Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/600

 

 

 

 

 

    2024             5              22                                         2024/ДШМ/600

 

Ч.Б, Б.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

хохирогч Ч.Ц, түүний өмгөөлөгч Ч.Түвшинжаргал,

шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Ө.Учрал, Б.Оюунбилэг,

шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч П.Сарантуяа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/121 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Анужингийн бичсэн эсэргүүцлээр Ч.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 2209 03117 0392 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ч.Б нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ч.Цид “...талбайтай газрыг 350 саяар зарах гэж байгаа, одоогоор 130.000.000 төгрөгийн банкны зээлийн барьцаанд байгаа хэрвээ дээрх мөнгийг хаагаад өгвөл бүх бичиг баримт бэлэн, ямар нэгэн асуудалгүй, шууд шилжүүлээд өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бага байхаасаа найзалж, нэгнийгээ мэддэг буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу:

2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 130.000.000 төгрөгийг,

2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 193.000.000 төгрөгийг,

2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөгийг тус тус шилжүүлүүлэн залилан авч, Ч.Цид их хэмжээний буюу нийт 342.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Цг:

2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 07 цагаас 12 цагийн хооронд Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Грийн скай” нэртэй амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бусадтай хардан маргалдаж, улмаар хөл рүү нь өшиглөж, толгой, нүүр лүү нь гараараа цохиж зодсон,

2022 оны 3 дугаар сарын эхээр 20 цагийн орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Си Жи Эс” эмнэлгийн орчим өмнө болсон асуудлыг дахин ярьж маргалдан, улмаар нүүр лүү нь гараараа цохиж зодсон,

2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчим ...гэртээ бусадтай хардсан шалтгаанаар үснээс нь зулгааж, гар луу нь цохиж зодсон,

2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим ...гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа гарч зугтаалаа гэх шалтгаанаар үснээс нь зулгаан, өшиглөж багалзуурдан цохиж зодсон,

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим ...гэртээ бусадтай хардсан хувийн шалтгаанаар багалзуурдан, үснээс нь зулгааж, толгой руу нь цохиж зодсон,

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим ...гэртээ бусадтай хардсан хувийн шалтгаанаар маргалдан, улмаар түүний толгой болон бие рүү нь гараараа цохиж зодон хөнгөн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим ...гэртээ “чиний хайр чинь намайг цагдаад өгөх биз дээ” гэж бусадтай хардаж, хамар луу нь мөргөж зодсон зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим ...гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Цтой хувийн шалтгаанаар маргалдан, улмаар түүний толгой болон бие рүү нь гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, цээж, нуруу, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун сарвуу, баруун зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим ...гэртээ “цагдаа дуудах гэлээ” гэх шалтгаанаар Б.Цгийн өмчлөх эрхэд хууль бусаар халдан түүний ай поне 13 про макс (I Рhonе 13 рго mах) маркийн гар утсыг шидэж, дэвсэж, хутганы арын ишээр цохиж гэмтээсний улмаас 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

З. Хамтран амьдрагч Б.Цтой үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран 2022 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө ...гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 0,2451 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

Б.Ц нь хамтран амьдрагч Ч.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран 2022 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 6 тоотод орших гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 0,2451 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ч.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 244 дугаартай яллагдагч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, яллагдагч Ч.Б, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ДШМ/67 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ.

Ингэхдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих асуудлыг шалгах ажиллагааг хэрэгжүүлээгүй байна.

Шүүгдэгч Ч.Б, Б.Ц нарын мэдүүлгийн зөрүүтэй байдлаас үүдэн хэн нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, шүүгдэгч Б.Ц бусдын дарамт шахалтаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст уг бодисыг хадгалж байсан үйлдлийн үйл баримт, зүйлчлэлд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай, анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, нотлох баримтын хүрэлцээтэй байдлыг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн зэрэг үндэслэлээр анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Нийслэлийн давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих асуудлыг шалгах ажиллагааг хэрэгжүүлээгүй, ...шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, нотлох баримтын хүрэлцээтэй байдлыг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэсэн, мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд прокурор П.Анужин оролцсон атлаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “...прокурорын эсэргүүцлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгосонд дээр бичсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож шийдсэн болохоос хэргийг шүүхэд шилжүүлсэн процесс ажиллагааг хүчингүй болгоогүй гэж ойлгож байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдож байгаа учраас хэргийг шүүхэд шилжүүлж өгнө үү...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Харин яллагдагч Ч.Б, түүний өмгөөлөгч нарын гаргасан “...Ч.Бы эрүүл мэндийн байдлыг харгалзан... хохирогчийн хохирол төлбөр төлөх боломжоор хангаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн яллагдагч Ч.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах, яллагдагч Б.Цтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болгон тус тус өөрчилж, яллагдагч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Иймд яллагдагч Ч.Б, Б.Ц нарт холбогдох хэргийг яллагдагч Ч.Бы өмгөөлөгч нарын гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-т “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” гэж зааснаар, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагч Ч.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Б.Цтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, яллагдагч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Нийслэлийн прокурорын газарт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Анужин бичсэн эсэргүүцэлдээ: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд “...шүүгдэгч Ч.Б, Б.Ц нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн агуулгаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд “...анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, нотлох баримтын хүрэлцээтэй байдлыг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн” гэж дүгнэн эсэргүүцлийг хүлээн авч, харин “...шүүгдэгч Ч.Б, Б.Ц нарын мэдүүлгийн зөрүүтэй байдлаас үүдэн хэн нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын олж авсан, шүүгдэгч Б.Ц бусдын дарамт шахалтаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст уг бодисыг хадгалж байсан үйлдлийн үйл баримтын зүйлчлэлд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна” гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хэргийг дахин хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шүүгчийн 121 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаасан.

Шүүгчийн захирамжийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2023/ШЗ/316 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн ба дээрх шүүгчийн захирамж хүчинтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасныг зөрчиж урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-т заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх, мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв” гэж тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна гэж үзлээ.

Тодруулбал, хуульд тусгайлан нэрлэн заасан тохиолдолд тухайн зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцож, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгохоор зохицуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох арван тохиолдлыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тодорхой заасан байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бус шүүх хуралдааны явцад нотолж болохоор заасан тул мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024/ШЗ/121 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор Ш.Анужингийн бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Харин яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн захирамжтай хамааралгүй юм. Нэгэнт яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн байхад урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэргийг прокурорт буцааж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж байна. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид нэмэлтээр хийх мөрдөн шалгах ажиллагааг тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасанд нийцэхгүй байна.” гэв.

Хохирогч Ч.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

Хохирогч Ч.Цийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.Б нь анхан шатны шүүх хуралдаанд “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү, би хохирлоо төлж барагдуулмаар байна” гэж хэлсэн атлаа өнөөдрийг хүртэл хохирол, төлбөр төлөөгүй. Иймд түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/121 дүгээр шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэж заасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хийх ёстой ажиллагаануудыг тодорхой зааж өгсөн байсан. Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэсэн тохиолдолд прокурорын эсэргүүцэлд дурдсан ажиллагааг шүүхийн шатанд хийх боломжтой байсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хуульд нийцээгүй гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч П.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Шүүгдэгч Б.Ц, Ч.Б нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд Б.Ц нь Ч.Бы дарамтад маш удаан байсан нөхцөл байдал харагддаг. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа маш удаан хийгдсэн. Иймд дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй. Ямар нэгэн үр дүнгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Шүүгдэгч Ч.Быг суллахын тулд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийсэн мэт санагдаж байна. Мөн энэ хэрэг анхан шатны шүүх дээр шүүгч Чинзоригт хуваарилагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, шүүгчийн итгэл үнэмшил арилаагүй байхад дахин шүүгч Чинзоригт хэргийг хуваарилж байна. Үүнийг анхаарч үзнэ үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Нийслэлийн прокурорын газраас анх Ч.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Б.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Өмнө нь, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Б, Б.Ц нарт холбогдох хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцэж, 2024/ДШМ/67 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэжээ.

Ингэхдээ, магадлалд “...Б.Цгийн эд хөрөнгийн эрхэд халдсан түүний ай поне 13 про макс (I Рhonе 13 рrо mах) маркийн гар утсыг шидэж, дэвсэж, хутганы арын ишээр цохиж гэмтээсний улмаас 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т “гэмт хэргийн шинжгүй” гэж зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүгдэгч Ч.Б, Б.Ц нарын мэдүүлгийн зөрүүтэй байдлаас үүдэн хэн нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, шүүгдэгч Б.Ц бусдын дарамт шахалтаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст уг бодисыг хадгалж байсан үйлдлийн үйл баримт, зүйлчлэлд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, нотлох баримтын хүрэлцээтэй байдлыг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн” гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 316 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн хүчин төгөлдөр шийдвэр байх бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 121 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “... Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй...” гэж заасныг зөрчсөн гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй гэж заасан нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцлээр дээд шатны шүүх хэргийг хянаж, хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгохдоо тухайн хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй агуулгаар тусгагдсан хэм хэмжээ байх бөгөөд тухайн хэргийг дээд шатны шүүхээс хүчингүй болгосон үндэслэлээр ажиллагаа хийх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт ажиллагаа хийх агуулгатай хуульчлагджээ.    

            Иймд шүүх хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж,

            мөн зүйлийн 6 дахь хэсэгт Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэгэж тус тус заасны дагуу уг ажиллагааг хийлгэх боломжтой байна.

            Иймд прокурор Ш.Анужингийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/121 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Дээрх байдлаар хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ч.Бд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Б.Цтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

            Харин анхан шатны шүүхэд хэрэг очмогц шүүгдэгч Ч.Бд авсан таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг дахин авч хэлэлцэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/121 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

            2. Шүүгдэгч Ч.Бд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Б.Цтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР