Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/649

 

 

 

 

    2024             5            30                                         2024/ДШМ/649

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч М.Батмөнх,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/420 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч М.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Бд холбогдох эрүүгийн 2306 04399 0224 дүгээр хэргийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34-833 тоот хашаанд байхдаа тус хашаанд оршин суух Д.Т, Ш.Ч нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч Д.Т, Ш.Ч нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 34 дүгээр гудамжны 883 тоот хашаанд байхдаа хашааны хаалга нүдсэн гэх шалтгаанаар хохирогч Ц.Гыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бас гэм хорын хохиролд 795,176 төгрөгийг гаргуулан ... оршин суух, Ц.Г-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсарган хадгалж, хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б өмгөөлөгч М.Батмөнх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.Б болон өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд Г.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, өөртөө дүгнэлт хийн ойлгож, гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь ял хүндэдсэн бөгөөд олон жил ажилласан газраасаа халагдах нөхцөл байдал болж, түүний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих болсонд харамсалтай байна гэж үзэж байна. /Холбогдох нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа болно/

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Намайг шөнийн ээлжинд ажилтай байхад Ч гэдэг хүн энэ асуудлаас болж өсөрхөн манай эхнэрийг орж удаа дараа зодсон байсан. Би хорооны цагдаа, хэсгийн ахлагч нарт мэдэгдэж арга хэмжээ авхуулсан. Цагдаагаас 100.000 төгрөгөөр торгосон. Гэтэл тэрнээс болж байнга бид хоёрыг дарамталдаг болсон. Жинхэнэ эзэнд нь хэллээ, би прокурор байсан хүн. Ч нь хорих ангийн дарга хийж байгаад тэтгэвэрт гарсан хурандаа цолтой хүн гэж өөрөө надад ярьж, намайг байнга дарамталж байсан. Намайг ажилтай үед манай эхнэрийг зодсонгэж шүүхэд үнэн зөвөөр гэмт хэрэг үйлдсэн учир шалтгаан, нөхцөл байдлаа тайлбарлан мэдүүлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан хуулийн заалтын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх хэрэглээгүй бөгөөд мөрдөгч, прокурорт өмгөөлөгч миний бие болон Г.Бас хохирогч Д.Т, Ш.Ч нарт Зөрчлийн тухай хуулиар /танхайрах/ арга хэмжээ авхуулж байсан нотлох баримтыг хавсаргаж өгөөч гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч хавсаргаж өгөөгүй болно.

Мөн хохирогч Ш.Ч нь Г.Б ээлжийн ажилтай байхад эхнэр нь гэртээ ганцаараа унтаж амарч байхад хаалга үүдийг нь түлхэн эвдэлж, согтуурсан үедээ дотуур хувцастайгаа нүцгэн, хутга барьчихсан хашхирч танхайрч байгаа нь хажуу айлын камерт бичигдсэн байсныг хуулж бичлэгтэй сиди болон зургийг хавтаст хэрэгт өгснийг эрхэм шүүгч нар анхаарч үзнэ үү гэж хүсье.

Иймд Г.Б нь өөрийн эрхэлсэн тодорхой ажилтай, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг бүхий л нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэн үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн торгох ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэгдүгээрт, шүүгдэгч Г.Б олон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, өмнө нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөртэй зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхээс 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. 2023 оны 12 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй. Тэгэхээр Г.Б эрхэлсэн тодорхой ажилтай эсэх нь тодорхойгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34-833 тоот хашаанд байхдаа тус хашаанд оршин суух Д.Т, Ш.Ч нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч Д.Т, Ш.Ч нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 34 дүгээр гудамжны 883 тоот хашаанд байхдаа хашааны хаалга нүдсэн гэх шалтгаанаар хохирогч Ц.Гыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ш.Чийн “2023 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед эхнэр Т нь бие засах гээд гарч яваад гадаа орилоод хашхирахаар нь хувцсаа өмсөөд гарахад Тгийн нүүр цус болчихсон, Г заамдчихсан зогсож байхаар нь дундуур ороод салгаж байхад Г миний нүүр эрүү орчим руу нэг удаа цохих шиг болсон. Би тухайн үед ухаан балартаад нэг мэдэхэд цагдаа ирчихсэн байна. Миний хиймэл шүд унаад хажуу талын ясан шүд рүү зоогдож орсон байсан. ...” /хх 11-12/ гэсэн,

хохирогч Д.Тгийн “Би нөхөр Ш.Чийн хамт унтаж байхад 2023 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хажуу айлын залуу Г манай том өрөөнд орж ирсэн. Хувцасны шүүгээ ухаад зогсож байхаар нь загнаад хөөгөөд гаргасан. 2023 оны 08 дугаар сарын 22-ны өглөө бие засах гээд гарахад байшингийн довжоон дээр Г эхнэртэйгээ хамт зогсож байгаад намайг Г нэг юмаар толгой руу цохисон. Хаалгаа хаах гээд чадахгүй, толгойноос цус гарч би ухаан балартсан. Нэг мэдэхэд Г намайг гэртээ оруулсан, миний хөхөн дээр 2 хөлөөрөө өвдөглөөд суучихсан, багалзуурдчихсан сууж байхад Г-ын эхнэр миний хоолойноос холдуулаад байж байхад гаднаас нөхөр Ч орж ирээд салгасан. Миний биед учирсан бүх гэмтлийг Г учруулсан. Би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ Б гэдгийг нь андуураад Гантулга гэж ярьж мэдүүлсэн байна. Намайг Б гэдэг хүн буюу Т.П-гийн нөхөр зодсон. ...” /хх 16-17, 20/ гэсэн,

хохирогч Ц.Гын “Би 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 17-р хороонд байх гэр лүүгээ орох гэтэл манай хашааны хаалга түгжээтэй байсан. Манай хашаанд Б гэх залуу гэр бүлийн хамт амьдардаг юм. Би хашааны хаалгаа нүдээд хаалгаа Бар онгойлгуултал элэгдэж унагаагаад “чи намайг амраасангүй” гэх шалтгаанаар намайг учир зүггүй зодож эхэлсэн. Дараа нь миний хамар, амнаас цус гараад нүүр ам хавдаад байсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм. ...” /хх 96-97/ гэсэн мэдүүлгүүд,

Ш.Чийн биед баруун дээд 3-р шүдний хугарал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10881 дугаартай шинжээчийн /хх 35-36/,

Д.Тгийн биед баруун зулайн хуйханд няцарсан шарх, хоёр хөхөнд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10882 дугаартай шинжээчийн /хх 38-39/,

Ц.Гын биед хамрын нуруунд шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хоншоор, хамрын нуруу, цээжинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13727 дугаартай шинжээчийн /хх 114-115/ тус тус дүгнэлтүүд,

2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 77-82/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Б 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Т, Ш.Ч нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн түүний 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хашааны хаалга нүдсэн гэх шалтгаанаар хохирогч Ц.Гыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Г.Б өмгөөлөгч М.Батмөнх “...Г.Б нь өөрийн эрхэлсэн тодорхой ажилтай, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг бүхий л нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн торгох ялаар шийтгэж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын агуулгатай уялдаа бүхий болжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Г.Б 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдалд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх агуулгад нийцсэн байна гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б өмгөөлөгч М.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/420 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б өмгөөлөгч М.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                          Т.ӨСӨХБАЯР