| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0084/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгч С.Баямурат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Молкы овогт Солтангалийн Баямуратад холбогдох эрүүгийн 1807001730054 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машинмеханизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамтаар Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Өлгийн 2-3 тоотод оршин суух, регистрийн УР84120113 дугаартай, Молкы овогт Солтангалийн Баямурат.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч С.Баямурат нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 2-3 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Сүхбатын толгойн тус газар нь овтеркны төмөр ишээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч С.Баямуратад эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Баямурат нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 2-3 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Сүхбатын толгойн тус газар нь овтеркны төмөр ишээр цохиж эрүүл мэндэд нь дух, дагзны хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Баямуратын өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч С.Сүхбатын өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн орчимд Өлгийн 2 дугаар гудамжинд архи уусан согтуу явж байтал манай найз Хуатхааны ах Баямурат явж байхаар нь “чи миний найз Хуатхааныг гэрээсээ хөөсөн байна” гэж хэлээд маргалдаж байгаад Баямуратыг заамдаж авсан чинь хажууд нь явж байсан Ганзориг ах ирээд бид хоёрыг салгаад явуулсан юм. Би гэртээ ороод унтаж байгаад орой Хуатхаан орж ирээд дэлгүүр орж нэг шил архи аваад манай гэрт бид 2 хувааж уугаад сууж байтал Хуатхаан гараад ирээгүй учир гэртээ байгаа байх гэж бодоод тал шил архиа аваад гэрт нь очсон чинь Баямурат ганцаараа байшингийн дотор хаалгаа засаж байгаа бололтой зогсож байсан юм. Ингээд би авч явсан архийг “хувааж уух уу” гэхэд “уухгүй” гэхээр нь “пиво авч өгье” гэж хэлсэн чинь намайг Баямурат гэрээсээ хөөж босоод ирэхээр нь цохих гэж байна гэж бодоод нүүр рүү нь гараараа нэг удаа түлхэж гараад явтал Баямурат гартаа барьж байсан овтеркны ишний арын төмөртэй хэсгээр нь толгойн ар талд 2 удаа цохиж эргээд харах үед дух орчимд нэг удаа цохисон юм.
...Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11-12 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч С.Хуатхааны өгсөн: “...Би ах Баямураттай маргалдаад гэртээ очихгүй байсан. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын сүүлээр Сүхбатын гэрт орсон чинь манай найз Сүхбат толгойгоо боосон байхаар нь юу болсон талаар асуух үед танай ах Баямурат цохиж гэмтээсэн гэж байсан. Чухам юугаар цохисон юунаас болж маргалдсан талаар яриагүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №08шэ/187 дугаар:
/хх-ийн 22 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар,
/хх-ийн 41 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 42 дугаар тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.Баямуратад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудад ялтан С.Баямуратын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийн талаар баримт судлаагүй бөгөөд түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тавьсныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд 241 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 21,5 см урттай, ажлын хэсэг нь 8,5 см урттай бор саарал өнгийн хуванцар бариултай овтерк аяганы 1 ширхэгийг устгаж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Сүхбатад хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Баямурат нь цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Молкы овогт Солтангалийн Баямуратыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Баямурат 241 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан С.Баямуратад мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Баямурат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Баямуратад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ