Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/650

 

 

 

 

 

    2024             5            30                                         2024/ДШМ/650

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

хохирогч Б.Х, түүний өмгөөлөгч Т.Энхжаргал,

яллагдагч Б.Мын өмгөөлөгч Б.Намнансүрэн,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/1034 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Итгэлийн бичсэн эсэргүүцлээр Б.Мд холбогдох эрүүгийн 2303 00378 0443 дугаар хэргийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Б.М нь согтуугаар 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн зам, Жанжин клуб рүү эргэдэг уулзвар дээр Toyota prius маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөДий дүрмийн 3.7 “а”-д “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, мөн дүрмийн 15.10-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас Toyota Harrier маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Б.Н нас барж, зорчигч Б.Хын эрүүл мэндэд хүнд хохирол, жолооч Б.Д, зорчигч М.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.Мд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан байна. Яллах дүгнэлтэд “жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.”...зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн боловч жолооч Б.Дий үйлдэлд ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцээгүй.

Яллагдагч Б.Мын өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Намнансүрэн нарын гаргасан гэрч асуулгах, шинжээчээс мэдүүлэг авах, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох талаар гаргасан саналуудыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх ба харин яллагдагчаар татуулах талаар гаргасан саналыг хүлээн авч хууль зүйн дүгнэлт хийж нэмэлт ажиллагаа хийлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шүүх шийдвэрлэж, хэргийг буцаасантай холбоотойгоор шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, жолооны үнэмлэхийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор П.Итгэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлдтээ: “...Шүүгчийн захирамжийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн шинжээч нарын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 06/04 дугаартай Тоёота приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а” заалт буюу “Жолоочид ..согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг... хориглоно”, 15.10-р заалт буюу “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Тоёота хариэр маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь МУ-ын ЗХД-ийн 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Тоёота приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а” болон 15.10-р заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Тоёота хариэр маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь МУ-ын ЗХД-ийн 12.4-р заалтыг зөрчсөн нь ослоос учирч болох хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт /2хх 40-43/ гарсан. Уг дүгнэлтэд Тоёота хариэр маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь МУ-ын ЗХД-ийн 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзсэн, хурдны хязгаарыг 8 км/цагаар хэтрүүлсэн нь ослоос учирч болох хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэж байна” гэж дүгнэжээ.

Дээрх дүгнэлтийн хүрээнд Б.Дийг гэм буруутай гэж үзэх үндэслэл байгаагүй учраас мөрдөгч түүнийг яллагдагчаар татах санал прокурорт ирүүлээгүй болно. Хэрэв ирүүлсэн тохиолдолд прокурор тухайн санал үндэслэлтэй эсэх, түүнийг гэм буруугүй талаар дүгнэлтийг хийж яллагдагчаар татах саналыг хүлээн авахаас татгалзах шийдвэр гарах боломжтой. Гэтэл ямар нэг шийдвэр гаргах үндэслэл байхгүй байхад прокурор өөрийн санаачилгаар Б.Дий гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийх хууль зүйн шаардлага байхгүй.

Яллах дүгнэлт гэдэг бол прокурор гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн этгээдийн гэм бурууг шүүхээр тогтоолгохоор түүнийг ямар гэмт хэрэгт, ямар нотлох баримтуудаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйлээр буруутгаж байгаа талаар гаргаж байгаа шийдвэр юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд яллах дүгнэлтэд тавигдах шаардлагыг заасан байдаг. Энд тухайн гэмт хэрэгт хэн нэгнийг гэм буруугүй гэж үзсэн талаар дүгнэлт хийх шаардлага тавигдаагүй байна. Мөн Б.Мын өмгөөлөгч нарын зүгээс Б.Дийг яллагдагчаар татуулах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтын прокурорт гаргасан байх ба уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ яллагдагчаар татах үндэслэл байхгүй гэдгийг хууль зүйн дүгнэлт хийж тайлбарласан байдаг. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурор болон Улсын Ерөнхий прокурорын газраас хэргийг хянаад прокурорын шийдвэр үндэслэлтэй байна гэж үзээд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах чиг үүргийг улсын яллагч хүлээхээр заасан байдаг. Дээрх асуудлыг гэм бурууг хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаанаар оролцогчдын мэтгэлцээний үед үндэслэлийг тайлбарлаж, шүүх уг мэдүүлэг, хууль зүйн дүгнэлтийг үндэслэн дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой болохоос яллах дүгнэлтэд Б.Дий гэм буруугүй гэж үзсэн талаарх хууль зүйн дүгнэлтийг нэмж оруулахаар хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/1034 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

Хохирогч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч миний бие жолооч Б.Дийг хурд хэтрүүлснээс болж миний найз Б.Н амиа алдсан гэж бодож байгаа. Жолооч Б.Мын буруутай үйлдэл нь тодорхой байгаа. Хэрэв Б.Д хурд хэтрүүлээгүй байсан бол миний найз амь насаа алдахгүй байсан. Би Б.М болон Б.Д нарт гомдолтой байгаа.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д, хохирогч Б.Х нарын өмгөөлөгч Т.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Мөн урдаас ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас ийм үйлдэл болсныг тодорхой ойлгож байгаа. Харин Б.Дий хувьд Монгол Улсын Замын хөДий дүрмийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км” гэж заасан хурдыг хэтрүүлсэн үйлдэл нь энэ гэмт хэргийн хор уршиг учрахад шалтгаант холбоотой. Иймд Б.Дийг яллагдагчаар татах саналыг дэмжиж байна. Хоёрдугаарт, миний үйлчлүүлэгч нар тус хэргийг удаан шийдвэрлэж байна, энэ хугацаанд хохирол төлбөр барагдахгүй, сэтгэл санааны хувьд хямралтай, хэргийг хурдан шийдвэрлэж өгөх саналтай байгаа гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна.” гэв.

Яллагдагч Б.Мын өмгөөлөгч Б.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0604 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 68.4 км/цагаас илүү хурдтай явсан гэж үзэж байна” гэж байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн доод хурд гэсэн үг юм. Үүнээс дээш хурдыг тогтоох боломжгүй. Мөн Б.Дий барьж явсан тээврийн хэрэгсэл А цэгээс 35,4 метр, мөргөгдсөн Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл 26.8 метр замыг туулж ослын дараа зогссон байгаа. Б.Дийг яллагдагчаар татах хүсэлтийн үндэслэл нь Б.Д Монгол Улсын Замын хөДий дүрэмд заасан зогсоох арга хэмжээгээ аваагүй, хурд хэтрүүлсний улмаас энэ гэм хор учирчихаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон, хүнд гэмтсэн хохирогч нар жолооч Б.Дий тээврийн хэрэгсэлд сууж байсан. Тээврийн хэрэгслийн хурд нь хор уршиг, хохиролтой шалтгаант холбоотой байдаг. Хурд бага байвал хор уршиг бага байна. Ийм учраас хяналт тавьж байгаа прокурор болон дээд шатны прокурорт хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангин 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хохирогч Б.Хын “...тухайн машины жолооч гэх танихгүй залуу их хурдтай явж, машин гүйцэж түрүүлж талийгаач бид хоёрыг сэгсчүүлээд байхаар нь ямар аймаар хурдтай явдаг юм бэ, аажуухан яваач гэж хэлсэн. ...” /1хх 55-57/ гэсэн,

иргэний нэхэмжлэгч М.Эын “...осол гарахаас өмнө миний сууж явсан Тоёота хариер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 80-100 орчим км цагийн хурдтай зорчиж явсан байх гэж бодож байна. Миний хувьд өмнө зориулалтын тээврийн хэрэгсэлд сууж хурдтай зорчиж явж байсан бөгөөд тухай үеийн тээврийн хэрэгслийн хурдыг баримжаагаар тийм байх гэж бодсон. ...” /1хх 60-61/ гэсэн,

иргэний нэхэмжлэгч Б.Дий “...би ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зорчиж явахдаа 80-90 км/цагийн хурдтай зорчиж явсан бөгөөд зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгслийн тормосыг гишгэж жолооны хүрдийг баруун тийш дарахад км-ийн заалт 80 км/ц-аас доош бууж байсан. ...” /1хх 45-46/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн “...Автомашин анх хоорондоо мөргөлдсөн гэх цэгийн асфальт зурагдсан, бохирлогдсон уг мөрийг үндэслэж А үсгээр, зорчигч Н унасан цэгийг Б үсгээр, ... дугаартай тээврийн хэрэгсэл гэрлийн шон мөргөсөн цэгийг 1 тоогоор, үл хөдлөх цэгийг В үсгээр тэмдэглэж үзлэгийг хийв. А цэгээс В цэг хүртэл тэгш өнцгөөр хэмжихэд 11.7х13.2х17.8м, А цэгээс 1 тоо хүртэл 11м, А цэгээс ... машин хүртэл 26.8м, А цэгээс Б цэг хүртэл 30.9м, А цэгээс 0707 БУЛ машин хүртэл 35.4м...” /1хх 14-15/ тэмдэглэл,

2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 06/04 дугаартай “...Тоёота хариер маркийн автомашины тухайн үеийн жинхэнэ хурдыг тодорхойлох  боломжгүй. Харин явсан байж болох хамгийн бага хурдыг тодорхойллоо. Хамгийн бага хурдыг тогтоохын тулд Тоёота хариер маркийн автомашин нь анх мөргөлдсөн “А цэгээс ослын дараах байрлал хүртэл 26.8 метр зайд өнхөрсөн, Тоёота приүс маркийн автомашиныг 35.4 метр зайд хөндлөн чиглэлд гулсуулсан гэж авагдсан хавтаст хэргийн материалд тулгуурлан тооцоо хийв. Хурдыг тодорхойлохдоо энерги хадгалах хуулийг ашиглав. ...тоон утгуудыг орлуулбал 68.4 км/цаг... дээрх тооцоонд анх мөргөлдсөн “А” цэгт Тоёота приүс маркийн автомашин зогсож байснаар тооцсон бөгөөд 2 автомашинд үүссэн эвдрэл гэмтэлд шингээгдэх энергийг тооцоогүй юм. Тиймээс автомашины жинхэнэ хурд 68.04 км/цагаас илүү явсан гэж үзэж байна. Тоёота хариер ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Замын хөДий дүрмийн 12.4 дүгээр заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /1хх 40-42/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “яллах дүгнэлтэд жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.”...зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн боловч жолооч Б.Дий үйлдэлд ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцээгүй байна.” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/1034 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                          Т.ӨСӨХБАЯР