| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
| Хэргийн индекс | 119/2025/0031/з |
| Дугаар | 119/ШШ2025/0049 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 119/ШШ2025/0049
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “**” ХХК /захирал **/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга /**/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/639 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК-аас “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/639 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
2. Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/698 дугаар захирамжаар “**” ХХК-д Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг, ** шатахуун түгээх станцын зүүн талд 1.8 га газар эзэмшүүлж, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 00185 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.
3. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Ковид буюу цар тахлын улмаас манай компаний ашиг орлого муудаж үйл ажиллагаа нь доголдсон бөгөөд 2023, 2024, 2025 оны газрын төлбөрийг төлж чадаагүй байсан ба энэ талаар 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/2250 дугаартай манай компанид хаягласан Орхон аймгийн Засаг даргын мэдэгдлийг хүлээн авч, 2023-2025 оныг хүртэлх газрын төлбөр 16202700 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу Орхон аймгийн Засаг даргын мэдэгдэлд заасан хугацаанд төлсөн байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна” гэж маргасан.
4. Орхон аймгийн Засаг дарга “**” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/639 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамж гаргасан байна.
5. Нэхэмжлэгч “**” ХХК нь 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянаад захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
-Манай компани нь Орхон аймгийн Баян-Өндөр сум ** баг, “**” ХХК-ийн зүүн талд байршилтай 1.8 га газрыг Орхон аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 2015 оноос хашаажуулж, өндөр хүчдлийн шугам татаж, тог цахилгаантай болгож, камерын хяналттай болгосон. Улмаар тухайн газрыг арчилж хамгаалан хүнд машин механизмаар иргэдэд тээврийн үйлчилгээ эрхэлдэг жолооч нарт зогсоолын үйлчилгээ үзүүлж үйл ажиллагааг хариуцаж, хог хаягдал зэргийг нь цэвэрлэн 3 ээлжийн манаач ажиллуулан цалинжуулж байсан.
-Улмаар Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/698 тоот захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сум ** баг, “**” ХХК-ийн зүүн талд байршилтай 1.8 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар манай компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
-Энэхүү захирамжийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр №06101-2021/00185 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, ** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газрыг хууль ёсны дагуу эзэмшиж эхэлсэн.
-Тухайн газрыг хашаажуулж, 2 барилга барьсан байгаа бөгөөд өндөр хүчдэл татах зэргээр тухайн газарт нийт 200 000 000 /хоёр зуун сая/ орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа болно.
-Ковид буюу цар тахлын улмаас манай компанийн ашиг орлого муудаж үйл ажиллагаа нь доголдсон бөгөөд 2023, 2024, 2025 оны газрын төлбөрийг төлж чадаагүй байсан ба энэ талаар 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/2250 дугаартай манай компанид хаягласан Орхон аймгийн Засаг даргын “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “2023-2025 оны газрын төлбөр төлөөгүй байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох үндэслэл бүрдсэн” гэх агуулга бүхий тайлбар санал ирүүлэх шаардлага тавьсан.
-Үүний дагуу манай компани нь Орхон аймгийн Татварын хэлтсээс газрын төлбөрийн талаар тодруулахад 2023-2025 оныг хүртэлх газрын төлбөр нийт 16 202 700 /арван зургаан сая хоёр зуун хоёр мянга долоон зуу/ төгрөг байгаа гэсэн тул 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөрт буюу Засаг даргын мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөрийг бүхэлд нь төлсөн. Ингээд газрын төлбөр төлсөн баримтаа хавсарган Орхон аймгийн Засаг даргад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 99 дугаартай тайлбараа хүргүүлсэн. Манай компани нь Засаг даргад хүргүүлсэн тайлбартаа газрын төлбөрийн асуудлаарх зөрчлөө арилгасан талаар дурдаж улмаар цаашид ямар нэгэн зөрчил гаргахгүй байх тухайгаа тодорхой тусгасан.
-Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/639 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжаар аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/698 дутаартай захирамжийн 2 дугаар хэсэг, газар эзэмших эрхийн ** дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон байна.
-Энэхүү захирамжийг манай компани нь Орхон аймгийн шуудан холбооны газрын бичиг хүргэгчээс 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцсан болно. Засаг даргаас ирүүлсэн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 01/2250 дугаартай мэдэгдлийг манай компани нь Захиргааны Ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулж байгаа хэлбэр гэж ойлгосон бөгөөд улмаар мэдэгдэлд заасан зөрчлийг компани нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу гэрчилгээ хүчингүй болгосон захирамж гарахаас өмнө төлж улмаар цаашид зөрчил гаргахгүй талаар тайлбар хүргүүлсэн байтал сонсох ажиллагааныхаа үр дүнг анхаарч үзэлгүйгээр газар эзэмшүүлсэн шийдвэр, гэрчилгээ зэргийг хүчингүй болгож байгаа нь манай компанид хохиролтой байна.
-Орхон аймгийн Засаг даргын захирамж нь 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гарсан байхад манай компанид тухайн захирамжийг мэдэгдэхдээ захирамж гарснаас хойш 9 хоногийн дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн тул тухайн захирамжтай танилцсан буюу захирамж гарсаныг мэдсэн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан хугацааг тооцож нэхэмжлэл гаргаж байгаа болно.” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компанийн зүгээс тус шүүхэд хандаж Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 639 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Засаг даргын захирамж нь 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гарсан гэх огноотой, тухайн захирамжийг гарснаас хойш 9 хоногийн дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ирүүлэхэд уг захирамж гарсан болохыг мэдсэн. 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхэлж тухайн асуудлаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Орхон аймгийн Баян-Өндөр сум, ** багийн “**” компанийн зүүн талд байршилтай 1,8 га газрыг Орхон аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2015 оноос эхлэн хашаажуулж, өндөр хүчдэлийн шугам татаж тог цахилгаантай болгон, камерын хяналттай болгосон. Тухайн газрыг арчилж хамгаалж, хүнд машин механизмаар иргэдэд тээврийн үйлчилгээ эрхэлдэг жолооч нарт зогсоолын үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагааг хариуцаж, хог хаягдлыг цэвэрлэн 3 ээлжийн манаач ажиллуулан цалинжуулж байсан. Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/698 дугаартай захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, ** баг ** хувьцаат компанийн зүүн талд байршилтай 1,8 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар манай компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү захирамжийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, ** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдон, газрыг хууль ёсны дагуу эзэмшиж эхэлсэн. Тухайн газрыг хашаажуулж 2 барилга барьсан бөгөөд өндөр хүчдэлийн шугам татах зэргээр нийт 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Ковид буюу цар тахлын үед манай компанийн ашиг орлого муудаж, үйл ажиллагаа доголдсоны улмаас 2023-2025 оны газрын төлбөрийг төлж чадаагүй. 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1/2250 дугаартай манай компанид хаягласан Орхон аймгийн Засаг даргын “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр 2023-2025 оны газрын төлбөр төлөөгүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэх агуулга бүхий тайлбар санал ирүүлэх шаардлага тавьсан. Үүний дагуу Орхон аймгийн Татварын хэлтсээс тодруулахад 2023-2025 онд газрын төлбөрт нийт 16,202,700 төгрөг байна гэсэн тул 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Засаг даргын мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөрийг бүхэлд нь төлсөн. Энэ баримтаа 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 99 дугаартай албан бичиг, тайлбарын хамт хүргүүлсэн. Манай компани Орхон аймгийн Засаг даргад хүргүүлсэн тайлбартаа, газрын төлбөрийн зөрчлөө арилгасан талаар дурдаж, цаашид ямар нэгэн зөрчил гаргахгүй байх тухайгаа тодорхой илэрхийлсэн. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын зүгээс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А/639 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох” захирамжаар Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн өдрийн А/698 дугаартай захирамжийн 2 дахь хэсэг, ** дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон. Уг захирамжийг Шуудан холбооны газрын бичиг хүргэгчээс 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцсан. Засаг даргын зүгээс ирүүлсэн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 0/2250 дугаартай мэдэгдлийг манай компани Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулж байгаа хэлбэр гэж ойлгосон бөгөөд улмаар мэдэгдэлд заасан зөрчлийг компани нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу гэрчилгээ хүчингүй болгох захирамж гарахаас өмнө төлж, цаашид зөрчил гаргахгүй талаар тайлбар хүргүүлсэн байтал сонсох ажиллагааны үр дүнг харгалзан үзэлгүйгээр газар эзэмших шийдвэр, гэрчилгээ зэргийг хүчингүй болгож байгаа нь манай компанид хохиролтой байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар Засаг даргын зүгээс нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой захиргааны акт буюу захиргааны шийдвэр гаргаж байх үедээ нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бүрэн бодитой хийж тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн үнэн зөв бүрдүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд нөхцөл байдлыг тогтоох үүргийг захиргааны байгууллага уг хуулиар хүлээхээр заасан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гээд 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтууд цуглуулах, үнэлэх зэрэг захиргааны үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан. Захиргааны байгууллагаас тухайн мэдэгдэлд заасан гэрээний үүргийн зөрчил арилсан төдийгүй тухайн арилсан талаарх нотлох баримтыг өөрийн байгаа боломжит хэлбэрээр хүргүүлсэн. Энэхүү нотлох баримтыг хүргүүлсэн байхад тухайн нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнээгүй, шийдвэр гаргахдаа анхаараагүй гэж үзэж байна. Тухайн нотлох баримтыг шаардлага хангахгүй байна гэж үзэж үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бол энэ талаар тайлбар гаргагч буюу эрх нь зөрчигдөж болзошгүй нэхэмжлэгч компаниас тухайн нөхцөл байдлыг тодруулаагүй, ямар нэг лавлагаа, хүсэлт ирүүлээгүй. Үүргийн зөрчлийг хэзээ, хэрхэн үүссэн, тухайн нөхцөл байдал арилсан эсэхийг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэтгэн явуулаагүйгээс нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзэж байна. Үүнээс улбаалж нотлох баримт цуглуулж бүрдүүлэх үүрэг мөн хэрэгжээгүй байна. Захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар нотлох баримтыг цуглуулах боломжтой бүрэн эрхийг өгсөн. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах зэрэг ажиллагаа хийх, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулж авах, баримт бичиг гаргуулж авах бүрэн эрхийг Захиргааны ерөнхий хуульд зааснаар олгосон байхад тухайн нөхцөл байдлыг нотлох баримтуудыг бүрэн дүүрэн бүрдүүлж цуглуулаагүй байна. Дараагийн асуудал нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах оролцогчийг сонсохтой холбоотой хуулийн зохицуулалтыг захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргаж байх үедээ хариуцагчийн зүгээс анхаараагүй байна. Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/2250 дугаартай албан бичгээр сонсох ажиллагаа явуулж байна гэж ойлгосон. Сүүлд нь гаргаж байгаа энэ шийдвэрээс үзвэл тухайн ажиллагаа нь сонсох ажиллагаа биш, захиргааны акт гарчихсан байсныг ч юм уу, эсвэл гарч байгааг мэдэгдэж байгаа ажиллагаа байсан юм болов уу гэж үзэж байна. Сонсох ажиллагаа гэдэг нь мэдэгдэл илгээгээд түүнийхээ хүрээнд ирсэн, цугларсан нотлох баримт, ирсэн тайлбар зэрэгт үндэслээд захиргааны шийдвэр гаргах эсэхийг шийдвэрлэдэг. Хүчингүй болгож байгааг мэдэгдье гэсэн утга орсон байна. Хүчингүй болгох шийдвэр аль эрт гарчихсан мэтээр захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа явуулсан мэт нөхцөл байдалд хүргэсэн. “Сонсох ажиллагаа гэдэг нь захиргааны акт, захиргааны гэрээг батлахын өмнө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал ирүүлэх боломж олгох ажиллагааг хэлнэ” гэж Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасан. Бодит нөхцөл байдал дээр албан бичиг, мэдэгдэл ирсэн боловч тухайн мэдэгдлийн хүрээнд манай компаниас илгээсэн тайлбар баримтыг ямар нэгэн байдлаар үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан байгаа нь сонсох ажиллагаа биш захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа байсан юм болов уу гэж үзэхээр нөхцөл байдал харагдаж байна. Манай компанийн хувьд 2023-2025 оны газрын төлбөр төлөхтэй холбоотой асуудлаар захиргааны байгууллага, албан тушаалтан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Татварын хэлтсээс ямар нэг шаардлага, мэдэгдэл нэхэмжлэх ирж байгаагүй. Компанийн захирлын хувьд тех** тоног төхөөрөмжтэй ажиллах чадварын хувьд тааруухан хүн байдаг. Захиргааны байгууллага, албан тушаалтнаас газрын төлбөр төлөхтэй холбоотой ямар нэгэн шаардлага, мэдэгдэл, нэхэмжлэх ирээгүй байгаа үед тухайн компанийн зүгээс илт тодорхой газрыг эзэмшүүлэх гэрээний үүргээ зөрчсөн зөрчлийг гаргаагүй. 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тухайн асуудлаар албан мэдэгдэл ирэх үед төлбөрийн асуудал яригдаж байгаа юм байна. Энийг яаж хэрхэн төлөх вэ гэдэг асуудлаар тодруулсны үндсэн дээр тухайн нэхэмжлэхийн дагуу бүх төлбөрүүдийг төлсөн. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт өнөөдрийн байдлаар 0 төгрөг байна гэсэн байгаа. Газар эзэмшигчтэй байгуулсан гэрээтэй холбоотой ялимгүй зөрчил үүсгэсэн нь бид нарын буруу байна. Сонсох ажиллагааны мэдэгдэлд хариу өгөхдөө дахиж ийм зөрчил гаргахгүй байх тухай тодорхой дурдаж илэрхийлсэн. Захиргааны акт газар эзэмшүүлсэн шийдвэр болоод газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байна гэсэн ийм агуулгаар гарсан. Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны актыг гаргаж байх үедээ нөхцөл байдлыг бүрэн тогтоож, ямар утгатай шийдвэр гаргаж байгаагаа тодорхой заахаар хуульчилсан. Газар эзэмшүүлсэн анхны шийдвэрийг хүчингүй болгож байгаа нөхцөл байдлыг үзвэл эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг цуцлах гэсэн агуулгатай юм шиг харагдаж байгаа юм. Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгож байгаа нь анхнаасаа газар эзэмшүүлсэн нь буруу байна гэдэг ойлголт явж байна. Үүний цаана эрх гэсэн ойлголт яригдах ёстой. Газар эзэмших эрхийн тухай асуудал яригдаж байгаа. Гэтэл юунд чиглэж байгаа чиглэл нь ойлгомжгүйгээс болоод эерэг нөлөөлөл бүхий захиргааны хууль бус захиргааны актыг цуцалж байгаа мэт шийдвэр гаргаснаараа захиргааны байгууллагын шийдвэр тодорхой байх, ойлгомжтой байх шаардлагыг хангахгүй байна.
Газрын төлбөрийн хувьд захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс ийм төлбөрийг, ийм нэхэмжлэлийн дугаараар төлөх ёстой гэдэг мэдэгдэх ажиллагаа огт хийгдээгүй. Газрын төлбөртэй холбоотой асуудал дээр газрын төлбөр төлөх ямар нэгэн шаардлага ирж байгаагүй. Гэрээний үүрэг бол байгаа. Гэхдээ газрын төлбөрийн нэхэмжлэх тухайн цаг хугацаанд үүсээд үүний дагуу төлөх ёстой байна гэдэг мэдээлэл нэхэмжлэгч компанид ирээгүй учраас энэ нөхцөл байдлыг тухайн үед ойлгоогүй орхисон. Зөрчлийн асуудалд мэдэгдэл ирмэгц тухайн зөрчлийг шалгах үед нь төлбөр яаж төлөгдөх ямар нэхэмжлэхийн дугаар байх зэргийг хайж олоод төлсөн. Хугацаанд нь төлөөгүй гэдэг үүргийн тухайд гэрээний үүргийн зөрчлийн асуудал ярьж байн. Хугацаандаа төлөөгүй гэдэг нь үнэн. Гэхдээ 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэл ирмэгц төлсөн. Газрын төлбөрийн үүрэг төлөгдөөгүй, биелэгдээгүй байгаа нь тухайн газрын хувьд захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс тухайн төлбөрийг хэрхэн шаардаж байсан, шийдвэр гаргаж байх үед нь төлөгдчихсөн байгаа нөхцөл байдал нь ямар хамааралтай болохыг үнэлж дүгнэж шийдвэр гаргахдаа анхаарах ёстой байсан. Манай зүгээс газрын дуудлага худалдааны үнэ гэдэг мөнгөн төлбөрийн асуудал яригддаг. 2018 оны байдлаар тооцсон тооцооллын дагуу 360,000,000 төгрөг төлөх төлөх ёстой гэдэг төлбөрийн нэхэмжлэхийг тухайн үед үүсгэж байсан. Энэ нэхэмжлэх 2018 онд шийдвэр гаргаж эзэмшүүлсэн мэт боловч бодит нөхцөл байдал дээр хамтран ажиллах гэрээтэй байсан. 2018 оныхоор тооцож үзэхэд дуудлага худалдааны анхны үнэ 360,000,000 төгрөг байсан. Энийг компанийн зүгээс төлсөн. Манай компанийн хувьд тухайн эзэмшил газартаа багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэдийн хувьд эмх замбараагүй, хог новш нь овоорсон хогийн цэг болсон байдалтай байсан газрыг нөхөн сэргээж, хогийг нь ачиж цэвэрлэж их хэмжээний зардал гаргасан. Манайх өөрсдөө төмрийн худалдаа эрхлэх, үйл ажиллагаа явуулж ачаа тээврийн машинуудыг эмх цэгцтэй зогсоох, газрын чанар байдлыг дордуулахгүйн тулд хог хаягдлыг нь цэвэрлэх, тогтмол үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаатай ашиглаж ирсэн. Цаашдаа ч энэ байдлаар бид явах ийм боломжтой. Иймд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/639 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компанийн хувьд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр газар эзэмших эрх үүссэн. Маргаж байгаа захиргааны акт буюу 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл гэрээний дагуу үүрэг хэрэгжиж байсан гэж харж байна. 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэрээнд заасан үүргийн зөрчлөө арилгасан байсан. Гэрээ гэдэг бол 2 тал тодорхой эрх үүргүүдийг бий болгодог. Газар эзэмшигч болоод газар эзэмшүүлэгчид тодорхой эрх үүргүүдийг бий болгодог. Гэрээний дагуу бичигдсэн гэрчилгээгээр газар эзэмших эрх тодорхойлогддог. Гэрээ, гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд сонсох ажиллагаа буюу мэдэгдэл бичгээр ирүүлсэн үед компанийн зүгээс газрын төлбөр төлөх зөрчилтэй холбоотой үүргээ биелүүлээд арилгасан байхад 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А/639 дугаартай захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуульд заасан зөрчил арилсан байгаа нөхцөл байдлыг анхаарч үзэхгүй орхигдуулсан. Гэрээнд холбогдох заалтуудаар газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5%-ийн алданги тооцно гэсэн газрын төлбөртэй холбоотой үүргийг зохицуулсан зохицуулалтыг захиргааны байгууллагаас анхаарч үзсэнгүй. Засаг даргын энэ захирамж гарах болсон үндэслэлтэй холбоотой тайлбараа хүргүүлсэн. Хууль эрх зүйн хэлтсийн даргаас нотлох баримтууд нь шаардлага хангахгүй байна гэсэн агуулгатай хариу ирүүлж байсан. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлөхүйц хууль зүйн зохицуулалтыг анхаарч үзсэнгүй. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт захиргааны байгууллага өөрт байгаа болон байх ёстой мэдээлэл, нотлох баримтыг оролцогчоос шаардахгүй гэж заасан. Газрын эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа процесс нь Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Татварын хэлтэс гээд олон байгууллагуудаас нотлох баримт цуглуулж бүрдүүлээд авах боломжтой байтал ирүүлсэн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлийг заасан.
Газрын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулахаар хууль баталсан гол зорилго бол нөхцөл байдлыг зөв тогтоох асуудал байгаа юм. Шийдвэр гаргахаасаа өмнө нь хийгддэг ажиллагаа юм. Гэтэл газар эзэмших гэрээ, гэрчилгээ хүчинтэй, газар эзэмшигчийн үүрэг хүчинтэй байх хугацаанд газрын төлбөрийн зөрчлийг арилгаад төлсөн. Хариуцагч талаас маргаж байгаа үндэслэл нь сонсох ажиллагаа хийгдсэн боловч 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлж байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нөхцөлийг нотолчихсон буюу угаасаа л хугацаанд нь төлөөгүй байна гэдэг. Хэрэгт авагдсан газар эзэмшүүлэх гэрээний 4.6 дахь заалт ач холбогдол бүхий заалт байна. Уг заалтад төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй, үүргийн үнийн дүнгийн 0,5%-аар хэтэрсэн хоног тутамд алданги төлөхөөр тусгасан. Хариуцагчийн төлөөлөгчийн яриад байгаа төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэсэн. Гэтэл хугацаа хэтрүүлсэн боловч төлчихсөн нөхцөл байдалд алданги төлөх үүрэг магадгүй бий болсон байхаар харагддаг. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт гэрээний нөхцөл болзол, гэрээнд тавигдах шаардлагын асуудлуудыг тусгасан. Гэрээний алданги шаардах үр дагавар үүссэн болохоос биш Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал бүрдээгүй байсан байна. Нөхцөл байдлыг тогтоогоод газрын төлбөр төлөгдчихсөн байхад захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа зөрчил арилсан нөхцөл байдлыг анхаарч үзэхгүй юм бол сонсох ажиллагаа явуулахын үр дагавар байхгүй. Сонсох ажиллагаа явуулсан, би зөрчлөө арилгачихлаа, одоо гайгүй байх гэдэг итгэл үнэмшил, газар дээр оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харьцуулж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эсэхээ тухайн үед үндэслэл бүхий дүгнэж чадаагүй байна. 300 гаран сая төгрөгийн хөрөнгө газар дээрээ барьчихсан, газрын суурь үнээ төлчихсөн, зөрчлөө арилгасан байгааг харгалзан эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос илүү гэрээнд заасан хэтэрсэн хоног тутам алданги төлөх үүрэг бий болсон байж гэж харж байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой. Нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр огноолоод 22-ны өдөр шүүхэд гаргасан. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд дууссан уу, үгүй юу гэдгийг шүүх анхаарч үзэх шаардлагатай. Захирамж 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Нэхэмжлэгч 08 дугаар сарын 05-ны өдөр гарсан шийдвэрийг 08 дугаар сарын 14-ний өдөр мэдсэн. Энэ нөхцөл байдлаас харвал хөөн хэлэлцэх хугацаа буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Улсын дээд шүүхийн тодорхой зөвлөмжүүд байдаг. Шийдвэрийг мэдсэн буюу тухайн шийдвэртэй танилцаж мэдсэн өдрөөс нь тоолно гэсэн зохицуулалт байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нөхцөл байдал бол захиргаа шийдвэр гаргаж байх үед арилсан байсан. Харин гэрээнд заасан 0,5%-аар алданги төлөх үүрэг бий болчихсон байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
9. Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга ** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/698 дугаар захирамжаар Баян-Өндөр сум, ** баг, ** шатахуун түгээх станцын зүүн талд “**” ХХК-д 1.8 га газрыг эзэмшүүлж, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 00185 дугаартай гэрээг байгуулж, гэрчилгээ олгосон. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө" хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д газар эзэмших гэрээнд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг тусгана гэж заасан.
Нэгэнт хуулиар төлбөр төлөх болон хугацааг гэрээгээр зохицуулахаар заасан тул 2021 онд байгуулсан 00185 дугаар гэрээний 2.3 дахь хэсэгт “...газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийн дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх” гэж заасан. Мөн гэрээний 4.5 дахь хэсэгт “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд нь төлөх” гэж заасны дагуу уг үүргийг газар эзэмшигч хүлээсэн. Ийнхүү хууль болон гэрээнд заасан газрын төлбөр төлөх өөрийн хүлээсэн үүргээ нэхэмжпэгч “**” ХХК нь хугацаандаа биелүүлээгүй 2023-2025 оны газрын төлбөрийг огт төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасны дагуу газар эзэмшигч нь “Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргийг хүлээсэн. Хэдийгээр нэхэмжлэгч 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр газрын төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч хуульд заасан хугацаандаа төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй. Ийнхүү үүргээ биелүүлээгүй бол хуулийн 40.1.5-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг хуульчилсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2018 оны А/698 дугаар захирамжаар нэхэмжлэгч талд 1,8 га газрыг эзэмшүүлж 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 00185 дугаартай гэрээг шинэчлэн байгуулсан. Цахим систем шинэчилсэнтэй холбоотой ийм дугаартай гэрээ байгуулагдсан. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөрийг төлнө” гээд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д “газар эзэмших гэрээнд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг тусгана” гэж заасан. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 00185 дугаартай гэрээний 2.3 дахь хэсэгт “газрын төлбөр төлөгч нь жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан, улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлнө” гэж заасан. Улирал бүрийн дараа сарын 20-ны өдрийн дотор гэдэг нь 4 сарын 20-ны өдөр, 10 сарын 20-ны өдөр гэх мэт төлөөд явах ёстой байсан. Гэрээний 4.5 дахь хэсэгт талуудын хооронд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 4.5 дахь хэсэгт газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд төлнө. Тэгэхээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн яриад байгаа Ковидын үе, компанийн санхүүгийн чадавх, газраа ашиглахгүй байсан нөхцөл байдал зэрэг нь хамаарахгүй. Газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран төлбөрөө хугацаандаа төлөөд явах үүрэгтэй байсан. Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч компани хугацаандаа биелүүлээгүй. 2023-2025 оны газрын төлбөрийг төлөөгүй нөхцөл байдлууд тогтоогдсон. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт “газар эзэмшигч газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд нь төлнө” гэж заасан. Хуульд заасан хугацаа гэдэг нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаагаар тодорхойлно гэсэн байдаг. Гэрээнд заасан хугацаа нь улирал бүрийн дараа сарын 20-ны өдөр гэж байгаа. Хэдийгээр нэхэмжлэгч талаас 07 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр төлбөрөө төлсөн гэрээний үүргийн зөрчлийг арилгасан гэдэг асуудал яриад тайлбарлаад байгаа боловч үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол гэдэг хуулийн зохицуулалттай. Хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэдэг хуулийн зохицуулалт нь хугацаандаа бүрэн төлчих гэдэг зохицуулалт явж байгаа болохоос хугацааг нь хэтрүүлээд та нар зөрчлөө арилгаснаараа хууль тогтоомж, гэрээнд заасан зөрчлөө арилгасан гэж үзэх үндэслэл болохгүй. Нөхцөл байдал маш тодорхой байдаг. 2023-2025 оны төлбөр төлж барагдаагүй байсан. Нэхэмжлэгч компани 07 дугаар сарын 9-ний өдрийн 99 дугаартай аймгийн Засаг даргад хаягласан бичгээрээ цаашид газрын төлбөрийн үлдэгдэлгүй буюу ямар нэгэн үүргийн зөрчил гаргахгүй болохоо илэрхийлье гэдэг. Хугацаандаа төлбөрөө төлөөгүй гэдгээ албан бичгээр хүлээн зөвшөөрсөн. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт гэж байдаг. Газрын төлбөр төлөгдсөн, төлөгдөөгүй гэдэг асуудал тооцоо нийлсэн актаар явагдана. 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч компаниас ирүүлсэн хавсралт нотлох баримт 10 хуудас гэсэн зүйл дээр тодорхой тамга тэмдэггүй, албан ёсны бус, хэн хаанаас хийсэн нь мэдэгдэхгүй мобайл банкаар хийсэн төлбөрийн баримтууд байдаг. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 00185 дугаартай гэрээний газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт дээр нэхэмжлэгч компани 2022 онд 5,400,900 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 2024 онд мөн адил 5,400,900 төгрөгийн үлдэгдэлтэй. Төлбөрийн үлдэгдлүүдтэй яваад байсан нөхцөл байдал нь бодитой тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт газар эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж хуульчилсан тул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/639 дугаартай шийдвэр холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явагдсан байна. Тайлбар мэдэгдлээ нэхэмжлэгч компаниас ирүүлсэн байна. Хэдийгээр 07 дугаар сарын 09-ний өдөр газрын төлбөрөө төлчихлөө, зөрчлөө арилгасан гэдэг боловч хуульд заасан хугацаанд нь төлөөгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор газрын суурь үнэлгээг буюу Орхон аймагт нэг га газрын суурь үнэлгээ 400 сая төгрөг байдаг. Нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрын хэмжээ 1,8 га газар байна. 1,8 га газрын суурь үнэлгээг бодож үзвэл 720 сая төгрөг болно. Нотлох баримт шинжлэн судлах явцад нэхэмжлэгч “**” компаниас ирүүлж байсан хүсэлтийг уншсан. 2018 онд 50 сая төгрөг төллөө, 2024 онд үлдэгдэл 310,000,000 төгрөгөө төлж барагдуулна гэсэн байна. 08 дугаар сарын 11-ний өдөр 310,000,000 төгрөг төлөгдсөн баримт дурдагдлаа. Маргаан бүхий захиргааны акт 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Эдгээр нөхцөл байдлуудаас үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан буюу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нөхцөл байдал өнөөдрийг хүртэл арилаагүй байна. Нэхэмжлэгч тал хэдийгээр 360,000,000 сая төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор 720,000,000 төгрөг төлөх ёстой байжээ. Аймгийн Засаг даргын маргаан бүхий захиргааны актын 3 дахь заалтыг уншуулсан. Талуудын хооронд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 3.7 дахь заалтыг судлуулсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан. Аймгийн Засаг даргын шийдвэр 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Энэ өдрөөс хойш ажлын 10 хоногийг тоолоод үзэх юм бол нэхэмжлэгч 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлээ гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэлийн огноо 08 дугаар сарын 20-ны өдрийн 100 дугаартай байна. Шүүхэд хүлээж авсан огноо 08 дугаар сарын 22-ны өдөр байна. Захирамжийн 3 дахь заалт, талуудын хооронд байгуулсан газрын гэрээ, Газрын тухай хуульд заасан шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэдэг хуульд заасан шаардлагыг даруй хугацаа хэтрүүлжээ. Үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт маш тодорхой заасан. Хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргана гэж зохицуулсан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногт гомдлоо гаргах, хуульд өөрөөр заасан бол тэр заасан хугацааг нь баримтална гэж заасан. Газрын тухай хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад эзэмшүүлсэн, ашиглуулсантай холбоотой мөн түүнтэй холбогдон гарах бусад харилцааг зохицуулахаар зохицуулсан. Газрын тухай хуулийн 2 дахь зүйлд энэ хууль Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ гэж заасан. Газартай холбоотой маргааныг нарийвчлан зохицуулсан буюу тухайн харилцааг зохицуулсан салбарын хууль тогтоомждоо шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1, 14.3-д заасан хугацааг хэтрүүлсэн бол мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт энэ хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Шүүх хуралдаан эхэлснээс дуусах хүртэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон төлөөлөгч нараас төлбөрийг төлөөд зөрчил арилсан гэж яриад байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Сүүлд төлсөн 310,000,000 төгрөгийг шийдвэр гарсны дараа төлсөн байна. Засгийн газрын тогтоолоор өнөөдрийг хүртэл ахиад 300,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгаа юм байна. Нэхэмжлэлийн шаардлага болох маргаан бүхий захиргааны акт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан хуулийн хугацаанд төлбөр төлөөгүй гэдэг үндэслэл бүрдэж байгаа тул хууль тогтоомж зөрчөөгүй шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/639 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/639 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамж нь 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гарсан бөгөөд нэхэмжлэгч нь 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргав.
3. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.” 43.3-т “Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” гэж тус тус зааснаар захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ хаялагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд гардуулах, хүргүүлэх, мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ийнхүү гардуулах, мэдэгдэх, хүргүүлэх ажиллагааг хийхгүйгээр захиргааны акт гарсан өдрийг хаялагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд мэдэх боломжгүй.
4. Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/639 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хаяглан Монгол шууданд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөнийг “**” ХХК нь 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авчээ.
5. Иймд захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хуульд зааснаар мэдэгдсэнд тооцох тул 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
6. Шүүх Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/639 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлж, нөхцөл байдлыг тодруулах үүргийг хүлээх нь тухайн маргааныг шийдвэрлэхэд илүү үр дүнтэй бөгөөд ач холбогдолтой гэж дүгнэв.
6.1. “**” ХХК нь Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/698 дугаартай “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгож, газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “Төрийн байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр өөрийн хөрөнгөөр тухайн газарт хөрөнгө оруулалт хийж тохижуулсан “**” ХХК-д ** багийн нутаг, “**” ХХК-ийн зүүн талд байрлах 1.8 га газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх”-ээр шийдвэрлэсэн.
6.2. Уг эзэмших эрх бүхий газраа 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргаж, ** дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г авч, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулжээ.
6.3. Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/2250 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...гэрээний биелэлтийг тайлагнаагүй, ...газрын төлбөрийг...хугацаанд нь төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй буюу 2022-2025 оны газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, ...иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...” гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг үүгээр мэдэгдье. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу тайлбар, саналаа 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор ирүүлнэ үү” гэсэн мэдэгдэл хүргүүлсэн.
6.4. “**” ХХК нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 99 дугаартай “Тайлбар, баримт хүргүүлэх тухай” албан бичгээр газрын төлбөр төлсөн талаар мэдэгдэж, төлбөр төлсөн баримтаа хүргүүлжээ.
6.5. “**” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох аймгийн Засаг даргын захирамжийн төслийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр боловсруулж, холбогдох албан тушаалтнаас санал авч, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А/639 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг гаргасан.
6.6. Нэхэмжлэлийн зүйл болох захиргааны акт буюу Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А/639 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамж хууль ёсны эсэхийг шалгахын тулд захиргааны актад тавигдах эрх зүйн формаль болон материаллаг шаардлагыг хангаж буй эсэхийг шалгах нь зүйтэй.
6.7. Формаль эрх зүйн шаардлагын хувьд захиргааны байгууллага захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байна.
6.8. Тодруулбал, Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/2250 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч уг мэдэгдлийн агуулгаас дүгнэвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн. Мөн “**” ХХК-аас тайлбар, санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч **” ХХК нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 99 дугаартай “Тайлбар, баримт хүргүүлэх тухай” албан бичгээр газрын төлбөр төлсөн талаар мэдэгдэж, төлбөр төлсөн баримтаа хүргүүлсэнтэй холбоотой оролцогчийн санал, тайлбарыг сонсох, уулзалт зохион байгуулах, уг санал, тайлбарыг шийдвэр гаргах ажиллагаанд үнэлэх зэрэг шийдвэр гаргах ажиллагааны бодит нөхцөлтэй холбоотой ажиллагааг хийгээгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргажээ.
6.9. Иймд захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.”гэж заасан ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээр шийдвэр гаргасан нь шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй гэж дүгнэв.
6.10. Материаллаг эрх зүйн шаардлагын хувьд “**” ХХК нь 2023-2025 оны газрын төлбөрөө төлөөгүй нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж зааснаар газар эзэмшигч, ашиглагч нь газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй зөрчлийг гаргасан нь тогтоогдсон.
6.11. Газар эзэмшигч “**” ХХК нь 2023-2025 оны газрын төлбөрөө хууль болон гэрээнд заасан хугацаанд төлөөгүй зөрчил гаргасан бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нөхөн төлсөн. Энэхүү зөрчилд захиргааны байгууллагаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ зэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
6.12. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ.”, 10 дугаар зүйлийн 3-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ” гэж зааснаар газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага буюу тухайн шатны газрын алба нь газрын төлбөрийг ногдуулах, газрын төлбөрийн жилийн тайланг татварын албанд тушааж, газрын төлбөрийн ногдуулалтын эцсийн тооцоог хийх, татварын алба нь газрын төлбөрийн ногдуулалтын мэдээллийг газар эзэмшигч, ашиглагчид мэдэгдэх зэрэг үүргийг хүлээхээр заажээ.
6.13. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь газар эзэмшигч газраа хэрхэн эзэмшиж, ашиглаж байгаа, газрын төлбөрийн ногдуулалт, эцсийн тооцоог Татварын албатай хийх, газрын төлбөр төлөх үүргээ газар эзэмшигч биелүүлж байгаа байдлыг улирал, жилээр хянах, гэрээний үүргийн биелэлтийг шаардах, хянах үүргийг хэрэгжүүлэх нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх;” гэж заасан зарчимтай нийцэхээр байна.
6.14. Гэтэл газар эзэшигчийн хувьд хуульд заасан газрын төлбөрөө хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй, захиргааны байгууллага газарт төрийн хяналт, хамгаалалт хэрэгжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна гэж дүгнэв. Тодруулбал, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: 34.6.6. газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг;” гэж зааснаар 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 16101-2021/00185 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.5-д “Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд төлөх”, 4.6-д “Төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх”, 4.14 “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх”, 5.4 “Газар эзэмшүүлэх гэрээр жил бүр дүгнэх” зэрэг гэрээний үүргээ хэн хэн нь биелүүлээгүй, газар эзэмшигч гэрээний биелэлтээ дүгнүүлээгүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй, захиргааны байгууллага гэрээг дүгнэх, газрын төлбөр төлөлтөд тухайн улирал, он тус бүрээр хяналт тавих, тооцоо нийлэх үүргээ биелүүлээгүй буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа нь тогтоогдож байна.
6.15. Мөн захиргааны байгууллагаас Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.6-д “Төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх” гэж зааснаар алданги төлүүлэх, 7 дугаар зүйлийн 7.3-т “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлээгүй, өмнөх гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илсэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээ аваагүй, дахин давтагдсан тохиолдолд Газрын тухай хууль тогтоомжийн дагуу газар эзэмших, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналыг холбогдох албан тушаалтанд уламжлан шийдэрлүүлэх” гэж зааснаар зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой байжээ.
6.16. Газар эзэмших, ашиглах харилцаанд газар эзэмшигч, захиргааны байгууллагын хэн хэний хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буруутай байгаа энэ тохиолдолд захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулалгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгох шийдвэр гаргасан нь газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болно.
6.16. Газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй зөрчил гаргасан боловч захиргааны акт гаргах үед газрыг төлбөр бүрэн төлөгдсөн байдал, газрыг эзэмшиж ашиглаж, газрын суурь үнийг төлж газар дээр тодорхой үнийн дүн бүхий хөрөнгө эзэмшиж байгаа байдал, газрын хэмжээнд ногдох төлбөрийг төлөх нь тухайн хуулийн этгээдийн санхүүгийн байдалд хүндрэл учруулж бүрэн төлөх боломжгүй нөхцөл үүсдэг эсэхээс шалтгаалан газрын хэмжээг өөрчлөх зэргээр газар эзэмшигчийн санал, хүсэлтийг сонсох, тухайн санал хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлэн захиргааны байгууллага дахин шинэ акт гаргах боломжтой гэж дүгнэсэн.
6.17. Шүүхээс үүнийг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн учраас уг маргааныг шүүх шийдвэрлэхээс илүү захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлэн тодруулах нь илүү үр нөлөөтэй, ач холбогдолтой гэж үзсэн болно.
6.18. Иймд захиргааны байгууллага шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлэн дахин шинэ акт гаргах замаар газар эзэмших эрхийг хангах боломжтой бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/639 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болсонд тооцож, газар эзэмшигчийн газар эзэмших эрх сэргэх үндэслэлтэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 34 дүгээр зүйлийн 34.6, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь заалт, 10 дугаар зүйлийн 3, 5 дахь заалтуудыг баримтлан Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/639 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сарын хугацаанд түдгэлзүүлсүгэй.
2. Шүүхийн шийдвэрт заасан 6 сарын хугацаа нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс тоологдох бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/639 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамж хүчингүй болохыг мэдэгдсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ