Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/610

 

 

 



 

    2024             5              24                                         2024/ДШМ/610

 

Э.Бид холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Наранчимэг,

шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ц.Галбадрах,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ц.Галбадрахын гаргасан давж заалдах гомдлоор Э.Бид холбогдох эрүүгийн 2405 00000 0123 дугаар хэргийг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүр орчим автомашин жолоодон явахдаа хохирогч Г.Цийн тавьсан замын хөдөлгөөнд соёлтой оролцох шаардлагаас үүдэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд шарх, дээд, доод уруулын салстад шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Боос сэтгэцэд учирсан хохиролд 3.300.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Цт олгож, хохирогч Г.Ц нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ц.Галбадрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бодит нөхцөл байдал ба шалтгаант холбоо: Миний үйлчлүүлэгч Э.Б нь мөрдөн байцаах шат болон шүүхийн шатанд өөрийн буруугаа хүлээн зөвшөөрсөн. Учир нь, шүүгдэгчид “хэрэв чи өөрийн буруугаа хүлээвэл оногдуулах ялын хэмжээ буурна” гэж нэг нь хэлсэн байсан учраас шүүгдэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд маргаагүй байдаг. Угтаа хохирогч Г.Ц нь тухай үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хэрүүлийг эхэлж өдөн, цаашлаад шүүгдэгчийн машинд халдаж толины түгжээг нь эвдэхийн зэрэгцээ машиных нь хамар дээр гарч суучихаад нүүрнийхээ цусыг нялаад байсан байдаг. Тэгэхээр эрүүгийн гэмт хэрэгт зайлшгүй хөндөгддөг гэмт хэргийн шалтгаант холбоог энэ гэмт хэрэгт хамаатуулж заавал шалгах ёстой байсан. Тодруулбал, хохирогч эхэлж шүүгдэгчийг өдөөгүй, хэл амаар доромжлоогүй, толины түгжээг нь эвдээгүй байсан бол энэ маргаан үүсэхгүй байх байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, хохирогч нарын маргаан нь авто замын эгнээ байраа буруу эзэлсэнээс үүдэлтэй гэж мэдүүлсэн байдаг боловч хэрэгт авто замын бичлэг нотлох баримтаар авагдаагүй, хохирогчийн согтолтын зэрэг тогтоосон баримт мөн адил авагдаагүй байсан. Дээр дурдсан баримтууд хэрэгт авагдаагүй ч шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн, гэм буруутай эсэхэд маргаагүй.

Шүүхээс оногдуулсан шийтгэлийн тухайд: Улсын яллагчаас шүүгдэгч Э.Бид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн гэж үзээд ял шийтгэл оногдуулахдаа улсын яллагчийн санал болгосон 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан байна. Гэвч шүүгдэгчийн анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, аргагүй хамгаалалтыг хэтрүүлэн хэрэглэж хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн шинж байдал болох циркийн жүжигчин буюу акробатчин мэргэжилтэй бөгөөд Монгол Улсад ажлын байр байхгүй болсонтой холбоотойгоор гадны циркийн байгууллагад ажиллахын тулд тасралтгүй бэлтгэл сургуулилт хийх шаардлагатай байдаг. Түүнчлэн, аялал жуучлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан жүжигчин, акробатчин хүмүүсийн хувьд ажил хийх, мөнгө олох боломж хамгийн ихээр үүсдэг улирал юм. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг бус торгуулийн ялыг оногдуулах боломжтой байсан гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор З.Наранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэм буруугийн санаатай хэлбэрийг хуульчлахдаа гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж үйлдсэн гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд ялын хэмжээг тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгчид тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Б нь шүүхээс ял шийтгүүлэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул шүүхээс торгох ял оногдуулах нь зохимжгүй гэж үзэн түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүр орчимд автомашин жолоодон явахдаа хохирогч Г.Цийн тавьсан замын хөдөлгөөнд соёлтой оролцох шаардлагаас үүдэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд шарх, дээд, доод уруулын салстад шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Цийн “...хажуугаар ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эргээд миний сууж явсан машинтай шахцалдаад байхаар нь би цонхоо доош нь буулгаад “чи яагаад дүрэм зөрчөөд байгаа юм бэ, дүрмээрээ яв” гэж хэлсэн чинь тухайн хүн намайг хараагаад байхаар нь гараараа машиных нь толь хэсгийг эвхсэн бөгөөд энэ үед түгжрээд зогсож таарсан. ... улсын дугаартай машины жолооч бууж ирээд машины цонх цохих үед би цонхоо онгойлгосон чинь тухайн залуу миний нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохих үед нь “чи яаж байна аа” гэж хэлээд машинаас буух үед миний нүүр рүү 4-5 удаа цохисон. Би түүнтэй зууралдахад миний төмсөг хэсэг рүү 3 удаа өшиглөсөн. Тэгээд би тэр хүний машины хамар дээр нь суусан. Миний хөмсөг сэтэрсэн, доод уруул сэтэрсэн, төмсөг хөндүүрлэж өвдөж байна” /хх 6-7/ гэсэн,

гэрч Б.Б-гийн “...замын 3 дугаар эгнээнд явж байтал, зүүн гар талаас “Приус 41” загварын авто машин миний явж байсан эгнээ рүү орох гээд шахаад байсан. Тэгэхээр нь ард сууж явсан эрэгтэй арын цонхоо буулгаж байгаад “энд эмэгтэй жолооч байна шүү дээ, эгнээгээрээ яв гэж хэлсэн”. Тэгтэл тэр машинтай хүн улам шахаад байхаар нь таксигаар үйлчлүүлж байсан хүн уурлаад “чи болилдоо залуу хүн байж” гээд хэлтэл тэр хоёр хоорондоо маргалдаад бие биеэ элдэв бусаар хэлээд байсан. Тэгээд би урагшлаад уулзвараар нэвт гарах гэтэл түгжирсэн. Тэгээд шахцалдаад байсан машины жолооч үл таних эрэгтэй миний машины зүүн хэсгийн хойд талын цонхыг цохиод байхаар нь ард явж байсан эрэгтэй цонхоо доош буулгатал үгийн зөрөөгүй, үйлчлүүлж байсан эрэгтэйн нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Ард явж байсан эрэгтэй машинаас буутал цохисон эрэгтэй машинаас буусан эрэгтэйн эмзэг эрхтэн рүү нь цохиход доошоо гэдсээ дараад уначихсан. Үл таних хүн унасан байгааг нь далимдуулан дээрээс нь хөлөөрөө толгой хэсэг рүү нь удаа дараа цохисон” /хх 24-26/ гэсэн,

Э.Бийн яллагдагчаар өгсөн “...Гурвалжингийн гүүр лүү нэвтрээд түгжрэлд зогсож байгаад, бууж очоод арын цонхоор намайг хараагаад элдэв бусаар хэлээд байсан эрэгтэйг зүүн гараараа нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон бөгөөд буцаад машин руугаа суугаад байж байтал, тэр хүн ирээд машин дээр гарч суугаад, тухайн үед нүүрнээс нь маш их цус гарч байсан болохоор цусаа машины хамар хэсэгт арчаад шүлсээрээ нулимаад байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад тэр хүнийг холдуулах гэтэл чи хэнтэй таарснаа мэдэхгүй байна даа, ахын дүү гэх өгүүлэлтэй зүйлийг яриад байсан бөгөөд тэр хүнд хандан та ямар хүнд гай болж ханадаггүй хүн бэ гээд уурандаа эмзэг эрхтэн рүү нь хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Тэгээд би буруу үйлдэл хийснээ ухаараад цагдаа иртэл хүлээсэн.  ...” /хх 63-64/ гэсэн тус тус мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 1572 тоот “...Г.Цийн биед зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд шарх, дээд, доод уруулын салстад шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх 33-34/,

хохирогчийн гэмтэл авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 38-47/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Бийн хохирогч Г.Цийн нүүрэн тус газар гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ц.Галбадрах “...шүүгдэгчийн анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн шинж байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй. Харин сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягттай танилцаж гарын үсэг зурсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх боловч шүүгдэгч Э.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол болох 3.300.000 төгрөгийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө төлсөн нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан торгох ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ц.Галбадрахын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй. ...” гэсэн,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. ...” гэсэн тус тус нэмэлт заалтуудыг оруулсугай.

4. Шүүгдэгч Э.Б нь хохирогч Г.Цт 3.300.000 төгрөгийг төлсөн болохыг, шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ц.Галбадрахын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан болохыг тус тус дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР