Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/569

 

 

 

 

 

    2024             5              16                                         2024/ДШМ/569

 

О.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

хохирогч Лий өмгөөлөгч А.Энхтүвшин,

шүүгдэгч О.Уийн өмгөөлөгч С.Ичинхорлоо,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Лий гаргасан давж заалдах гомдлоор О.Ут холбогдох эрүүгийн 2309 00000 2188 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.У нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ль /.../-г Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Хэнтий аймгийн Бэрх тосгонд үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайтай” гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар жонш нийлүүлэх нэрийдлээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Жонш худалдах, худалдан авах гэрээ” байгуулан уг гэрээгээр халхавчлан хуурч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 72.020.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны ...дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас О.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Уийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Уийг 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Ут оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уээс 65.020.000 төгрөг гаргуулан хохирогч Ль /.../-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ль давж заалдах гомдолдоо: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны 103 дугаартай шийтгэх тогтоол болон 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 577 тоот захирамжаар шүүхийн шүүхийн шийдвэрийг залруулсныг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шуудангаар хүлээн авсан.

Улмаар хуульд заасан эрхийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсгийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Миний хувьд 2019 онд О.У-т залилуулснаас хойш өнөөдрийг хүртэл 5 жил гаруй хугацаанд хохирлоо барагдуулж чадаагүй өнөөдрийг хүрч байна. Анх 2022 онд гомдол гаргаж мөрдөн шалгаж ажиллагаа 2 жил үргэлжилсний эцэст хэрэг шүүхэд шилжих болоход О.У нь 7 сая төгрөг өгсөн ба сар бүрийн 20-ны өдөр тодорхой хэмжээгээр хуваан төлж, үлдсэн хохирлоо төлж барагдуулъя, та ял шийтгэлийн тал дээр ямар нэг санал битгий гаргаарай гэж гуйсан. Миний хувьд дахиад л түүнд итгэж үнэхээр гэмшиж байгаа юм байна, хохирол төлбөрөө барагдуулах юм байна гэж ойлгосон.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт “...Шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 13.000 /арван гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй...” гэсэн хэсгийг зөвшөөрөхгүй байна.

Учир нь, анхан шатны шүүхээс түүний хохирлоо нөхөн төлөхийг илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэн түүнд 13 сая төгрөгөөр торгох ял оноосон байхад шүүх хурлаас хойш даруй 2 сар гаруй болж байхад хохирлоосоо төлөөгүй нь О.Уийн хохирлоо төлөхөө илэрхийлсэн илэрхийлэл нь бодит бус зөвхөн хөнгөн ял шийтгэл авахын тулд намайг болон шүүхийг хуурсан, өөрийн үйлдсэн гэмт үйлдэлдээ огтхон ч гэмшихгүй байгааг харуулж байна.

Шүүгдэгч О.Уийг шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар 13.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохироогүй байна гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж заасан шударга ёсны зарчим төдийгүй шүүхээс оногдуулсан ялын төрөл болон хэмжээ нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хохирогч Лий өмгөөлөгч А.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Учир нь, шүүгдэгч О.У нь анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирогчид “хохирлыг бүрэн төлж барагдуулна” гэж хэлсэн атлаа өнөөдрийг хүртэл хохирол төлбөр төлөөгүй. Мөн тэрээр урьд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 110 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан.” гэв.

Шүүгдэгч О.Уийн өмгөөлөгч С.Ичинхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч О.У нь гэм буруугийн асуудлаар болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч О.У 37 долоо хоногтой жирэмсэн байсан. Энэхүү байдлыг болон бусад хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Ут торгох ял оногдуулсан нь хуульд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэхүү хэрэгт хяналт тавьсан прокурор Б.Өнөбат нь ар гэрийн гачигдлын улмаас чөлөө авсан тул өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие томилогдон оролцож байна. Хэргийн материалтай танилцсан. Хохирогчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй. Мөн хохирогчийн өмгөөлөгч “шүүгдэгч 2017 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 110 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан” гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар шүүгдэгчийн ялтай байдал яригдахгүй. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн эсэх, бусад хувийн байдлыг харгалзан түүнд 13.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь хуульд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.У нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ль /.../-г Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Хэнтий аймгийн Бэрх тосгонд үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайтай” гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар жонш нийлүүлэх нэрийдлээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Жонш худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр халхавчлан хуурч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 72.020.000 төгрөгийг Хаан банкны өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Лий “...миний бие Монгол Улсад 2017 оноос эхлэн нүүрсний худалдаа тээврийн ажил хийж эхэлсэн ба 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн танилаар дамжуулан Бэрх хайрхан компанийн захирал О.У гэх эмэгтэй хүнтэй танилцсан. Уулзсан шалтгаан нь О.У нь Хэнтий аймгийн Бэрх тосгонд жоншны уурхайтай гэсэн ба уурхайг нь танил Алтанхуягаар очиж үзүүлэхэд яах аргагүй хөрс хуулалтын ажил эхэлсэн, уурхайн олборлох үйл ажиллагаа явуулж байсан учир түүнтэй Хятад, Монгол хэл дээр Жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар болсон. Ингээд 2019.11.20-ны өдөр өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг БНХАУ-ын хуулийн этгээд болох Д ... ХХК-ийн нэр дээр гэрээ байгуулахаар болж, О.Уийн бэлтгэж ирсэн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. ... Уг гэрээний нөхцөл нь худалдагч тал болох “...” ХХК-иас худалдан авагч тал болох БНХАУ-ын хуулийн этгээд “..." ХХК нь СаF2 92 жонш 1000 тн нэгжийн үнэ 600.000, нийт 650.000.000 төгрөг, СаF2 75 жонш 1000 тн нэгжийн үнэ 200.000 төгрөгөөр 250.000.000 төгрөгөөр тус тус худалдан авахаар болсон ба жонш олборлоход шаардлагатай зардлыг тухай бүрт төлөх ба уг дүнгээ дараа нь жоншныхоо үнээс хасаж тооцох тохиролцоог хийсэн. Ингээд удалгүй Урнаа уурхайн ажил эхэлсэн түлш ажилчдын цалин тавихад хэрэг болоод байна гээд өөрийнхөө ХААН банкны ...тоот дансанд шилжүүлэхийг хүссэн. Би түүнд итгэж байсан учир мөнгийг шилжүүлж эхэлсэн ба олборлоод эхлэхээр нь надад тохирсон ёсоороо жоншоо өгнө гэж ойлгосон байсан. Тодруулбал: 2019-11-21-ний өдөр 19.200.000 төгрөг, 2019-11-22- ны өдөр 11.520.000 төгрөг, 2019-11-26-ны өдөр 10.000.000 төгрөг, 2019-11-28-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019-11-30-ны өдөр 2.500.000 төгрөг, 2019-12-02-ны өдөр 13.000.000 төгрөг, 2019-12-07-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019-12-10-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020-02-03-ны өдөр 300.000 төгрөг, 2020-07-30-ны өдөр 5.000.000 төгрөг, 2020-08-05-ны өдөр 2.000.000 төгрөгийг Б жонш тээвэр гэсэн утгатайгаар, бусад гүйлгээг Бүргэд гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж байсан /намайг Б гэж дууддаг/ ба нийт ХААН банкны ...тоот дансанд 72.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Анх гэрээ байгуулснаас хойш 2019 оны 11 сард мөнгө шилжүүлснээс хойш жоншоо авъя гэхэд ухаж байгаа боловч жонш гарахгүй байна, гараад эхэлмэгц нь тээвэрт нь өгнө гэж байснаа сүүлдээ манайд осол гараад уурхай зогссон байна гэсэн ба 2020 оны 07 сард үйлдвэрээ нээсэн жоншоо ачуулахад бэлэн болчихсон түлшний мөнгө хэрэгтэй байна гэхээр нь мөн л итгээд 2020-07-30-ны өдөр 5 сая төгрөг, 2020-08-05-ны өдөр 2 сая төгрөгийг шилжүүлсэн боловч бас л жоншоо ачуулаагүй. Яагаад жоншоо явуулахгүй байгаа талаар асуухад энд маш их бороотой байгаа учир хойшлоод байна гэсэн тайлбар тавьж байснаа сүүлдээ миний утсыг авахаа больсон ба өнөөдрийг хүртэл надаас зугтаад олдохгүй байгаа. ...” гэсэн /1хх 41-42/,

гэрч А.О-ийн “...Би ... аймгийн .... сумын  дугаар баг, ... урд 2 км орчим зайд байрлах “...” гэх газарт жоншны уурхайн газартай юм. Уг газрыг би нөхрийгөө нас барснаас хойш хугацаанд ашиглахгүй байсан чинь 2019 оны 6 дугаар сард О.У гэх эмэгтэй нөхөр Б.Т хамтаар ирээд манай газарт техник болон зардлаа гаргаад газрын хөндийгөөс олборлон авсан жонш буюу ашигт малтмалыг худалдан борлуулж, орлогын 70 хувийг өөрөө авч, харин надад газраа ашиглуулсан гээд 30 хувийн орлогыг нь өгнө гэж гэрээ байгуулан тохиролцсон. ... О.У, Б.Т нар нь надад өгөх байсан 30-н хувийнхаа талыг нь ч өгөөгүй явсан. Бас нийгмийн даатгал, татварын байгууллагуудад нийт 820.000 төгрөгийн өртэй үлдээгээд явсан. Тэгээд О.Уийн ... дугаарын утас руу залгаад Нийгмийн даатгал болон Татварынхаа өрийг өгөөч гэхээр өгнө гэж хэлсээр байгаад 1 жилийн хугацаа өнгөрөөд байна. ... О.У нь одоо манай нөхөрлөлтэй хамтран ажиллахгүй байгаа. Учир нь, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр уурхайн жоншны нөхөрлөлүүд нөхөн сэргээлт хийх зорилгоор бүгд ажиллахаа больсон. ... О.У нь манай жоншны нөхөрлөлтэй газар ашиглах гэрээ хийсэн болохоос биш манай нөхөрлөлийг төлөөлөн бусад хувь хүн, хуулийн этгээдтэй гэрээ хийх эрх байхгүй. Тийм ч учраас манай нөхөрлөлийн нэрээр болон тамга тэмдгээр “Жонш худалдах, худалдан авах гэрээг БНХАУ-ын иргэнтэй байгуулах ёсгүй гэж үзэж байна. Харин жоншны гарал үүслийн бичиг авахад миний тамга, тэмдэг хэрэгтэй байдаг учраас нааш цаашаа явахад хэцүү байна, та тамга тэмдгээ өгчих гээд надаас аваад үлдсэн. Миний тамга, тэмдгийг О.У нь ашиглах эрх байхгүй. Сүүлд жонш дээр ажиллахаа болиод явахдаа О.У болон түүний нөхөр Б.Т нар нь манай нөхөрлөлийн бүх бичиг баримт тамга тэмдгийг аваад явчихсан байсныг нь би хөөцөлдөж, нөхөж байж 2022 оны 10 дугаар сарын үед авсан. 2019 оноос О.Утэй гэрээ хийгээд буцаан ашиглалтад оруулсан. Харин О.У нь 2019 оноос 2022 оныг хүртэлх хугацаанд 1000 тонн орчим жонш борлуулсан гэж тооцоолж байна. ...” гэсэн /1хх 97-99/ тус тус мэдүүлгүүд,

Ашигт малтмал газрын Тосны газраас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн 10/4619 дугаартай албан бичиг /1хх 64/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 801 дугаартай албан бичиг /1хх 65/,

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан DНВ-2019112001 дугаартай “Жонш худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /1хх 6-8/,

хохирогч Лий Хаан банкны ... дугаартай дансны хуулга /1хх 9-29/,

дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 119-122/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч О.Уийг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч О.У нь хохирогч Ль /.../-нд “Хэнтий аймгийн Бэрх тосгонд үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайтай” гэж итгүүлэн, улмаар жонш нийлүүлэх нэрийдлээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Жонш худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр халхавчлан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 72.020.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны дансанд шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хохирогч Ль “...Шүүгдэгч хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, О.Уийг шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар 13.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохироогүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулахаар хуульчилсан.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Шүүгдэгч О.У нь анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугаа зөвшөөрч, хохирогчтой хохирол төлөх талаар тохиролцсон талаар мэдүүлэг өгсөн бол хохирогчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлага дээр тусгайлан гаргах саналгүй, тохирсон хугацаанд хохирлоо төлөх талаар санал хэлсэн байна.

Шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч тохирсон хугацаандаа хохирлын мөнгөө хохирогчид өгөөгүй үндэслэлээр ялыг хүндрүүлэх зорилгоор шийтгэх тогтоолыг хүчингүй болгох боломжгүй байх тул хохирогч Ль нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж, хохирол барагдуулах ажиллагааг гүйцэтгүүлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Уийг 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж үзэв.

Иймд хохирогч Лий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Лий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР