Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 414

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Б.Уранцэцэг,

Шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор /ҮД:0205/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Аы У-д холбогдох 1808009010299 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, комьпютер, албан хэргийн ажилтан мэргэжилтэй, “Цэлмэг ирч” ХХК-д барилгын туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бичээч овогт Аы У /РД: .../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Яллах талын нотлох баримтууд.

1.Хохирогч Ж.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө манай компанийн аж ахуйн хашаанд хулгай орж 6 аккумлятор алдагдсан байсан. ...миний төрсөн ах Аы хүү У авсан байсныг мэдсэн. ... аав Аыхаа ...улсын дугаартай Соната-7 маркийн автомашиныг унаж ирээд хашаа давж ороод граш дотор байсан 6 ширхэг аккумляторыг аваад явчихсан байсан. ...180 ампер цагийн аккумляторууд байсан. 2017 оны 05 дугаар сард нэг бүрийг нь 680,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ... хохирлоо барагдуулсан, гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 30-32 х/

 

           2.Шүүгдэгч А.Уийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:: “... 2018.02.09-ний өдөр би аавынхаа 4668 УБГ улсын дугаартай автомашинаар халтууранд явж байсан юм. Тэгээд шөнө нь 02 цагийн үед “Саппоро” дээр зогсож байхад нэг эмэгтэй, эрэгтэй хүмүүс ирээд Эмээлт явах уу гэж хэлсэн, тэгэхээр нь би зөвшөөрч Эмээлтийн “Оргил” гээд хүнсний дэлгүүрийн урд талд тэр 2 хүнийг буулгаад 18.000 төгрөг авсан. Тэгээд буцах гэж байгаад аав Аы дүү Аийн СХД 32-р хороо Баруун туруунд байдаг “Гоёот Ухаа” ХХК-ийн агуулахад манай өвөө Ж манаач хийдэг юм, тэгээд эргэх санаатай очсон. Би ахын компани дээр очиход хашааны хаалга нь нээлттэй байхаар нь дотогш ороод өвөөгийн гэрийн хаалгыг нээж үзэхэд өвөө унтаж байх шиг байсан тэгээд гэрэлгүй байхаар нь буцаж гараад явах гэж байгаад агуулахад нь 40 гаруй аккумлъятор байдаг байсныг мэдэх болохоор тухайн үед надад мөнгөний хэрэг гараад, тэгээд цалин буугаагүй цагаан сар болох гэж байгаа юм чинь хэдэн аккумлятор зараад дараа нь цалингаа буухаар аваад өгчихье гэж бодоод агуулахын нь цоож гараар татчихад нээгдчихдэгийг мэдэх учраас онгойлгоод дотогш ороод агуулахын хажуу талын хашаагаар давуулж 6ш аккумлятор авсан. Дараа нь хашааны хаалгаар буцаж гараад, хашааны хаалгыг хаачихаад аавын машиныг унаад аккумлятор тавьсан газартаа очиж 6ш аккумлятороо ачаад Шархадны тэнд байх түүхий эд авдаг нэг эмэгтэйтэй холбогдож түүнд аккумляторуудаа тус бүрийг нь 100,000 төгрөгөөр нийтдээ 600,000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгийг нь цагаан сарын хэрэгцээндээ зарцуулж, заримыг нь өрөндөө өгсөн. 2018.02.10-ны өдөр нь намайг цагдаагаас дуудаж байна гэж хэлээд авч явсан юм. Би уул нь цалингаа буухаар буцаагаад тавьчих санаатай л байсан. А, А ах нарыг анзаарахгүй байх гэж бодсон юм. Мэдэхээс нь өмнө буцаагаад тавьчихна гэж бодож байсан юм. ...” гэх мэдүүлэг / хх 30-32 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3.Гэрч Э.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018.02.09-ний өдөр 15 цагийн үед гэж санаж байна, нэг 25 орчим насны өндөр нуруутай, туранхай биетэй, шардуу царайтай залуу ирээд “танайхаас урьд нь аккумлятор худалдаж авч байсан юм. Манай компанид мөнгөний хэрэг гараад 6 ширхэг аккумлятор зарах хэрэгтэй байна, түүхий эдэд өгвөл хямдхан авна, танайд боломжийн үнээр өгчихмөөр байна, би маргааш өглөө эртхэн ирээд өгчихөөд сэлбэг авах гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд миний нэрийн хуудсыг аваад явсан. Маргааш нь буюу 2018.02.10-ны өглөө 05 цагийн үед нөгөө залуу над руу утсаар яриад хөдөөнөөс явсаар байгаад ингээд ирлээ гараад ирэх боломж байна уу гэж асуусан, тэгэхээр нь унтаж байгаад босоод Да Хүрээ дээр үйлчилгээ явуулдаг цэг дээрээ ирсэн. Манай гэр угаасаа ойрхон байдаг юм. 05 цаг 30 минутын үед нөгөө залуу хар өнгийн Сонато-7 маркийн автомашинтайгаа ганцаараа ирсэн ба 180 цагийн хар өнгийн Хятад аккумлятор 6 ширхэгийг хойноо ачиж ирсэн. Тэгээд нэг бүрийг нь 100,000 төгрөгөөр тооцож нийтдээ 600,000 төгрөгөөр худалдаж авсан байгаа. ...хэд хоногийн дараа нөгөө залуу ахыгаа гээд нэг хүнтэй хамт ирээд манайд зарсан аккумляторуудаа мөнгийг нь өгөөд буцаагаад аваад явцгаасан юм. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/

 

4.Гэрч С.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би тус компаний сахиулаар 2007 оноос ажиллаж байна. Захирал А нь миний хүүхэд байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад аж ахуйн хашааны граш дотор машинаа тавьсан, тэгэхэд граш дотор 46 аккумлятор байсан. Тэгээд өглөө 09 цагт машинаа гаргах гээд граш руу ортол грашын хаалга онгорхой байхаар нь дотогш орж үзтэл ... аккумлятор алга болсон байсан. Грашын хаалгыг америк цоожоор цоожилсон боловч цоожыг онгойлгож орсон, цоож нь байхгүй байсан. Хулгайч арзгар ултай гуталтай 1 хүний мөр байна лээ, хашаан дээгүүр давуулж зөөсөн байсан, сэжиглэж байгаа хүн алга. ...” гэх мэдүүлэг /хх 10-11 х/

                           5.Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун, замын 12-13 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3 х/

                           6.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-7 х/

                           7.Гоёот ухаа” ХХК-ийн  хашаанд  хулгай  орсон  гэх  схем зураг /хх 8 х/

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд.

1.А.Уийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43, 56 х/

2.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54 х/

3.А.Уийн ажлын тодорхойлолт /хх 61, 62 х/

 

    Хохирлын баримтууд.

                            1. Эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний баримт /хх 36-37/

                            2.”Гоёот ухаа” ХХК-ийн захирал Ж.Аийн “хохирлоо авсан, цаашид ямар нэг гомдол саналгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх хүсэлт /хх 41 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Дүгнэлтийн хэсэг.

А.У 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны замын 12-13 тоотод байрлах “Гоёот ухаа” ХХК-ийн манаачийг унтаж байх хойгуур агуулахын цоожийг онгойлгон нэвтэрч, “Хово” маркийн автомашины ашиглаж байсан 6 ширхэг аккумляторыг авсан болох нь:

 

Хохирогч Ж.Аийн “... 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө манай компанийн аж ахуйн хашаанд хулгай орж 6 ш аккумлятор алдагдсан байсан. ... миний төрсөн ах Аы хүү У авсан байсныг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 30-32 х/,

           Шүүгдэгч А.Уийн “... агуулахын цоож гараар татчихад нээгдчихдэгийг мэдэх учраас онгойлгоод дотогш ороод агуулахын хажуу талын хашаагаар давуулж 6ш аккумлятор авсан. ...” гэх мэдүүлэг / хх 30-32 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Ж.Уын “... 05 цаг 30 минутын үед нөгөө залуу хар өнгийн Сонато-7 маркийн автомашинтайгаа ганцаараа ирсэн ба 180 цагийн хар өнгийн Хятад аккумлятор 6 ширхэгийг хойноо ачиж ирсэн. Тэгээд нэг бүрийг нь 100,000 төгрөгөөр тооцож нийтдээ 600,000 төгрөгөөр худалдаж авсан байгаа....” гэх мэдүүлэг /хх 33 х/,

Гэрч С.Жы “...би тус компаны сахиулаар 2007 оноос ажиллаж байна. ... өглөө 09 цагт машинаа гаргах гээд граш руу ортол грашын хаалга онгорхой байхаар нь дотогш орж үзтэл 46 ширхэг аккумлятороос ... алга болсон байсан. грашын хаалгыг америк цоожоор цоожилсон боловч цоожийг онгойлгож орсон, ... байсан....” гэх мэдүүлэг /хх 10-11 х/,

                           Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун, замын 12-13 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

   Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

                           Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол “Гоёот ухаа” ХХК-ийн 6 ширхэг аккумлятор алдагдаж 1,488,000 төгрөгийн хохирол учирсан нь эхэлж А.Уийн агуулах руу хууль бусаар нэвтэрч, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдлээс болсон явдал юм. Өөрөөр хэлбэл А.Уийн хулгайлсан үйлдэл, “Гоёот ухаа” ХХК-ийн 6 ширхэг аккумлятор алдагдаж, 1,448,000 төгрөгийн хор уршиг учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, мөн хэргийн үйл баримтуудаар А.У агуулах руу нэвтрэхдээ манаачийг нь унтаж байх хойгуур буюу нууцаар, уг манаачид хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар буюу ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр орсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн обьектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

                          Энэ гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэргийн нэмэгдэл шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “... тусгайлан хамгаалсан ..., агуулахад нэвтэрч” үйлдсэн байхыг шаардсан.

              Хохирогч Ж.Аийн “... 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө манай компанийн аж ахуйн хашаанд хулгай орж 6 аккумлятор алдагдсан байсан. ...” /хх 30-32 х/,

         Шүүгдэгч А.Уийн “... “Гоёот Ухаа” ХХК-ийн агуулахад манай өвөө Ж манаач хийдэг юм ...” /хх 30-32 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

              Гэрч С.Жы “... би тус компаний сахиулаар 2007 оноос ажиллаж байна. ...” /хх 10-11 х/ зэрэг нотлох баримтуудаар аккумлятор хадгалж байсан агуулах нь байнгын манаачтай тусгайлан хамгаалсан байр савтай обьект болох нь тогтоогдож байгаа.

              Дээрхээс харахад А.Уийн агуулахын цоожийг онгойлгон орж аккумлятор хулгайлсныг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэж үзэхээр байна.

 

  Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

  Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

  Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаас харахад А.Уийн “Гоёот ухаа” ХХК-ийн агуулахаас аккумлятор хулгайлсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. А.У нь насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг болно.    

  Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.Уийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

                                     Хохирогч Ж.Аийн “... хохирлоо бүрэн авсан гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 30-32 х/, гэрч Ж.Уын “...хэд хоногийн дараа нөгөө залуу ахыгаа гээд нэг хүнтэй хамт ирээд манайд зарсан аккумляторуудаа мөнгийг нь өгөөд буцаагаад аваад явцгаасан юм. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/ зэргээр алдагдсан аккумляторуудаа хохирогч буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч А.Уийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах дараах нөхцөл байдлууд тогтоогдсон. Үүнд: А.У гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан үйл баримтуудаар нотлогдсон, гэм буруу дээр маргаагүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шөнийн цагаар өөрийн мэдэх обьектыг сонгож хулгай хийсэн, учруулсан хохирлын хувьд их биш, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг болно.

   Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 6 ширхэг аккумляторыг буцаан худалдан авч өгсөн тул хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзээд эрүүгийн хариуцлалгыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

 

                Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Бичээч овогт Аы Уийг Хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.Уийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А.Уийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  4.А.Уийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ