиг нь зөрчигдсөн этгээдэд, мэдэгдэх, сонсох, мэдээлэх үүрэг бүхий заалтуудыг зөрчиж Тамгын газрын хууль бус сонгон шалгаруулалтын саналыг дэмжиж тогтоол гаргасан.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн тогтоол гараагүй байхад Засаг даргын, захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь бичиг баримтын бүрдэлгүй, сонгон шалгаруулалтаар тавьсан шаардлагыг хангаагүй байтал “*******” ХХК-г шалгаруулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2022 оны 09 сарын 08, 09-ны өдөр хуралдаж саналыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулахаар шийдвэрлэсэн.

Эдгээр хууль бус ажиллагаанаас болж “*******” хоршоооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж санхүү эдийн засгийн хямралд орж бизнесийн ажиллагаа бүрэн зогссон төдийгүй “*******” ХХК дулаан үйлдвэрлэх талаар тусгай зөвшөөрөл байхгүй, дулаан үйлдвэрлэлийн ажлын туршлагагүйгээс хэрэглэгчдийг чанартай дулаанаар бүрэн хангахгүй тэдний эрх ашгийг хохироож байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.” гэжээ.

11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“*******" хоршооны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ******* сумын ИТХ-ын тогтоол хүчингүй болгож, явагдсан гэх тендерийг хүчин төгөлдөр бусад тооцож, манай байгууллагын дулаан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллуулж өгнө үү бүхий нэхэмжлэлийн шаардлагатай, 2022.12.30-ны өдрийн Засаг даргын 2022.08.26-ны өдрийн А/107 тоот захирамж, ЗДТГ-Ян “*******” ХХК-тай байгуулсан Уурын зуух шинээр барих, дулаан үйлдвэрлэн түгээх гэрээг хүчингүй болгох тухай нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэрэгт манай "*******" ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байх ба дараах тайлбарыг гаргаж байна.

Манай "*******" ХХК нь 2022 оны 9 дүгээр сард Баянхонгор аймгийн Номгон телевизээр ******* сумын дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер нээлттэй зарласан тухай зарын дагуу сонгон шалгаруулалтад оролцон шалгарсан. Улмаар Манай "*******" ХХК нь 2022.09.12-ны өдөр 2022-01 дугаарын "Баянхонгор аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Дулаан үйлдвэрлэх, түгээх дулаан үйлдвэрлэлийн барилга байгууламжийг менежментийн гэрээ"-г ******* сумын засаг даргатай байгуулсан. Тодруулбал тус сонгон шалгаруулалтад “*******” хоршоо оролцоогүй болно.

Тус гэрээний дагуу манай байгууллага нь ******* сумын дулаан үйлдвэрлэх халаалтын зуух, дулаан үйлдвэрлэлийн барилга байгууламж /2800метр дулааны шугам, хоногт 60 тн ус нөөцлөх цэвэр усан сан түүний шугам, хоногт 50м3 бохир цэвэршүүлэх байгууламж/-ийг түүний бохир зайлуулах шугамын хамтаар эзэмшин, өөрийн 100% хөрөнгөөр уурын зуухны тоног төхөөрөмж, барилга байгууламжийг барьж, ******* сумын төвийн албан байгууллага, айл өрхүүдийн халаалт дулаанаар ханган /2022.09.17-2025.09.17 хугацаанд/ ажилласан.

Тус 2022.09.12-ны өдрийн 2022-01 дугаарын "Баянхонгор аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Дулаан үйлдвэрлэх, түгээх дулаан үйлдвэрлэлийн барилга байгууламжийг менежментийн гэрээ"-ний хугацаа 2025.09.17-ны өдөр дууссан ба дахин дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалт нээлттэй зарлагдаж манай компани шалгарсан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

12. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, багасгасан үндэслэлдээ:

"*******" хоршоо нь ******* сумын дулаан үйлдвэрлэл, түгээлтийг сайжруулах зорилгоор 2014 онд шинэ уурын зуухыг барьж, ашиглалтад оруулах гэрээг байгуулан уурын зуухыг ашиглалтад оруулсан. 2020 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн менежментийн гэрээг байгуулан уурын зуухны үйл ажиллагааг хариуцан ажиллаж ирсэн.

Гэтэл дээрх гэрээ хүчин төгөлдөр бөгөөд уг гэрээ цуцлагдаагүй байхад сумын Засаг дарга нь уурын зуухыг дахин бариулж, менежментийн гэрээгээр ашиглуулах сонгон шалгаруулалтыг хууль бусаар зарлаж, сонгон шалгаруулалт явуулан, өөр этгээдтэй менежментийн гэрээ байгуулсан байдаг.

Тухайн сонгон шалгаруулалт нь ямар хуульд үндэслэн явуулсан нь тодорхойгүй, орон нутгийн өмчийн эзэн болох Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргаагүй байхад сонгон шалгаруулалт зарлаж, Засаг даргын Тамгын газрын дарга нь дур мэдэн гэрээ байгуулсан нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг илэрхий зөрчсөн.

Тухайлбал Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.11 дэх заалтад "орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;" гэж заасан бөгөөд орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрхийг зөвхөн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэрэгжүүлэхээр хуульчилсан.

Гэтэл ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас уурын зуухыг менежментийн гэрээгээр хувьчлах тухай аливаа шийдвэр гараагүй байхад сонгон шалгаруулалт зарлаж, гэрээ байгуулж байгаа нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй, өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна.

Мөн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоол нь 2020 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай байгуулсан Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн менежментийн гэрээ цуцлагдаагүй, гэрээний хэрэгжилтийг дүгнээгүй, гэрээг хэрэгжүүлж дуусаагүй байхад дахин сонгон шалгаруулалт зарлах, гэрээ байгуулах талаарх хууль бус ажлын хэсгийн саналыг дэмжсэн, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрх, ашиг нь хөндөгдөж буй этгээдийг тодорхойлж, оролцоог нь хангаагүй нь хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоол, ******* сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/107 дугаар тушаал, Засаг даргын Тамгын газар "*******" ХХК нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Менежментийн гэрээг тус тус хүчингүй болгож, "*******" хоршооны дулаан үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааг сэргээж, үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж, бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.

13. Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нэхэмжлэгчийн өөрчилж, багасгасан нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

“Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10/35 дугаартай "Санал дэмжих тухай" тогтоол нь зөвхөн "*******" хоршоонд хандсан асуудал биш бөгөөд нийтэд зарласан нээлттэй асуудлыг шийдсэн тогтоол буюу хамтын шийдвэр тул хүчингүй болгуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад байгаа 2020 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай байгуулсан гэрээ цуцлагдаагүй гэж үзсэнийг хүлээн авах боломжгүй гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна.

“*******” хоршоо нь сумын Засаг даргын Тамгын газартай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаар бүхий гэрээ байгуулан 2 тал харилцан тохиролцож гарын үсэг зурж 1 жилийн хугацаанд ажилласан тул Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Залаа-Цагаан хоршоотой 2020 оны 09 дүгээр сарын 15-наас 2021 оны 09 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаагаар байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай орон нутгийн өмчийн эд хөрөнгийн менежментийн гэрээг дуусгавар болсонд тооцож 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаанаар шийдвэр гаргасан байна.

Мөн энэ хугацаанд гэрээ сунгах талаар манай байгууллагад албан ёсны хүсэлт ирүүлээгүй байна.” гэжээ.

14. Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга нэхэмжлэгчийн өөрчилж, багасгасан нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

“******* хоршооны 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 27 дугаартай Нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Тухайн гарсан шийдвэрүүд нь мөн цаг хугацаандаа үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа тул "*******" хоршооны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Жич: Хууль зүйн туслалцаа авах боломжгүй байгаа учир хууль зүйн үндэслэлтэй тайлбар гаргаагүй болно.” гэжээ.

15. Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга нэхэмжлэгчийн өөрчилж, багасгасан нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

“******* хоршооны 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 27 дугаартай Нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Тухайн гарсан шийдвэрүүд нь мөн цаг хугацаандаа үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа тул “*******” хоршооны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Жич: Хууль зүйн туслалцаа авах боломжгүй байгаа учир хууль зүйн үндэслэлтэй тайлбар гаргаагүй болно.” гэжээ.

16. Хариуцагч Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга нэхэмжлэгчийн өөрчилж, багасгасан нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

"******* хоршоо"-ны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай "Нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, багасгах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно." гэж заасан.

Үүний дагуу Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх журам"-ыг баталсан.

Тус журмын 10,17 дахь заалтыг үндэслэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 2020 оны 50 дугаар тогтоолын хавсралтаар "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ"-ний үлгэрчилсэн загвар батлагдсан.

Манай байгууллага нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж, Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг батлах, шаардлагатай тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцлах; 4.2 дахь хэсэгт зааснаар Түрээсэлсэн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, түрээсийн төлбөр төлөлт, түрээсийн гэрээний биелэлтэд хяналт тавих эрхтэй оролцдог.

Гэрээний 10.2 дахь хэсэгт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас түрээсийн гэрээг дараах тохиолдолд нэг талын санаачилгаар, түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцалж болно гэж заасан.

Гэрээний 10.2.1-10.2.6 дахь хэсэг, 10.3,10.4 дахь заалтуудад тусгагдсан гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй.

Мөн Орон нутгийн өмчийн газар, ******* сумын Засаг даргын Тамгын газар, “*******” ХХК-тай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2022.01/34 дүгээр гэрээний аль нэг тал гэрээг цуцлах санаачилга гаргаагүй байх тул тус гэрээг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж үзэж байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны "Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай" 51 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт "Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх үйл ажиллагаанд ашиглахыг төсөвт байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, захирал нарт зөвлөсүгэй гэж заасан.

Иймд тухайн эд хөрөнгийн эзэмшигч буюу түрээслүүлэгч байгууллага сонгон шалгаруулалтыг жишиг баримт бичигт нийцүүлэн явуулна.

Манай байгууллага төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд оролцдоггүй болно.” гэжээ.

17. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн өөрчилж, багасгасан нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

“*******” хоршооны нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, багасгах тухай тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” хоршоо тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, Иргэдийн Нийтийн хурлын дарга, Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газарт тус тус холбогдуулан “******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоол, ******* сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/107 дугаар тушаал, Засаг даргын Тамгын газар "*******" ХХК нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй "Дулаан үйлдвэрлэх түгээх" Дулаан үйлдвэрлэлийн барилга байгууламжийн менежментийн гэрээ, Орон нутгийн өмчийн газар, ******* сумын Засаг даргын тамгын газар, “*******” ХХК-тай байгуулсан 2022 оны 10 сарын 01-ний өдрийн "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ"-г тус тус хүчингүй болгуулах, “*******” хоршооны дулаан үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааr сэргээж, үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах” шаардлага тус тус гаргасан.

1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

 2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Ажлын хэсгээс гарсан саналыг 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаанд оруулсан байдаг. Энэ саналын хувьд ******* сумын Засаг дарга ******* санал гаргаж, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас саналыг дэмжиж, 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 10/35 дугаартай тогтоолыг баталсан. Энэ тогтоолд "сумын төвлөрсөн халаалт, дулаан үйлдвэрлэлийн талбай, сумын Засаг даргын Тамгын газар, "*******" хоршоотой орон нутгийн өмчийн газрын батлуулсан 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 101 тоот гэрээг байгуулан ажилласан бөгөөд "*******" хоршоо гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний хэрэгжилтийг дүгнүүлээгүй, шугам сүлжээний түрээсийн төлбөр 5,585,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Улмаар "*******"  хоршоонд уурын зуухны барилга, бусад хөрөнгөтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган өөрийн оруулсан хөрөнгийг Засаг даргын Тамгын газраар төлөвлөхөөр шүүхийн шийдвэр гаргуулсан бөгөөд энэхүү шийдвэрийг хүчингүй болгуулахаар сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Цаашид шүүхтэй холбоотой асуудал хэзээ ч шийдвэрлэгдэх нь тодорхой бус байгаа тул шүүхийн шийдвэрийг хүлээхгүйгээр сум орны нийтийн эрх ашгийг хангаж, дулаан үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааг богино хугацаанд шуурхай зохион байгуулах шаардлагатай байна" гээд сумын Засаг дарга, тамгын газар, "*******"  хоршоотой байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 101 дугаартай буюу дулаан үйлдвэрлэн түгээх үйл ажиллагaar менежментийн гэрээгээр гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан байна. Тогтоолын тогтоох хэсэгт сумын төвлөрсөн халаалт, дулаан үйлдвэрлэл түгээх үйл ажиллагаа, менежментийн гэрээг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулж ажиллуулах тухай саналыг дэмжсүгэй гэсэн тогтоол гарсан байдаг. Гэтэл сонгон шалгаруулалт зарлаж байгаа талаар "*******"  хоршоонд мэдэгдээгүй. Мөн манай үйл ажиллагааны талаарх тайланг сонсох үйл ажиллагаа явуулаагүй. Манай гэрээний биелэлтийг дүгнээгүй байж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа нь шударга бус байна...” гэв.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “******* сумын Засаг даргын 107 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай захирамжийн тухайд ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь тухайн захиргааны актад заагдсан үндэслэл нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1 дүгээр зүйлд заасан гэж байгаа юм. Энэ нь засаг даргын захирамжид тавигддаг зохицуулалт байгаа юм. Харин энэ ажлын хэсэг байгуулах, орон нутгийн өмчтэй холбогдуулан захиран зарцуулах эрх, үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх олгосон хууль зүйн үндэслэлийг тухайн захиргааны актад тавигдах ёстой. Үүнд тавигдаагүй нөхцөлд энэ захиргааны акт өөрөө ямар нэгэн хууль зүйн үндэсгүйгээр гарсан байна гэж үзэх үндэслэлтэй болно. Энэ нь өөрөө Захиргааны ерөнхий хуульд огт нийцэхгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт мөн хамаарч болно. Энэ захиргааны актыг шүүх илт хууль бусад тооцох эрх хэмжээ нь шүүхэд байгаа. Мөн тухайн ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргаснаараа Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгосон эрх алдагдаж байна.

Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Орон нутгийн өмчийн тухай хуульд заасан мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь өөрөө орон нутгийн өмчийн зүйлийг өмчлөх эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Тухайн дулааны шугам болон уурын зуухны барилга орон нутгийн өмч учраас өмчлөх эрхийг Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хэрэгжүүлнэ.

Гэтэл Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Засаг дарга дур мэдэж өмчийг ашиглуулах талаар сонгон шалгаруулалт явуулах эрх Засаг даргад олгогдоогүй. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сонгон шалгаруулалт зарлах шийдвэр гарсны дараа ажлын хэсэг байгуулагдах ёстой байсан. Гэтэл ажлын хэсэг байгуулсны дараа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал хүргүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Засаг даргын захирамж илт хууль бус байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын тухайд 8 дугаар сарын 26-ны өдөр ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээд ажлын хэсэг сонгон шалгаруулалт зарлаад нэг компани шалгаруулаад түүний дараа Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгон шалгаруулалт зарлах талаар албан бичиг хүргүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд зохицуулалт Захиргааны ерөнхий хуульд байхгүй. Менежментийн гэрээний тухайд захиргааны актад менежментийн гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрвээ менежментийн гэрээг бусдад өмчлүүлэх гэж байгаа бол Орон нутгийн өмчийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийг баримтлах ёстой. Мөн хуулийн 58.3 дах хэсэгт заасан байгаа. Мөн хуулийн 446 дугаар зүйлээс эхлээд төсөв сонгон шалгаруулахтай холбоотой зохицуулалт байгаа. Энэ нь Орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулсан. Гэтэл засаг даргын захирамж мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол зэрэгт ямар ч хууль зүйн үндэслэл тусгаагүй. Энэ харилцааг гол зохицуулдаг хуулиас иш татахгүйгээр яаж энэ харилцааг зохицуулаад байгааг ойлгохгүй байна. Түрээсийн гэрээний тухайд Засгийн газрын 2023 оны 144 тогтоолын хавсралтаар баталсан журам байгаа. Энэ журамд согон шалгаруулалт зарласнаас хойш багагүй хугацаанд сонгон шалгаруулалтын зарыг байршуулах ёстой гэж тусгасан. Менежментийн гэрээний дагуу сонгон шалгаруулалт зарлаж байгаа бол 60-аас доошгүй хоногийн хугацаанд зарлах ёстой. Гэтэл богино хугацаанд сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн ямар ч тусгай зөвшөөрөлгүй компанийг шалгаруулж авсан. Энэ журамд заасны дагуу хэрвээ сонгон шалгаруулалт явуулж байгаа бол материалыг хүлээж авах, дүгнэх талаар журамлагдсан. Жишээ нь сонгон шалгаруулалтын материалыг дүгнэх үнэлгээний хуудас хэрэгт байхгүй. Хэрвээ сонгон шалгаруулалт явагдсан бол үнэлгээний хуудас хэрэгт байх ёстой. “*******” ХХК хэдэн оноо авсан юм бэ гэдэг нь тодорхойгүй. Мөн сонгон шалгаруулалтыг явуулах хугацааг зөрчсөн. Тухайн сонгон шалгаруулалт нь маягтад заасан сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй. Тендерийг хүчингүй болгох эрх хэмжээ нь байгаа. Гэтэл эрхээ хэрэгжүүлэхгүй байгаад нэхэмжлэгчийн хувьд гомдолтой байгаа. Мөн даалгах шаардлагын тухайд гуравдагч этгээдээс "*******" хоршоог тухайн үед яагаад сонгон шалгаруулалтад оролцоогүй юм бэ" гэж байна. Энэ маргааны гол зүйл нь сонгон шалгаруулалт явагдаж байгааг нэхэмжлэгч талаас мэдээгүй. Хариуцагч талаас бидэнд мэдэгдэхгүйгээр сонгон шалгаруулалт зарлаж, хуульд заасан хугацааг зөрчсөн бөгөөд 7 хоногийн хугацаанд сонгон шалгаруулалт зарласан. Энэ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаж байгаа эсэх нь ч тодорхойгүй. Үүний дараа сонгон шалгаруулалт явагдаж дууссаны дараа бид мэдсэн. Мөн хариуцагч талаас гаргасан тайлбартай холбогдуулан хэлэхэд гэрээний үүрэг биелэгдэх хугацаа дуусаагүй байхад гэрээг дүгнэх зорилт байхгүй. Хуульд тийм ойлголт байхгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусаагүй байхад тухайн гэрээг дүгнэе гэдэг асуудал огт яригддаггүй. Мөн тийм боломж ч байхгүй. Тухайн гэрээний хугацаа 4 дүгээр сарын 31-ны өдөр дуусах байсан. Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш гэрээг дүгнэх асуудал яригдана. Тухайн үлдээд байгаа 3 хоногт ямар ч үүрэг биелэгдэж болно. Үүнээс үзэхэд 3 хоног өнгөрсний дараа гэрээ дүгнэх асуудал яригдах ёстой. Энэ талаар Тамгын газрын даргад хэлсэн боловч ямар нэгэн байдлаар эргүүлээд хариу ирүүлээгүй. Хэрвээ "*******" хоршоо гэрээгээ дүгнүүлсэн бол түрээсийн гэрээний хугацаа цаашид сунгагдах эсэх асуудал яригдана. Мөн гэрээний хугацаа сунгагдах юм бол манайх дулаан үйлдвэрлэх үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явна. Хэрвээ сунгагдахгүй бол дараагийн сонгон шалгаруулалтад орох эрх маань нээгдэх байсан. Энэ сонгон шалгаруулалтыг хэнд ч мэдэгдэхгүйгээр явуулснаар "*******" хоршооны эрх ашиг хөндөгдөж байна. Иймд "*******" хоршооны эрх ашгийг сэргээж өгнө үү...” гэв.

4. Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Нийтийн Хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартаа:  “...Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэрээ байгуулах эрхгүй. Мөн сонгон шалгаруулалт зарлах эрх үүрэг байхгүй. Тухайн үед өвлийн улирал болж байсан тул Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хийх ажлаа хэлэлцсэн. Миний хувьд иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга учраас хуралд оролцсон дийлэнх олонхын саналаар баталсан. Мөн тухайн үед "*******" хоршоо манай Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай холбоотой ямар нэгэн санал өгөөгүй. Мөн тухайн үед манай орон нутгийн хөгжлийн санд мөнгө орж ирээгүй. Харин гэрээг дүгнэх асуудлын талаар мэдэхгүй байна. "*******" хоршооны зүгээс гэрээгээ дүгнүүлээгүй, орон нутгийн хөгжлийн санд мөнгөө төлөөгүй учраас Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10/35 дугаартай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна...” гэв.

5. Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь  2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Санал дэмжих тухай” 10/35 дугаар тогтоол гаргажээ. /3хх 95/ Хариуцагч энэ тогтоолыг гаргахдаа “*******” хоршооны эрх ашгийг зөрчөөгүй. Засаг даргын сонгон шалгаруулалт явуулах үйл ажиллагааг дэмжсэн утга агуулга бүхий тогтоол гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч тогтоолд “*******” хоршооны талаар “...Сумын төвлөрсөн халаалт, дулаан үйлдвэрлэлийн талаар сумын Засаг даргын Тамгын газар, "*******" хоршоотой аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар батлуулсан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаар бүхий гэрээг байгуулан ажилласан бөгөөд "*******" хоршоо нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний хэрэгжилтийг дүгнүүлээгүй, шугам сүлжээний түрээсийн төлбөр болох 5,585,000.00 төгрөгийг төлж барагдуулаагүй. Улмаар "******* хоршоо" нь уурын зуухны барилга, зуух, бусад хөрөнгөтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган, өөрийн оруулсан хөрөнгийг Засаг даргын Тамгын газраар төлүүлэхээр шүүхийн шийдвэр гаргуулсан бөгөөд энэхүү шийдвэрийг хүчингүй болгуулахаар сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Цаашид Шүүхтэй холбоотой асуудал хэзээ шийдвэрлэгдэх нь тодорхой бус байгаа тул шүүхийн шийдвэрийг хүлээхгүйгээр сум орны нийтлэг эрх ашгийг хангаж, дулаан үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааг богино хугацаанд шуурхай зохион байгуулах шаардлагатай байна. Сумын Засаг даргын Тамгын газар, “*******” хоршоотой байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаар бүхий гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан дулаан үйлдвэрлэл, түгээх үйл ажиллагааг менежментийн гэрээгээр гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж...” гэж дүгнэж гаргасан байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хөндсөн захиргааны акт байна.

Энэ захиргааны акт нь Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заана”, 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана.” гэсэн хуулийн заалтыг зөрчиж гарсан байх бөгөөд захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тогтоогүй. Өөрөөр хэлбэл  “*******” хоршоотой байгуулсан гэрээгээ дүгнэсэн эсэх, түрээсийн төлбөрөө төлсөн эсэх /2хх 235-236/, шинээр сонгон шалгаруулалт зарлах болсон шалтгааныг тогтоолгүйгээр, шинээр сонгон шалгаруулалт зарлахыг дэмжсэн тогтоол гаргасан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн байна.

6.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн хувьд өмчлөгчийн эрхийг хуульд заасан хязгаарын хүрээнд тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, өмчийн удирдлагыг тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж заасан байна. Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн сумын инженерийн шугам сүлжээний өмчлөгч байх бөгөөд өмчлөгчийн эрхийн хүрээнд Засаг дарга, түүний тамгын газарт үүрэг чиглэл өгөх, улмаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрхийн хүрээнд, Засаг дарга, түүний тамгын газар сонгон шалгаруулалт зарлах ёстой байжээ.

Гэтэл Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/107 дугаар захирамж гаргаж, түүний дараа Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Санал дэмжих тухай” 10/35 дугаар тогтоолоор өмчлөгч эрхээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчсөн байна.  Иймд Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Санал дэмжих тухай” 10/35 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

7. Нэхэмжлэгчээс “...Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/107 дугаартай захирамж зэрэг нь ******* сумын удирдлагууд хуйвалдаж хууль бусаар гаргасан. Мөн сонгон шалгаруулалт шударга явагдаагүй гэж үзэж байна...” гэж маргаж байгаа тухайд:

8. Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “...  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн 59.1.6-д "сумын өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, сумын өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэргээр захиран зарцуулах санал боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх" гэж заасан эрх үүргийн хүрээнд Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/107 дугаартай захирамж гарсан. Хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд тухайн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.” гэв.

9. Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/107 дугаартай захирамж нь /3хх 83-84/ Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заана” , 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана.” гэсэн хуулийн заалтыг зөрчиж гарсан байх бөгөөд захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тогтоогүй. Өөрөөр хэлбэл  “*******” хоршоотой байгуулсан гэрээгээ дүгнэсэн эсэх, түрээсийн төлбөрөө төлсөн эсэх, шинээр сонгон шалгаруулалт зарлах болсон шалтгааныг тогтоолгүйгээр шинээр сонгон шалгаруулалт зарлахтай холбогдуулан захирамж гаргасан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн байна.

Хариуцагч маргаан бүхий захирамжаараа ямар харилцааг ямар хуулийн заалтыг баримталж шийдвэр гаргаж байгаагаа заалгүйгээр Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэсэн ерөнхий заалт баримталсан нь буруу байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн эрх, төрийн өмчийн эд хөрөнгийн талаар хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын бүрэн эрх, төрийн өмчтэй хуулийн этгээд, түүний албан тушаалтны эрх хэмжээ, төрийн өмчийн талаархи бодлогыг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагааны зарчим, журмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 2 дугаар зүйлийн 2.1-т  “Энэ хууль нь Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхойлсон төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ.” гэж заасны дагуу нарийвчилсан хууль болох Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиас тохирох заалтыг сонгон  хэрэглэж, захирамжаа гаргах байжээ. Иймд Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/107 дугаартай захирамжийг  хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

10. Нэхэмжлэгчээс “... манайхтай байгуулсан гэрээг дүгнээгүй, гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй байж менежментийн гэрээний сонгон шалгаруулалт дахин явуулж “*******” ХХК-тай менежментийн гэрээ байгуулсан нь хууль бус болсон...” гэж маргаж байгаа тухайд :

11. Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа:  “... "*******" хоршооны гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Учир нь "*******" хоршоо 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дулааны шугам сүлжээг түрээслэхээр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусахын өмнө миний "*******" хоршоо руу гэрээг дүгнэх мөн түрээсийн төлбөр төлөх талаар хэлэлцэхээр албан тоот хүргүүлсэн. Тухайн хугацаанд "*******" хоршоо бүрэн дүүрэн ажиллаагүй. 12 сард "*******" хоршоо уурын зуухны шугамыг хөлдөөсөн. Үүнтэй холбогдуулан бүх төрийн албан хаагч нар гудамжинд очиж ажилласан. Энэ асуудлаар "*******" хоршооны дарга *******тай уулзаж байгаагүй. Мөн гэрээгээ дүгнүүлэх талаар надтай ирж уулзаж байгаагүй. Харин н.Сарантуяа гэх хүнтэй 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааны танхимд уулзсан. Тухайн үед н.Сарантуяа гэх хүн шүүх хуралдаанд хандаж "******* сумын Засаг даргын тамгын газартай цаашид хамтарч ажиллахгүй, харин нэхэмжилсэн мөнгөө гаргуулах хүсэлтэй байна" гэдгээ илэрхийлж байсан. Үүний дагуу ******* сумын Засаг даргын тамгын газартай цаашид хамтарч ажиллахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлэх талаар "*******" хоршоонд албан тоот хүргүүлсэн. Манайхаас явуулсан албан тоотод хариу өгөөгүй. Энэ үндэслэлээр засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдаж, "Номгон" телевизэд 7 хоногийн хугацаатай зар тавьсан. Яг хэдний өдөр зар тавьснаа мэдэхгүй байна. Тухайн үед өвлийн улирал дөхсөн байсан тул зайлшгүй сонгон шалгаруулалт зарлах шаардлагатай байсан. Тэгээд 3 аж ахуй нэгж материалаа ирүүлсэн байсан. Гэтэл сонгон шалгаруулалт болдог өдөр "Эко амар дулаан" ХХК материалаа татсан. Тэгээд нэг аж ахуй нэгжийн материал сонгон шалгаруулалтын шаардлага хангахгүй байсан. Харин “*******” ХХК нь зарим материал дутуу байсан тул нөхөж гаргуулаад энэ компанийг сонгон шалгаруулах нь зүйтэй юм байна гэж ажлын хэсгийн олонх нь үзсэн. Энэ үндсэн дээр ажлын хэсгийн саналыг 9 дүгээр сарын 07-ны өдөр хүргүүлсэн. Дахин сонгон шалгаруулалт явуулна гэхээр өвлийн улирал болж байсан тул дахин сонгон шалгаруулалт зарлах цаг хугацаа байгаагүй. Тэгээд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулаад хурлаас дэмжсэн тул “*******” компанитай түрээсийн гэрээ байгуулсан. “*******” хоршоог ажиллаж байх үед халаалт муу байгаа талаар байгууллагууд албан тоотоо ирүүлж байсан. Үүнийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн ******* сумын засаг даргын тамгын газрын дарга энэ гэрээг дүгнэх шаардлага байхгүй, нэхэмжлэгч ирж гэрээгээ дүгнүүлэхгүй байсан. Улмаар халаалт өгөх хугацаа ойртсон учраас дараагийн сонгон шалгаруулалтыг явуулах хэрэгтэй болсон. Тэгээд Баянхонгор аймгийн Номгон телевизээр зар явуулсан. Уг зарын дагуу сонгон шалгаруулалтад оролцсон “*******” ХХК шалгарсан.” гэв.

12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...2011 оноос хойш манай компани барилгын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2022 онд уурын зуухны сонгон шалгаруулалтын зарыг Хонгор телевизээс харсан. Үүний дагуу сонгон шалгаруулалтад орсон. Н.Сарантуяа гэх хүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харахад "*******" хоршоо өмнө нь ******* сумтай гэрээ байгуулж 15 жилийн хугацаанд ажилласан. Тэгээд гэрээ дуусаад дахин сонгон шалгаруулалт явуулсан. Энэ сонгон шалгаруулалтад "*******" хоршоо өөрөө яагаад ороогүй болохыг мэдэхгүй байна. Манайх 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байшингаа сууринаас нь авхуулаад барьсан. Бид залуу хүмүүс зээл аваад л үйл ажиллагаа явуулж байгаа, өмнөх Засаг даргатай 3 жилийн хугацаатай гэрээ байгуулаад цаашдаа дахин нэг удаа 3 жилийн хугацаагаар сунгах талаар гэрээ байгуулсан. Миний хувьд ******* сумын удирдлагуудаас нэг ч хүнийг танихгүй бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсэх боломжгүй. Иймд өмнөх болсон сонгон шалгаруулалт хуулийн дагуу шударга болсон гэж үзэж байгаа. Мөн дахин сонгон шалгаруулалт зарласан тул хурлын тогтоол, захирамжийг хүчингүй болсон гэж миний хувьд үзэж байгаа. Дахин зарласан сонгон шалгаруулалтад дахин манайх сонгогдсон бөгөөд гэрээгээ бүрэн хийгээгүй байгаа. Үүнээс болж манайх эрх ашиг маш их хөндөгдөж байна. Мөн хохирч байна.” гэв.

13. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг сонслоо. 10/35 дугаартай болон А/107 дугаартай тогтоол, захирамж үндэслэлгүй гарсан. Төрийн байгууллагууд яагаад энэ гаргаж байгаа захирамж тогтоолоо хууль ёсны үндэслэлтэй гаргаж болдоггүй юм бэ. Өөрийн гаргасан захирамж, тогтоолоо үндэслэлтэй гарсан эсэхийг тайлбарлаж чадахгүй байна. Энэ хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж гуравдагч этгээд “*******” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байна. Нэхэмжлэгч талаас үйл ажиллагаагаа сэргээлгэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрвээ шүүхээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд “*******” ХХК-ийн эрх ашиг яах вэ. Үүнийг хариуцагч нараас асуухыг хүсэж байна. "*******" хоршоотой адилхан “*******” ХХК ******* суманд өөрийнхөө хөрөнгөөр барилга барьсан. Үүнээс болж гуравдагч этгээд “*******” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байна. Сонгон шалгаруулалтаа хуульд заасны дагуу зарлах хэрэгтэй. “*******” ХХК-ийн зүгээс сонгон шалгаруулалт явуулах зарын дагуу оролцсон. “*******” ХХК-д ямар буруу байгаа юм бэ. Нэхэмжлэгч *******гийн тайлбараас харахад 23-ны өдрийн албан бичигт "гэрээг дүгнэх хурал 27-ны өдөр болно" гэж хэлсэн гэж байна. Гэрээг дүгнэх гэж байгааг ******* гэх хүн ойлгоод байна. Тэгээд 3 хоног дутуу байгаа учраас би дүгнүүлэхгүй гэдгээ нэхэмжлэгч илэрхийлсэн байна гэж ойлголоо. Тэгвэл 27-ны өдөр болсон хуралд гэрээгээ дүгнүүлэхгүй гэх үндэслэлээр очоогүй байна. Үнэхээр гэрээгээ дүгнүүлэхгүй гэж байгаа бол энэ талаарх албан бичгээ сумын удирдлагуудад хүргүүлээгүй байна. Энэ нь "*******" хоршооны гэрээгээр хүлээн үүрэг юм. Энэ гэрээг дүгнэх эсэх асуудлаас болж “*******” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын маргаан дундаас “*******” ХХК яаж эрх ашгаа олж авах юм бэ. Гэтэл 2022 оны гэрээг дүгнэх эсэх асуудал яригдаж байна. Мөн 2022 онд гарсан захирамж, тогтоолын талаар хэлэлцэж байгаа. Өнөөдөр 2025 онд сонгон шалгаруулалтаар гэрээгээ хийгээд дараагийн компани дулааны үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрвээ дулааны улирал байсан бол манай компани үйл ажиллагаагаа зогсоож болно. Гэтэл одоо өвлийн улирал болсон байна. Одоо үйл ажиллагаагаа зогсоовол хамаг юм хөлдөнө. Үүнээс үүсэх хариуцлагыг мэдээж манай “*******” ХХК үүрнэ шүү дээ. Тэгэхээр бид энэ үүргээ ухамсарлаж өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдлаа гэж бодоход эрх ашиг нь сэргээгдэх боломжгүй.” гэв.

14. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2022.01/34 дугаартай “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй "Дулаан үйлдвэрлэх түгээх" Дулаан үйлдвэрлэлийн барилга байгууламжийн менежментийн гэрээ”-г нэг талаас “*******” ХХК, нөгөө талаас захиргааны байгууллага болох Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар байгуулсан бөгөөд Орон нутгийн өмчийн тухай хууль баримтлан байгуулсан гэрээ байх тул тус гэрээг захиргааны гэрээ гэж үзлээ.

15. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд Хувьчлах аргыг тодорхойлсон байх бөгөөд 34 дүгээр зүйлийн 34.1.2-т “уралдаант шалгаруулалт /төсөл сонгон шалгаруулах/” журмаар орон нутгийн өмчийг хувьчлахыг зохицуулсан байна. Мөн хуулийн  47 дугаар зүйлийн 47.1-д “Уралдаант шалгаруулалтаар төрийн өмчийн тодорхой эд хөрөнгийг хувьчлах тухай зар, мэдээллийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэхүү ажиллагаа явуулахаар товлосон өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийтэд мэдээлнэ.”, 48 дугаар зүйл. Уралдаант шалгаруулалтад оролцогчид тавих шаардлагыг заасан байх бөгөөд 48 дугаар зүйлийн 1-д “Уралдаант шалгаруулалтад оролцогчид дор дурдсан шаардлагыг хангасан байвал зохино”, 48.1.1-д “эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай”, 48.1.2-т “мэргэжлийн чадавхитай боловсон хүчний хангамж, нөөцтэй”, 48.1.3-т “төслийг зарласан нөхцөлийн хэмжээнд, холбогдох мэргэжлийн түвшинд хийсэн байх”, 48.1.4-т “мэргэжлийн дүгнэлт гаргуулсан байх” гэж заажээ. Гэтэл гуравдагч этгээдийг сонгон шалгаруулахдаа дээрх хуулийн заалтуудыг зөрчиж маргаан бүхий гэрээг байгуулсан байна. Энэ нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна. /2хх 1-25, 3хх 86-96/

 16.  Мөн нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гаргасан захиргааны акт болох Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 10/35 дугаартай “Санал дэмжих тухай” тогтоол, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/107 дугаартай захирамжийг үндэслэн байгуулсан менежментийн гэрээ нь хууль зөрчсөн байна гэж үзлээ.

 Иймд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2022.01/34 дугаартай “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй "Дулаан үйлдвэрлэх түгээх" Дулаан үйлдвэрлэлийн барилга байгууламжийн менежментийн гэрээ”-г /3хх 30-32/ хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

17. Нэхэмжлэгчээс “...манай байгууллагатай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн  гэрээ”-г дүгнээгүй  байж 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г “*******” ХХК-тай байгуулсан нь буруу. Манай байгууллагын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн  гэрээ”-г хугацаанаас өмнө дүгнэх боломжгүй байсан. Учир нь эмнэлэг гэх мэт нэлээн хэдэн байгууллагаас халаалтаа аваагүй байсан. Манай байгууллага зун халаалт өгдөггүй боловч халуун ус ажиллуулаад суманд үйл ажиллагаа явуулж байсан. Бид гэрээгээ дүгнэх байх гээд хүлээж байсан. Гэрээг дүгнэх талаар дахин албан бичиг ирээгүй амаар ч бидэнд мэдэгдээгүй. Мөн тус гэрээг цуцлах талаар ч мэдэгдээгүй гэж маргаж байгаа тухайд:

18. Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “Түрээсийн гэрээг дүгнээгүй нь үнэн. Дүгнэх шаардлагагүй эмнэлэг цэцэрлэг зэргээс халаалт муу байна гэсэн албан бичгүүд ирж байсан. /3хх 97-98/  Тийм учраас дүгнэх шаардлагагүй гэж үзсэн. Манайх гэрээгээ дүгнэе гэж гэрээний хугацаа дуусах болоогүй байхад албан бичиг хүргүүлсэн нь үнэн. Үүнээс хойш манай байгууллага гэрээгээ дүгнэх талаар албан бичиг хүргүүлээгүй үнэн. Гэрээ дүгнэе гэхээр зуны улирал болоод “*******”  хоршоо халаалтын  үйл ажиллагаа явуулдаггүй улирал нь учраас бид нарт олдоогүй. “*******” хоршоо гэрээ дүгнэх талаар ямар ч арга хэмжээ авахгүй байсан. Менежментийн гэрээ байгуулахад сонгон шалгаруулалт явуулсан түрээсийн гэрээ байгуулахад сонгон шалгаруулалт явуулаагүй.” гэв.

19. Хариуцагч Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/34 дугаартай гэрээтэй холбогдуулан хариу тайлбараа гаргана. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг батлагдсан байдаг. Манай байгууллага нь Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг батлах шаардлагатай тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцлах эрхтэйгээр оролцдог. Энэхүү нэхэмжлэлд дурдагдсан гэрээний 12 дахь хэсэгт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас түрээсийн гэрээг дараах тохиолдолд нэг талын санаачилгаар түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцалж болно гэж заасан. Гэрээний 12.1-ээс 12.6 дахь хэсэг, мөн 10.3, 10.4 дэх хэсэгт тус тус тусгагдсан гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй. Тус гэрээнд Орон нутгийн өмчийн газрын даргаар батлуулсан ******* сумын Засаг дарга “*******” компанитай байгуулсан тус гэрээ нь гэрээний аль нэг түрээслэгч буюу түрээслүүлэгчийн аль нэг тал нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах санаачилга гаргаагүй. Манайд тийм санал ирүүлээгүй байх тул энэ гэрээг хүчин, үй болгуулах үндэслэлгүй байна. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт сонгон шалгаруулалтын жишиг баримтыг баталсан. Сонгон шалгаруулалтын жишиг баримтыг төрийн өмч, төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх үйл ажиллагаанд ашиглахыг төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, захирал нарт зөвлөсүгэй гэж заасан байдаг. Иймд тухайн эд хөрөнгийг эзэмшигч буюу түрээслүүлэгч байгууллага тухайн сонгон шалгаруулалтыг энэхүү тогтоолоор батлагдсан жишиг бичиг баримтад нийцүүлэн явуулна гэж заасан байдаг. Манай байгууллага төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох шалгаруулалтад оролцдоггүй.” гэв.

20. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн  гэрээ”-г нэг талаас “*******” хоршоо нөгөө талаас Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар, Орон нутгийн өмчийн газар байгуулсан 3 талын гэрээ байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно”, 28. 3-т “Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана” гэж заасныг баримтлан байгуулан гэрээ байх тул захиргааны гэрээ гэж үзлээ.

21.  2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн  гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 3-д “Түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болоход түрээслүүлэгч болон түрээслэгч нар гэрээний үүргийн биелэлтийг хамтран дүгнэж 3 хувь акт үйлдэнэ.” гэж заасан боловч  гэрээний  5 дугаар зүйлд түрээслүүлэгч тал болох Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын  эрх үүргийг нарийвчлан  заасан байна. Уг гэрээний 5 дугаар зүйлийн 5-д “Энэхүү гэрээний аль нэг заалтыг түрээслэгч нь зөрчсөн тохиолдолд барьцаа төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд түрээсийн төлбөрт тооцно. Мөн гэрээний хугацаа дуусахад түрээсийн гэрээний биелэлтийг дүгнэж сунгуулах эсхүл цуцлах хүсэлтийг Орон нутгийн өмчийн газарт хүргүүлнэ.” /хх 25-34/ гэж гэрээ дүгнэх үүргийг түрээслүүлэгч тал хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

 22. Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь “*******” хоршоотой байгуулсан гэрээний  хугацаа дуусахаас өмнө  буюу 2022 оны 04 сарын 20-ны өдөр “*******” хоршоонд  танай байгууллагатай байгуулсан гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дүгнэнэ гэж  албан бичиг хүргүүлсэн байх бөгөөд “*******” хоршоо гэрээний хугацаа дуусаагүй байгаа тул гэрээ дүгнэх боломжгүй талаар албан бичиг хүргүүлсэн байна. /1хх 48/ Гэрээний хугацаа дуусахаар өмнөх энэ үйлдлийг гэрээ дүгнэх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй .

23. Уг гэрээний хугацаа нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны  04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл байсан байна. Уг гэрээг дүгнэхдээ гэрээний хугацаа дууссаны дараа дүгнэх ёстой байжээ. Учир нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн  гэрээ”-ний 1.3, 5.5-д гэрээний хугацаа дууссаны дараа гэрээг дүгнэнэ гэдгийг зааж өгсөн байна./хх 25-34, 2хх 19-25/

24. Энэ гэрээг дүгнэх үүрэг хүлээсэн байгууллага болох хариуцагчид гэрээний хугацаа дууссан 2022 оны 04 сарын 31-ний өдрөөс дараагийн халаалтын жил эхлэх 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэрээг дүгнэх нийт 6 сарын хугацаа байжээ. Нэг үгээр хэлбэл гэрээг дүгнэх боломжит 6 сарын хугацаа байсан байх бөгөөд нэхэмжлэгч олдохгүй байсан гэж үзэх боломжгүй, их хугацаа байсан гэж үзлээ. Уг гэрээг  дүгнэх хангалттай хугацаа байсаар байхад хугацаа дуусахаас өмнө дүгнэхээр шаардсан нь буруу байна. Мөн 6 сарын хугацаанд гэрээг дүгнэх үүргээ биелүүлээгүй нь буруу байна.

            25.  Уг гэрээний 5 дугаар зүйлийн 5-д гэрээг дүгнэж сунгах эсвэл цуцлах хүсэлтээ Орон нутгийн өмчийн газар хүргүүлэх үүргийг хариуцагч хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй байж дараагийн байгууллагатай түрээсийн гэрээ байгуулан ажилласан нь буруу байна .

            26. “*******” хоршоотой байгуулсан гэрээ нь хэдийгээр гэрээний хугацаа  2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр дууссан боловч энэ гэрээний хугацаагаар гэрээг дуусгавар болсон гэж үзэхгүй. Учир нь энэ гэрээг дүгнээд эрх бүхий байгууллагад сунгах эсвэл цуцлах хүсэлтээ хүргүүлснээр энэ гэрээ дуусгавар болох байжээ. Гэтэл энэ үүргээ биелүүлэлгүйгээр гэрээ дуусгавар болоогүй байхад дараагийн байгууллага болох гуравдагч этгээд “*******” ХХК-тай гэрээ байгуулсан нь буруу байна.

Гуравдагч этгээд болох “*******” ХХК-тай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” /2хх 19-25/ нь анхнаасаа  буюу  гэрээ байгуулагдсан цагаасаа хууль бус байсан гэж үзлээ.

    Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл  байна” гэж заасан байх бөгөөд маргаж буй гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзлээ. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийгдсэн цагаасаа эхлэн үйлчлэлгүй байх бөгөөд хүчингүй болгох боломжгүй байна.

27. Мөн гэрээ байгуулагдах үндэслэл байхгүй байхад гэрээ байгуулсан нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн заалтад хамаарч байна гэж үзлээ .

Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн  47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан байх тул маргаж буй гэрээ нь анхнаасаа хууль бус байсан гэж үзэж, илт хууль бус байсан гэрээг хүчингүй болгох асуудал яригдахгүй.

28. Иймд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг, илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

29. Нэхэмжлэгч хариуцагч нар гэрээгээ дүгнэсний дараа үүсэх үр дагавраас  гэрээг сунгах эсвэл цуцлах асуудал яригдах  байсан бөгөөд  цаашид “*******” хоршоог үргэлжлүүлэн ажиллуулах, эсвэл ажиллуулахгүй  байхыг шийдвэрлэх нь  энэхүү гэрээг хэрхэн дүгнэх үйл явцтай шууд хамааралтай. Гэрээг дүгнээгүй байхад шүүх  нэхэмжлэгчийн “*******” хоршооны дулаан үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааr сэргээж, үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Орон нутгийн өмчийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 2 дугаар зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 34 дүгээр зүйлийн 34.1.2, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2, 48.1.3, 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” хоршооны “Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10/35 дугаар “Санал дэмжих тухай” тогтоол, ******* сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/107 дугаар захирамж, ******* сумын Засаг даргын Тамгын газар "*******" ХХК нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 2022.01 34 дүгээр “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй "Дулаан үйлдвэрлэх түгээх" Дулаан үйлдвэрлэлийн барилга байгууламжийн менежментийн гэрээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орон нутгийн өмчийн газар, ******* сумын Засаг даргын тамгын газар, “*******” ХХК-тай байгуулсан 2022 оны 10 сарын 01-ний өдрийн дугааргүй “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоож, “*******” хоршооны дулаан үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааr сэргээж, үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, 35.600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 С.САЙНБИЛЭГ