| Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Гомдол гаргагч: Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Г.Ц-д холбогдох Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0120323 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Прокурор А.Б, хариуцагч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Б нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Дүгнэлтийн шаардлага: 1.1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Г.Ц-д холбогдуулан гаргасан 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0120323 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна. 2. Хэргийн үйл баримт, процессын тухайд: 2.1. Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Г.Ц нь “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 0120323 тоот шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Х-г 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. 2.2. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б нь Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Ц.Ц-ийн “Эрүүл мндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 0120323 тоот шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Х-г 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2517000380 дугаартай зөрчлийн хэргийн материалыг шалгаж, зөрчил илэрсэн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд хандан прокурорын дүгнэлт ирүүлсэн байна. 3. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: 3.1. Хяналтын прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Г.Ц нь “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 0120323 тоот шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Х-г 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2517000380 дугаартай хэргийг шалгалтын хүрээнд татаж хянав. Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан. Зөрчлийн хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмчийн үзлэгийн хуудас, хохирогч Л.Ж-ийн “...би зөвхөн мэдээллийн ажилтантай уулзаад, энд хэвтэн эмчлүүлэх боломжгүй юм байна гэж бодоод буцаад явсан. Ямар нэгэн эмчид үзүүлээгүй. E-Mongolia руу орж, өөрийнхөө мэдээлэлтэй танилцах явцдаа буюу 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдээд Засгийн газрын 11-11 утсанд хандсан...” гэх мэдүүлэг... зэрэг нотлох баримтууд авагджээ. Дээрх баримтуудаас дүгнэхэд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн их эмч Б.Х нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Л.Ж-г эрүүл мэндийн үйлчилгээ авсан хэмээн Эрүүл мэндийн даатгалаас 46720 төгрөгийн нэхэмжилсэн буюу хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэх оногдуулсан байна. Эрх бүхий албан тушаалтны цуглуулсан нотлох баримтаар Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заагдсан зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдсон, оногдуулсан шийтгэл үндэслэлтэй байна. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заажээ. Тухайн зөрчил үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх бөгөөд эрх бүхий албан тушаалтан 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Г.Ц-ийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б.Х-д торгох шийтгэл оногдуулсан 0120323 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ. 3.2. Хариуцагч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Г.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Г.Ц би 2025 оны 10 дугаар сарын12-ны өдөр №0120323 дугаартай шийтгэлийн хуудсаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмч Б.Х-г Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. ...тус аймгийн Прокурорын газраас эрх бүхий албан тушаалтны дээрх шийдвэрийг Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулахаар шүүхэд хандсныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэж заасан бөгөөд холбогдогч Б.Х нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Л.Ж-г үзээгүй атлаа эрүүл мэндийн үйлчилгээ авсан хэмээн эрүүл мэндийн даатгалын сангаас 46720 төгрөгийг хууль бусаар нэхэмжилсэн боловч Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн төлбөр нэгдсэн эмнэлэгт шилжүүлэгдсэн хугацаанаас хойш буюу хохирогч 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эмчилгээ авсан талаар мэдсэн зэрэг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох үйл баримтыг дүгнээд Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуульд заасан зохих шийтгэлийг оногдуулсан болно. 2. Уг зөрчил нь үйлдэгдсэн эсэхийг ердийн иргэн тэр дор нь өөрөө шууд мэдэх боломжгүй нөхцөл байдал бөгөөд заавал тусгай апплекейшн, программ ашиглан мэдэх боломжтой асуудал тул Зөрчил үйлдсэн хугацаа нь хохирогч иргэний үйлчилгээ авахаар хандсан, татгалзсан хугацаанаас бус Нэгдсэн эмнэлгээс Эрүүл мэндийн даатгалын санд нэхэмжлэл гарган уг нэхэмжлэлийн дагуу тухайн зардал нөхөн олгогдсон хугацаанаас зөрчил үйлдэгдэж төгссөн хугацаа болон тухайн хохирогчийн эрх ашиг зөрчигдсөн талаар мэдсэн цаг хугацаанаас тоолно гэж улсын байцаагчийн зүгээс үзэж байгаа болно. 3. Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааны дугаар авч бүртгүүлэхээс дуусах хүртэл хугацаанд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Б-ийн өөрийнх нь хяналтан дор шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж тухай бүр зөвлөгөө чиглэл авч ажиллаж байсан атал хамтран ажилласан ажлын үр дүнгээ үгүйсгэж байгаад харамсаж байна. 4. Дээрх нөхцөл байдал нь улс даяар анхаарал татаад байгаа ЭМД-ын сангаас эмнэлгийн байгууллаг хуурамч нэхэмжлэхээр мөнгө завшин шамшигдуулсны улмаас санд их хэмжээний хохирол учруулж байгаа өргөн хүрээтэй үйлдлийг таслан зогсоож нийгмийн хор уршгийг ужигран давтагдахаас сэргийлэх сануулга өгөх ач холбогдлыг сулруулж, завших үйлдлийг хөхүүлэн дэмжиж, баригдахгүй бол хулгайлж болно, хугацаа өнгөрсөн бол ял шийтгүүлэхгүй байж болох юм гэсэн буруу хандлагыг төрүүлэх сөрөг үр дагавартай юм. Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №28 дугаартай “эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 4. Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлээ ... Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заажээ. Тухайн зөрчил үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх бөгөөд эрх бүхий албан тушаалтан 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж, хариуцагчаас ... уг зөрчил нь үйлдэгдсэн эсэхийг ердийн иргэн тэр дор нь өөрөө шууд мэдэх боломжгүй нөхцөл байдал бөгөөд заавал тусгай апплекейшн, программ ашиглан мэдэх боломжтой асуудал тул Зөрчил үйлдсэн хугацаа нь хохирогч иргэний үйлчилгээ авахаар хандсан, татгалзсан хугацаанаас бус Нэгдсэн эмнэлгээс Эрүүл мэндийн даатгалын санд нэхэмжлэл гарган уг нэхэмжлэлийн дагуу тухайн зардал нөхөн олгогдсон хугацаанаас зөрчил үйлдэгдэж төгссөн хугацаа болон тухайн хохирогчийн эрх ашиг зөрчигдсөн талаар мэдсэн цаг хугацаанаас тоолно гэж тус тус маргаж байна. 5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.60-д “эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.14, 10.19, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил” гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2-д заасан зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж зааснаар прокурор дүгнэлт ирүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар тус шүүх харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байна. 6. Хариуцагч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Г.Ц-ийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0120323 дугаар шийтгэлийн хуудастай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн зөрчлийн материалыг Говьсүмбэр аймгийн Прокурорын газар 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, прокурор 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 22 дугаартай дүгнэлт бичсэнийг тус шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаанд гаргажээ. 7. Шүүх Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Г.Ц-ийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0120323 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дараах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. 7.1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, 1.5 дугаар зүйлийн 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно”, 2.4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж тус тус заасан. 7.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл зөрчилд холбогдогч Б.Х-ийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Л.Ж-г үзээгүй атлаа эрүүл мэндийн үйлчилгээ авсан хэмээн эрүүл мэндийн даатгалын сангаас 46720 төгрөгийг нэхэмжилж системд шивсэн үйлдэл нь зөрчил үйлдэгдсэн хугацаанд тооцогдохоор байх бөгөөд улсын байцаагч Г.Ц нь гомдол мэдээллийн дагуу 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зөрчлийн хэрэг нээж хялбаршуулсан журмаар шийдвэрлэн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 0120323 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Х-г 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Хариуцагч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын халтсийн Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 4612663 регистрийн дугаартай аймгийн нэгдсэн эмнэлэгт холбогдох зөрчлийн 2517000380 дугаартай гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ. Ингээд Эрүүл мэндийн даатгалын сангаас 46.720 төгрөг шивэгдэж гарсан өдрөөс хойш 8 сарын дараа уг зөрчилд холбогдогч тус аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмч Б.Х-д 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 0120323 дугаартай шийтгэлийн хуудсаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хугацааг зөрчжээ. Харин Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар Прокурорын дүгнэлтээр “...Дээрх баримтуудаас дүгнэхэд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн их эмч Б.Х нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Л.Ж-г эрүүл мэндийн үйлчилгээ авсан хэмээн Эрүүл мэндийн даатгалаас 46.720 төгрөгийг нэхэмжилсэн буюу хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн байх тул хуульд заасан бусад арга хэмжээг авахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.1, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Г.Ц-ийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0120323 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. |