Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 263

 

Б.И-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн

Засаг даргад холбогдох захиргааны хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                        Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                           Б.Мөнхтуяа

                                                 Д.Мөнхтуяа

                                                Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:                 Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга:   Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/774 дүгээр захирамжийг хүчингүй болгож Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол 5.000.000 төгрөг гаргуулах”

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 111/ШШ2019/0006 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0278 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.У-ийг оролцуулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 111/ШШ2019/0006 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.5, Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Б.И-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/774 дугаартай "Б.И-г цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас халах тухай" захирамжийг хүчингүй болгож, Б.И-г урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.И-ийн ажилгүй байсан хугацааны цалин болох 3 014 476 /гурван сая арван дөрвөн мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Хууль бус актын улмаас учирсан хохирол болох хууль зүйн туслалцаа авсны 800000 төгрөг, цалингийн зээл нийт 5 000 000 /таван сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0278 дугаар магадлалаар:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 111/ШШ2019/0006 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн “11 6”, “4.2.5” гэснийг хасч, 2 дахь заалтын “11.5” гэснийг “11.6” гэж, 3 дахь заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1" гэснийг хасч тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. "Б.И 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын Б/673 дугаар захирамжаар 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа хүлээн авсан байдаг. Гэвч Б.И нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т "Мэдүүлэг гаргагч хөрөнгө орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор,... дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор,....шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй” гэсэн заалтыг тус тус зөрчиж, хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь мэдүүлээгүй байна.

4. Дээрх байдлыг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эрх бүхий албан тушаалтны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 362 дугаар албан бичгээр ирүүлсэн “Б.И нь хөрөнгө орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хуулийн хугацаанд албан ёсоор мэдүүлээгүй буюу баталгаажилтын хуудсаар мэдүүлж, бүртгүүлээгүй” гэсэн албан бичиг, томилогдсон захирамж гарсан өдөр буюу 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн албан тушаалын цалингаа авсныг цалингийн хавтгай болон ажил хүлээлцэх ажлын хэсгийн тэмдэглэл зэргээр нотлох бөгөөд тэмдэглэлд “цалингаа авах ёстой гэж бодож байна” гэж өөрөө хэлсэн нь дээрх өдрөөс эхлэн ажилдаа орсон гэдгийг нотолж байгаа хэрэг юм.

5. Өөрөөр хэлбэл Б.И 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажилд томилогдсон буюу сонгогдсон бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлгээ 11 дүгээр сарын 09-ний дотор гаргаж өгөөгүй нь үндэслэлтэй байх тул Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-д “Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах", Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д “...23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-д заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” заалтыг тус тус үндэслэн аймгийн Засаг дарга 2018 оны Б/774 дүгээр захирамжаар ажлаас нь халсан болно.

6. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4 дэх заалтын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.И-тай утсаар сонсох ажиллагаа явуулсан нь Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хуудсаар нотлогддог.

7. Нэхэмжлэгч Б.И нь “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр өмгөөлөгчөөс туслалцаа авсны хөлс нь захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас учирсан шууд хохирол биш, хуульд заасан эрхээ эдэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлүүлэх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулсан, хэргийн оролцогчийн биелүүлэх үйлдэл байх тул учирсан гэм хорын хохирол гэх 5.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0278 дугаартай магадлалаар хянахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

8. Учир нь Б.И 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/199 дүгээр захирамжаар ажлаасаа чөлөөлөгдөж, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эгүүлэн томилогдсон байх бөгөөд тухайн хугацаанд, тухайн албан тушаалд өөр этгээд томилогдсон. Мөн Б.И нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ний өдөр хүртэл тус аймгийн 12 дугаар цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байсан. Дээрх байдлаас дүгнэхэд Б.И тухай албан тушаалд хамааралгүй өөр хөдөлмөрийн харилцаанд оролцож байсан.

9. Нэгэнт хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж /2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд/, шинээр хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаад /12 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан/, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шинээр захиргааны акт гарч, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдож, шинээр хөдөлмөрийн харилцаа үүссээр байтал “Б.И-г шинээр томилогдсон гэж үзэхгүй” гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тогтоож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хууль хэрэглэх зарчмыг баримтлаагүй, тодорхой хуулийн заалтыг хэрэглээгүй буюу тодорхойгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

10. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0278 дугаартай магадлалыг хянаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

12. Учир нь, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”; Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй” гэсний “30 хоногийн дотор” холбогдох мэдүүлгийг гаргаж өгөх үүрэг нь тодорхой албан тушаалд шинээр сонгогдсон буюу томилогдсон этгээдэд хамааралтай талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

13. Харин анхан шатны шүүх хуулийн дээрх зүйл, заалтын дагуу “нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд эгүүлэн томилогдсоноос хойш 30 хоногийн дотор ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй” гэж хуулийг буруу тайлбарласан байна.

14. Тодруулбал, нэхэмжлэгч Б.И-г өмнө нь Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/199 дүгээр захирамжийг шүүхийн шийдвэрээр хууль бус гэж дүгнэн хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоосны дагуу хариуцагч 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/673 дугаар захирамжаар түүнийг цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд нь эгүүлэн томилсныг тухайн албан тушаалд шинээр томилогдсон гэж үзэхгүй, харин шүүхийн шийдвэр /гүйцэтгэл/-ийн дагуу нэхэмжлэгчийн өмнөх эрх зүйн харилцаа сэргэсэн гэж үзнэ.

15. Иймд, тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-12-т заасан “Б.И нь хуульд заасан 30 хоногийн дотор холбогдох мэдүүлгийг гаргаж өгөөгүй, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл тухайн албан тушаалд ажиллаж байгаагүй, өөр хүн ажиллаж байсан, энэ хугацаанд 12 дугаар цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байсан, өөр хөдөлмөрийн харилцаанд оролцсон байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн утгатай хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

16. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0278 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ