Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01620

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/02309 дугаар шийдвэртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Бүнд холбогдох гэрээний үүрэгт 32,564,018 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагч Б.Бүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК болон Б.Бүн нар нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Б.Бүн нь 25,000,000 төгрөгийг, жилийн 36 хувийн үндсэн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Б.Бүн өөрийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, П.Жасрайн гудамж 2 дугаар байрны 69 тоот хаягт байрлах, 60 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ипотекийн гэрээгээр барьцаалуулсан.

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг 10,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 35,000,000 төгрөг болгож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацааг сунгуулах тухай зээлдэгчийн хүсэлтийг харгалзан үзэж, талууд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ-20190822-01-Б тоот гэрээгээр зээлийн эргэн төлөх хугацааг 10 сараар сунгаж нэмэлт хугацаа олгосон.

Гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацааг сунгуулах тухай зээлдэгчийн хүсэлтийг дахин харгалзан үзэж 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээгээр зээлийн эргэн төлөх хугацааг 12 сараар сунгасан боловч зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ гүйцэтгээгүй, төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй. Зээлдэгч нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 25,052,413 төгрөг, хүүд 4,768,881 төгрөг, нийт 29,821,294 төгрөгийн өр төлбөртэй байна. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хүү 2,742,724 төгрөг нэмэгдсэн.

Иймд Б.Бүнээс зээлийн гэрээний үүрэгт 32,564,018 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Соломон инвестмент ББСБ” ХХК-аас 2019 оны 8 дугаар сард 25,000,000 төгрөг, 2019 оны 9 сард 10,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлж, өөрийн өмчлөлийн, орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалсан.

Би уг зээлээр өөрийн компанийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн ба манай компани нь Нийслэлийн 10 жилийн лаборатори 12 дугаар сургуулийн цайны газрыг 2019 оны 9 сараас эхлэн түрээсэлж, ажиллах тендерт шалгарсан. Ковид-19 цар тахалтай холбоотой 2019 оны 12 сараас эхлэн орон даяар бүх сургуулиудад хөл хорио тогтоож, манай үйл ажиллагаа зогссон.

“С” ХХК-д үндсэн зээл 25,052,413 төгрөг, хүү 4,768,881 төгрөгийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин зээлийн барьцааг худалдан борлуулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байх хугацаанд зээлийн төлбөрийг цаг хугацаанд нь хэвийн төлдөг, зарим үед илүү төлөлттэй байсан. Үйл ажиллагаа зогссоны улмаас зээлийн төлөлт хийгдэхгүй байгаа нь санаатай зүйл биш юм.

Хэрвээ хичээл эхэлж манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлбэл ирэх оны буюу 2022 оны 6 сар гэхэд бид авсан зээлээ төлж дуусгах бүрэн боломжтой юм. Иймд улс орон даяар үүссэн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан Базарын Билгүүнээс 29,821,294 төгрөгийг гаргуулан “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2,742,724 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан Б.Бүн нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, П.Жасрайн гудамж 2 дугаар байрны 69 тоот хаягт байрлах, 60 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,089 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бүнээс 377,256 төгрөгийг гаргуулан “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би "Соломон инвестмент ББСБ” ХХК-аас 2019 оны 8 дугаар сард 25,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сард 10,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан.

"Соломон инвестмент ББСБ” ХХК-д үндсэн зээл 25,052,413 төгрөг, хүү 4,768,881 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлтийг 2021 оны 9 дүгээр сараас эхлэн төлж эхэлсэн. Гэвч 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээр  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Миний бие нь цар тахлаас өмнө ажил хэвийн явагдаж байсан 2019 оны 9-12 сард 12,600,000 төгрөг, 2020 онд 7,000,000 төгрөгийг төлөөж явж байсан. Мөн 2021 оны 9 сард 2,900,000 төгрөгийг хуваарийн дагуу төлсөн.

Зээлийн эргэн төлөлтийг барьцаа хөрөнгөөр бус хуваарийн дагуу төлөх боломж олгож өгнө үү. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Б.Бүнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 25,052,413 төгрөг, зээлийн хүү 7,511,605 төгрөг, нийт 32,564,018 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн зээл 25,052,413 төгрөг, хүү 4,768,881 төгрөг, нийт 29,821,294 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

“С” ХХК нь Б.Бүнтэй 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 25,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Дээрх зээлийн гэрээнд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг 10,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, гэрээний хугацааг 2 удаа сунгаж, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх гэж харилцан тохиролцсон, зээлдэгч гэрээний үүрэгт нийт 19,600,287 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 29 821 294 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар зохигч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Мөн талууд 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ипотекийн гэрээ байгуулж, Б.Бүний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205070892 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, П.Жасрайн гудамж 2 дугаар байрны 69 тоот хаягт байрлах, 60 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

“С” ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй ба барьцааны зүйл болох 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Зээлдэгч нь иргэний хувиар зээлийн гэрээ байгуулж зээл авсан, зээлийн гэрээнд зээлийн зориулалтыг эргэлтийн хөрөнгө гэж заасан боловч үүнийг компанийн эргэлтийн хөрөнгөд зориулж зээл олгосон гэж тайлбарлахгүй юм.

 

Иймд Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа зогссон нь иргэн Б.Бүний зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй болно. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 2 дахь заалтад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрийг буруу бичсэнийг залруулах нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/02309 дугаар шийдвэрийн

2 дахь заалтын “Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад” гэснийг “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                          ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА