| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0048/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 50
ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч Г.М,
Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт О.Д-д холбогдох эрүүгийн 1720001930030 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт О.Д,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой иргэн Г.А-н гээгдэл эд хөрөнгө болох Айя фони 8 плас маркийн гар утсыг завшсаны улмаас түүнд 2,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч О.Д мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Эрдэнэ сумаас 21:00 цагт орон нутгийн суудлын галт тэргэнд суугаад 23:00 цагийн үед Сайншандад буусан. Учир нь манай нөхөр Сайншандын татах хэсэгт засварчин хийдэг. Нөхөртэйгөө уулзах гээд ирсэн. Би галт тэрэгний толгойны ар талын вагон дотор 1-р гупений 3-р местэнд сууж ирсэн ба тухайн үед миний сууж явсан гупенд цуг ирсэн өөрийгөө Б гэж танилцуулсан 15-16 орчим насны, 170 орчим см өндөртэй, эрэгтэй хүүхэд ганцаараа явсан ба надаас эгчээ утсаар чинь 1 яриад өгье гэж гуйхаар нь утсаараа яриулсан ба тухайн үед залгасан дугаарыг нь санахгүй байна. Тухайн үед хэн рүү юу гэж ярьсныг нь мэдэхгүй байна. Намайг Эрдэнэ суманд ажил дээрээ 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байж байхад дугаараас залгаад “эгчээ би Замын-Үүдийн вокзал дээрээс утас олсон, эзнийг нь олоод өгөөч” гэж ярихаар нь би зар дээрээс үзээд өгье гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө Замын-Үүдийн зар гэсэн фейс грүпп хаягаар ороод I Phone 8 гээд хайхад I Phone 8 гээсэн гэсэн нилээд олон хүний зар байхаар нь 20-ны өдрөө 17:00 цагийн орчимд А гэх нэртэй чат хаяг руу “утсаа гээсэн хүн мөн үү?” гэж чат бичихэд мөн гэсэн хариу ирсэн ба өөдөөс ямар өнгийн, ямар маркийн утас вэ? гэж асуухаар нь голд өнгийн, I Phone 8 маркийн гар утас байсан гэсэн чинь тэр эмэгтэй орой нөхрийгөө ирэхээр холбоо баръя гээд миний утасны дугаарыг асуухаар нь би өөрийнхөө дугаарыг өгсөн. Тэгээд орой нь 19:30 цагийн орчимд А гэх хаягнаас олсон утсаа асаачихаа бид нар кодолсон байгаа гээсэн утас гээд утасны дугаар тавьсан байгаа тэр дугаар руу залгачих гэхээр нь тэр утас нь асаалттай байгаа гэсэн ш дээ залгана уу? гэсэн бичиг гарахгүй байна гэж хэлсэн. Би тухайн үедээ манай дүү олсон гэж хэлсэн ба тэр хүн дүүтэйгээ холбоо бариад өгөөч би эртхэн утсаа олоод авчихмаар байна мөн юм болов уу? Гээд асуухаар нь би мэдэхгүй байна гэсэн. Дүү чинь хаана байгаа юм гэж асуухаар нь би манай дүү хотод байгаа гэхэд тэр эмэгтэй өөрийнхөө хотод байгаа дүүг явуулаад кодоо хийлгүүлээд мөн бишийг нь мэдмээр байна гэсэн. Би тэгээд нөгөө хүүхэдтэйгээ холбоо бариад хэлэе гээд тэрнээс хойш чат бичээгүй. Тухайн үед чат бичиж байхад тэр эмэгтэй утас мөн бол 200,000 төгрөг өгье гэж байсан. Тэгээд тухайн үед вагонд сууж явсан хүүхэд рүү залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Б гэх хүүхэд над руу “B” гэсэн байх би бас сайн мэдэхгүй байна, ийм хаягнаас олсон гар утасныхаа зургийг явуулсан. Тухайн үед утас олсон гэсэн мөн утсаа гээсэн хүмүүсийн бичсэн чатыг тухай бүрт нь устгаж байсан учраас одоо надад явуулсан зураг бүхий чат нь байхгүй, мөн Б-н чат хаягийг нь санахгүй байна. Одоо над руу залгасан дугаар нь холбогдохгүй байна. Тухайн үед хүнд тус болох гээд саваагүйтээд ийм асуудалд орчихлоо. Өөрийгөө Б гэж танилцуулсан хүүхэд гуйхаар нь туслах санаатай байсан. Тухайн зүйл ангийг зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/,
- Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой найз болох Э, Н нарын хамт 20 цагийн орчим Замын-Үүд сумын 1-р баг G рестораны 2 давхарт уулзаад 2-3 лааз пиво уусан юм. Тэндээс гараад 23 цагийн үед Б баар луу найзуудын хамт анх удаа орж үзсэн. Би тухайн үед согтолт нилээн өндөртэй байсан. Би нэмж бааранд 100 грамм архи уугаад согтуу тасарсан байсан. Өглөө архи гараад гэртээ сэрсэн юм. Гар утсаа хаана алга болгосноо мэдэхгүй. Н намайг согтуу учраас гар утсаа өгчих гээд авсан. Би согтуудаа утсаа буцаагаад авъя гээд авсан гэж Э, Н нар надад хэлсэн. Би 2017 оны 09 дүгээр сард Америкт байдаг нөхрийн найзаар 910 доллар шилжүүлээд гар утсаа захиалаад 10 дугаар сарын 11-12-ны үед авсан юм. Ай фоне 8 plus gold сэв зураасгүй утсыг алдсан. Гар утас авахдаа шилжүүлэхдээ миний дансанд доллар байсан учир шилжүүлж авч байсан. Тухайн үед Монгол төгрөг хэдэн төгрөгний ханштай байсныг мэдээгүй. Би О.Д гэсэн фэйсбүүк хаягтай эмэгтэйг сэжиглэж байгаа надад тухайн үед нөхрийн найзуудаар зар тавиулахад миний чат руу бичээд Ай фоне 8 плас утас гээсэн үү гэж бичсэн. Дэлгэцэн дээрээ хүүхдийн зурагтай утас байсан уу гэж мэдээд байсан. Надтай утсыг чинь өгвөл хэдийг өгөх юм гэж асуусан. Би нөхрөөсөө асууж байгаад хэлье гэж тухайн үед хэлсэн. Гар утас дээр Lost mode тохиргоо утас авах үедээ хийж байсан талаараа тухайн О.Д гэсэн хаяг руу бичихэд үгүй ээ утас чинь зүгээр асаж байсан шүү дээ гэсэн. Би тэгээд ямар сонин юм тэгвэл дэлгэцэн дээр нь ямар зураг байсан бэ? Гэхэд хүүхдийн зураг байл уу гэж надад хариулсан. Цагаан цэнхэр тэрлэг дээлтэй, ягаан малгайтай 10 сартай эмэгтэй хүүхдийн зурагтай гар утас байсан уу? Гэж дахин тэрнээс би асуухад аан мөн мөн гээд хариулсан. Би 200,000 төгрөг өгөх боломж байна гэхэд дүүтэйгээ холбогдоод эргээд яръя гээд орой нь гар утасны зургийг явуулаад над руу мөн үү гэхэд энэ утас одоо хаана байна гэхэд одоо хотод гар утас нь байгаа гэж хариулсан. Би одоо дүүгээ явуулаад утсаа мөн эсэхийг үзүүлье гэхэд утасны цэнэг дууссан гэсэн. Цэнэглэчих гэхэд цэнэглэгч байхгүй гэхээр нь цэнэглэгч аваад яваад очъё гэсэн. Сэлбэгэнд энэ утсыг чинь илүү үнэтэй авна 200,000 төгрөгөөр тохирохгүй гэсэн. Би 2017 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд гар утсаар болон месенжер, мессэжээр холбогдож байсан. Тиймээс О.Д-с эд хөрөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна. О.Д-тай өнөөдөр би уулзахад хохирлыг тань барагдуулж өгье уулзъя гээд О.Д-н машинд уулзахад бага багаар нь мөнгө төлж болох уу? эсвэл шинэ утас авч өгье гэхээр нь үгүй ээ нэг мөсөн бөөн мөнгө авъя гэсэн. Тэгээд бид 2 хоорондоо 1 сарын хугацаанд 2,184,000 төгрөг надад өгч хохирлыг минь барагдуулахаар тохиролцсон. Би прокурор, шүүхээр явмааргүй байна. Хохирлыг чинь барагдуулаад чамайг гомдол саналгүй болгочихвол хэрэг нь шийдэгдэх боломжтой талаар би зөвлөгөө хүмүүсээс авсан талаараа ярьсан. Тэгэхдээ миний гар утсыг олж авсан талаар надад хэлээгүй. Би аваагүй хүний өмнөөс төлөхөөс өөр аргагүй боллоо гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22/,
- Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой 20 цаг өнгөрч байхад танил эгч Г.А над руу залгаад “би грийн корнерт сууж байна” хүрээд ирээч гэхэд нь ганцаараа очиход О гэх эгчийн хамт сууж байсан ба бид тэндээ хүний 3 пиво уугаад тэндээсээ 22:00 цаг өнгөрөөгөөд Замын-Үүд 1-р баг Б бааранд орсон. Тэндээ ороод хүний 1 нэг пиво, 100 гр архитай уусан. Тэгээд бид бүжиглэж байхад Г.А эгч сууж байсан ширээн дээрээ өөрийнхөө Ай Фоне маркийн том утсаа үлдээсэн байхаар нь О эгч чи Г.А эгчийнхээ утсыг очоод ав, алга болчихно шүү гэхээр нь очиж аваад өөртөө байлгаж байгаад хамт бүжиглээд ширээн дээр суухад надаас Г.А эгч утсаа авсан. Тэгээд бид авсан пиво ууж байгаад баарнаас гараад жим буудлын наад талд такси барих гээд сууж байхад Г.А эгч бөөлжөөд сууж байсан ба би такси зогсоогоод таксиндаа сууж скайтелын урд явж байгаад дахиад бөөлжих гээд таксинаас буусан. Тухайн үед түүнийг дагаж хүн буугаагүй. Тэгээд О эгч бид 2 гэрийнх нь үүдэнд очоод орцныхоо үүдэнд баахан сууж байгаад 2 давхар хүртэл хүргэж өгөөд нөхрийг нь дуудахад гарч ирээд эхнэрээ аваад орсон. Би утас байсан эсэхийг нь анзаараагүй. Тухайн үед баарнаас гараад утсаараа хүнтэй яриагүй, утсанд нь ямар нэг дуудлага ирээгүй. Би кодыг нь мэдэхгүй. Тухайн үед надаас гар утсаа авна гээд ууралсаар байгаад авсан. Г.А эгчийн согтолтын зэрэг нь гайгүй л байх шиг байсан. Би О.Д гэх хүнийг танихгүй. Анх удаа л сонсож байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/,
- Эд хөрөнгө үнэлсэн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/,
- Шүүгдэгч О.Д-н хохирогч Г.А-тай мессенжрээр харилцсан чат болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-40/,
- Шүүгдэгч О.Д-н хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан баримт /хх-ийн 100/,
- Шүүгдэгч О.Д-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55-56/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой иргэн Г.А-н гээгдэл эд хөрөнгө болох Айя фони 8 плас маркийн гар утсыг авсан үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч О.Д-г 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой иргэн Г.А-н гээгдэл эд хөрөнгө болох Айя фони 8 плас маркийн гар утсыг завшсаны улмаас түүнд 2,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч О.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой хохирогч Г.А-н гээгдүүлсэн Айя фони 8 плас маркийн гар утсыг Г.А-н өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 2,450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Г.А-н мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Д-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, торгуулийн ялаар шийтгэж, шүүгдэгч О.Д нь ажил эрхэлдэг тул шүүхээс оногдуулах торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр заах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт О.Д-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч О.Д нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н