Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 117/ШШ2025/0017

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “*******” ХХК-ийн 2025 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахгүй байгаа Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус компанийн 2025 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахыг даалгах захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагч *******, түүний өмгөөлөгч /цахим/, нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нь “*******” ХХК-ийн 2025 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахгүй байгаа Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт “Хэрсэн нэртэй газарт X******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “*******” ХХК-д олгож, энэ X******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна.

2.2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №18/2025 дугаар албан бичгээр 2025 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний төсөл, төслийн нүүрийг 3 хувь үйлдэж хүргүүлсэн. /1-р хавтаст хэргийн 9-р хуудас/

2.3. Улмаар Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргаас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч танилцаад 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/64 дүгээр албан бичгээр батлах боломжгүйгээ мэдэгдсэн. /1-р хавтаст хэргийн 10-р хуудас/

2.4. Дундговь аймгийн Засаг даргад 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 21/2025 дугаартай албан бичгээр дээрх асуудалтай холбоотойгоор гомдол гаргасан. /1-р хавтаст хэргийн 12-13-р хуудас/

 2.5. Ийнхүү  “*******” ХХК нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, тэдгээрийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хариуцагч ******* хариу албан бичигтээ үндэслэлгүй татгалзлыг дурдсан байдаг.  1-т 2021 болон 2024 онуудад ухсан шуудуунууд дээр ургамалжуулах ажил хийгдээгүй гэж байна. Дэрэн сумын нутаг дэвсгэр дээр багахан хэмжээний хайгуулын ажил хийх гэсэн боловч *******гаар ахлуулсан нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад хайгуулын ажлаа хийж чадаагүй. Иймээс ургамалжуулах ажил хийгээгүй. Гэхдээ үргэлжлүүлэн хийнэ. Тухайн газарт ашигт малтмал илэрсэн тохиолдолд ашигт малтмалаа ашиглаад тухайн сумын Засаг дарга болон байгаль орчны байцаагчид газрыг хүлээлгэн өгөх үедээ ургамалжуулах ажлыг хийдэг. Энийг мэдэж байгаа мөртлөө хуульд заагдаагүй, өөрийн эрх хэмжээнд хамааралгүй шаардлагыг мэдэн будилж, тавьж байна. Менежментийн төлөвлөгөөг боловсруулаагүй гэж байна. Улсын Дээд Шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолд хайгуулын зөвшөөрөлтэй компани менежментийн төлөвлөгөөг боловсруулахгүй, ашиглалтын зөвшөөрөлтэй компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, хүргүүлнэ гэж 23 дахь хэсэгтээ зааж өгсөн.

Мөн Дэрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 74 тоот тогтоолыг зөрчиж суваг малталтын ажлыг хийсэн гэж тайлбарладаг. Гэвч энэ 74 тоот тогтоол нь үндэслэлгүй. Соёлын өвд бүртгээгүй гэж байна. 2024 онд Соёлын өвд бүртгэсэн талаар ******* ХХК-д мэдэгдэж, уг компани Дэрэн сумын Засаг даргад хүргүүлсэн. Иймээс ашигт малтмалын тухай хуулийн 37.2 дахь заалт үндэслэлгүй. 74 тоот тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 401.2 гэж байна. Бид археологийн байгууллагаар холбогдох ажиллагааг хийлгэж, *******д хүргүүлсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2 дахь заалтыг зөрчөөгүй гэдгийг иргэн *******гийн нэхэмжлэлтэй хэрэг, мөн байцаагч *******ийн 3 сая төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг үндэслэлгүй буюу “*******” ХХК нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхгүй гэж 3 шатны шүүх үзсэн байдаг. Мөн тогтоолд Усны тухай хуулийн 17.2-ыг зөрчсөн гэж байна. Энэ 74 тоот тогтоол 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гарсан байдаг. Сав газрын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр давхцалгүй нь тогтоогдсон байгаа. Эдгээр бичгүүдийг Дэрэн сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч нарт хүргүүлсэн байдаг. Гэвч Дэрэн сумын Засаг дарга үндэслэлгүйгээр татгалздаг. Яагаад эс үйлдэхүй гэж үзээд байгаа вэ гэхээр ******* иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байхдаа энэ компанийн үйл ажиллагааг зогсоомоор байна, гэвч хууль зөрчсөн үндэслэл маш бага гэж хурал дээр хэлсэн байдаг. Ингээд хууль зөрчөөгүй аж ахуйн нэгж байгууллагыг хууль зөрчсөн мэтээр дурдаад  тогтоол гаргаад түүнийгээ бариад батлахаас татгалздаг. Мөн батлахгүй гэдэг үйлдэлдээ байгаль орчны байцаагч *******ээс 3 сая төгрөгөөр торгосон шийтгэвэр, иргэн *******аас цагдаагийн байгууллагад гаргасан асуудлыг шалгаж дуусаагүй байна, ийм учраас батлахгүй гэсэн хариуг өгдөг. 3 шатны шүүхээс *******ийн оногдуулсан шийтгэврийг хууль зөрчсөн байна гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэн *******ын өргөдлийг прокурорын байгууллагаас энэ бол хэрэг биш байна, ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн тогтоол байгаа. Гэхдээ прокурорын газраас зөрчлийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гэж Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар луу шилжүүлсэн боловч геологи уул уурхайн хяналтын байцаагч ******* гэдэг хүн зөрчлийн хэрэг биш байна гэж үзээд хүлээн авахаас татгалзсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.3-т зааснаар сумын Засаг дарга байгаль орчны төлөвлөгөөг батлах үүрэгтэй гэж заасан болохоос биш нэмэлтээр баримт шаардах талаар хуульчлаагүй. Ийм учраас *******г үүргээ биелүүлэхгүй байна гэж байгаль орчны төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэл гаргасан. 74 тоот тогтоол бол анхнаасаа алдаатай хууль зөрчсөн тогтоол. *** нь хууль зөрчөөгүй байхад ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн мэт болгож батлахаас татгалзаж байгаа нь эс үйлдэхүй юм. Иймээс “*******” ХХК-ийн 2025 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахгүй байгаа Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус компанийн 2025 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахыг даалгаж өгнө үү” гэв.

3.2  Хариуцагч 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:2025 оны 1 сарын 20-ны өдөр ******* ХХК 2025 оны байгаль орчны төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ надад хүргүүлсэн. Тус төлөвлөгөөтэй танилцаад миний хувьд 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хариу хүргүүлсэн. Хариунд дараах үндэслэлээр батлах боломжгүй гэсэн.  Батлахгүй гэсэн хариу өгөөгүй. Нэхэмжлэлийг гардаж аваад 2025 оны 04 дүгээр сарын 12-ны тайлбар өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн.

Учир нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн татгалзсан хариу өгч, Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус шийдвэр гаргасан бөгөөд тус шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, 2025 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Дэрэн сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэсэн нэхэмжлэл байсан.

Тус компаниас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны огноотойгоор ирүүлсэн албан бичигтээ хавсарган ирүүлсэн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөндөө 2025 оны 04 сарын 10-ны өдөр Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт тайлбар гаргах нь гэсэн бичигтэйгээ хамт Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж ирсэн. Энэ нь өөрсдийн бурууг хүлээсэн үйлдэл гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл ******* ХХК нь Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулсан хэдий ч Дэрэн сумын Засаг даргад хүргүүлээгүй. Тус компаниас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны огноотойгоор ирүүлсэн албан бичигтээ хавсарган ирүүлсэн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөндөө “... ******* ХХК нь Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт Хэрсэн нэртэй X******* тоот хайгуулын талбайд эрэл хайгуулын ажлыг 2025 оны 04-р сарын 15-ны өдрөөс нийт 120 хоног хийж гүйцэтгэнэ ...” заасан байдаг.

Энэ нь тухайн компани Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-т “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, байгаль хамгаалагчийн шаардлагыг биелүүлэх” гэсэн заалтыг илт үл тоомсорлож буй нь доорх үндэслэлүүдээр нотлогдож байна.

Эхний ээлжинд Дундговь аймгийн Дэрэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр тогтоол,

Хоёрт, Дундговь аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэн *******д ирүүлсэн эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудсанд дурдсаны дагуу “... Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамаарч буй Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэж, тайланг холбогдох байгууллагаар хянуулах хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт байрлах X******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулахгүй байх ...” гэсэн шийдвэр тус тус одоо болтол хүчинтэй байна.

Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Сумын Засаг дарга харъяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 59.1.2-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх” гэж заасан байх бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Дэрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 74 дүгээр тогтоол одоо болтол хүчинтэй байх тул энэхүү тогтоолыг зөрчих эрх сумын Засаг даргад байхгүй учраас боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн.  

Иргэдийг ******* турхирсан гэдэг бол буруу ойлголт. Энэ талаар иргэний шүүхийн шийдвэр гарсан байгаа. 74 тоот тогтоол дээр нэмж хэлэхэд анх хайгуулын зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулахтай холбоотой заалтууд байгаа. Сүүлд бидний хэлснээр ******* хойшоо энэ асуудлаар хандаж албан бичиг авснаа одоо зөрчлөө арилгасан мэтээр тайлбарлаж байна.  Сая сумын Засаг дарга ямар ч нэмэлт баримт шаардахгүй, шууд батлах үүрэгтэй гэж байна. Үүнийг бол алба хашиж байгаа хүний хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад бид нар уул уурхайн компаниудын төлөвлөгөө нэртэй зүйлийн доторхыг нь уншилгүй, нэмэлт зүйл шаардахгүйгээр батлах ёстой юм бэ. Бид нар нутаг орны эрх ашгийг хамгаалж, иргэдийн төлөө ажилладаг. Хурлын дарга бас төлөөлөгч байдаг. Тухайн өдөр төлөөлөгчийн хувьд хэлсэн үг. Энэ шийдвэр бол хамтын шийдвэр байсан. Миний хувьд саналаа л хэлсэн. Нэхэмжлэгч хэтэрхий өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Танайх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, би тайлбараа өгсөн. Би тухайн үеийн нөхцөл байдлыг дурдсан. Зарим зүйл арилсан байх. 3 хуудас материал төлөвлөгөөний аль хэсэгт орох нь тодорхойгүй. Ургамалжуулах асуудал тусгагдаагүй тул батлах боломжгүй гэж байсан. Энэ үндэслэл арилсан. Хэрвээ би баталъя гэвэл энэ төлөвлөгөө надад байхгүй. Энэ нөхөн сэргээх ажлыг бол хийгээгүй. Би шүүхэд баримтаар өгөх гэж бичлэг хийсэн байдаг. Менежментийн төлөвлөгөөг батлуулахгүй гэж хэлчихээд хууль, журмаа хольж тайлбарлаад байна. Хариу тайлбараа дэмжиж байна. 2025 оны 01 дүгээр сард 2025 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 3 хувь хүргүүлсэн байгаа” гэв.

3.3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж буйгаар нэхэмжлэлийн шаардлага Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, байгаль хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах гэж байна. Энэ шаардлагатай холбогдуулж 2 тайлбар хэлье. Хариуцагч тодорхой тайлбар хэллээ. Дэрэн сумын Засаг даргын зүгээс ******* ХХК-иас гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй асуудал огт байхгүй. Хуульд заасан хугацаанд, хуульд заасан үндэслэлүүдийг маш тодорхой дурдаад хариу хүргүүлэх тухай албан бичгээр хариуг хүргүүлсэн. Үүнээс харвал эс үйлдэхүй гэсэн ойлголт огт байхгүй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж байна. Тэгэхээр өнөөдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн хүрээнд эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, даалгах нэхэмжлэл гаргасан мэт харагдаж байгаа боловч эхний нэхэмжлэлийн шаардлага болох эс үйлдэхүй огт байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь харагдаж байна. 2-т нэхэмжлэгч ******* гэж хүн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байхдаа би үйл ажиллагааг нь явуулахгүй гэж тогтоол гаргуулаад, энэ тогтоолдоо тулгуурлаад 2025 оны төлөвлөгөөг батлахгүй, батлах боломжгүй гэсэн гэх тайлбар гаргаад байна. Гэтэл 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хариу албан тоотод 4 зүйлийг маш тодорхой дурдаж хүргүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөлдөө байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргатай хамтарч боловсруулаагүй. Энэ нь баримтаар нотлогдохгүй байна гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-т ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах гэж заасан хэдий ч энэхүү төлөвлөгөөг боловсруулж, хянуулаагүй байна. 2-т Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан аймгийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 12.1.1-т ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах гэж заасныг дурдаж өгсөн. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх” гэж зааснаар 2025 оны байгаль орчны төлөвлөгөөг батлах боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Мөн байгаль хамгаалах төлөвлөгөөг хууль журмаар боловсруулж ирүүлээгүй байна, төлөвлөгөөнд тусгах асуудал дутуу байна гэдэг үндэслэлээр батлах боломжгүй байна гэж үзсэн. Хуульд заасан хугацаа хэтрүүлээгүй, энэ асуудлыг огт шийдвэрлэхгүй орхигдуулаагүй. 2025 оны 4 сарын 10-ны өдөр төлөвлөгөөгөө шинэчилж байна гэж ******* ХХК-иас 3 хуудас баримтыг шүүхэд өгсөн байдаг. Энэ хүрээнд бас тайлбарыг өгсөн байгаа. Тэгэхээр эс үйлдэхүй байхгүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой зохицуулалтын хүрээнд нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй нөхцөл байдал тогтоогдож байна.  

Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.3-т зааснаар Засаг дарга батлаад, 10 хоногийн дотор хүргүүлнэ гэдгийг дотор нь юу ч байсан хамаагүй батална гэсэн ойлголтоор тайлбарлаад байна. Миний үйлчлүүлэгч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байж байгаад сонгуулийн жилийн дараа Засаг дарга болсон. Нэгжийн тухай хуулиар Засаг даргын эрх, үүрэг 2 тэс ондоо. Нэг нь нутгийн захиргааны байгууллага, нэг нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Гэтэл нэхэмжлэгч хурлын дарга байхдаа хууль бус тогтоол гаргаад хувийн эрх ашгийн үүднээс төлөвлөгөөг батлахгүй байна гэж ярьж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гээд 4.1.2-т хуульд үндэслэх, мөн зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон,  шийдвэр нь үндэслэл бүхий байна гэж байна. Тэгэхээр Засаг дарга, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 59.1.2-т зааснаар хуулийг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эс үйлдэхүй гаргаагүй. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө хуульд нийцээгүй учраас Дэрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг эсэргүүцэж шийдвэр гаргах эрх байхгүй. Энэ үндэслэлээр батлах боломжгүй гэсэн тайлбараа өгсөн. Өнөөдөр 74 тоот тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна. 74 тоот тогтоолтой холбоотой зүйл нэхэмжлэлд огт байхгүй. Өөрөөр хэлбэл энэ тогтоол эрх ашиг зөрчлөө гэж шүүхэд хандаж байгаагүй.

Энэ нэхэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан үндэслэлд хамаарахгүй. Татгалзсан шийдвэр гаргаагүй. Боломжгүй байна, энэ төлөвлөгөөг баталчих юм бол би өөрөө хууль зөрчсөн болох учраас тодруулах зүйлүүд байна, боломжгүй гэсэн хариуг өгсөн. ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс 74 тоот тогтоолыг гаргасан гэж хэлээд байна. Энэ бол хамтын шийдвэр. Гэтэл ******* уг тогтоолыг гаргасан, энэ нь эс үйлдэхүй гэж хэлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар үйлдлийн улмаас эрх хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөнийг тодорхойлж чадахгүй байгаа учраас шаардагдах захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох боломжгүй. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн төлөвлөгөөндөө шүүх дээр 3 хуудас баримтыг өгч зөвтгөөд одоо батлуулна гэж байгаа нь байж болохгүй асуудал. Шинэчилсэн байдлаар дахин хүргүүлэх ёстой. Гэвч хүргүүлээгүй байж шууд батлуулна гэж төрийн захиргааны байгууллагыг дарамталж болохгүй. 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хариу албан бичигт тусгагдсан тогтоол хуулийн хүчин төгөлдөр, ургамалжуулаагүй асуудал хэвээр, шинэчилсэн төлөвлөгөө очоогүй байхад хэтэрхий субьектив хандлагаар дарамталж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг. Засаг даргын үүрэг биш. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч” гэв.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн “*******” ХХК-ийн 2025 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахгүй байгаа Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1.1. Хариуцагчаас “... Дундговь аймгийн Дэрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр тогтоол, Дундговь аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэн *******д ирүүлсэн эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудсанд дурдсаны дагуу “... Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамаарч буй Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэж, тайланг холбогдох байгууллагаар хянуулах хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт байрлах X******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулахгүй байх ...” гэсэн шийдвэр тус тус одоо болтол хүчинтэй байна. Иймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Сумын Засаг дарга харъяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 59.1.2-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх” гэж зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Дэрэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 74 дүгээр тогтоолыг зөрчих эрх сумын Засаг даргад байхгүй. Батлах боломжгүй гэсэн. Батлахгүй гэсэн хариу өгөөгүй ...” гэж,

1.2. Хариуцагчийн өмгөөлөгчөөс “Дэрэн сумын Засаг даргын зүгээс ******* ХХК-иас гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй асуудал огт байхгүй. Хуульд заасан хугацаанд, хуульд заасан үндэслэлүүдийг маш тодорхой дурдаад хариу хүргүүлэх тухай албан бичгээр хариуг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар эс үйлдэхүйн тухай ойлголт огт байхгүй. Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн хүрээнд эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, даалгах нэхэмжлэл гаргасан мэт харагдаж байгаа боловч эхний нэхэмжлэлийн шаардлага болох эс үйлдэхүй байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Ашигт малтмалын тухай хуулийн  38 дугаар зүйл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг, Засаг даргын үүрэг биш ...” гэж шүүх хуралдаан дээр тус тус тайлбарласан.

1.3. Дундговь аймгийн Дэрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 74 дүгээр тогтоолоор “... тус сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмшигч “*******” ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 401 дүгээр зүйлийн 401.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтуудад тусгагдсан бичиг баримтын бүрдүүлбэрийг хангаагүй байх тул Нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж иргэдийн саналыг харгалзан үздэг байх зарчмыг үндэслэн уг зөрчлийг арилгах хүртэлх хугацаагаар тус компанийн үйл ажиллагааг түдгэлзүүлсүгэй...” гэж шийдвэрлэсэн. /1-р хавтаст хэргийн 39-р хуудас/

1.4. Дээрх тогтоол болон хариуцагчийн “... *******ийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэн *******д ирүүлсэн эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудсанд дурдсаны дагуу “... Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамаарч буй Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэж, тайланг холбогдох байгууллагаар хянуулах хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт байрлах X******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулахгүй байх гэсэн шийдвэр байгаа“ гэх тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч “*******” ХХК-ийн ашигт малтмал хайх үйл ажиллагааг түр зогсоож, түдгэлзүүлсэн болохоос бичиг баримтын бүрдлийг бүрдүүлэх ажиллагааг хязгаарлаагүй байна.

1.5. Өөрөөр хэлбэл тогтоолд бичиг баримтын бүрдлийг хангаагүй гэх атлаа  нэхэмжлэгчээс зарим бичиг баримтын бүрдлээ хангуулахаар хариуцагч сумын Засаг даргад хандахад уг тогтоолыг үндэслэл болгож буй нь үндэслэлгүй юм.  

1.6. Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр “... Соёлын өвийн Үндэсний төвөөс 2024 оны 11 сарын 29-ний өдөр энэ тогтоол гарахаас өмнө албан бичгээр соёлын өвд бүртгэгдсэн талаар ******* компанид мэдэгдэж, уг албан бичгийг сумын Засаг даргад хүргүүлсэн. Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаанаас Ашигт малтмал, газрын тосны газарт 2023 оны 10 сарын 03-ны өдөр 937 тоот албан бичгээр ... X******* тусгай зөвшөөрлийн талбай нь усан сан бүхий газар болон усны эх үүсвэр дээр давхцалгүй болно гэж хүргүүлсэн. Энэ албан бичгийг мөн Дэрэн сумын Засаг дарга болон байгаль орчны байцаагчид хүргүүлсэн ... ” гэх тайлбарыг гаргасан, хариуцагчаас эдгээр баримтыг хүргүүлсэн талаар үгүйсгэж маргаагүй, харин “хайгуулын үйл ажиллагааг эхлүүлчихсэн хойноо холбогдох газруудаас лавлагаа мэдээлэл, тодруулга хүсэлт аваад албан бичиг явуулснаа зөрчлийг арилгасан мэтээр тайлбарлаж байна” гэж цаг хугацааны хувьд л маргасан.  

1.7. Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2025/0067 дугаар тогтоолоор “... энэ тохиолдолд тусгай хууль болох Ашигт малтмалын тухай хууль хэрэглэгдэх тул Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан төсөл хэрэгжүүлэгч гэх ойлголтод ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хамаарахгүй, иймд “******* ХХК-ийг /байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ/ төлөв байдлын үнэлгээ хийлгэлгүй үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шийтгэл оногдуулсан маргаан бүхий акт хууль бус юм...” гэж,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр “... маргаан бүхий хайгуулын талбай нь ямар нэгэн хязгаарлалтад ороогүй буюу тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй, ямар нэгэн сонгон шалгаруулалтын нөхцөл шаардлагыг хангуулж байж шийдвэрлэх үүрэг хариуцагчид бий болоогүй, мөн “*******” ХХК нь Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд болохыг Татварын албаны дугаар тодорхойлолтоор тогтоож, маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгосон нь хууль, зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж дүгнээд тус тус шийдвэрлэжээ.  

1.8. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг, 38.1.3-т “ энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тус тус заасан.  

1.9. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагчийн “*******” ХХК-ийн 2025 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлах боломжгүй гэх хариу баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргыг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан үүргээ үндэслэлгүйгээр биелүүлээгүй гэж дүгнэв.

1.10. Хариуцагчийн өмгөөлөгчөөс огт эс үйлдэхүй гаргаагүй, татгалзсан хариу өгөөгүй, батлах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан зохицуулалтад хамаарахгүй” гэж маргасан ч хариуцагч тусгайлан зохицуулсан хуулиар хүлээсэн үүргээ үндэслэлгүйгээр биелүүлээгүй нь эс үйлдэхүй юм.    

1.11. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “*******” ХХК-ийн 2025 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахгүй байгаа Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахыг даалгаж шийдвэрлэлээ.   

1.12. Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс 2021 болон 2024 онуудад ухсан шуудуунуудыг ургамалжуулаагүй нь *******гийн хийсэн бичлэгийг шинжлэн судалбал нотлогдоно гэх тайлбар гаргасан.

1.13.  Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 117/ШЗ2025/0115 дугаар шүүгчийн захирамжийн Үндэслэх хэсгийн 4-т флашин доторх бичлэг, зургийг үзсэн ч хуулиар зөвшөөрөөгүй баримт тул нотлох баримтаар үнэлээгүй болно гэж дүгнэсэн учир дахин үзээгүй болно.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-иас Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “*******” ХХК-ийн 2025 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахгүй байгаа Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахыг даалгасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 В.ЦЭРЭНРАГЧАА