Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/609

 

 

 



 

    2024             5              24                                         2024/ДШМ/609

 

Х.Год холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар,

шүүгдэгч Х.Гын өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/239 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Гын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Год холбогдох эрүүгийн 2303 00077 0103 дугаар хэргийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 08 цагийн орчимд Альпард маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Аг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Х.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Год оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг Х.Год сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Гоос хохиролд 3,471,677 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 454,800 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Гын өмгөөлөгч Д.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу доорх гомдлыг гаргаж байна. X.Г нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг, Сурын талбайн урд замд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 08 цаг 00 минутын орчим Альпард маркийн ...улсын дугаартай авто машин жолоодон явахдаа явган зорчигч Ч.Аг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.

Осол болох цаг хугацаанд X.Г нь туслах замаас гол зам руу нэвтэрч, баруун гар тийш эргэх үйлдлийг Замын хөдөлгөөний дүрмийн дагуу хийсэн байхад 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 255 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар “Альпард маркийн ...улсын дугаартай авто машины жолооч Х.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэснийг үндэслэн Х.Гыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж шүүхээс гэм буруутайд тооцсон.

Тухайн осол болсон замд явган хүний гарц байсан байхад явган хүний гарцаар гараагүй хохирогчийн буруутай үйлдлээс уг осол гарах болсон шалтгаан нөхцөл бүрдсэн байхад Х.Гын үйлдэл осол гарахад нөлөөлснөөр үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т явган зорчигчид хориглосон үйлдлийг гарцгүй газраас зам хөндлөн гарч осол гарах шалтгаан нөхцөлийг эхлэн бүрдүүлсэн болох нь ослын газрын зураг, хохирогчийн мэдүүлэг, Х.Гын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр нотлогдож байхад X.Гын үйлдлээс осол гарах шалтгаан болсон гэж магадалгаанд буруу дүгнэсэн нь Х.Гын эрх зүйн байдлыг дордуулах гол үндэслэл болсон.

Мөн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт: “”Асфальтан, шулуун тэгш, халтиргаатай, цаг агаар тогтуун, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, явган хүний замтай, явган хүний гарцтай, хашлагатай, хайсгүй, 4 эгнээ зам байв” гэж тэмдэглэгдсэн. Уг тэмдэглэлийн үзэгдэх орчин чөлөөтэй гэж тэмдэглэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, осол болсон газар буюу Х.Гын гол зам руу нэвтэрч байгаа туслах замын баруун гар талд үзэгдэх орчинг хязгаарласан өндөр хашаа байсан байхад үзэгдэх орчин чөлөөтэй гэж тэмдэглэсэн байна. Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.2.42 “Үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөл” гэж байгалийн тогтоц, газрын тэгш бус байдал, замын нугачаа, инженерийн болон ногоон байгууламж, барилга, объект, түүнчлэн тээврийн хэрэгсэлд замын дагуух үзэгдэх орчин байдлыг хэлнэ” гэж заасан нь тухайн хашаа нь үзэгдэх орчинг хязгаарласан объектод хамаарахаар байсан байхад уг тэмдэглэлд орхигдуулж буруу тэмдэглэсэн.

Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчлан заасан. Үүнд, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг хуульчилсан. Хэрэгт шалгагдаж байгаа хүний гэм буруу үгүйсгэгдэх, цаашлаад гэм буруу, ял шийтгэлийн асуудалд шууд нөлөөлөх хүчин зүйл юм. Тийм ч учраас хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан зааж өгсөн ч уг хэргийн хувьд дан ганц мөрдөгчийн магадалгаанд үндэслэж байгаа нь хэргийн бодит байдлыг тогтооход учир дутагдалтай байхад уг баримтад тулгуурлан гэм буруутайд тооцсон.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол уруулсан бол...” гэж заасан бөгөөд X.Г нь туслах замаас гол зам руу баруун гар тийш эргэж хөдөлгөөний чиг өөрчлөхдөө Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй, харин мөрдөгчийн магадлагаагаар буруутгаад байгаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн нь А/Тухайн авто машин түр буюу удаан зогсолт хийгээд хөдөлгөөнд оролцох тохиолдолд зам орчны байдлыг биеэр шалгах нөхцөл үүсдэг. Харин Х.Гын хувьд түр ба удаан зогсолт хийгээгүй нь орчныг биеэр шалгах үүрэг үүсэхгүй. Б/тухайн зам дээр баруун эргэх үйлдэл хийхэд явган хүний гарц болон тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан нь уг замаар явган зорчигч гарч явааг ухамсарлах боломжгүй, нөгөө талаас баруун гар талд үзэгдэх орчин хязгаарласан хашаа байсан нь явган зорчигчийг харах боломжгүй байдлыг бий болгосон. В/Х.Гын баруун эргэх үйлдэл хийсний улмаас хохирогч тэмдэг тэмдэглээгүй, хориглосон газраар зам хөндлөн гарсан нь шалтгаант холбоо байхгүй зэрэг нь миний үйлүүлэгчийн хийсэн үйлдлийг буруутгах заалт биш байна. Харин Х.Г нь хохирогчид гэм буруугүйгээр хохирол учруулсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй”, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлыг улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж хуульчлан заасан нь Х.Гын үйлдэлд хамаарахаар байсан тул хэргийг цагаатгах саналтай оролцсон боловч уг шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн санал дүгнэлтийг хэрхэн яаж үгүйсгэсэн талаар бичээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасныг зөрчсөн. Мөн хавтаст хэрэгт 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр шинжээч А.Энхболд, Р.Мөнхбаяр, Б.Ербулан нарын дүгнэлт авагдсан бөгөөд уг дүгнэлтэнд “Жолооч Х.Гыг Замын Хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна” гэсэн үндэслэл бүхий дүгнэлт гарсан байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй нь яллагдагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн.

Иймд Х.Год холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй”, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлыг улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” заасныг үндэслэн хэргийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Хохирогч Ч.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу томилогдсон шинжээч нар нь шаардлага хангаагүй. Гаргасан дүгнэлт нь хүртэл хууль тогтоомжид заагаагүй заалтыг бичсэн байсан. Шүүгдэгч буруугүй, хохирогч буруутай гэх дүгнэлтийг гаргасан. Үүнтэй санал нийлэхгүй байна.” гэв.  

Хохирогч Ч.Агийн өмгөөлөгч Д.Дарханбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Х.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагийн орчимд Альпард маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа чиг өөрчлөхдөө Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн. Үүний улмаас явган зорчигч Ч.Аг мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч Х.Г нь чиг өөрчлөхдөө аюул осол үүсгэхгүй байх нөхцлийг хангаагүй болох нь тогтоогдсон. Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилт, бүдүүвч зураг зэргээр тухайн өдөр үзэгдэх орчин чөлөөтэй байсан нь тогтоогдсон. Урьд нь давж заалдах шатны шүүхээс шинжээч томилох шаардлагатай гээд хэргийг буцаасан. Анхан шатны шүүхээс дахин шинжээч томилсон. Гэвч шинжээчээр томилогдсон Энхболд, Мөнхбаяр нар нь Шүүх шинжилгээний тухай хууль болон Эрүүгүийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж шинжээчийн дүгнэлт гаргасан. Жишээ нь, шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг хэтрүүлсэн, шинжээчийн эрх, үүргээ зөрчсөн зүйл байсан. Иймд дүгнэлтийг үнэлэх боломжгүй гээд анхан шатны шүүх дүгнэсэн. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Х.Г нь хохирогчид гэм буруугүйгээр хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирогч Ч.Агийн явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан үйлдэл нь зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна.” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/ ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно” гэж заасан. Үүний дагуу 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 267 дугаартай Хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар мэдээллийн сан үүсгэх, мэдээллийн санг нийтэд танилцуулах, иргэн зөвшөөрөл авахад Шүүхийн шинжилгээний төв байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна гээд заасан байгаа. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч нар нь уг тусгай сургалтад хамрагдаагүй хүмүүс байдаг. Мөн хавтас хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газраас ирүүлсэн албан тоотод “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан иргэн одоогоор байхгүй болно” гэсэн байдаг. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтүүд нь тусгай зөвшөөрөл аваагүй иргэд гаргасан учраас шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй. Иймд мөрдөгчийн магадлагааг үндэслээд прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Х.Год холбогдох хэргийг тус давж заалдах шатны шүүх 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж, 918 дугаартай магадлалаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Ингэхдээ, “Зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд томилогдсон шинжээч нь зохих тусгай мэдлэг, туршлагыг эзэмшсэн, гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны нотлох баримтад тулгуурласан, тавигдсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадсан эсэхээс хамаарч тухайн дүгнэлтийн нотолгооны ач холбогдол тодорхойлогдоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно” гэж,

мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж тус тус заажээ.

Мөрдөгчийн магадлагааг яллагдагч, түүний өмгөөлөгчөөс үл зөвшөөрч шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, зөвхөн мөрдөгчийн магадлагааг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлд хамаарч байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд чиглэсэн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим, шаардлагад нийцсэн байх учиртай бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг дүгнэхгүй орхигдуулнсаас гадна хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг дээрх байдлаар зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв” гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1815 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, шинжээч нарын дүгнэлтийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны дотор гаргаж ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч уг дүгнэлт 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр буюу хугацаанаас 2 сарын дараа шүүхэд иржээ.

Анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Х.Год холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 202408/01 дугаартай тус шинжээчийн дүгнэлтийг шүүгчийн захирамжид заасан хугацаа хэтрүүлсэн, хэтрүүлсэн шалтгаанаа албан бичгээр ирүүлээгүй, шинжээчийн дүгнэлт гаргах хуульд заасан шаардлага хангасан эсэхийг тогтоох боломжгүй байх тул нотлох баримтын хүрээнд үнэлээгүй” гэсэн дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн өмнөх магадлалд заасан ажиллагааг хуульд нийцүүлэн хийж, хуульд заасан шаардлага хангасан шинжээчийн дүгнэлт гаргасны дараа тухайн нотлох баримтыг үнэлэх эсэх асуудлаа хууль зүйн шалгуурын хүрээнд дүгнэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн бол” шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор заасан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заасныг зөрчиж гарсан байна.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулгыг хүлээн авч шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Х.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/239 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Х.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР