Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Сүхбат нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Н.Анхбаяр, ялтан Б.Сүхбат, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, нарийн бичгийн дарга Б.Баясгалан нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Сүхбат нарт холбогдох эрүүгийн 201620000068 дугаартай хэргийг ялтан Б.Сүхбат, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, Увс аймгийн Давст сумын 02 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Хоньч хүүхэн овогт Баатарсүрэнгийн Сүхбат нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг "Цагаан тохой" гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүй хэрэгцээний нойтон бургас мод бэлтгэж, ойн санд 285.120 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт,

Монгол улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, Увс аймгийн Давст сумын 02 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Очир овгийн Цэвээний Нямдаш нь Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг "Цагаан тохой" гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүй хэрэгцээний нойтон бургас мод бэлтгэж, ойн санд 285.120 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Очир овгийн Цэвээний Нямдаш, Хоньч хүүхэн овгийн Баатарсүрэнгийн Сүхбат нарыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар шүүгдэгч Ц.Нямдаш, Б.Сүхбат нарт тус тус 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Нямдаш, Б.Сүхбат нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Шүүгдэгч Ц.Нямдаш, Б.Сүхбат нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Нямдашт оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар 256 ширхэг буюу 2.64 м3  нойтон бургас мод, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхгийг тус тус улсын орлогод оруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.Сүхбатын эзэмшлийн улаан зүсний 4 настай үхэр 1, улаан зүсний 3 настай үхэр, шүүгдэгч Ц.Нямдашийн улаан зүсний 10 настай үхэр 1, улаан зүсний 3 настай эм үхэр 1-ийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Сүхбат, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Сүхбат нь ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Давст сумын төвд амьдардаг. Түүний төрсөн аав Баатарсүрэн, ээж Мөндөө нар нь 70 орчим настай хөгшин хүмүүс Бөхмөрөн суманд амьдардаг бөгөөд ээж Мөндөө нь 2016 оны 02 дугаар сард элэгний хорт хавдар гэдэг оноштойгоор эмчлэгдэж,  элгээ 80 хувь тайруулж, одоо хэвтэрт, хүний асрамжид байдаг ба хүү Б.Сүхбат нь Давст сумаас Бөхмөрөн сум руу байнга явж ээждээ эм тариаг нь цаг тухайд нь хүргэн өгч эмчилгээг нь хийлгэдэг. Иймд  Б.Сүхбат  нь  анх удаа  хүндэвтэр  ангиллын  гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа болон амьдралын аргагүй хүнд нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэг жилийн хорих ял оногдуулсныг биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Давж заалдсан гомдлын талаар тусгайлан гаргах санал алга байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна. 

Ц.Нямдаш, Б.Сүхбат нар нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг “Цагаан тохой” гэх улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.64 м3  хэрэгцээний нойтон бургас мод бэлтгэж , ойн санд 285120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Г.Лхагважав, гэрч Б.Бат-Эрдэнэ, М.Адилбиш, Н.Бүрэн, С.Батсүх, шинжээч Н.Ганхөлөг нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөн байцаагчийн үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримт, Увс аймгийн Түргэн сум дахь Сум дундын ойн ангийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг  тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэл бүхий болсон байна.

Шүүгдэгч Ц.Нямдаш, Б.Сүхбат нарт  холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг шалгаж тогтоосон, шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Ц.Нямдаш, Б.Сүхбат нарыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, үндэслэлтэй болсноос гадна шүүхээс шүүгдэгч нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан тул Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ. 

Ялтан Б.Сүхбат, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын “..Б.Сүхбат нь анх удаа хүндэртэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэх гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалвал:

Ялтан  Б.Сүхбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болох нь Давст сумын Байгаль хамгаалах сангийн Увс Төрийн сангийн 150355402 тоот дансанд тушаасан мөнгөн шилжүүлгийн баримтаар, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон түүний  шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд ялтан Б.Сүхбат, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах тухай тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар Б.Сүхбатад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзан, тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар түүнд хяналт тавихыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д зааснаар Б.Сүхбатыг  шүүх хуралдааны танхимаас сулалсугай.

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                           Д.КӨБЕШ

Н.МӨНХЖАРГАЛ