| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 113/2024/0065/З |
| Дугаар | 113/ШШ2025/0014 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 113/ШШ2025/0014
2025 11 27 113/ШШ2025/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “....” ХХК (РД:....),
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Э,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: М.Э,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Д,
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О,
Гуравдагч этгээд: “.........” ХХК (РД:.......), “.........” ХХК (РД:..........),
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Х нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б /цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Ц.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бнь Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан, аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох болон газар эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Говьсүмбэр
аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаартай “..........” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргажээ.
2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/96 дугаар захирамжаар “......” ХХК-д /газар эзэмшихээр гаргасан хүсэлтийн дагуу/ гаалийн тусгай бүсийн зориулалтаар Говьсүмбэр аймаг дахь Нефть хангамжийн газрын баруун хойд байршилд 0.65 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ. (хэргийн II хавтасны 116-119, 127 дахь талд)
2.2. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны А/255 тоот захирамжаар маргаан бүхий газрыг ачаа ачих, буулгах талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар сунгаж эзэмшүүлсэн бөгөөд Монгол улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эззэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр “.........” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасан байна. (хэргийн II хавтасны 226 дахь талд)
2.3. “...........” ХХК нь газар эзэмших гэрчилгээг шилжүүлэн авах тухай хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан байх бөгөөд аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/96 дугаар захирамжаар, Сүмбэр сумын 1 дүгээр багийн Үйлдвэрлэлийн гудамж 116 тоотод байрлах ачиж буулгах талбай, терминалын зориулалтаар, анх авсан этгээдийн үлдсэн хугацаагаар эзэмшүүлсэн. (хэргийн II хавтасны 217 дахь талд)
3. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн өргөдөлдөө, “.........” ХХК нь Монгол болон Оросын Холбооны Улсын хамтарсан хөрөнгө оруулалттай “............” ХХК-ийн охин компани бөгөөд 2007 оноос хойш нүүрс тээвэр, үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, нефть хангамжийн газрын баруун хойд талд байрлах, 4201000496, 4201000497 дугаар нэгж талбар бүхий газрыг ашиглаж байна. Манай компани нь Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/143 дугаар захирамжаар 2 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар толгой компани болох “........” ХХК-аас шилжүүлэн ашиглах эрхийг авсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулахад гаалийн тусгай бүс байх шаардлагатай гэсний дагуу дээрх ашиглах эрхтэй 2 га газрын зүүн урд хэсгээс 0.65 га газрыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 сарын 10-ны өдрийн А/92 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох болон газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар “...........” ХХК-д гаалийн тусгай бүсийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, үлдсэн 1,35 га 4201000496 нэгж талбарын дугаар бүхий газрыг бид аймгийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/265 тоот захирамжаар ашиглахаар болсон. Гэвч “...........” ХХК нь газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй буюу гаалийн тусгай бүсийн зориулалтаар ашиглах бодит шаардлага үүсээгүй байсан ба бид өмнө нь ашиглаж байсан газраа үргэлжлүүлэн ашигласаар ирсэн. Тиймээс уг газраа буцаан өөрсдийн нэр дээр шилжүүлэхээр аймгийн Засаг даргад хандахад тэрээр 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/33 дугаар тоот албан бичгээр “............. ХХК-ийн ашиглалтад байгаа 2 га газраас 0,65 га газрын газар эзэмших эрхийг .......... ХХК-д шилжүүлж, эзэмшүүлсэн байна. ...аймгийн Засаг даргын 2008 оны А/92 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгохоор Захиргааны ерөнхий хуулийн дагуу ажиллагаа явуулж байгааг мэдэгдэж байна” гэж илт хууль бус захиргааны акт гаргаснаа хүлээн зөвшөөрсөн хариуг өгсөн.
Улмаар дээрх ажиллагаа ямар шатандаа явж байгааг тодруултал хариу өгдөггүй байсан ба 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дээрх илт хууль бус захирамжаа хүчингүй болгож, бодит байдал дээр нэхэмжлэгчийн ашиглалтад одоог хүртэл байгаа 0,65 га газрын ашиглах эрхээ хуулийн дагуу баталгаажуулах тухай 24/36 дугаартай хүсэлт гаргасан. Гэтэл хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1102 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “............. ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн нотариатын бүртгэлийн 037 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаартай захирамжаар “............” ХХК-д газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар шилжүүлсэн. Иймд тухайн газар нь бусдын эзэмшилд шилжсэн байна” гэх хариу ирүүлсэн.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болох болон газар эзэмшүүлэх тухай” захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 38 дугаар зүйлийн 38.4, 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасныг тус тус үндэслэсэн ба эдгээр хуулийн заалтууд нь “эзэмших” эрхийг шилжүүлэх, дуусгавар болгохтой холбогдсон зохицуулалт юм.
........... ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд бөгөөд тухайн газрыг “эзэмших” эрх бус харин “ашиглах” эрхтэй байсан билээ. Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд газар ашиглагчийн эрх, үүргийг зохицуулсан ба үүнд газрын тухай хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, газрын тухай хуулийн 35.1.4-т заасан эрхийг газар ашиглагч нь эдлэхгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд илт хууль бус захиргааны актыг нэрлэн заасан ба эдгээрийн 47.1.6-т захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх шинжийг хангаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад бэхэжсэн “хуульд үндэслэх зарчим”-ын шууд хэрэгжилт бөгөөд маргаж буй захиргааны актад хууль зүйн үндэслэл огт бичээгүй, эсхүл хууль зүйн үндэслэл бичсэн хэдий боловч тухайн үндэслэл нь захиргааны актаар шийдвэрлэсэн асуудалтай огт холбоогүй тохиолдолд тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж, илт хууль бус болохыг тогтоодог.
Үүнээс гадна аймгийн Засаг дарга 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/33 дугаар тоот албан бичгээр 2008 оны А/92 дугаар захирамжийг илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн, тухайн захирамж нь илэрхий ноцтой алдаатай байсан, мөн илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн үйлчлэлгүй байхад тухайн илт хууль бус захиргааны актаар эрх олж авсан ............. ХХК нь бодит байдал дээр тухайн 0,65 га газрыг эзэмшиж ашиглаж байгаагүй атлаа өөр этгээдэд шилжүүлэх хүсэлт гаргасныг аймгийн Засаг дарга хүлээн авч 2024 оны А/96 дугаартай захирамжаар “...........” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн болохыг нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1102 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцсанаар мэдлээ.
Хариуцагч нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болохын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасны дагуу аливаа шийдвэр, үйл ажиллагааг нь гагцхүү хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчмын дагуу байх учиртай.
Аймгийн Засаг дарга 2008 оны А/92 дугаар захирамжийг илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч, мэдэж байсан атлаа, тухайн газрыг шилжүүлэх хүсэлт гаргахаас өмнө .......... ХХК-аас өөрийн ашиглаж буй газраа баталгаажуулахаар хүсэлт гаргасан байхад тухайн нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр уг газрыг “...........” ХХК-д эзэмшүүлэхээр шилжүүлсэн 2024 оны А/96 дугаар захирамж нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг зөрчсөн байна.
Иймээс Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох болон газар эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаартай “...............” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа, “............” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус маргаан бүхий газар нь анх 2007 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын А/143 дугаар захирамжаар “..........” ХХК-ийн ашиглах эрхийг дуусгавар болгон “.........” ХХК-д ашиглуулж, 2008 онд “..........” ХХК нь тус 2 га газраас 0,65 га газрыг “..........” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны А/92 дугаар захирамжаар ашиглах эрхийг дуусгавар болгосны үндсэн дээр 0,65 га газрыг “.........” ХХК-д эзэмшүүлсэн байна. Үлдсэн 1,35 га газрыг 2011 он хүртэл баталгаажуулаагүй байх бөгөөд 2011 онд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 141 дүгээр тогтоолоор 1,35 га газрыг баталгаажуулахаар тогтоосны дагуу аймгийн Засаг даргын 2011 оны А/265 дугаар захирамжаар “......” ХХК-д 1,35 га газрыг ашиглуулсан байна.
Иймд “.........” ХХК-ийн 2 газраас 0,65 га газрыг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ ашиглах эрхийг шилжүүлээгүй бөгөөд дуусгавар болгосны дагуу 0,65 га газрыг “..........” ХХК-д эзэмшүүлж, 1,35 га газрыг “...........” ХХК-д ашиглуулахаар баталгаажуулан тус тус олгосон.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын 5.4.2 дахь зүйлийн 5.4.2.1 дэх хэсгийн дагуу “........” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталгаажуулсан нотариатын бүртгэлийн 0837 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаар захирамжаар “.............” ХХК-д газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн гэжээ.
3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа, “............” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Тодруулбал: Манай компани нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багт байрлах 6589 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар хуулийн дагуу шилжүүлэн авч Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу хууль ёсны эзэмшигч болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаартай газар ашиглах эрхийг дуусгавар болгох болон газар эзэмшүүлэх тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаартай “............” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Энэ шаардлагаа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд “..........” ХХК нь “...........” ХХК-ийн охин компани. 2007 оноос хойш нүүрс тээвэр үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Нефть хангамжийн газрын баруун талд байрлах нэгж талбарын 4201000496 4201000497 дугаартай нэгж талбар бүхий газрыг ашиглах эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа компани. Тус компани нь өөрөө Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаартай тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/143 дугаар захирамжаар 2 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах эрхтэй болж эрх авсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулахад гаалийн тусгай бүс байх шаардлагатай гэсний дагуу дээрх ашиглах эрхтэй 2 га газрын зүүн урд хэсгээс 0,65 га газрыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаартай захирамжаар гуравдагч этгээд буюу “..........” ХХК-д шилжүүлж олгохоор захирамж гарсан. Энэ захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэдэг шинжийг хангаж байгаа учраас илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. “..........” ХХК нь өөрөө гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд учраас газар эзэмших эрхгүй, зөвхөн газар ашиглах эрхтэй этгээд байгаа. Газрын тухай хуульд газар эзэмших, ашиглах эрхтэй гээд тус тусад нь ялгаад зааглаад өгчихсөн. Ашиглах эрхтэй этгээд Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар эрх, үүргийг хүлээж оролцож байгаа. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.3, 35.3.4, 35.3.5-д заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээж газрын харилцаанд оролцдог. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан эрхийг буюу өөрийнхөө эзэмшил, ашиглалтын газрыг бусдад шилжүүлэх эрхийг эдлэхгүй онцлогтой байдаг. Гэтэл газар ашиглагчид хуулиар олгогдоогүй эрхийг эдлүүлж “..........” ХХК-д газар шилжүүлсэн. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлд хамаарч байгаа гэж үзэж байна. Илт хууль бус захирамжийг үндэслээд 2024 онд А/96 дугаартай захирамжаар тухайн маргаан бүхий 0,65 га газрыг “..........” ХХК-д шилжүүлсэн хууль бус захирамж гарч байна. Илт хууль бус захирамжийн үр дагавар нь дараа дараагийн захирамжийг хууль бусад тооцуулах үр дагавартай учраас бусдад илт хууль бус захирамжийг үндэслээд өөр этгээдэд тухайн газрыг нь шилжүүлчихсэн. Бодит байдал дээр тухайн 0,65 га газрыг дундын гаалийн хяналтын бүс болгох зорилгоор анх манайд “...........” ХХК танай энэ хэсэг талбайг дундын гаалийн хяналтын бүс болгож ашиглая гээд манайд хүсэлт гаргасан. Гаалийн хяналтын бүс ажиллуулах гэж байгаа бол манайд бас ашигтай гэдэг үндэслэлээр тухайн саналыг нь дэмждэг. Гэтэл бодит нөхцөл байдал дээр ямар ч дундын гаалийн хяналтын бүс ажилласан зүйл байхгүй. Анхнаасаа энэ захирамж нь хэрэгжээгүй. Нөгөө талаараа энэ захирамжаар газар ашиглах эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй байхад Засаг даргын энэ захирамжаар шилжүүлж байгаа нь илт хууль бус гэж үзэж байгаа. Иймээс удаа дараа Засаг даргад хүсэлт уламжилдаг энэ хууль бус захирамжаа хүчингүй болгож өгнө үү, гаргасан алдаагаа залруулж өгнө үү гэдэг байдлаар амаар хэлж байсан, уулзалт зохион байгуулж байсан. Мөн албан бичгээр удаа дараа хүсэлт явуулж байсан. Үүний хариуд 2022 онд албан бичиг ирсэн. Үүнд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Б гэх хүний гарын үсэгтэй “таны гаргасан гомдлыг судлаад дараах хариуг хүргүүлж байна. Засаг даргын 2008 оны А/92 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны актын шинжийг хангаж байх тул хүчингүй болгохоор буюу алдаагаа залруулахаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ажиллагаагаа явуулж байгааг үүгээр мэдэгдье” гэдэг хариу ирүүлсэн. Үүгээрээ Засаг дарга 2022 онд энэ захирамжийг илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрөөд манайд дээрх хариу ирүүлсэн байсан. Үүний дараа манайхаас энэ ажиллагаа чинь ямар шатдаа явж байгаа вэ, илт хууль бус захирамжид тооцоод Засаг дарга өөрийнхөө гаргасан захирамжийг хуульд заасан эрхийнхээ дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн ийм шийдвэр гарсан эсэх талаар лавладаг. Гэтэл танайд хүргүүлсэн 2022 оны хариуг яагаад ийм хариу өгснийг бол мэдэхгүй байна. Танай 0,65 га газрыг “.......” ХХК-д шилжүүлсэн байна гэдэг хариуг дараа нь ирүүлдэг. Анхнаасаа илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлээд үйлчилдэггүй. Тиймээс гарсан цагаасаа эхлээд үйлчилдэггүй байх ёстой энэ захирамжийг үндэслээд “.....” ХХК-д шилжүүлээд, эзэмшүүлээд байгаа нь үндэслэлгүй. “..........” ХХК-д шилжүүлэх энэ захирамж гаргахдаа бусад журмын дагуу хээрийн болон суурийн судалгаа хийх ёстой. Үнэхээр 0,65 га газрыг шилжүүлэх гээд байгаа “..........” ХХК нь бодитоор эзэмшил, ашиглалтдаа байлгаж байгаа юу, үгүй юу гэдгийг захиргааны байгууллага судлаад хээрийн судалгаа хийх ёстой байсан. Огт тийм судалгаа хийгээгүй. Яагаад гэвэл 2007 оноос хойш зөвхөн манай ашиглалтад байгаа “............” ХХК тухайн газрыг эзэмшээд, ашиглаад байгаа зүйл байхгүй. Тийм байхад хээрийн судалгаа хийгээгүй, хийсэн гэх баримт байхгүй. Ийм журмын зөрчилтэй, хуулийг зөрчсөн байдлаар бусдад шилжүүлж энэ захирамж гаргаж байгаа нь хууль бус захиргааны актын шинжийг хангаж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай хангах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. “......” ХХК нь 2008 оны А/92 тоот захирамжаар 1,35 га газартай үлдсэн 0,65 га газрыг “......” ХХК-д ашиглуулъя, эзэмшүүлье гэдэг хүсэлтээ өөрсдөө өгсөн байдаг. Тухайн баримт нь хавтаст хэрэгт байгаа. Нэгдүгээрт өөрсдөө 0,65 га газрыг “........” ХХК-д эзэмшүүлье гэдэг хүсэлтийг гаргасан. Улсын дээд шүүхийн шийдвэрээр 0,65 га газрыг “.........” ХХК-д эзэмшүүлсэн. Хоёрдугаарт 2 га газраас үлдэж байгаа 1,35 га газрыг Улсын дээд шүүхийн шийдвэрээр “.........” ХХК-д ашиглуулахаар үлдээсэн. Тэгэхээр үүнийг “.......” ХХК өөрсдөө хүсэлт гаргаж 0,65-ыг шилжүүлэхийг зөвшөөрсөн. 1,35 га газрыг Улсын дээд шүүхийн шийдвэрээр хүлээн зөвшөөрөөд өөрсдөө оногдож байгаа 1,35 га газраа хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зураад баталгаажуулаад авсан байдаг. Энэ асуудлыг ярих байсан бол тухайн үедээ Улсын дээд шүүхийн шийдвэр гарч байх үед 0,65 га газрыг шилжүүлэхгүй “.........” ХХК-д өгөхгүй гэдэг асуудлыг ярьж болох байсан. Тухайн үед тийм асуудал огт яригдаагүй. Харин эсрэгээрээ 1,35 га газрыг бид нар авах ёстой гэдгээ хүлээн зөвшөөрөөд авсан байдаг. 0,65 га газрыг тухайн үед 2008 оны А/92 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ ашиглах эрхийг шилжүүлээгүй ашиглах эрхийг дуусгавар болгоод “.......” ХХК-д 0,65 га газрыг эзэмшүүлсэн. Захирамжийн үндэслэл дээр эзэмших эрхийн заалтуудыг тусгаж өгсөн. Яагаад гэхээр “........” ХХК-д эзэмшүүлж байгаа учраас эзэмших эрхтэй заалтуудыг тусгасан. Ашиглах эрхтэй газрыг шилжүүлэхгүй учраас дуусгавар болгосон. Хэрвээ 2 га газраас 0,65 га газрыг ашиглах эрхтэй газраас тастахгүй байсан гэж ярих бол 2007 оны 143 дугаар захирамжаар “.....” ХХК-аас “........” ХХК энэ 2 га газрыг мөн ялгаагүй ашиглах эрхийг дуусгавар болгоод “........” ХХК-д ашиглуулсан байдаг. 2007 оны захирамжаар 2 га газрыг ашиглах эрхийг нь дуусгавар болгоод “......” ХХК 2 га газрыг бүхлээр нь ашиглуулсан. 2008 оны 92 дугаар захирамжаар адилхан үндэслэлээр ашиглах эрхийг нь дуусгавар болгоод 0,65 га газрыг “......” ХХК-д эзэмшүүлсэн. Тэгэхээр “.....” ХХК-аас “.......” ХХК руу 2 га газрыг 2007 онд ашиглуулахад адилхан хуулийн заалтууд хэрэглэсэн. Адилхан ашиглах эрхийг нь дуусгавар болгоод “..........” ХХК-д ашиглуулсан байдаг. Илт хууль бус байсан. Манайх 2 га газартай байх ёстой байсан. Шилжүүлэхгүй байх байсан гээд өнөөдөр ярьж байгааг гайхаж байна. Яагаад энэ асуудлыг 2008 онд яриагүй юм. Улсын дээд шүүхийн шийдвэр гарж байхад энэ асуудлыг яриагүй вэ. Өөрсдөө хүлээн зөвшөөрөөд албан тоотоо өгөөд шилжүүлье гэдгээ зөвшөөрсөн байсан. Улсын дээд шүүхийн шийдвэр гарч байхад энэ асуудлыг хөндөөгүй байсан. Өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөөд 1,35 га газраар газрын төлбөрөө хүртэл төлж байгаа. Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “........” ХХК-ийн зүгээс Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны А/92 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт тэр дундаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг маргааныг үүсгээд явж байна гэж харж байна. Говьсүмбэр аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийг бусдад олгох эрхтэй юу гэхээр Газрын тухай хуульд зааснаар газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах эрх, үүргийг хүлээсэн буюу хуульд заасан эрхийг бүрэн эдлэх эрх бүхий этгээд. Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу Засаг даргад тийм эрх олгогдоогүй гэх агуулгатай заалт. Газрын тухай хуулиар Засаг дарга иргэн, хуулийн этгээдэд газрыг эзэмшүүлэх эрх байхгүй зохицуулалтаар гаргасан илт хууль бусад тооцох зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл тухайн захиргааны актыг гаргахдаа бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна уу гэдгийг тогтоосон байгаа. Энэ тухай тогтооход тухайн газрыг бусдад эзэмшүүлэхэд хэний эрх ашиг сонирхол зөрчигдөж байна вэ гэдгийг үзэхлээр “ИЛК” ХХК-ийн эрх ашиг сонирхол зөрчигдөхөөр байгаа. Гэтэл “........” ХХК манай эрх ашиг сонирхол зөрчигдөхгүй, тухайн газрыг бусдад эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй гэдэг албан бичгийг ТУЗ-ийн дарга Б гэдэг хүн 2008 онд гаргаж өгсөн байдаг. Манай эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй буюу оролцогчийг тодорхойлоход тухайн эрх ашиг сонирхол нь хөндөгдөх, хөндөгдөж болзошгүй этгээд “.......” ХХК-ийн зүгээс манайх хөндөгдөөгүй гэдэг агуулгаа өөрсдөө бүрэн илэрхийлсэн байдаг. Үүний дагуу аймгийн Засаг даргын зүгээс 2008 оны 92 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийг үндэслэж захиргааны актыг гаргасан байдаг. Тухайн компани 2011 онд гомдол гаргаад манай 1,35 га газрын маань захирамжийг гаргаж өгөхгүй байна гэсэн агуулгаар шүүхэд маргаан үүсгэсэн байдаг. Тухайн шүүхэд үүсгэсэн маргаан дээр манайх 0,65 га газраасаа татгалзаж байгаа агуулгаар тайлбараа гаргаад, харин үлдсэн газрыг маань манай ашиглалтад ашиглуулахаар захирамж гаргаж өгнө үү гэсэн ийм агуулгаар гомдлоо гаргаад үүнийг нь шүүх хангаж шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу Говьсүмбэр аймгийн Засаг даргын 92 дугаар захирамжаар буюу А/92 дугаар захирамжийн үндэслэл хэсэг дээр 38.4 39.1.3 дахь заалтаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга ашиглалтын эрхийг нь хүчингүй болгох үндэслэлгүй байсан байна гэдэг агуулгаар 4 дэх заалтыг хүчингүй болгосон. 0,65 га газартай холбоотой эрх ашиг сонирхол огт хөндөгдөөгүй гэдэг агуулгыг 2008 оноос хойш өөрсдөө удаа дараа гаргаж явсан байгаа. Энэ 4 дэх заалтыг хүчингүй болгосноос үүдэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2011 оны 265 дугаар захирамж гарсан байдаг. 1,65 га газар дээр нь ашиглах эрхийг нь хэвээр үлдээсэн захирамж гарсан. Тэгэхээр нэхэмжлэгч талын ашиглах эрхтэй холбоотой асуудлыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамжаар огт хөндөөгүй. Харин Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдэд буюу “..........” ХХК-д 0,65 га газрыг бүрэн олгосон. Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Говьсүмбэр аймгийн Засаг даргын зүгээс “.........” ХХК-д газрыг эзэмшүүлсэн гэж харж байгаа. Нэхэмжлэгч талаас гаргаад байгаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн агуулга хангагдахгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар захирамжийг илт бус захиргааны актад тооцуулах энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Өөрөө өөрийнхөө эсрэг гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага байна. Нэгдүгээрт энэ захиргааны хэргийн шүүхээр аливаа этгээд нэхэмжлэл гаргаад шийдүүлэх гэж байгаагийн гол ач холбогдол нь нэхэмжлэл гаргаж байгаа компанийн ямар субьектив эрх ашиг сонирхол сэргэх вэ гэдэг дээр шүүх дүгнэлт хийнэ. Ямар субьектив эрх ашиг нь сэргэх вэ гээд үндэслэлийг нь сонсохоор “........” ХХК манай компанитай дундын гаалийн бүсийг хийнэ гэж хэлээд манайхаас авсан шүү дээ. Тэгээд огт хийхгүй байгаа юм чинь илт хууль бус захиргааны актад тооцуулъя гэсэн үндэслэл ярьж байна. Гэтэл яриад байгаа үндэслэл нь илт хууль бус захиргааны актын үндэслэлд орохгүй. Хоёрдугаарт маргаан бүхий захирамж илт хууль бус захиргааны актын үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан байгаа шүү дээ. Хууль хэрэглээний тайлбар бас байж байгаа. Энэ маргаан бүхий актыг гаргахдаа ямар эрх зүйн үндэслэл үндэслээгүй гаргасан байхыг ойлгоно гэж байгаа. Гэтэл маргаан бүхий А/92 дугаар захирамж дээр газар ашиглах эрхийг эхлээд дуусгавар болгоё, дараа нь шинээр газар олгоё гэсэн эрх зүйн үндэслэлүүдийг баримталсан байгаа шүү дээ. Тухайн үед талууд хүсэлтээ гаргаад, хүсэл зоригоо илэрхийлээд шилжүүлье гээд нөгөө тал нь шилжүүлж авъя гээд хүсэлт бичээд, тэгэхээр нь захиргааны байгууллага хуулийн гаргалгаа харж байгаад үндэслэлээр шууд шилжүүлэх захирамж гаргаагүй. Шилжүүлэх хүсэлт байгаа юм байна. Тэгэхээр эрх зүйн хүрээнд яаж шийдэх вэ гэхээр газар эзэмших эрхээ дуусгавар болгоё гэсэн байна. Энэ ямар эрх зүйн зөрчил гаргаад байгаа юм. Өөрөөр хэлбэл Засаг дарга захирамжаараа газар эзэмших эрхийг нь эхлээд дуусгавар болгосон. Дуусгавар болгочхоод дахин шинээр “.......” ХХК-д 0,65-ыг олгож байна шүү дээ. Энэ нь ямар эрх зүйн зөрчил байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй. Захиргааны ерөнхий хуулийн тайлбар дээр захиргааны акт ямар ч хуулийн үндэслэл заагаагүй гарсан байхыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг ойлгож тайлбарлаж хэрэглэдэг. Засаг даргын захирамжид үндэслэл заасан, шинээр олгохыг нь заагаад өгсөн. Энэ үндэслэл байхгүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий актуудын үндэслэл хуульд заасны дагуу гарсан байна гэж харж байгаа. Гуравдугаарт А/92 дугаар захирамжтай холбоотойгоор “.........” ХХК-ийн 2007 оны 4 дүгээр заалт дээр 2007 оны А/143 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай гээд бичсэн байна. Үүнтэй олон жил маргаж явсан байсан. Захиргааны байгууллага буюу Засаг дарга “.........” ХХК-ийн 0,65 га газрыг нь олгочхоод дараа нь үлдсэн 0,65 га газрыг “..........” ХХК-д олгохгүй их удаан явсан байсан. Үүнтэй холбогдуулаад 3 шатны шүүхээр явсан шийдвэрлүүлж байхдаа бүхлээр нь 2 га газраа авъя гэж яриагүй шүү дээ. 2007 оноос хойш 10 гаран жил болж байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр 0,65 га газраа шилжүүлсэн үйл баримтаа хүлээн зөвшөөрөөд 10-20 жил явсан. Харин үлдэгдлийг нь баталгаажуулаад авъя гээд явж байгаа хүсэл зориг нь өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагад энэ хавтаст хэрэгт авагдсан баримт дээр харагдаж байна. Захиргааны байгууллага үлдэгдэл хэсгийг нь шүүхийн шийдвэрийн дагуу баталгаажуулаад олгосон. Үүнийг илт хууль бус захиргааны актад тооцохоор 1,35 дээрээ нэмэх нь манай 0,65 га газрыг авахаар давхардах юм уу, ингэхээр утга агуулгын алдаатай нэхэмжлэл гаргаад яриад сууж байна. нэхэмжлэл тодорхой үндэслэлгүй байна гэдэг нь харагдаж байна. Хоёрдугаарт гэнэт манайх шилжүүлэхгүй байсан юм гээд хүчингүйн шаардлага ярьж байна. Илт хууль бусын шаардлага, хүчингүйн шаардлага хоёрын хуулийн зохицуулалтаараа өөр шүү дээ. Өмнөх шүүх хурал дээр нотлох баримтыг шүүх нэхэмжлэлийн үндэслэлээ ярихад нь хамаарна гээд шүүх татаж авсан. Гэхдээ шүүхээр татаад авчруулаад байгаа баримтууд, өөрийнх нь ярьж байгаа баримтууд дандаа хүчингүйгийн шаардлага. Гуравдугаарт энэ нэхэмжлэлийг ямар этгээд гаргаад байгаа вэ гэдэг дээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байна гэж харж байна. Яагаад гэвэл “..........” ХХК урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлсэн юм байна. Өнөөдрийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийнхээ үндэслэлийг болохоороо бид нар Засаг даргад хандсан чинь Засаг дарга илт хууль бус гэсэн шүү дээ гэж ярьж байгаа. “..........” ХХК тусдаа компани, хэдий охин компани боловч тусдаа хуулийн этгээдийн эрх эдэлж үүрэг хүлээдэг эрх зүйн статустай компаниуд. Тэгэхээр урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй харагдаж байна. Нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа юм чинь шүүх тодорхой хэмжээний дүгнэлт хийх байх. Хээрийн судалгаа хийгээгүй гээд ярьж байна. Хээрийн судалгаа хийгээгүй байхад чинь илт хууль бусын үндэслэлд орохгүй шүү дээ. Хээрийн судалгаа хийгээгүй гэж ярьж байгаа үндэслэл чинь манайд олгосон захирамжийг нь хүлээн зөвшөөрөөд байгаа байхгүй юу. Хээрийн судалгааг чинь газар олгож шинээр олгож байгаа хүнд хийдэг судалгаа шүү дээ. Шинээр олгосон, өөрөөр хэлбэл гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь анхнаасаа би шилжүүлэхгүй байхад чи шилжүүлчихлээ гэж ярьж байгаа боловч хээрийн судалгаа хийгээгүй гэж ярьж байгаа үндэслэлээ буцаад үгүйсгэчхэж байгаа байхгүй юу. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага утга агуулгын алдаатай, өөрөө өөрийнхөө эсрэг гаргасан. 10-20 жилийн хүсэл зоригийнхоо эсрэг өнөөдөр дахиад ярьж байна. Ярьж байгаа захирамжууд нь давхцуулаад олон тоо хэмжээний газартай болоод суух юм уу. Шүүх тэрийг нь хангаж шийдлээ гэж бодоход 1,35 га газартай, дээрээс нь дахиад 0,65 га газартай ийм юм байхгүй шүү дээ. Хариуцагч ч хэлж байна. Та нар өөрсдөө “..........” ХХК-аас ингэж авсан шүү дээ. Манайд дуусгавар болгоод шинээр эзэмшүүлснийг үндэслэлгүй гэж үзээд өөрөө өнөөдөр ямар эрхтэй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаад сууж байгаагаа дүгнэлт хийх ёстой. Өөрөө ч гэсэн зөвшөөрөхгүй байхгүй юу. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Улсын дээд шүүхийн тайлбарт хуульд үндэслэх зарчим алдагдсан байхыг хэлнэ гэсэн ойлголт байдаг шүү дээ. Энэ чинь хуульд үндэслээд байна шүү дээ. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийг баримтлаад байна. Дуусгавар болгох тухай хуулийн заалтыг бариад байна. Тийм учраас шүүх анхааралдаа авч үзнэ үү. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага чинь эхний нэхэмжлэлийн шаардлага буюу илт хууль бусын шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй учраас хоёр дахь шаардлага буюу илт хууль бусын захирамж дээр үндэслэж гарсан захирамжийг хүчингүй болгуулах шаардлага хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татагалзаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “..........” гадаадын хөрөнгө оруулалттай компаниас Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болох болон газар эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаартай “.........” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулахад “Говьсүмбэр аймгийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаартай захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон болно.
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох, өөрчлөх, ихэсгэх, багасгах нь нэхэмжлэгчийн бүрэн эрх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч “..........” ХХК нь Монгол болон Оросын Холбооны Улсын хамтарсан хөрөнгө оруулалттай “...........” ХХК-ийн охин компани бөгөөд Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/143 дугаар захирамжаар толгой компани болох “.......” ХХК-аас 2 га газрын ашиглах эрхийг шилжүүлэн авсан байна.
6. “.......” ХХК тухайн үед үйл ажиллагаа явуулахад гаалийн тусгай бүс байх шаардлагатай гэсний дагуу өөрийн ашиглах эрхтэй 2 га газрын зүүн урд хэсгээс 0.65 га газрыг “.........” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад гаргасан байна.
7. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/96 дугаар захирамжаар “.......” ХХК-д гаалийн тусгай бүсийн зориулалтаар Говьсүмбэр аймаг дахь Нефть хангамжийн газрын баруун хойд байршилд 0.65 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.
8. “..........” ХХК нь газар эзэмших гэрчилгээг шилжүүлэн авах тухай хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан байх бөгөөд аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/96 дугаар захирамжаар, “.........” ХХК-ийн эзэмшлийн 0,65 га газрыг Сүмбэр сумын 1 дүгээр багийн Үйлдвэрлэлийн гудамж 116 тоотод байрлах ачиж буулгах талбай, терминалын зориулалтаар, анх авсан этгээдийн үлдсэн хугацаагаар “........” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байдаг.
9. Нэхэмжлэгчээс: “.......” ХХК нь газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй буюу гаалийн тусгай бүсийн зориулалтаар ашиглах бодит шаардлага үүсээгүй байсан ба бид өмнө нь ашиглаж байсан газраа үргэлжлүүлэн ашигласаар ирсэн. Тиймээс уг газраа буцаан өөрсдийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтэй, “......” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд бөгөөд тухайн газрыг “эзэмших” эрх бус харин “ашиглах” эрхтэй байсан билээ. Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд газар ашиглагчийн эрх, үүргийг зохицуулсан ба үүнд газрын тухай хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, газрын тухай хуулийн 35.1.4-т заасан эрхийг газар ашиглагч нь эдлэхгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд илт хууль бус захиргааны актыг нэрлэн заасан ба эдгээрийн 47.1.6-т захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх шинжийг хангаж байна. Хариуцагч нь манай хүсэлтэд татгалзсан хариу өгөх учиртай байсан, “тухайн нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр уг газрыг “........” ХХК-д эзэмшүүлэхээр шилжүүлсэн гэж,
Хариуцагчаас: “..........” ХХК-ийн 2 газраас 0,65 га газрыг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ ашиглах эрхийг шилжүүлээгүй бөгөөд дуусгавар болгосны дагуу 0,65 га газрыг “........” ХХК-д эзэмшүүлж, 1,35 га газрыг “..........” ХХК-д ашиглуулахаар баталгаажуулан тус тус олгосон. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын 5.4.2 дахь зүйлийн 5.4.2.1 дэх хэсгийн дагуу “......” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталгаажуулсан нотариатын бүртгэлийн 0837 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаар захирамжаар “...........” ХХК-д газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн гэж,
Гуравдагч этгээдээс: Өөрөө өөрийнхөө эсрэг гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага байна. Ямар субьектив эрх ашиг нь сэргэх вэ гээд үндэслэлийг нь сонсохоор “.......” ХХК манай компанитай дундын гаалийн бүсийг хийнэ гэж хэлээд манайхаас авсан шүү дээ. Тэгээд огт хийхгүй байгаа юм чинь илт хууль бус захиргааны актад тооцуулъя гэсэн үндэслэл ярьж байна. Маргаан бүхий захирамж илт хууль бус захиргааны актын үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан байгаа шүү дээ. Хууль хэрэглээний тайлбар бас байж байгаа шүү дээ. Энэ маргаан бүхий актыг гаргахдаа ямар эрх зүйн үндэслэл үндэслээгүй гаргасан байхыг ойлгоно гэж байгаа. Нэхэмжлэлийг ямар этгээд гаргаад байгаа вэ гэдэг дээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байна гэж харж байгаа. Яагаад гэвэл “.........” ХХК урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлсэн юм байна. гэж тус тус маргадаг.
10. Шүүх хуралдааныг хойшлуулах талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй тухайд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “... Гаалийн ерөнхий газраас цахим хэлбэрээр баримт ирсэн байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлж өгнө. Албан тушаалтан нь хуулбар үнэн тэмдэг дарж шүүхэд ирүүлнэ гэж заасан. Гэтэл тухайн бичмэл нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу и-мэйл хаягаар ирсэн байна. Хоёрдугаарт Говьсүмбэр аймаг дахь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шүүх 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бичлэг гаргуулах тухай хүсэлт гаргасан. Тухайн шаардсан баримт ирээгүй. Мөн өнөөдөр шүүгчийн туслахаас албан тоот ирүүлсэн байна. Энэ албан тоот дээр 2025 оны 11 дүгээр сарын 25-ны огноотой тэмдэглэл хүргүүлсэн. Тухайн оны хуралдааны бичлэг байхгүй болно гэдэг тоот ирүүлсэн. Иймээс шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэжээ.
Тус хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж 14 хоногоор хойшлуулсан байсан болно. Шүүхээс холбогдох байгууллагуудаас нотлох баримтыг гаргуулах албан бичгийг хүргүүлэн хариуг авсан байхад дахин шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.
Тодруулбал, Гаалийн Ерөнхий газраас “..........” ХХК нь маргаан бүхий газрыг гаалийн хяналтын бүсээр ашигласан эсэх талаарх холбогдох баримтыг гаргаж 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-1.2/5008 дугаартай албан бичгээр шүүхийн и-мэйл хаягаар ирүүлсэн бөгөөд эх хувийг шуудангаар ирүүлж хавтаст хэрэгт авагдсан байна.
Мөн Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 168 дугаартай албан бичгээр тухайн оны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дуу бичлэг байхгүй болно гэсэн хариуг ирүүлсэн байна.
Иймээс хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
11. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой; бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргахаар заасан байдаг.
Шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх боломжтой эсэх талаар хянан үзнэ.
“........” ХХК-иас маргаан бүхий газрын асуудлаар удаа дараа Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандсан баримт хэрэгт авагдсан байдаг.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга; шийдвэрлэхээр хуульчилсан болно.
Харин аймгийн Засаг даргын захирамжтай маргаж байгаа нөхцөлд заавал урьдчилан шийдвэрлүүлсэн байх шаардлага тавигдахгүй.
Үүнээс дүгнэвэл гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн: “...Нэхэмжлэлийг ямар этгээд гаргаад байгаа вэ гэдэг дээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байна гэж харж байгаа. Яагаад гэвэл “...........” ХХК урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлсэн юм байна.” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.
12. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болох болон газар эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
12.1. Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болох болон газар эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргадаг.
Нэхэмжлэгч компаниас 2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар захирамжийн 4 дэх заалтыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 23 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн хуралдааны 2011 оны 141 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэжээ.
Үүний үндсэн дээр Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/265 дугаар захирамж гаргаж, шүүхийн шийдвэр биелэгдсэн байна.
Энэ захирамжид: 1. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 141 дүгээр тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2008 оны А/92 дугаар захирамжийн 4 дэх хэсгийг хүчингүй болгосугай. 2. Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2008 оны А/92 дугаар захирамжаар “........” ХХК-ийн 2 га газраас “.........” ХХК-д 0,65 га газрын газар эзэмших эрх шилжсэн тул үлдсэн 1,35 га газрын газар ашиглах эрхийг “.........” ХХК-д шинэчлэн баталгаажуулсугай. гэж тус тус захирамжилжээ.
Маргаан бүхий актын нэг заалтад холбогдох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир уг заалтад холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа; гэж заасан байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын энэ заалтад хамаарах хэсгийг хүлээн авахаас татгалзлаа.
12.2. Маргаан бүхий актын 1, 2, 3 дахь заалтыг захиргааны актын илт хууль бус байх тохиолдлуудын хүрээнд хянан үзлээ.
Маргаан бүхий актын нэг дэх заалтаар “.......” ХХК-ийн ашиглалтад байгаа 2 га газраас 0,65 га газрын газар эзэмших эрхийг “.........” ХХК-д шилжүүлж гаалийн тусгай бүсийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, хоёр дахь заалтаар эзэмшил газраа зүй зохистой ашиглахыг “.........” ХХК-д, гурав дахь заалтаар газар эзэмших эрхийг авч буй “.......” ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Говьсүмбэр аймгийн Газрын албанд даалгасан байна.
12.2.1. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 38 дугаар зүйлийн 38.4, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтыг тус тус дурдсан байна.
Нэхэмжлэгч “.......” ХХК нь гаалийн хяналтын бүс болгох гэж буй тул “......” ХХК-д 6500мкв газрыг шилжүүлэн шийдвэр гаргаж өгнө үү гэсэн 019 дугаартай хүсэлтийг тус аймгийн Засаг даргад хандаж гаргажээ. Түүнчлэн “...........” ХХК-иас 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 349 тоот албан бичгээр “..........” ХХК-ийн ашиглаж буй газраас 6500мкв газрыг манай компанийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.
Газрын тухай хууль/2002/-ийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан байсан бөгөөд энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.3. “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлийг заасан байна.
Газар эзэмших, ашиглах эрх нь тухайн газрыг өөрийн мэдэлд байлгаж, ашигтай чанарыг гарган хэрэглэх нийтлэг агуулгатай.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж газар ашиглагч байдаг. Газар ашиглагч газрынхаа зарим хэсгийг бусдад шилжүүлэх агуулгаар хүсэлт гаргасан энэ тохиолдолд газрын эрхийг дуусгавар болгосон захиргааны үйлдлийг илт хууль бус гэж дүгнэхгүй,
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга, агуулгын илэрхий алдаатай байх тохиолдлыг заасан. Утга, агуулгын илэрхий алдаа гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцно.
Энэ алдаа нь захиргааны актыг харсан хүн хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байхыг шаарддаг.
“... “.........” ХХК нь газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй буюу гаалийн тусгай бүсийн зориулалтаар ашиглах бодит шаардлага үүсээгүй байсан ба бид өмнө нь ашиглаж байсан газраа үргэлжлүүлэн ашигласаар ирсэн. Тиймээс уг газраа буцаан өөрсдийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтэй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргаж байгааг хүлээн авах боломжгүй.
12.2.2 Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн тохиолдлыг заасан.
Энэ нь захиргааны байгууллага, албан тушаалтан хуульд үндэслэлгүй иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдах, хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2. “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.2. “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” гэж тус тус заасан байна.
Аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх хуульд заасан бүрэн эрхтэй байх тул өөрийн чиг үүргийг зөрчиж, бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн газар эзэмшигч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байна гэснийг зөрчөөгүй байна.
Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь захиргаа өөрийн санаачлагаар хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд хууль бусаар халдсан, хуульд үндэслэлгүй шийдвэр гаргасан байхыг ойлгоно.
Аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өөрийн санаачлагаар эхлүүлээгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн “...хариуцагч нь манай компанийн газар ашиглах эрх шилжүүлэх хүсэлтэд татгалзсан хариу өгөх учиртай байсан” гэх тайлбар үндэслэлгүй.
Маргаан бүхий захиргааны актыг өнгөц харвал “...“..........” ХХК-ийн ашиглалтад байгаа 2 га газраас 0,65 га газрын газар эзэмших эрхийг “.......” ХХК-д шилжүүлж” гэж бичсэн байх боловч зөвхөн энэ нөхцөлөөр актыг илт хууль бус гэж дүгнэх боломжгүй.
12.2.3 Нэхэмжлэгч захиргааны актыг илт хууль бусад тооцуулах онцгой ашиг сонирхолтой байх ёстой бөгөөд үүний үр дүнд түүний эрх зүйн байдал дээрдэх боломжтой байх ёстой. Хуулийн дээрх зохицуулалт болон маргааны үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлыг нэгтгэн үзвэл маргаан бүхий актыг илт хууль бусад тооцсоноор нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй байна.
“Үндэслэх” хэсгийн 12.1-т дурдсанаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/265 дугаар захирамжийн 2-т “Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2008 оны А/92 дугаар захирамжаар “..........” ХХК-ий 2 га газраас “.......” ХХК-д 0,65 га газрын газар эзэмших эрх шилжсэн тул үлдсэн 1,35 га газрын газар ашиглах эрхийг “.........” ХХК-д шинэчлэн баталгаажуулсугай.” гэсэн байна. Тодруулбал, энэ захирамжаар .......” ХХК 1,35 га газар ашиглах эрхтэй болохыг тогтоосон. Хэргийн оролцогчид энэхүү захирамжийн талаар маргадаггүй.
Энэ талаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...захиргааны хэргийн шүүхээр аливаа этгээд нэхэмжлэл гаргаад шийдүүлэх гэж байгаагийн гол ач холбогдол нь нэхэмжлэл гаргаж байгаа компанийн ямар субьектив эрх ашиг сонирхол сэргэх вэ гэдэг дээр шүүх дүгнэлт хийнэ. Ямар субьектив эрх ашиг нь сэргэх вэ гээд үндэслэлийг нь сонсохоор “........” ХХК манай компанитай дундын гаалийн бүсийг хийнэ гэж хэлээд манайхаас авсан шүү дээ. Тэгээд огт хийхгүй байгаа юм чинь илт хууль бус захиргааны актад тооцуулъя гэсэн үндэслэл ярьж байна. Гэтэл яриад байгаа үндэслэл нь илт хууль бус захиргааны актын үндэслэлд орохгүй.” гэсэн тайлбар үндэслэл бүхий байна.
13. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаартай “...........” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
13.1 “........” ХХК нь газар эзэмших гэрчилгээг шилжүүлэн авах тухай хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан байх бөгөөд аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/96 дугаар захирамжаар, “...........” ХХК-ийн эзэмшлийн 0,65 га газрыг тус компанид шилжүүлэн эзэмшүүлсэн байдаг.
Уг захирамжийн үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т заасныг дурджээ.
“........” ХХК нь “........” ХХК-ийн ашиглалтад байсан 0,65 га газрыг 2008 онд газрын эрхийг дуусгавар болгох замаар шилжүүлэн авсан байдаг.
Нэхэмжлэгч энэ асуудлаар маргаж байгаагүй боловч гуравдагч этгээд “...........” ХХК 2024 онд эзэмшил газраа “.........” ХХК-д шилжүүлсэн нь хуульд нийцээгүй гэж маргадаг.
Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж нь газар эзэмших эрхийг өөр хоорондоо шилжүүлэх эрхтэй. Газар эзэмшигч энэхүү эрхээ чөлөөтэй эдлэх тул түүний хөрш зэргэлдээ газрыг ашиглагч гадаадын хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд энэ талаар маргах эрхгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 48 дугар зүйлийн 48.3-т “Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах бусдын эрх хадгалагдана” гэж заасан байна.
Гуравдагч этгээд “.........” ХХК нь тухайн газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшиж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн “...анхнаасаа гаалийн хяналтын талбайн зориулалтаар хамтран ажиллахаар шилжүүлсэн, хамтран ажиллах үүргээ хэрэгжүүлээгүй, дахин өөр хуулийн этгээдэд шилжүүлсэн учир акт хууль бус байна” гэсэн тайлбар үндэслэлгүй.
13.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг олгох журам”-ын 7.1-д эрх бүхий байгууллага энэ журмын 5.1.2.2-т заасан хүсэлтийг суурин судалгаа болон хээрийн судалгаагаар хийж гүйцэтгэнэ гээд заачихсан байхад нөхцөл байдлыг газар дээр нь судлаагүй. Ийм учраас маргаан бүхий акт хууль бус.” гэж маргадаг.
Уг журмын заалтад “хүсэлтийг суурин судалгаа болон хээрийн судалгаагаар” гэсэн байх бөгөөд уул заалтыг үгчлэн тайлбарлавал аль алиныг нь гүйцэтгэх агуулгатай байна. Гэвч зөвхөн хээрийн судалгаа хийгээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус гэж дүгнэхгүй. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл гуравдагч этгээдийн эзэмшил газар эрхийн ямар нэг зөрчилгүй, бусдын газартай давхцалгүй, ашиглалтын хэвийн нөхцөлтэй байсан гэж үзнэ.
13.3 Маргаан бүхий газарт 48.54мкв талбайтай барилга байдаг. Энэ барилга “........” ХХК эзэмшил газарт баригдсан бөгөөд одоогийн байдлаар гуравдагч этгээд “..........” ХХК-ийн эзэмшил газарт байрлаж байна. Энэхүү барилга нь гуравдагч этгээдийн газарт байрлаж байгаа үл хөдлөх хөрөнгө тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь газрын үндсэн бүрдэл хэсэг байх гэсэн зарчим үйлчилнэ.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Жижиг байшин барьчихсан байгаа. Муурын байшин гэж нэрлэдэг юм. Тухайн үедээ Б захирал нь надтай хамаатан учраас танай Б гээд захирал чинь 30,000,000 төгрөгөөр барилаа үнэтэй барилаа, хямд барилаа гээд маргалдаад байсан. Үнэтэй байшин биш. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан гээд байгаа байшин чинь үнэндээ хоёр давхар жижиг байшин байгаа. Бохир цэвэр ус ороогүй. Өмнөх контейнертэй байснаас ялгаа байхгүй. Блокоор бариад шавардаад будчихсан хэдэн өрөө байгаа.” гэсэн тайлбараар газар эзэмших эрх шилжсэн захирамжийг хууль бус гэж дүгнэх боломжгүй юм.
Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т заасныг тус тус баримтлан “.....” Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас тус аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар захирамжийн 4 дэх заалтад холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэсэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар захирамжийн 1, 2, 3 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаартай “..........” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН