Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01617

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Цн нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/01134 дугаар шийдвэртэй, С.Цн, С.Уүх, С.Ураа нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн яамд холбогдуулан нэг удаагийн тэтгэмж, алдангийн хамт 160,206,030 төгрөг болон С.Цнд орон сууцны дэмжлэг үзүүлэх,

Дотоод хэргийн их сургуульд холбогдуулан тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 101,792,262 төгрөг, даатгалын төлбөр 7,150,000 төгрөг гаргуулах, тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолгох, уг тэтгэврийг тогтоолгоход шаардлагатай баримтуудыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Уүх, С.Ураа, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмагнай, Дотоод хэргийн их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний аав, нөхөр Б.Сонинпил нь 1965 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс цэргийн алба хааж эхэлснээс хойш Монгол улсын Батлан хамгаалах яам, цэргийн байгууллагад ажиллаж, улмаар дэд хурандаа цол хүртэл дэвшиж, Цэргийн дээд сургууль одоогийн Хууль сахиулахын их сургуульд багш, улс төрийн хэлтсийн дарга, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан.

Б.Сонинпил нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу тусгай томилолтоор албан үүрэг гүйцэтгэхээр явж байх үедээ буюу 1990 онд АН-26 онгоц осолдоход нас барж бидэнд хүнд гарз тохиолдсон болно. Тухайн үед Цэргийн дээд сургуулиас оршуулгын зардлыг гаргаж өгсөн. С.Уүх, С.Ураа 16 нас хүртлээ хагас өнчний тэтгэмжийг нийгмийн халамжийн байгууллагаас авсан ба үүнээс өөр ямар нэг тэтгэвэр, тэтгэмж авч байгаагүй.

Албан үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан хүмүүсийн ар гэрт хуулиар нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалингаар тооцож 5 жилээр олгодог гэдгийг тухайн үед мэдээгүй. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хууль сахиулахын их сургуулиас бидний ар гэрийн хүнд байдалтай гэх өргөдлийг үндэслэн 1,000,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгох үед нас барсан иргэний ар гэрт нь тэтгэмж олгодог болохыг мэдсан.

Улмаар Хил хамгаалах газраас лавлахад 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 3/1593 тоот албан бичгээр 1990 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 6/57 дугаар тушаалаар 700 төгрөгийн буцалтгүй тусламж, Цагдаагийн дээд сургуулийн 1993 оны 3 дугаар сарын 6/70 дугаар тушаалаар 2000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон гэжээ. Бид энэ талаар огт мэдэхгүй.

Мөн Батлан хамгаалахын төв архиваас 1990 оны 10 дугаар сарын 08-ны өдөр С.Цнийг гэрчээр байцаасан тэмдэглэлийг авсан. Энэхүү гэрчээр байцаасан тэмлэглэлд зурагдсан гарын үсэг нь С.Цний гарын үсэг биш болно.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бидний аав, хань Б.Сонинпил албан үүргээ гүйцэтгэж тусгай томилолтоор явж байхдаа осолд орсон тул ар гэрийн гишүүд нь 5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй.

Иймд Б.Сонинпилийн албан тушаалын цалинг 2020 оны байдлаар тооцож, 5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож өгнө үү.

Тухайн үед цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг огт авч байгаагүй тул 2014 оны Тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэрийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 15 дугаар тогтоолын хавсралтын 1-д зааснаар 1990 ба түүнээс өмнөх онд авч байсан цалингийн хэмжээний итгэлцүүрийг 715 гэж тогтоосны дагуу Б.Сонинпилийн сарын дундаж цалин 1235.5 төгрөгийг 5 жил буюу 60 сараар үржүүлэхэд 74128 төгрөг болно. Үүнийг 715 гэх итгэлцүүрээр үржүүлэхэд 53,001,520 төгрөг болно.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульийн 21 дүгээр зүйл, 2-д зааснаар ар гэрт олгох тэтгэмжийг Хууль сахиулахын их сургууль болон түүний дээд шатны төрийн захиргааны төв байгууллага болох Хууль зүйн яамнаас нэхэмжилж байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйл 2 дахь хэсгийн 2-д зааснаар нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг мөн хуулийн 19 дүгээр зүйл, 4 дэх хэсэгт зааснаар Хууль зүйн яамнаас 5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 106,801,020 төгрөг, нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг 30 жилийн турш олгоогүй алдангид 53,405,010 төгрөг, нийт 160.206.030 төгрөгийг гаргуулах, С.Цнд орон сууцны дэмжлэг үзүүлэх,

Дотоодын их сургуулиас С.Цнд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 101.792.262 төгрөг, даатгалын мөнгө 7.150.000 төгрөг нийт 108,942,262 төгрөг гаргуулж, тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай баримтуудыг бүрдүүлж өгөхийг даалгуулах гэж шаардлагаа тодорхой болгож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуульд эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байсан дэд хурандаа Б.Сонинпил нь албан үүргээ гүйцэтгэж яваад 1990 оны 2 дугаар сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд осолдсон БНМАУ-ын Зэвсэгт хүчний АН-26 онгоцны ослын улмаас амь насаа алдсан.

Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08/240 тоот албан бичгээр ирүүлсэн Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын даргын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1030 дугаар тушаалаар Цэргийн ерөнхий прокурорын газрын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20/803 тоот албан бичгийн дагуу БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 9 тоот протоколын 8 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор, ... тухайн үед замын зардал авч чадаагүй мэдэгдэлд заагдсан нэр бүхий хүмүүсийн замын зардалд 2363 төгрөг 93 мөнгийг гаргахыг зөвшөөрч Улаанбаатар хотын банкин дахь Монголын ардын армийн тогтмол хэвлэлийн нэгдсэн редакцийн 181-025 тоот дансанд шилжүүлэхээр шийдвэрлэн замын зардлыг олгосон, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын газраас 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон 15, 16 бүртгэлийн дугаар, “хуулбар үнэн” дардастай, Нийгмийг аюулаас хамгаалах яамны, Байлдааны гавъяаны одонт Цэргийн дээд сургуулийн захирлын 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Комисс томилох тухай 6/57 дугаар тушаалаар оршуулгын комиссыг томилж, осолд орсон нэр бүхий офицеруудын гэр бүлд тус бүр 700 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон.

Б.Сонинпил агсны гэр бүл С.Цний хүсэлт, ар гэрийн гачигдлыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын харьяа Цагдаагийн дээд сургуулийн захирлын 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Буцалтгүй тусламж олгох тухай 6/70 дугаар тушаалаар С.Цнд нэг удаа 2000 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон. Түүнчлэн С.Цн, С.Ураа нараас мөнгөн дэмжлэг үзүүлэхийг хүсч 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн захиралд хандан гаргасан өргөдлийг хянан үзээд С.Цний биеийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдлыг харгалзан тус их сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дүгээр тушаалаар 1000000 /нэг сая/ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлжээ.

Мөн Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2795 дугаар лавлагаанд С.Цнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, гэрчээр байцаасан тэмдэглэлд “... мөнгө төгрөгний хувьд 10 мянган төгрөг өгсөн, тэжээгчээ алдасны тэтгэвэр ар гэрт тогтоож өгсөн, одоогоор нэхэмжлээд байх юм алга” гэж бичигдсэн баримтууд байдаг.

Иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар шүүх, арбитрт нэхэмжлэл, гомдол гаргах эрх олгогдсон, хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил бөгөөд энэхүү ослын хэрэг 1990 оны 2 дугаар сард гарсан. Өнөөдөр 2020 оны 7 дугаар сарын байдлаар 30 жил 5 сар өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч С.Цн, С.Уүх С.Ураа нарын хуулийн үндэслэл болгож буй Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нь 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан бөгөөд уг хуулийг 1990 онд болсон тохиолдолд буцаан хэрэглэх боломжгүй. Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны “эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа” 02 дугаар зөвлөмжид хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан.

Б.Сонинпилийн гэр бүл С.Цн нь тэтгэмж олгох хуулийн зохицуулалт тухайн үед байхгүйг мэдэж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын харъяа Цагдаагийн дээд сургуулийн захиралд өргөдөл хүсэлт гаргаснаас харахад илт байх бөгөөд энэ гачигдалтай байдлыг нь үндэслэн Цагдаагийн сургуулийн захирлын 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 6/70 дугаар тушаалаар 2000 төгрөгийн буцалтгүй тусламж олгогдож байснаар батлагдаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дотоод хэргийн их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08/240 тоот албан бичгээр ирүүлсэн 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1030 дугаар тушаалд Цэргийн ерөнхий прокурорын газрын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20/803 тоот албан бичгийн дагуу БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 9 тоот тэмдэглэлийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор, ... тухайн үед замын зардал авч чадаагүй, мэдэгдэлд заагдсан нэр бүхий хүмүүсийн замын зардалд 2363 төгрөг 93 мөнгийг гаргахыг зөвшөөрч Улаанбаатар хотын банкин дахь Монголын ардын армийн тогтмол хэвлэлийн нэгдсэн редакцийн 181-025 тоот дансанд шилжүүлэхээр шийдвэрлэж замын зардлыг олгосон баримт,

Цагдаагийн ерөнхий газрын төв архивын газраас 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон 15, 16 бүртгэлийн дугаар, “хуулбар үнэн” дардастай “1990 оны 02 дугаар зарын 21-ний өдрийн 6/57 дугаар тушаалаар оршуулгын комиссын бүрэлдэхүүнийг томилж, байгууллагаас гэр бүлд нь зориулан 700 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон” гэх баримт,

Б.Сонинпил агсны гэр бүл С.Цний хүсэлт, ар гэрийн гачигдлыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын харьяа Цагдаагийн дээд сургуулийн захирлын 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 6/70 дугаар тушаалаар С.Цнд 2,000 төгрөгний буцалтгүй тусламжийг байгууллагаас олгосон тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч С.Цн, С.Уүх С.Ураа нарт 700 төгрөг болон 2,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон талаар огт мэдэхгүй гэсэн нь үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн С.Цн, С.Ураа нараас мөнгөн дэмжлэг үзүүлэхийг хүсэж 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Их сургуулийн захиралд хандан гаргасан өргөдлийг хянан үзээд С.Цний биеийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдлыг харгалзан Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дүгээр тушаалаар 1,000,000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн. Ийнхүү талийгаач Б.Сонинпилийн ар гэрт төрийн байгууллагаас удаа дараалан буцалтгүй тусламж, дэмжлэгийг үзүүлсээр байтал нэхэмжпэгчид эс мэдэгчийн дүр эсгэж байгаа нь ёс зүй, шударга байдалтай огт нийцэхгүй байна.

1990 оны 2 дугаар сард гарсан ба хөөн хэлэлцэх хугацааг 30 жил 5 сар өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжпэгч нар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгох үеэр нас барсны улмаас ар гэрт нь олгодог тэтгэмж авсан эсэхийг асуухад нь бид ар гэрт нь тэтгэмж олгодог болохыг дөнгөж мэдсэн гэж хөөн хэлэлцэх хугацааг тооцуулахаар худал мэдүүлж байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4, 6, 25 дугаар зүйлд тус тус зааснаар хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яам, Дотоод хэргийн их сургуульд тус тус холбогдох нэхэмжлэгч С.Цн, С.Уүх, С.Ураа нарын Б.Сонинпил агсаны ар гэрт нэг удаагийн тэтгэмж 106,801,020 төгрөг, алданги 53,405,010 төгрөг, нэхэмжлэгч С.Цнд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 101,792,262 төгрөг, даатгалын мөнгө 7,150,000 төгрөг, С.Цнд тэжээгчээ алдсан тэтгэврийг тогтоолгох, шаардлагатай баримтуудыг бүрдүүлж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх тухайн үед хэрэглэж байсан цэргийн тэтгэвэр тэтгэмжийн талаар дагаж мөрдөж байсан дүрэм, журмыг зориуд орхигдуулан тэтгэвэр тэтгэмжтэй хамааралгүй хуулиудыг дурдаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Монгол улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн тухай хууль нь Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед мөн адил хамт дагаж мөрдөгдөж байсан бөгөөд Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуультай ямар нэг хамааралгүй байсан болно.

Түүнчлэн одоо Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болж шинэчлэгдсэн байдгаас үзэхэд дээрхи хууль нь цэргийн тэтгэвэр, тэтгэмжтэй огт хамааралгүй гэдэг нь нотлогдож байна.

1994 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Улсын Их Хурлын 60 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг зохицуулах асуудлаар урьд гарсан хууль тогтоомж, Засгийн газар (Сайд нарын зөвлөл), түүний байгууллагуудын шийдвэрийг цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 1994 онд багтаан нийцүүлэх” гэж үүрэг болгосны дагуу 1994 оны 06 сарын 13-ны өдөр “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль” батлагдан гарсан ба энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна гэж заасан. Нэг удаагийн тэтгэмжийн хэмжээнд үүнээс хойш ямар нэг өөрчлөлт огт ороогүй байдаг.

Түүнчлэн БНМАУ-ын 1958 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “БНМАУ-ын тэтгэвэрийн хууль” эрх зүйн харилцаа үүссэн цаг хугацаанд буюу 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд энэ хуулийн 53 дугаар зүйл, “ БНМАУ-ын зэвсэгт хүчний системд ажиллаж байгаа офицер... тэдний гэр бүлд... улсын тэтгэвэр олгох журмыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөл тогтооно” гэж хуульчилснаас үзэхэд зэвсэгт хүчний офицерүүдэд олгох тэтгэвэр тэтгэмж, тусламжийг энэхүү Сайд нарын зөвлөлийн тогтоолоор зохицуулдаг байсан байна. Энэ зохицуулалт 1994 оны 06 сарын 13-ны өдөр батлагдсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд багтсан болохыг нотлуулахаар хариуцагч нараас удаа дараа шаардсан боловч байхгүй гэж гаргаж өгөөгүй болно. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар татгалзлынхаа үндэслэл болсон нотлох баримтаа хариуцагч нар гарж өгөөгүй байхад шүүх эдгээр байдлыг харгалзаж үзэлгүйгээр нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх тэтгэвэр, тэтгэмжийг зохицуулсан хууль тогтоомж урд өмнө нь огт хэрэгждэггүи байсан мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэгт цугласан нотлох баримтуудаар 1928 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын 20 дугаар хурлын есдүгээр зүйл ба Улсын бага хурлын тэргүүлэгчийн 74 дүгээр тогтоолоор “ Аливаа ядуус ба жинхэнэ цэргийн ядуу гэрт тэтгэвэр олгох дүрэм”, 1934 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн Сайд нарын зөвлөлийн хурал тогтоолоор “ Цэргийн ар гэрийг тэтгэх тухай дүрэм”, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 12 дугаар хурлаар “Цэргийн ар гэрийг тэтгэх тухай дүрэм”-ийг шинэчлэн баталсан зэрэг баримтуудаар өмнө хууль болж хэрэглэгдэж байсан дүрмүүд 1994 оны Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэг удаагийн тэтгэмж, тэтгэмжийн хэмжээ болон өөрчлөгдөн багтсаныг огт анзаарч үзэлгүй, өмнө нь ийм зохицуулалт байгаагүй мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх 1990 онд нас барсан цэргийн алба хаагчийн ар гэр бүл 1995 оноос хойш нас барсан цэргийн алба хаагчтай адилаар нэг удаагийн тэтгэмж авах эрхгүй гэж, 1990 онд нас барсан цэргийн алба хаагчийн гэр бүлд нэг удаагийн тэтгэмжийг олгоогүй алдангийг 2018 онд батлагдсан хуулиар олгох үндэслэлгүй, энэ хуулиар 1995 оноос хойш нас барсан цэргийн алба хаагчийн гэр бүл авна гэж, 1995 оноос хойш ажиллаж байгаа цэргийн алба хаагчид орон сууцны дэмжлэг авна, үүнээс өмнөх алба хаасан хүмүүс орон сууцны дэмжлэг авах үндэслэлгүй гэж, зэрэг нь цэргийн алба хаагчдыг 1995 оноос өмнөх хойшхи гэж ангилсан, 1995 оноос өмнө хойно нас барсан гэж тус тус ангилж ялгаварлан дүгнэлт гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Цн, С.Уүх, С.Ураа нар нь Хууль зүй, дотоод хэргийн яамд холбогдуулан нэг удаагийн тэтгэмж, алдангийн хамт нийт 160,206,030 төгрөг гаргуулах болон С.Цнд орон сууцны дэмжлэг үзүүлэхийг даалгуулах,

Дотоод хэргийн их сургуульд холбогдуулан С.Цнд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 101,792,262 төгрөг, даатгалын төлбөр 7,150,000 төгрөг, тэтгэвэр тогтоолгох, тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай баримтуудыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үздэг.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь нэхэмжлэл нь Б.Сонинпил ослын улмаас нас барсан тул тухайн үед хэрэглэж байсан хууль тогтоомжийн дагуу авч чадаагүй тэтгэвэр, тэтгэмжийг шаардсан агуулгатай байна. Нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэл нь тэтгэвэр, тэтгэмжийг олгуулах эсхүл авч чадаагүй тэтгэвэр, тэтгэмжийг хохиролд тооцсон эсэхийг тодруулж, талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцсэнээр шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэрийг өөрчлөх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Тухайлбал нотлох баримт гаргуулах тухай зохигчийн /1хх122, 123/ хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн атлаа баримт дутуу бүрдүүлсэн байхад хэргийг хянан шийдвэрлэжээ. Осол болсон үед мөрдөгдөж байсан БНМАУ-ын тэтгэврийн хууль /1958 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн/-ийн 53 дугаар зүйлд “БНМАУ-ын зэвсэгт хүчний системд ажиллаж байгаа генерал, офицер, улирагчид, түүнчлэн цагдаа, гал сөнөөгч, хянагч болон улсын өмнө онцгой гавъяа байгуулсан хүмүүс тэдний гэр бүлд, мөн тусгайлан үзэх бусад мэргэжлийн ажилтан нарт ажлын онцлогийг нь харгалзан улсын тэтгэвэр олгох журмыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл тогтооно” гэж заасан байх тул тэтгэвэр олгох журмыг тогтоосон БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс гаргасан эрх зүйн акт хэрэгт баримтаар авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэжээ.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т “эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах” гэж зааснаар анхан шатны шүүх энэ талаарх ажиллагаа хийсэн эсэх нь тодорхой бус, талуудын хэн аль нь эвлэрэн хэлэлцэх хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167.1.7-д заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 167.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/01134 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                          ШҮҮГЧИД                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА