| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
| Хэргийн индекс | 117/2025/0009/З |
| Дугаар | 117/ШШ2025/0016 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 117/ШШ2025/0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сугиржав даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2022 оны 3 сарын 29-ний өдрийн дугаартай мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, учирсан хохирол 80,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Дундговь аймгийн Засаг даргын 2012 оны 12 сарын 24-ний өдрийн А/711 дугаар захирамжийг үндэслэн МСҮТөвийн зүүн талд байрлах, нэгж талбарын дугаар бүхий 50 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатай Б.*******т эзэмшүүлж, дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн газар эзэмших эрхийн гэрчилгээ[1] олгожээ.
1.2. Б.*******, ******* нар 2013 оны 01 сарын 11-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Дундговь аймгийн Засаг даргын 2013 оны 04 сарын 05-ны өдрийн А/138 дугаар захирамжийг үндэслэн нэгж талбарын дугаар бүхий Найрамдлын гудамж 155-р байр хаягт байрлах, 50 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатай *******д эзэмшүүлж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[2] олгосон байна.
1.3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2013 оны 4 сарын 22-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд[3] “Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг №115-р байр тоотод үйлчилгээний зориулалттай 50 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгов” гэжээ.
1.4. Дундговь аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 15-ны өдрийн А/56 дугаартай захирамжаар[4] “1. Аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой угтаж аймгийн төвийн байгаль орчны бохирдол, өнгө үзэмжид нөлөөлж байгаа хуучин барилгуудыг засварлуулах, шаардлага хангахгүй болсон барилгыг буулгуулах, барилгын хуучин хогийг цэвэрлүүлж хүлээн авах ажлын хэсгийг” байгуулсан.
1.5. Дундговь аймгийн Засаг даргын 2022 оны 03 сарын 29-ний өдрийн дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн[5] хавсралтаар “Шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгах ажлын жагсаалт” гаргасны 1-рт Гэр дэлгүүр, хуучин модны үйлдвэрийн хашааны баруун талд, эзэмшигч *******” гэжээ.
1.6. Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай дүгээр захирамжаар[6] “... нэр бүхий 35 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон”-ы дотор *******гийн эзэмшлийн 50 м.кв газрын эзэмших эрх багтсан байна.
1.7. Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10, 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 36 дугаартай хариу өгөх мэдэгдлээр[7] газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг нэхэмжлэгчид мэдэгдсэнээр 2025 оны 04 сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл[8] гаргажээ.
Хоёр: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:
2.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* миний бие Дундговь аймгийн засаг даргын 2013/04/05-ны өдрийн А/138 дугаар захирамжаар Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт Найрамдлын гудамж 155 дугаар байр байршилд, тоот нэгж талбарын дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 50 м.кв газрыг хууль ёсны дагуу эзэмшээд 12 жил болж байлаа.
Энэхүү газар нь 2013 оны 1 сарын 11-нд иргэн Б.*******тэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж, Дундговь аймгийн засаг даргын 2013 оны 4 сарын 5-ны өдрийн А/138 дугаар захирамжаар 30 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалттай, 50 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаас хойш жил бүр газрын төлбөрөө төлж байсан болно.
Дээрх газар дээр байршилтай 50 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг иргэн нараас тэдний Б.*******т олгосон итгэмжлэлийг үндэслэн худалдан авч гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж монгол улсын иргэний хуулийн дагуу өмчлөх эрхээ шилжүүлж улсын бүртгэлийн байгууллагаас дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.
Дундговь аймгийн засаг дарга ы 2025 оны 1 сарын 8-ны өдрийн дүгээр захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчихдөө дор дурдсан монгол улсын холбогдох хууль, тогтоомжийг баримтлаагүй учир хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд:
1. Аймгийн засаг даргын миний эзэмшил 50 м.кв талбайтай газрын “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай“ шийдвэр гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 -д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй. Түүнчлэн захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 -д “Тухайн захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Тухайн захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу маргаан бүхий актынхаа үндэслэл болж буй нөхцөл байдлыг аймгийн засаг даргын зүгээс биечлэн нягтлан шалгаж, актын үндэслэлдээ нарийвчлан заах үүрэгтэй тухай дээр дурдсан хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй буруу шийдвэр гаргалаа. Миний үл хөдлөх хөрөнгө бүхий , газар эзэмших эрх 10 гаруй жилийн өмнө нээгдэж ашиглагдсаар ирсэн /Иргэн ******* худалдаа үйлчилгээ хийж байсан/ ба төрийн байгууллагаас/ Дундговь аймгийн засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар үл хөдлөх эд хөрөнгийг өнгө үзэмжгүй шалтгаанаар буулгуулж газрыг цэвэрлэх үүрэг өгснийг биелүүлээд үл хөдлөх хөрөнгө дахин барихаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга ид хүсэлтээ гаргаад газрын кадастр зуруулахаар сүүлийн 2 жил хүлээж байгаад 2024 оны 9 сарын 6-нд кадастрын зургаа авч хил хязгаарыг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхэд миний газрын 3 м.кв талбайг урд хөрш *******ийн хашаанд оруулсан байсан тул түүнээс чөлөөлүүлэхгүйгээр би үл хөдлөх хөрөнгөө бүтээн босгох боломжгүй, өвлийн улиралд газар чөлөөлүүлж болохгүй хүлээлт үүсээд байхад намайг 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж буруу дүгнэлт гаргасан аймгийн засаг даргын 2025 оны дүгээр захирамжийн миний эзэмшил газрыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Мөн обьект буулгаснаас 9 сарын дараа 2023 оны 4 сарын 27-нд миний бие хорт хавдрын улмаас эд эрхтнээ мэс заслаар тайруулж, өнөө хүртэл эмчлүүлсээр байгааг анхаарч үзээгүй. Хүнлэг биш хандлаа.
2. Намайг обьект буулгаснаас хойш аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газар эзэмших эрхийн гэрээг шинэчлэн байгуулж, газрын кадастрын зураг хийж өгөөгүй маш удаан 2 жил хүлээлгэсний зэрэгцээ миний авах газрыг гэрээ хэлцэлгүй багасгаж, албан тушаалаа урвуулан 550 м.кв талбайг нь *******ид олгож 2 болон 3 давхар 2 барилга бариулах хууль бус шийдвэр гаргаж, эхний гэрээ хийсэн миний газрын гэрчилгээг бичиж өгөхгүй 4 cap хүлээлгэж байгаад миний үл хөдлөх хөрөнгөд тулгаж 2 болон 3 давхар 2 барилга бариулсныгаа хаацайлж газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж надад буруу өгч газрын талаар Монгол Улсын Дээд Шүүхийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 2008 оны 3 сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10, Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 -д заасан заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жил дараалан газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж, зам талбай бариагүй ... гэх мэт байх заалтыг ноцтой зөрчиж маргааны хөөн хэлэлцэх хугацааг тогтоолгүй цаашид газрыг хураах зорилго агуулж нэг талыг барьсан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар газрын наймааг дэмжиж хуйвалдааны шинжтэй буруу шийдвэр гаргасан.
3. Засаг даргад гаргасан шийдвэрээ эргэн харахыг хүсэж 2025 оны 2 сарын 11-нд захирамж гардаж аваад, 30 хоногт багтаан өргөдөл хүсэлтээ гаргатал Засаг даргаас биш оос газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон дахин сэргээх боломжгүй ч гэх шиг 2025 оны 3 сарын 26-нд 36 тоот мэдэгдэл ирсэн. Би ч аймгийн засаг даргад хуульд заасан харьяаллаар нь өргөдөл гаргасан тул засаг даргаас хариуг нь авна гээд аймгийн Засаг даргын тамгын газрын өргөдөл гомдол хариуцан ажилтан д хүсэлтээ тавилаа. Одоог хүртэл засаг дарга хариу өгсөнгүй. Иймд миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү.
Засаг даргаас 2025 оны 1 сарын 8-ны өдрийн захирамжийг гаргахдаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 29 дүгээр зүйлүүдэд заагдсан сонсох ажиллагааг оор хийлгээд гүйцэтгэлээ шалгаагүй намайг газраа хураалгахгүй гэж өргөдөл гаргасныг үндэслээд газар эзэмших эрхийг чинь хүчингүй болгосон зэрэг сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэж байна. надад таны газрыг засаг дарга л хураах гээд байна очиж уулзаарай гэхээр нь би засаг даргатай биечлэн уулзахад таныг ойлголоо Газрын албаны буруутай ажиллагаа байгаа тул газар тань хураагдахгүй гэсэн боловч газар эзэмших эрхийг хүчингүй болгож, ам ажил нь алд дэлэм зөрж ахмад настан намайг хуурсанд маш их гомдолтой байна. 2 давхар барилга барьчихсан. 2013 оны 4 сарын 22-нд би газрын гэрчилгээ авах болоод үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэх гэж үл хөдлөх хөрөнгийн фото зураг шаардахад авсан зурагнаас ******* миний үл хөдлөх хөрөнгийг хашаалаад банз мод дүүргээд эзэн суучихсан байсан *******ийг цагдаагийн газарт өргөдөл өгч хогоо цэвэрлэ хашаагаа ав гэж шалгуулж арай гэж хогийг нь цэвэрлүүлж байсан зэргээр газар эзэмшигч миний хөрөнгө газраа эзэмших өмчлөх эрхийг эдлүүлээгүй. *******ийн буруутай үйлдэл, үл хөдлөх эд хөрөнгөө буулгаад суурь тавих гэтэл өдөрт нь миний газар дээр хэдэн машин шороо овоолж трактороор газар тэгшлүүлж саад учруулсан Г. нар нь газар эзэмшигч надаас шалтгаалахгүй газраа ашиглахад хөндлөнгөөс хууль бус үйлдэл гаргасан. Ийм тохиолдолд Монгол Улсын Дээд Шүүхийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 2008 оны 03 сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10, Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 -д заасан заасан “ ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэсэн заалтыг зөрчиж намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй хэмээн эх газар эзэмших эрхийг, гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироосон Дундговь аймгийн засаг даргын 2025 оны дугаартай захирамжийн хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж байна. Дундговь аймгийн засаг даргын 2025 оны 1 сарын 8-ны өдрийн дугаартай захирамжийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бичиг тараагчаас 2025 оны 01 сарын 21-ний өдөр гардан хүлээж авснаар мэдсэн болно. Мөн дээрх захирамжийг гардаж авснаас хойш 30 хоногт багтаан Засаг даргад гомдол гаргасан ч Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлж өнөө хүртэл албан ёсны хариу егөөгүй гэжээ.
2.2. Нэхэмжлэгчээс 2025 оны 09 сарын 5-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Дундговь аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 3 сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгийг /мэдэгдэл/ илт хууль бус болохыг тогтоолгож, үүний улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 80,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 01 сарын 13-ны өдөр 50 м.кв талбайтай газар эзэмших эрхийг Б.******* гэх хүнээс шилжүүлэн авсан бөгөөд дээрээ үл хөдлөх хөрөнгөтэй байсан. Үүнийг Улсын бүртгэлд бүртгүүлээд 10 гаруй жил болж байна. Дундговь аймгийн баяр наадам болохоос өмнө үл хөдлөх хөрөнгийг албадан буулгуулж, хохирол төлбөр тооцох талаар дурдсан баяр наадмын комиссоос гарсан албан бичиг миний ширээн дээр үлдээсэн байсан. Миний хажуу талын 2 хөрш газрыг эзэмшсэнээс болж би объектоо барих боломжгүй байдал үүссэн, хүндэтгэн үзэх шалтгаантай байгааг мэдсээр байж газрыг хурааж авсан. Үүнийг хурааж авахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх заалтыг хэрэгжүүлээгүй, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулаагүй, нотлох баримт байхгүй, шүүх удаа дараа шаардсан боловч өгөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.5-т заасан захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй гэх тодорхой үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах үйл ажиллагаа хийгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.6 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагааны явц үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт тусгаагүй хэлбэр төдий зүйл хийсэн гэж үзэж байна. 1986 оноос хойш миний газар дээр 50 м.кв үл хөдлөх хөрөнгө байсан, 2013 оноос хойш газар эзэмших гэрчилгээтэйгээ миний нэр дээр шилжсэн. Дундговь аймгийн Засаг дарга эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэж үзэж Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг мушгин гуйвуулж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 2022 онд Дундговь аймгийн Засаг даргын орлогч “таны үл хөдлөх хөрөнгийг албадан буулгахаар шийдвэр гарсан тул энэ шийдвэрийг 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 05 сарын 01-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол албадан биелүүлж, хариуцлага хүлээлгэх” талаар дурдсан мэдэгдэх хуудас өгсөнг би сайн дураар үл хөдлөх хөрөнгөө буулгасан нь үнэн. Иргэн, аж ахуй нэгжийн үл хөдлөх хөрөнгийг буулгахдаа барилгын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр зөрчилтэй бүртгэлтэй тохиолдолд буулгах ёстой юм билээ. Иймд би Дундговь аймгийн Засаг даргын энэ шийдвэрийг илт хууль бус гэж үзэж шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй газрыг кадастрын зургаар нь зөөгөөд өөр газар тавьж барилгыг буулгуулчихаад одоо газрыг ор байхгүй болгосон. 2013-2025 оны хооронд тухайн үеийн ханшаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792-2000 төгрөг болж 5-7 дахин өссөн, үнийн өсөлтийг үндэслэж хохирлыг тооцож үл хөдлөх хөрөнгөө 30,0 сая төгрөгөөр, А зэрэглэлийн газраа 50,0 сая гаруй төгрөгөөр үнэлсэн. 2013 оны 01 сарын 11-ний өдөр газар шилжүүлж авах үед миний нэр дээр кадастр гаргаж өгөөгүй байсан. Би 2021 онд дөрвөлжин кадастраа нэхсээр 2024 онд кадастрын зургаа гаргуулж авсан. 2 талын хөрш газрыг шахаж ашигласан, мөн миний бие, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсаар байтал хууль бусаар миний газрыг хүчингүй болгосон. Иймд 2025 оны 01 сарын 08-ны дугаартай Дундговь аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгө буулгах Дундговь аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 03 сарын 29-ний өдрийн дүгээр мэдэгдэл илт хууль бус байсныг тогтоож өгнө үү. Хохирлыг 80,000,000 төгрөгөөр тооцсон, цаашид гарах хохирлоо авахыг бодож байна гэв.
2.4. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын дугаартай 50 м.кв газрыг анх аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/711 дугаар захирамжаар иргэн ******* овогтой *******т үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж 035363 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
Аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/138 дугаар захирамжаар ******* овогтой д үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг шилжүүлж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон ба газар эзэмшигч иргэн ******* нь газар эзэмшүүлэх гэрээг 2013, 2014, 2017, 2019 онуудад дүгнүүлсэн.
Иргэн ******* нь 2022 оноос хойш газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, тухайн газар дээр зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагааг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын пэйж хаягаар цахим хэлбэрээр зохион байгуулсан. *******д газар эзэмших эрхийг цуцалсан аймгийн Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн дугаартай захирамжийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний 10 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн. Иймд ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул газар эзэмших эрхийг цуцалсан аймгийн Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн дугаартай захирамж хууль эрх зүйн үндэслэлтэй гэжээ.
2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байршилтай 50 м.кв газрыг ******* нь 2013 онд иргэн , ******* нараас шилжүүлж авсан. Үүнээс хойш 2013, 2014, 2017, 2019 онуудад газар эзэмших гэрээгээ дүгнүүлж байсан. ******* гуайн эзэмшиж байсан 50 м.кв газар нь өмнө нь дугуй хэлбэртэй байсан, газар эзэмшигч хүсэлт гаргасны дагуу кадастрын зургийг дөрвөлжин болгож шинэчилсэн, энэ нь мэдээллийн санд хэвээр байна. ******* гуайн эзэмшиж байсан 50 м.кв газрыг ямар нэгэн иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлсэн зүйл байхгүй, системд бүтгэлтэй хэвээр байна. Хөршүүд хоорондоо маргалдсан асуудлыг би мэдэхгүй. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-т тухайн газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай зохицуулалт байдаг. Үүний дагуу 2024 оны 12 сарын 20-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж, газар эзэмшигч ******* гуай хариу тайлбар ирүүлсэн, хариу тайлбараар гэрээнд заасан газар эзэмших үүргээ биелүүлж тухайн газрыг зориулалтын дагуу ашиглагдаагүй байх нь тогтоогдсон тул Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 сарын 08-ны дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 2022 онд Мандалговь хот байгуулагдсаны 80 жилийн ойтой холбогдуулан Сайнцагаан сумаас аймгийн өнгө үзэмжийг доройтуулсан барилга, байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах, өнгө үзэмжийг сайжруулахгүй бол буулгах талаар албан шаардлагыг газар эзэмшигчид тавьсан. Үүний дагуу ******* гуай өөрийн эзэмшиж байсан гэр дэлгүүр буюу үл хөдлөх хөрөнгөө буулгаж барилгаас гарсан мод, материалаа авсан, барилгаас үлдсэн хогийг Дундговь аймгийн хот тохижуулах газар цэвэрлэсэн байх. Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн хохирол гэж нэхэмжлэлийн шаардлагаа 80.0 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнийг хуульд нийцээгүй, тухайн эд хөрөнгийг өөрөө буулгаж барилгаас гарсан мод, материалыг нь авсан, төрийн оролцоотой ямар нэгэн албадан буулгалт хийгдээгүй. 2025 оны 01 сарын 08-ны дугаартай Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар *******д холбогдох газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй тул энэхүү захирамжийг хэвээр үлдэж өгнө үү, мэдэгдэл засаг даргад хамаарахгүй тул хохирол ч мөн хамаагүй гэж үзнэ гэв.
2.6. Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2025 оны 01 сарын 08-ны дугаартай Дундговь аймгийн Засаг даргын захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг дэмжиж байна. Хариуцагч энэ талаар тодорхой тайлбарласан. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдэгт гэнэтийн давагдашгүй хүчин зүйл эсвэл байгалийн тогтолцооны өөрчлөлтийн улмаас тухайн газарт эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон эсвэл бусдын хууль бус үйлдэл зэрэг эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байгааг ойлгоно гэж заасан. Иймд хүндэтгэн үзэх шаардлагад хамаарахгүй гэж үзэж байна. Хөрш *******, нар нь газар эзэмших, ашиглах эрхэд нь халдсан гэх нөхцөл байдлын талаар холбогдох эрх бүхий байгууллагад хандаж байсан уу, шийдвэрлүүлсэн тохиолдол байна уу гэж асуухад огт хандаж байгаагүй, шийдвэрлүүлж байгаагүй гэж байна. Иймд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл нь няцаагдаж байна. Тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй болох нь 2019 оны 09 сарын 02-ны өдөр байгуулсан гэрээнээс хойш эрх бүхий этгээдтэй дахин газар эзэмших гэрээ байгуулж, гэрээгээ дүгнүүлээгүй, гэрээнд заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Дундговь аймгийн Засаг даргын орлогч ын гаргасан мэдэгдлийг одоо ажиллаж буй Засаг дарга д хариуцуулах нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн шийдвэрийг Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн ахлагч гаргаж,******* гуайд холбогдох мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Гэвч нэхэмжлэгч нь мэдэгдлийг гардаж авснаас хойш 30 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй, харин ч биелүүлсэн, энэ талаараа мөн мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн хууль ёсны шаардлага хангаагүй, хариуцагч нь хамааралгүй этгээд, эрх бүхий байгууллагын хүсэлтээр албадаж үл хөдлөх хөрөнгийг буулгаагүй, өөрийн сайн дураар хөрш гэх хүнтэй “газрыг нэгтгэж том барилга бариад 1 өрөө байр өгье” гэх байдлаар тохиролцож барилгыг буулгасан болох нь тогтоогдож байх тул үл хөдлөх хөрөнгөд учирсан хохирлыг нэхэмжлэх нь хууль бус. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх тохиолдлуудыг зааж өгсөнд нийцэхгүй байна.
Цахимаар иргэдэд мэдэгдлийг хүргэж тайлбар ирүүлэх хугацааг олгож ******* гуайд сонсох ажиллагаа явуулахад оролцсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Дундговь аймгийн Засаг дарга нь Дундговь аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын газрын удирдлагын хэлтсийн дарга оор дамжуулан холбогдох хариу тайлбаруудыг тухай бүрд нь хүргүүлсэн байдаг. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.14-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* “Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2022 оны 3 сарын 29-ний өдрийн дугаартай мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, учирсан хохирол 80,000,000 төгрөгийг гаргуулах” гэх нэхэмжлэлийн шаардлага[9] гаргажээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
1. Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дүгээр захирамжийн хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
1.1. Аймгийн Засаг даргын 2025 оны 1 сарын 8-ны өдрийн дүгээр захирамжаар[10] Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 заасныг тус тус үндэслэн Сайнцагаан сумын 6, 7, 8, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай хавсралтад заасан 35 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 68817 м2 /6,88 га/ газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгож, хавсралтын иргэдийн нэрсийн жагсаалтын 20-рт “*******, Сайнцагаан, 2013-04-05, А/138, , худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор, 50, газар дээрээ обьектгүй” гэж заажээ.
1.2. Зуут овогт *******д Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2013 оны 4 сарын 5-ны өдрийн А/138 дугаар шийдвэрийг[11] үндэслэн нэгж талбарын дугаар бүхий 50,0 м.кв /га/ газрыг 30 жилийн хугацаатай найрамдлын гудамж, 155-р байр, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 2013 оны 4 сарын 23-ны өдөр 00457251 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[12], Монгол Улсын иргэн зуут овогт ******* нэг хүний өмч Сайнцагаан сум 7-р баг 115-р байр 50,0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаарт бүртгэж 2013 оны 4 сарын 22-ны өдрийн ******* дугаартай гэрчилгээ[13], 2013 оны 4 сарын 22-ны өдөр аймгийн газрын албанаас газар эзэмших гэрээг[14] байгуулснаар уг газрыг эзэмших эрх нэхэмжлэгчид үүсжээ.
1.3. Нэхэмжлэгчээс “Засаг дарга 2025 оны 1 сарын 8-ны өдрийн дугаартай захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 29 дүгээр зүйлүүдэд заагдсан сонсох ажиллагааг оор хийлгээд гүйцэтгэлээ шалгаагүй намайг газраа хураалгахгүй гэж өргөдөл гаргасныг үндэслээд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, сонсох ажиллагаа хийгээгүй”гэж, хариуцагчийн төлөөлөгчөөс “Засаг дарга уг шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу 2024 оны 12 сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим хаягаар[15] холбогдох ажиллагааг хэрэгжүүлж хуулийн шаардлага хангасан” гэж тайлбарладаг.
1.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Тухайн захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”.4 дүгээр зүйлийн 4.4-т “Тухайн захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасанчлан холбогдох ажиллагааг[16] хэрэгжүүлж буюу Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10, 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 36 дугаартай хариу өгөх мэдэгдлээр[17] газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдэгдсэнээр Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагааны шаардлагыг хангаж, 2025 оны 04 сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл[18] гаргажээ.
1.5. Захирамжид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нөхцөлийг тогтоохдоо зөрчилтэй буюу нэхэмжлэгчээс “хэдий үеэс эхлэн 2 жил дараалан ашиглаагүй гэдэг хугацааг зөв тогтоогоогүй” гэх, хариуцагчийн төлөөлөгчөөс “энэхүү 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг анх гэрээ байгуулсан 2013 оноос эхлэн тооцсон” гэж, хариу тайлбарт[19] “2022 оноос хойш газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, тухайн газар дээр зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй” гэж зөрүүтэй тайлбарлаж маргах[20] ба хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2013 оны 4 сарын 22, 2014 оны 4 сарын 7, 2017 оны 5 сарын 10, 2019 оны 9 сарын 2-ны өдрүүдэд иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг газрын албанаас байгуулж талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Иймд газрын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийг анх гэрээ байгуулсан 2013 оны 4 сарын 22-ны өдрөөс эхлэн тооцсон нь үндэслэлгүй буюу үүнээс хойш 2014, 2017, 2019 онуудад газар эзэмших гэрээ[21] байгуулагдсанаар хариуцагчийн төлөөлөгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.
1.6. Түүнчлэн нэхэмжлэгч болон аймгийн газрын албаны хооронд сүүлд байгуулсан газар эзэмших №4801-2013/01370 гэрээний[22] хугацаа 2019 оны 9 сарын 2-ны өдөр байх ба гэрээний энэ хугацаанд талууд маргаагүй боловч 2024 оны 9 сарын 6-ны өдөр аймгийн газрын албанаас уг маргаан бүхий газрын кадастрыг[23] үйлдэж холбогдох ажиллагааг хэрэгжүүлснээр хариуцагчийн “2022 оноос гэрээг дүгнүүлээгүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй 2 жилийг тооцно” гэх, өмгөөлөгчийн “2019 оны гэрээнээс тооцно” гэх тайлбар[24] няцаагдаж байх тул Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 26 дугаар зүйлийн 26.8, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасантай нийцээгүй гэж үзнэ.
1.7. Дээрх гэрээ ёсоор гэрээгээ дүгнүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруу гэж, гэрээг дүгнэх нь газрын албаны мэдэл, нэг ч удаа гэрээгээ дүгнүүл гэж дуудаагүй тул би очоогүй” гэж тус тус тайлбарлах[25] ба уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.14-т “газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх”, 5 дугаар зүйлийн 5.4-т “гэрээг жил бүр дүгнэх”, 7 дугаар зүйлийн 7.2-т “газар эзэмшүүлэх гэрээг талууд жил бүр дүгнэх ба газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 6 сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 7 сарын 1-ний дотор багтаан дүгнэнэ” гэж заасныг хэн аль нь хэрэгжүүлээгүй, газрын албанаас холбогдох мэдэгдэл хүргүүлж дуудан ирүүлээгүй, энэ талаарх баримтгүй тул Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасанчлан энэ үндэслэлээр дан ганц нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
1.8. Ийнхүү дээрх гэрээний[26] 5.3 дугаар зүйлд ... газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6-д заасан нөхцөл бий болсон тухайлбал, е. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг тохиолдолд гэрээг хүчингүй болгохоор зохицуулсан ба гэрээ ёсоор нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдэг хугацааг нарийвчлан тогтоогоогүйгээс гадна хүндэтгэн үзэх шалтгааныг мөн тогтоогоогүй гэж үзэхээр байна.
Тодруулбал Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан заасанчлан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж заасанчлан газар эзэмшигчийн газрын албанд ирж гэрээгээ дүгнүүлээгүй гэдгийг энэ үндэслэлд хамааруулан тайлбарлах нь бодит үр дүнтэй нийцээгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь эрүүл мэндийн шалтгааны[27] улмаас газраа зориулалтын дагуу ашиглаагүй болохоо шүүх хуралдаанд тайлбарласан.
1.9. ******* газар эзэмшүүлэх гэрээг 2013, 2014, 2017, 2019 онуудад дүгнүүлсэн[28], газрын төлбөрөө төлж үүргээ биелүүлж байсан болох нь нэхэмжлэгч хариуцагчийн “2013-2019 он хүртэл татвар төлсөн, дүгнүүлсэн” гэх тайлбар[29], Дундговь аймгийн Татварын газраас ирүүлсэн баримт[30], гэрээгээр[31] тус тус тогтоогдох тул тухайн хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
1.10. Нэхэмжлэгчээс “миний эзэмшлийн газар *******ийн газартай давхацдаг”, хариуцагчийн төлөөлөгчөөс “ямар нэгэн давхцалгүй” гэж тус тус тайлбарлах ба хэрэгт авагдсан баримтаас[32] үзэхэд газрын давхцалгүй нь тогтоогдож байх тул хэрэгт хөрш зэргэлдээ оршин суугчийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй.Нэхэмжлэгчийн дээрх 50м2 газрыг одоогоор бусдад олгоогүй гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлав.
Иймд захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хууль хэрэглээний алдаатай нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул маргаан бүхий захирамжийн хавсралтын нэхэмжлэгчид хамаарах хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй.
2. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг[33] илт хууль бус болохыг тогтоолгох, үүний улмаас учирсан хохирол гаргуулах шаардлагын тухайд:
2.1. Дундговь аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 3 сарын 29-ний өдрийн дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг түүний хавсралтаар “Шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгах ажлын жагсаалт” гаргасны 1-рт “Гэр дэлгүүр, хуучин модны үйлдвэрийн хашааны баруун талд, эзэмшигч *******” гэх албан тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоож, учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж[34] гаргасан.
2.2. Дундговь аймгийн Засаг даргын 2021 оны 2 сарын 15-ны өдрийн А/56 дугаартай захирамжаар[35] Аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой угтаж аймгийн төвийн байгаль орчны бохирдол, өнгө үзэмжид нөлөөлж байгаа хуучин барилгуудыг засварлуулах, шаардлага хангахгүй болсон барилгыг буулгуулах, барилгын хуучин хогийг цэвэрлүүлж хүлээн авах ажлын хэсэг байгуулж ажлын хэсгийн ахлагчаар аймгийн засаг даргын орлогч ыг томилсон байна.
2.3. Нэхэмжлэгчээс “ын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг миний ажлын ширээн дээр орхисныг хүлээн авсан, уг мэдэгдэлд Барилгын тухай хуульд заасныг үндэслэл болгон албадан буулгах шийдвэр гаргасан мэт бичигдсэн нь намайг итгэж төөрөгдүүлэхэд хүргэсэн,үүнд ямар ч дүгнэлт байгаагүй атал Засаг даргын эрх бүхий албан тушаалтнаас ийнхүү миний үл хөдлөх эд хөрөнгийг устгуулж хохирол учруулсан нь буруу, Засаг даргын орлогчийн шийдвэр Засаг даргад хамаарна, эрх залгамжлаад явах ёстой” гэж, хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгч нараас “энэ асуудал аймгийн засаг даргад хамааралгүй, нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөөд барилгаа буулгасан бараа материалаа аваад явсан байхад хохирол гаргахгүй яагаад ч төр хариуцах үндэслэлгүй” гэх зэргээр тайлбарлана.
2.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасанчлан захиргааны актад байх шинжийг дээрх мэдэгдэл бүрэн хангаагүй буюу захиран тушаагаагүй, нийтийн эрх зүйн хүрээнд бус тухай тухайн этгээдэд хандаж мэдэгдсэн болох нь уг актаар[36] нотлогдох тул Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, үүний улмаас учирсан хохирлын асуудал мөн хэлэлцэгдэхгүй.
Иймд нэхэмжлэлийн энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Үл хөдлөх эд хөрөнгөд учирсан гэх хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай 11 дугаартай захирамжийн хавсралтын *******ийн /РД:*******, жагсаалтын 20/-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасныг тус тус баримтлан *******гийн нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад хариуцагдах “2022 оны 3 сарын 29-ний өдрийн дугаартай Мэдэгдэл хүргүүлэх албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, учирсан хохирол гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ
[1] Хавтаст хэргийн 13, 18 хуудас
[2] Хавтаст хэргийн 19 хуудас
[3] Хавтаст хэргийн 21 хуудас
[4] Хавтаст хэргийн 72 хуудас
[5] Хавтаст хэргийн 73-74 хуудас
[6] Хавтаст хэргийн 8 хуудас
[7] Хавтаст хэргийн 9-10 хуудас
[8] Хавтаст хэргийн 1-5 хуудас
[9] 1 хх-ийн 1-5, 230-231 хуудас
[10] 1 хх-ийн 42 хуудас
[11] 1 хх-ийн 19 хуудас
[12] 1 хх-ийн 20 хуудас
[13] 1 хх-ийн 21-25 хуудас
[14] 1 хх-ийн 69 хуудас
[15] 1 хх-ийн 39-40 хуудас
[16] 1 хх-ийн 9-10, 8, 39-44 хуудас
[17] 1 хх-ийн 9-10 хуудас
[18] 1 хх-ийн 1-5 хуудас
[19] 1 хх-ийн 34 хуудас
[20] 2 хх-ийн 83-96 хуудас
[21] 1 хх-ийн 63-70 хуудас
[22] 1 хх-ийн 63-64 хуудас
[23] 1 хх-ийн 61 хуудас
[24] 1 хх-ийн 34 хуудас
[25] 2 хх-ийн 83-96 хуудас
[26] 1 хх-ийн 63-64 хуудас
[27] 2 хх-ийн 83-96 хуудас
[28] 1 хх-ийн 60 хуудас
[29] 2 хх-ийн 83-96 хуудас
[30] 1 хх-56-58 хуудас
[31] 1 хх-ийн 63-70 хуудас
[32] 1 хх-ийн 22, 61, 202-203, 2 хх-21-28 хуудас
[33] 1 хх-ийн 73-74, 218 хуудас
[34] 1 хх-ийн 230-231 хуудас
[35] 1 хх-ийн 72 хуудас
[36] 1 хх-ийн 73-74, 218 хуудас