Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0315

 

2017 оны 05 сарын 03 өдөр                  Дугаар 221/МА2017/0315                Улаанбаатар хот

М.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.А-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч М.А нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2,Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын М.А-ыг тус газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Алтанцөгц сумын мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, М.А-ыг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Алтанцөгц сумын мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан 3 сар 13 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1838178 /нэг сая найман зуун гучин найман мянга нэг зуун далан найм/ төгрөгийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан би Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0016 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлтэй гомдол гаргаж байна. Үндэслэл: 1. М.А-ын нэхэмжлэлд хариуцагч би үндэслэлүүдээ тодорхой бичиж ажилд эгүүлэн тогтоох боломжгүй тухай тайлбараа гаргасан болохоор гомдолд дахин нуршин бичээгүй тул эрхэм шүүх бүрэлдэхүүн тайлбарыг уншин танилцана уу? 2. Улсын хэмжээнд Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс ажиллаж байсан. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор аймаг, дүүргүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдахад урьд ажиллаж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 1/2 дугаартай албан бичигт хоёр хэлтсийг нэптэж ажиллуулна гэх талаар дурдсан байдаг. Энэ албан бичиг эрхийн акт биш. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар бие даасан тусгай субъект болж, өөрийн эрх хэмжээнийхээ дагуу ажилчдаа ажилд авсан. Шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 45 албан хаагчийн орон тоотой юм. Дээрх хоёр байгууллага нийлээд 66 ажилтан, албан хаагчтай байсан. Ямар ч зохион байгуулалтгүйгээр нэгтгэх боломж байхгүй, хууль, журмын дагуу нэгтгэх ёстой. Дээрх хоёр байгууллагын өмч хөрөнгийг бичиг баримтыг хэрхэн хуваарилах талаар гаргасан эрхийг акт байхгүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсаны дараа Б.Сьезхан нь даргаар томилогдсон. Нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан гэх орон тоонд өөр хүнийг томилж ажиллуулж байгаа. Иймд анхан шатны шүүхийн 110/ШШ2017/0016 дугаартай шийдвэрийг өөрчлөлт оруулж М.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

            Анхан шатны шүүх ...Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн чиг үүргийг шинээр бий болсон байгууллагад шилжүүлсэн, өөрөөр хэлбэл уг 2 хуулийн этгээдийг нийлүүлснээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэсэн хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан байна ... нэхэмжлэгч М.А-ын ажиллаж байсан ажлын байр одоогийн өөрчлөн байгуулагдсан газрын бүтцэд хэвээр хадгалагдан үлдсэн, зөвхөн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой чиг үүрэг нэмэгдсэн ... Алтанцөгц тосгоны мэргэжилтнээр М.А-ыг томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус... гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч М.А-ын Баян-Өлгий аймгийн А тосгон хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр томилогдсон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн б/66 дугаар тушаал, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн М.А-ыг туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэсэн тухай 81 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2 албан бичиг, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар тушаал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай Б/21 дүгээр тушаал, гэрч Б.Ц-ийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ... Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн бүх албан хаагчид ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдөөгүй, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжиж очсон гэдэг нь тэд 2016 оны 08, 09, 10 дугаар саруудад тухайн байгууллагад ажилласан, ингэснээр дээрх хугацааны цалин хөлс авснаар нотлогдож байгаа... гэх мэдүүлэг зэрэг баримтууд тус тус авагджээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаас үзвэл Монгол Улсын Засгийн газраас аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс гэх хоёр хэлтсийг нэгтгэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон зохион байгуулсан, улмаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан газарт цалингийн сангийн хамт шилжүүлж, тушаал гаргахыг аймгуудын Нийгмийн халамж, үйлчилгээний газарт даалгасан, орон тоо бүтэц нь шинээр батлагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт нэхэмжлэгч М.А нь 2016 оны 08, 09, 10 дугаар саруудад ажиллаж, цалин хөлс авч байсан болох нь тус тус тогтоогджээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ш.А-ийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын А тосгоны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилж, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Нэг удаагийн тэтгэмж олгох тухай 52 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.А-т урьд эрхэлж байсан албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгож шийдвэрлэсэн нь хууль бус байна. Тодруулбал,

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Нэг удаагийн тэтгэмж олгох тухай 52 дугаар тушаалд байгууллагын орон тоо, бүтэц өөрчлөгдсөн, татан буугдсан эсэх зэрэг шалтгаан үндэслэлийг, түүнчлэн нэхэмжлэгч М.А-ыг ажлаас чөлөөлсөн эсэхийг заагаагүй атлаа тушаалын хууль зүйн үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.4 дэх заалт гэж тодорхойлсон, гэрч Б.Ц-ийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ... Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтийн бүх албан хаагчид ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдөөгүй, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжиж очсон гэдэг нь тэд 2016 оны 08, 09, 10 дугаар саруудад тухайн байгууллагад ажилласан, ингэснээр дээрх хугацааны цалин хөлс авснаар нотлогдож байгаа... гэх мэдүүлэг, хариуцагчийн өмгөөлөгчийн ... Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг татан буугдсан, ... Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдийг нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгосон тухай эрхийн акт байхгүй ... гэх тайлбар зэргээс үзвэл хариуцагч нь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг татан буугдсан гэж үзэж урьд эрхэлж байсан албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл төрийн албан хаагчийн ажиллаж байсан орон тоо хасагдсан тохиолдолд тухайн төрийн байгууллагын захиргаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.4-д заасны дагуу цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшүүлж, энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг нь олгох, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангах эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох зэрэг хувилбаруудын аль боломжтойг сонгож тухайн төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэлт баталгаагаар хангах үүрэгтэй.

Шинээр өөрчлөн байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар гэх бүтцийн нэгжид нэхэмжлэгч М.А-ын ажиллаж байсан албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч өмнө хэрэгжүүлж байсан чиг үүрэг дээр хөдөлмөр эрхлэлттэй холбоотой чиг үүрэг нэмэгдэж бусад чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан Сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, сүүлд батлагдсан Сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ... Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон зохион байгуулсан... гэх Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай Б/21 дүгээр тушаалаас үзвэл Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс татан буугдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүх захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгаж шийдвэрлэхээр байна.

            Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс татан буугдаагүй, харин Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй нэгдэн өөрчлөн байгуулагдсан, өмнө ажиллаж байсан ажлын байр нь хэвээр хадгалагдан үлдсэн байхад хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын нэхэмжлэгч М.А-ыг А тосгоны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд томилоогүй эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ... гэж заасантай тус тус нийцээгүйн улмаас төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг алдагдуулсан, хууль бус байх тул шүүх нэхэмжлэгч М.А-ыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын А тосгоны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

            Түүнчлэн, шүүх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцож, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай тус тус нийцсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс нь татан буугдаагүй, нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь тогтоогдсон гэх агуулга бүхий дүгнэлт үндэслэл бүхий байх тул хариуцагчийн ... Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдахад урьд ажиллаж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 1/2 дугаартай албан бичигт хоёр хэлтсийг нэгтгэж ажиллуулна гэх талаар дурдсан байдаг. Энэ албан бичиг эрхийн акт биш. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар бие даасан тусгай субъект болж, өөрийн эрх хэмжээнийхээ дагуу ажилчдаа ажилд авсан ... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.С-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ