| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/02901/И |
| Дугаар | 210/МА2021/01608 |
| Огноо | 2021-11-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2021/01608
Д.Лрын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/01813 дугаар шийдвэртэй, Д.Лрын нэхэмжлэлтэй Г.Хад холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Лр нь эх Г.Хангийн хамт 2015 оноос хойш Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж, Хөгжил хотхоны 25/3 дугаар байр 703 тоот орон сууцад амьдарч байсан. Г.Хан нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нас барсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.4 дэх хэсэгт зааснаар орон сууц Д.Лрт шилжих учиртай. Гэвч 2019 оны 11 дүгээр сараас хойш Г.Ха уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа бөгөөд одоог хүртэл тус байранд амьдарч байна.
Хариуцагч нь бид нарын ээжийн хашаа байшинг худалдаж, уг орон сууцыг авсан гэж тайлбарладаг. 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 520/07 тоот орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тухайн компани болон Н.Бүү нарын хооронд хийгдсэн хэлцэлд 25,077,820 төгрөгийг бэлнээр тушаасан баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.
Г.Ханг нас барсны дараа эгч Г.Хаг Америкийн нэгдсэн улсаас ирэхэд нь нөхөр нь өөр хүнтэй гэр бүл болсон гэх шалтгаанаар эгчийг уг орон сууцад оруулсан.
2007 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 1129 тоот тодорхойлолтод Н.Бүү, охины хамт, ам бүл 2 гэж, мөн 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр уг орон сууц Н.Бүү болон Г.Хан нарын өмчлөлд бүртгэгдсэн байна.
Өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу өв нээгдсэнээс хойш 1 жилийн дараа нотариатаас олгосон. Иймд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж, 25/3 дугаар байрны 703 тоот орон сууцыг Г.Хагийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ орон сууцыг Д.Лрт ямар ч хамааралгүй, түүнд өгөхгүй гэж хэлээгүй. Уг орон сууцыг худалдан авахад эгч Г.Хангийн оролцоо тодорхой хэмжээнд байгаа. Тухайн үед би Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж амьдарч байсан нь үнэн. Ямар ч байсан эгчийнхээ захиасыг тодорхой хэмжээнд биелүүлнэ, цаг хугацаа хэрэгтэй байна.
Миний эгч Г.Хан 4 сар тасралтгүй өвдсөн ба энэ хугацаанд Д.Лр ээжийгээ нэг удаа эргэж ирээгүй. Интермед эмнэлэгт хэвтэж байхад Б.Даваажав өөрөө ирж уулзахдаа 20 минут буруу харж суугаад юм дуугаралгүй гараад явсан.
Эгч Г.Хан “орон сууцыг хүүд минь нэг юм болгоод үлдээчихээрэй, хүүд минь өгөөрэй, 2 жилдээ битгий хөдөлгөөрэй” гэж захисан. Энэ байдлыг Б.Даваажав ахад хэлж байсан.
Мал, хашаа, байшингаа зараад 7 хүүхэд нь мөнгө нийлүүлж нийт 25,000,000 төгрөгийг бүрдүүлж “Мон-Элдарода” ХХК-тай Н.Бүү орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба 2007 оны 05 дугаар сард Н.Бүүгийн нэр дээр орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Энэ үед Г.Хан уушгины хавдартай болсон байсан учраас ээж эгчийн нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн.
Уг орон сууц Н.Бүүгийн 7 хүүхдэд ижил хуваагдах ёстой байтал нотариатч зөвхөн Д.Хуланд өвлөх эрхийн гэрчилгээг өгсөн. Нотариатын үйлдэл хийхдээ бусад хүүхдүүдийн өвлөх эрхээс татгалзсаныг лавлаагүй байсан. Бид нотариатийн үйлдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нотариатийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэх хүртэл энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Лрын өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж, 25/3 дугаар байрны 703 тоот хаягт байрлах 53.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Г.Хагийн эзэмшлээс чөлөөлөж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Жиашидэ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Хагаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх хуульд заасан шаардлагад нийцээгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Лр нь хууль бусаар буюу гээгдүүлсэн гэж хуурамчаар зарлуулж, шинээр авч, улмаар орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.
Бид гал голомт болсон орон сууцандаа амьдарч байсан. Харин Д.Лхагва- Очир нь амьдарч байгаагаагүй, энэ тухай нотлох баримт хэрэгт авагдсан.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар Г.Ха өв хүлээн авахаас татгалзаагүй учир Н.Бүүгийн өвийг хүлээж авсан. Гэтэл нотариатч бидний эгч Г.Ханд дангаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байсныг мэдээгүй.
Нэхэмжлэгч нь миний эгч Г.Хангийн хүүхэд мөн тул бид Г.Ханд ногдох хэсгийг өгөхөд татгалзахгүй талаарх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй.
Баянгол дүүрэг 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж 25/3 дугаар байр 703 тоот, 53,6 м.кв, гурван өрөө орон сууцны өмчлөгч Н.Бүүд ноогдох хэсгээс өвлөх эрхтэй, Г.Ханд өвлөх эрхийн гэрчилгээг дангаар нь олгосонд ах Г.Молор-Эрдэнэ шүүхэд нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байгаа тул уг хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч мөн хүлээж аваагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Лр нь хариуцагч Г.Хад холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хангахад эзэмшигчийн эзэмшил хууль бус болохыг тогтоосон байх шаардлагатай.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримталж Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж, 25/3 дугаар байрны 703 тоот хаягт байрлах 53.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Д.Лрын өмч гэж тодорхойлж, уг орон сууцыг Г.Хагийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэхдээ Д.Лрыг орон сууцны өмчлөгч гэж дүгнэлт өгсөн боловч уг орон сууцыг одоо өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа Г.Хагийн эзэмшлийг хууль ёсны эсэх талаар дүгнэлт өгөөгүй байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/00057 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 502 дугаар магадлалаар Ч.Эрдэнэбаярт холбогдох нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай Г.Ха, Г.Булганаа нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Г.Хагийн орон сууц эзэмшлийг хууль бус гэдгийг нотлохгүй. /хх215-218, 220-223/
Анхан шатны шүүх талуудын тайлбарыг хэргийн бусад баримттай харьцуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, Г.Ха нь Н.Бүү болон Г.Хан нарын орон сууцыг эзэмшилдээ авахдаа ямар гэрээний үндсэн дээр олж авсан гэдгийг тодруулах шаардлагатай. Г.Ха нь уг орон сууцыг эзэмшиж буй үндэслэлдээ Н.Бүү, Г.Хан нарыг асарч, хамт амьдарч байсан талаар заажээ.
Тухайлбал, Иргэний хуульд заасан асран тэтгэх гэрээний харилцаа, эсхүл эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах гэрээний үндсэн дээр орон сууцанд амьдарч байсан эсэхийг анхаараагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хуулийн 94-96 дугаар зүйлийн эзэмшилтэй холбоотой зохицуулалтыг хэрэглэх эсэх талаар дүгнээгүй нь учир дугтагдалтай бөгөөд Г.Хагийн орон сууц эзэмшил “хууль бус”, “шударга”, “шударга бус” гэдэгт шүүх дүгнэлт өгсний үндсэн дээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх учиртай.
Иймд хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх тогтоогоогүйтэй холбоотой хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, уг алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/01813 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЗОЛЗАЯА