| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0036/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Э.Б даргалж, шүүгч А.Ц, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Н.А
Иргэдийн төлөөлөгч Н.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц
Хохирогчийн өмгөөлөгч М.О
Шинжээч эмч Э.А
Гэрч Д.Н, И.Б, Ж.О, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 201710010131 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Мөнгөн морьт суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл Д овогт Д.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах төв талбай дээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхдаа С.Т-г согтуугаар машины копутыг гараар цохилоо гэж маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагаасны улмаас хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д овогт Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр би хувиараа таксинд явж байгаад очерын хамгийн эхэнд зогсож байхад миний баруун талаас согтуу хүн ирээд машины копут дээр гараараа цохьсон юм. Тэгээд би цагдаад өгөх гээд аваад явж байтал орилоод байсан. Тэгээд дахиад орилоод байхаар нь машин руугаа суух гээд явж байтал өөрөө хойшоо савж унасан байсан. Тэгэхээр нь би замаас гаргаад цагдаа дуудсан. Цагдаа дээр байж байгаад орой нь эмнэлэг дээр очсон. Тэр үед хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаж бие нь яаж байгаа талаар асуусан. Тэрнээс бол би түлхсэн, миний түлхсэнээс боллоо гэж асууж яриагүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б овогт Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний ажил 14 цагт тардаг юм. 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр би шалгалттай байсан учир ажлаа дуусгаад 16 цаг 30 минутын үед хүүхдээ авах гээд нөхөртэйгээ 3-р цэцэрлэг рүү явж байтал манай ээж утасдаад аав чинь талбай дээр ухаангүй байна гэж утасдлаа эмнэлэг дуудсан байна гэж хэлсэн. Тэгээд би Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламж руу очсон. Тэгээд эмнэлэг дээр очтол ирэхгүй байсан. Эмнэлэг дээр байж байхад эмнэлгийн машин эвдэрсэн гээд Б эмчийн машинаар авч ирсэн. Тэгээд мэс заслын эмч Г эмч үзлэг хийгээд толгойны ард талд үзээд уулзуулах хүн байвал уулзуулаарай гэж хэлсэн. Мөн мэдрэлийн эмч ирээд үзлэг хийж, эмч нарын зөвлөгөөнөөр ээж бид хоёрыг оролцуулаад гэмтлээс болоод ухаангүй байна гэж хэлсэн. Ингээд тухайн үед гадны нөлөөтэй аав гэмтсэн байна гэж ойлгосон. Эмнэлэг дээр байж байхад М байцаагч ирээд цусны дээж аваад, хувцас хунарыг шинжилгээ хийж байсан. Би М байцаагч руу яриад камер шүүлгэж үзмээр байна гэж хэлэхэд М байцаагч тэр камер ажилладаггүй, шүүх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд нөхөртэйгээ эмнэлэг дээр эргээд ирсэн. Тэгээд байж байтал яаралтай тусламжийн хажуу талын өрөөрүү оруулсан. Тухайн үед аавын дух хавдаж ирээд эргээд хавдар нь алга болсон. Одоо Сайншанд сум руу авч яв, авч явахдаа замдаа доргиохгүй авч яваарай учир шалтгааныг тогтоолго гэж хэлсэн. Энэ хүн эхнэртэйгээ, мөн нэг хүнтэй хамт ирсэн байсан. Тухайн үед ээж ирээд энэ хүн ямар учиртай хүн юм бэ? гэж асуусан. Тэгэхээр нь би аавыг ийм болсонтой холбоотой хүн юм шиг байна лээ гэж хэлсэн. Гэтэл ээж энэ хүнд хандан тавхан алхамын цаана цагдаа байхад бариад өгчихгүй яасан юм бэ? өнөөдөр машиныхаа хохирлоо нэхэмжлээд байж байх байсан шүү дээ гэсэн.
Та эмнэлэг дуудахгүй 10-20 минут болсон, өөр хүмүүс ухаан оруулах гэж ус цацсан байсан, фудболка нь шал нойтон байсан гэхэд Б би өөрөө Б дэлгүүр лүү гүйж орж ус авчирсан гэсэн. Тэгээд ээж тавхан алхамын цаана цагдаа байхад гэж хэлтэл би түлхсэн чинь арагшаа савж унаад ухаан ороогүй юм гэж хэлсэн. Ингээд дахиж бид нар энэ хүмүүстэй юм яриагүй. Тухайн үед Сайншанд сумын холбооноос хүмүүс Замын-Үүд суманд ирсэн байсан. Старекс маркийн машинтай ирсэн байсан. Тэр хүмүүсээс танай машинтай авч явъя гэж хэлсэн. Замын-Үүд сумын эмнэлгээс эмч дагаж явж дусал тариаг таслаагүй. Доргиож болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд шөнийн 12 цагаас авч яваад Сайншандын Нэгдсэн эмнэлэг дээр үүрээр 5 цагт ирсэн. Энэ хүн эхнэр нэг эгчтэй хамт Сайншанд сумын эмнэлэгт ирсэн байсан. Энэ хүн Приус маркийн машинтай байж л байсан. Би томографикийн зураг авахуулсан. Гомдлын мөр байвал хагалгаа хийлгэж үзэх үү гэж асуусан. Дараа нь харамсаж байхаар хагалгаа хийлгүүлсэн. Тэгээд хагалгаа хийхэд ар гэрээс нь гомдолгүй гэж гарын үсэг зуруулдаг юм байна лээ. Ээж бид хоёр гомдолгүй гэж гарын үсэг зурсан. Тэгээд манай ар гэрийн хүмүүс ирсэн байсан. Ээж энэ хүнийг хараад чи тавхан алхамын цаана цагдаа байхад өгчихгүй яасан юм бэ? гэж хэлэхэд эгчээ би зүгээр түлхсэн чинь арагшаа унаад сэргээгүй юмаа гэж хэлж байсан. Тэгээд аавыг хагалгаанд оруулах гээд үсийг хусах ёстой гээд дүү орж үсийг нь хуссан. Сайншанд сумын нэгдсэн эмнэлгийн эмч нар хагалгаанд ороод гараад ирэхэд нь хоол цай өгдөг гэж хэлж байсан. Тэгээд би Сайншанд сумын дэлгүүр нь 10, 11 цагаас нааш онгойдоггүй юм байна лээ. Хагалгаанд орсон хүмүүст хоол цай өгөх ёстой гэж ах эгчтэйгээ ярьж байтал ах эгч хоёр бид хоёр яваад ирье гэж хэлсэн. Тэгээд ийм эм тариа хэрэгтэй гэж эмч бичиж өгсөн чинь энэ хүн булаахаас холгүй шүүрч авч явсан гэсэн. Тэгээд хагалгааг мэднэ мөнгө эм тариа их ордог гэж хэлээд 800,000 төгрөг өгсөн. Энэ хүн манай ар гэрийн хамаатан садангийн хүмүүст хоол цай авчирч өгч байсан. Манай аав орой 23 цаг 35 минутад амьсгал хураасан. Тэгээд эмч нар гарч ирэхэд эхнэр нь чанга орилоод миний хоёр хүүхэд, би яах юм бэ? гэж орилж байсан. Ажил явдал нь өнгөрөөд 2017 оны 5 сарын 29-ний өдөр М байцаагч ярьсан. Тэгээд би ажил явдал дууссаны дараа мэдүүлэг өгч болохгүй юм уу гэж асуутал болохгүй гэж хэлсэн. Тэгээд би очиж мэдүүлэг өгсөн байгаа. Бид нар 07 сарын 20-ны өдөр өмгөөлөгч авсан байгаа. Бид нарт ар гэрийнхэнтэй ирж уулзаач гэж ерөөсөө хэлээгүй. 07 сарын 20-ны өдөр ээж рүү утсаар ярьсаар байгаад манайд ирсэн. Би ажлаасаа тараад 6 цагт ирэхэд энэ хүн эхнэртэйгээ ирсэн байсан. Тухайн үед ээж маань цагдаад мэдэгдэхгүй яасан юм бэ? гэж хэлэхэд үгүй ээ би түлхээгүй миний гэдсэнд түлхэгдсэн гэж хэлсэн байгаа юм. За та одоо ингэж яриад яах вэ хуулийнхаа дагуу явъя гэж хэлсэн. Одоо 17,661,000 төгрөг нэхэмжилж байна. Өмгөөлөгч авсан зардал, аавынхаа цалингийн зээлийг төлж байгаа. Ингээд нийт 17,661,000 төгрөг болж байна. Энэ мөнгөнөөс 800,000 төгрөг хасагдаж тооцно, гомдолтой байна гэв.
Гэрч Д. Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч ажилтай. Тухайн өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Цагдаа дээр талбай дээр ухаангүй хүн байна гэж дуудлага өгсний дагуу тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор очиж мөнгө хурааж байсан хоёр хүнээс асууж тодруулсан. Тухайн үед юу болсон талаар асуухад согтуу хүн явж байгаад арагшаагаа саваад уначихлаа гэж хэлсэн. Тэр хоёр хүний үгэнд итгээд явсан. Булган дэлгүүрийн дээвэр дээр байгаа камер үзэх гэтэл болохгүй байсан. Талбай дээр явж байсан жолооч иргэдтэй уулзаж мэдээ мэдээлэл цуглуулах гэж уулзсан. Тэр уулзсан хүмүүсийнхээ нэрийг сайн санахгүй байна. Тэр хүн надад тухайн үед согтуу хүн согтуурхаад урд эгнээний машины хамар цохиж согтуурхаад байсан. Саарал машины эзэн нь тэр согтуу хүнийг согтуу байхаар нь түлхсэн тэгээд саваад унасан гэж хэлсэн. Тэгээд мөнгө хурааж авсан хоёр хүнээс яагаад хэлээгүй юм бэ? гэж хэлэхэд Б жолооч битгий хэлээрэй гэж хэлсний дагуу хэлээгүй юм аа гэж надад хэлсэн. Тэгээд энэ талаараа илтгэх хуудас дээрээ бичиж Мөнхсүлд байцаагчид өгсөн байгаа гэв.
Гэрч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн хэрэг болох үед пост дотроо мөнгөө цэгцлээд сууж байсан. Б-н эхний цохилтоор дөрвөн хөллөөд унаж байсныг пост дотроосоо харсан. Тэр хүн цаанаас аймаар согтуу гарч ирээд орилоод машины копутыг цохиж байсан. Б машинаасаа гарч ирээд түлхэхэд манай постны тэнд унасан юм. Би Б битгий хэлээрэй гэж хэлсэн гэж хэлээгүй. Би мөнгө цэгцлээд Булган руу орох гэтэл ард түс гээд унахад хажуу талд нь Б зогсож байсан. Эхний түлхэлтийг харсан, сүүлийн түлхэлтийг яг түлхсэн талаар мэдэхгүй, хараагүй гэв.
Гэрч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед юу болсон талаар хараагүй, би тэр үед хоёр гурван машинаас мөнгө хурааж явсаар байгаад Хас банкны тэнд очсон байсан. Тэгээд цаанаас ирж байгаа машин нь эхэлж гардаг тул цаанаас нь эхэлж мөнгө хураадаг юм. Хураагаад байж байтал УАЗ-469 машин тормослосон гэтэл юу болсон гээд хартал тэр хүн яг тэндээ унаж байсан. Би машины мөнгө хураадаг болохоор энэ хүн энэ машиныг барьдаг гэдгээр мэддэг юм гэв.
Гэрч Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Одоо нэг жил гаруй болж байна. Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг дээр байхад танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн. Надтай уулзаад согтуу миний машины урд копут дээр цохихоор нь түлхсэн чинь ухаан алдаж ойчсон гэж хэлсэн. Тэр нь энэ хүн Б эхнэртэйгээ ирсэн байсан. Сайншанд сумын эмнэлэг дээр эхнэр Б нь ийм зүйл надад тохиолдож байсан юм гээд 800,000 төгрөгийг өгч байсан. Тэгээд эмийн бичиг бариад зогсож байтал эм тариаг чинь авч өгье гээд бичгийг авсан. Тухайн үед ингээд яваад байсан болохоор буруугаа ойлгоод явж байна даа гэж ойлгосон. Тухайн үед намайг түлхсэнээс боллоо. Би ус цацсан хүн нь би байгаа юм гэж хэлсэн гэв.
Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгсэн нэг согтуу үл таних ах араас орилж бахираад хүн амьтан хараагаад нилээн согтуу байдалтай таксинуудын зогсож байсан эгнээгээр урагшаа гарч ирээд миний машины копутыг гараараа нэг удаа хүчтэй цохиод урдуур тойроод Б ахын машины копутыг мөн адил гараараа колутан дээр нь цохисон, тэгэхээр нь би уурлаад “яахлаараа зөв зүгээр байгаа машин дээр ирж цохидог юм” гээд загнасан чинь Б ах машинаасаа бууж ирээд нөгөө согтуу ахыг “та яахлаараа машины копут цохидог юм, таныг цагдаад өгнө” гээд мөнгө хураадаг авто замын пүүтэгний баруун урд талд очоод цагдаа руу дагуулаад явах гэсэн чинь нөгөө согтуу ах гуйвж дайваад өвдгөн дээрээ газар унасан. Үүний дараа Б ах шууд тэр газар нь согтуу ахыг үлдээгээд өөрийнхөө машинд ирээд сууж байтал нөгөө согтуу ах араас нь ирээд Б ахын машины копутыг дахиад гараараа цохих гээд далайгаад ирсэн чинь Б ах машинаасаа буугаад машиныхаа урд очиж зогсоод “та яах гээд байгаа юм, цаашаа яв” гээд хөөгөөд байсан, яг энэ үед миний машинд бага насны хүүхэдтэй хүн суух гэхээр нь машин дотроосоо арагшаа эргээд хаалгаа нээгээд зорчигчоо суулгаад урагшаа хартал нөгөө согтуу ах мөнгө хураадаг пүүтэгний урд талын засмал зам дээр ухаангүй байдалтай дээшээ хараад уначихсан, хажуунаас нь Б ах чирээд замаас гаргаж байсан...” гэжээ. /хх-ийн 30-31 хуудас/
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 16-17 цагийн орчимд өөрийн 90-41 ДГО улсын дугаартай Хонда Сивик маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байгаад төв талбайн зогсоолын очерт орж зогссон, гэтэл манай дүүгийн найзын аав нь /нэрийг нь мэдэхгүй, танихгүй/ нилээн согтсон байдалтай улс хооронд явдаг жолооч нарын дунд юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй, хүмүүс рүү орилж чарлаад ганцаараа явж байсан. ...Тэгээд би гар утсаараа оролдоод 4-5 минут орчим болоод урд салхины шилээрээ дэлгүүрийн үүдрүү харахад нөгөө согтуу ах миний өөдөөс харсан чиглэлтэй байж байгаад чанх арагшаагаа цементэн зам дээр ар дагзаараа хүчтэй савж унасан. Тухайн үед урд талд нь Б гэгч таксины жолооч ах машиныхаа урд талд зогсож байсан бөгөөд нөгөө газар унасан ахыг замаас чирч гаргаад мөнгө хураадаг пүүний үүдэнд дөхүүлж тавьсан...” гэжээ. /хх-ийн 34-35, 186, 201-202 хуудас/
Хувцас эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 03-06/
Шинжилгээнд цусны дээж авсан тухай тэмдэглэл / хх-ийн 13/
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-20/
Шүүх сэтгэц гэм судлалын 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 40 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Амь хохирогч С.Т-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр гавал ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, орой, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи харвалт. Баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал хуйхны дотор гадаргууд дахь дух, зулай, оройн баруун хэсгийн цус хуралт баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, орой, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт. Баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, гавал ясны шугаман хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, Хуйхны дотор гадаргууд дахь дух, зулай, оройн баруун хэсгийн цус хуралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл нь 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.
3. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтан, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтан нар нь амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг стандарт дагуу хийж амь насыг аврах зорилгоор яаралтай мэс засал эмчилгээг хийсэн боловч амь насыг аврах боломжгүй байсан байна.
4. Амь хохирогч С.Т нь хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, орой, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт. Баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал гэмтлүүдийг аваад ухамсарт үйлдэл хийх боломжгүй байсан ба уг гэмтлүүд нь үхэлд хүргэсэн гэмтэл байна.
5. Амь хохирогч С.Т нь гавал ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, орой, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт. Баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал. Хуйхны дотор гадаргууд дахь дух, зулай, оройн баруун хэсгийн цус хуралт гэмтлүүдийг аваад нас барсан байна.
6. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
7. Амь хохирогч нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.
8. Амь хохирогч С.Т нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна.
9. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр толгойн баруун хэсэгт хагас дугуй хэлбэртэй оёдол тавьсан шархтай. Гавлын ясанд цонх үүсгэсэн байдалтай, хатуу хальсанд хагас дугуй хэлбэрийн оёдол тавигдсан байдалтай байсан ба энэ нь амь хохирогчийн амь насыг аврах зорилгоор мэс ажилбарын явцад мэс заслын аргаар үүсгэгдсэн байна гэжээ. /хх-ийн 57-59/
2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5592 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Амь хохирогч С.Т-н үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-69 хуудас/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 хуудас/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгчийн хаяг, ам бүлийг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 120 хуудас/
46-49 ДГА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн129 хуудас/
Хохирогчийн төлөөлөгч Б.Ц-н гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 140-173, 182-185 хуудас/
Хохирогч Б.Ц-н хохирол төлбөр нэхэмжилсэн хүсэлт, банкны зээлийн хуулга /хх-ийн 237-241 хуудас/
2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 09 дугаартай дүгнэлт /хх-ийн 247 хуудас/
Хаан банкны мөнгө шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 248 хуудас/
2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 01-02 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д овогт Д.Б нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах төв талбай дээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхдаа хохирогч С.Т-г согтуугаар машины копутыг гараар цохилоо гэж маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагаасны улмаас хатуу хальсан доорх цусан хураа,тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, орой, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулсаны улмаас амь насыг нь хохироожээ.
Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Б-г хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, гэрч Д. Г, Ж.О, Б.Г, Б, М.Д,Ч.Б нарын мэдүүлгүүд болон хувцас эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-20/, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 40 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, хүний амь насыг хохироосон, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулийн өмнөх үйлдэл болох нь тогтоогдож байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д хорих ялын доод хэмжээг 10-аас дээш жилийн хугацаагаар тогтоосон бол шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д хорих ялын доод хэмжээг 8 жилийн хугацаагаар тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х “шүүгдэгч Д.Б нь хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна. Прокурорын газраас яллаж байгаа нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцэв.
Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Д. Г “тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор очиж мөнгө хурааж байсан хоёр хүнээс асууж тодруулсан.Тухайн үед юу болсон талаар асуухад согтуу хүн явж байгаад арагшаагаа саваад уначихлаа гэж хэлсэн. Тэгээд мөнгө хурааж авсан хоёр хүнээс яагаад хэлээгүй юм бэ? гэж хэлэхэд Б жолооч битгий хэлээрэй гэж хэлсний дагуу хэлээгүй юм аа гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Ж.О өгсөн “Б-н эхний цохилтоор дөрвөн хөллөөд унаж байсныг пост дотроосоо харсан. Тэр хүн цаанаас аймаар согтуу гарч ирээд орилоод машины копутыг цохиж байсан. Б машинаасаа гарч ирээд түлхэхэд манай постны тэнд унасан юм. Би Б битгий хэлээрэй гэж хэлсэн гэж хэлээгүй. Би мөнгөө цэгцлээд Булган руу орох гэтэл ард түс гээд унахад хажуу талд нь Б зогсож байсан. Эхний түлхэлтийг харсан, сүүлийн түлхэлтийг яг түлхсэн талаар мэдэхгүй, хараагүй” гэх мэдүүлэг, гэрч Б.Г-н өгсөн “би тухайн үед юу болсон талаар хараагүй, би тэр үед хоёр гурван машинаас мөнгө хурааж явсаар байгаад Хас банкны тэнд очсон байсан. Тэгээд цаанаас ирж байгаа машин нь эхэлж гардаг тул цаанаас нь эхэлж мөнгө хураадаг юм. Хураагаад байж байтал УАЗ-469 машин тормослосон гэтэл юу болсон гээд хартал тэр хүн яг тэндээ унаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б-н өгсөн “Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг дээр байхад танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн. Надтай уулзаад согтуу миний машины урд копут дээр цохихоор нь түлхсэн чинь ухаан алдаж ойчсон гэж хэлсэн. Тэр нь энэ хүн Б эхнэртэйгээ ирсэн байсан. Сайншанд сумын эмнэлэг дээр эхнэр Б нь ийм зүйл надад тохиолдож байсан юм гээд 800,000 төгрөгийг өгч байсан. Тэгээд эмийн бичиг бариад зогсож байтал эм тариаг чинь авч өгье гээд бичгийг авсан. Тухайн үед ингээд яваад байсан болохоор буруугаа ойлгоод явж байна даа гэж ойлгосон. Тухайн үед намайг түлхсэнээс боллоо. Би ус цацсан хүн нь би байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Ж.О,Б.Г нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-20/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байгаа бөгөөд шүүгдэгч Д.Б-н хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б нь хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрт 9458121 /есөн сая дөрвөн зуун тавин найман мянга нэг зуун хорин нэг/ төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул уг төлбөрийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хуульд зааснаар гаргах үндэслэлгүй, шууд бус зардлууд болох өмгөөллийн хөлс, зардал 4160000 / дөрвөн сая нэг зуун жаран мянган/ төгрөг, зээлийн үлдэгдэл 3189750 / гурван сая нэг зуун наян есөн мянга долоон зуун тавин/ төгрөг, шүүгдэгчийн төлсөн 860000 /найман зуун жаран мяанган/ төгрөг нийт 8209750 /найман сая хоёр зуун есөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг тус тус хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоногггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь хохирогчийн оршуулгын зардлыг төлөхөө илэрхийлсэн тул түүний эзэмшлийн Тоёото Приус-20 маркийн, 46-49 ДГА улсын дугаартай, саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 11 сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Д.Б-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч нь согтуугаар шүүгдэгчийн машины копутыг гараараа цохисон зүй бус үйлдлээс үүдэлтэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн зан байдал, хэргийн нөхцөл байдал зэргүүдийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б-г 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 8 /найман/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-с хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрт 9458121 /есөн сая дөрвөн зуун тавин найман мянга нэг зуун хорин нэг/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 8209750 /найман сая хоёр зуун есөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгө болох 46-49 ДГА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн, саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 11 сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Д.Б-д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б
ШҮҮГЧИД А.Ц
Д.Ц