| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Орсоогийн Батдорж |
| Хэргийн индекс | 124/2025/0044/з |
| Дугаар | 124/ШШ2025/0046 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 124/ШШ2025/0046
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “У Д С” ХХК,
Хариуцагч: У “Ц Т С” ХХК нарын хооронд үүссэн “Цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарласан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, цахилгаан эрчим хүчээр хангахыг даалгах тухай” маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Н.Б, Д.М /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У Д С” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт Дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаа явуулдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилжээ. Манай компани Увс аймгийн “Ц Т С” ХХК-тай 2024 оны 06 сард төлбөр барагдуулах төлөвлөгөө гарган 2025 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн цахилгааны төлбөрийг төлж, өмнөх цахилгааны өрөө бүрэн төлж 100,000,000 /нэг зуун сая/ гаруй төгрөгийг илүү төлсөн болно. Гэтэл 2025 оны 06 сарын 06-ны өдрийн 159 дугаартай албан бичигтээ манай компанийг 481,018,671.16 сая /дөрвөн зуун наян нэгэн их наяд арван найман тэрбум зургаан зуун далан нэгэн сая нэг зуун жаран мянга/ төгрөгийн цахилгааны өртэй мэтээр уг албан бичигтээ дурдаж цахилгаан таслав. Энэ талаар холбогдох байгууллагад хуулийн дагуу мэдэгдэж цахилгаан залгуулсан. Гэтэл 2025 оны 07 сарын 24-ний өдөр Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу мэдэгдэхгүйгээр цахилгаан тасалснаас 15 метрийн өндөрт дүүжлүүр төхөөрөмж /люлик/ дээр станцын барилгын засвар хийж байсан 3 хүн дүүжлүүрийн тог гэнэт тасарснаас болж 3 хүн аюулд өртөж амиа алдах шахлаа. Энэ талаар дахин холбогдох байгууллагуудад /Эрчим хүчний сайд Б.Ч, аймгийн онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга С.Б, аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл/ зэрэг мэдэгдэж байж арай гэж аймгийн 100 жилийн ойн өмнө цахилгаан залгуулав. Тэгтэл Увс аймгийн “Ц Т С” ХХК 2025 оны 08 сарын 01-ний өдрийн 226 тоотоор “...танай компанийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр 425,887,044.00 сая /дөрвөн зуун хорин таван их наяд найман зуун наян долоон сая дөчин дөрвөн мянга/-н төгрөг болсон байна...” гэж дурдаад 2025 оны 8 дугаар сарын 7-ны өдөр цахилгаан таслав. Манай компани Увс аймгийн Улаангом сумын хорин мянган иргэн, хоёр зуугаад байгууллагын халаалт дулааныг хариуцаж ажилладаг онцгой объект юм. Энэ байдлаас болж манай компани Засгийн газрын өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгаврыг биелүүлэхээр хуваарь, график гарган хийж байсан зуухны их засварын ажил зогслоо. Аргагүйн эрхэнд ойролцоо байгууллагуудаас тоолуур тавьж хуулийн дагуу эрчим хүч авч засварын ажлаа явуулах гэсэн боловч Увс “Ц Т С” ХХК-ийн 2025 оны 08 сарын 14-ний өдрийн 241 дугаартай албан бичгээр “...У Д С ХХК-ийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг төлбөрийн улмаас цахилгаан эрчим хүчийг хязгаарласан байгаа. Тухайн компанийг цахилгаан эрчим хүчээр хангасан тохиолдолд танай компанийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг Эрчим хүчний тухай хуулийн 32.2.4 дэх зүйлийн дагуу хязгаарлахыг мэдэгдэж байна...” гэх мэдэгдэл “Ч У” ХХК гэх мэт компаниудад өгч хясан боогдуулах ажиллагаа явуулж байна. Манай компани нь 2025-2026 оны өвлийн их ачааллыг давах, Улаангомын хэрэглэгчдийг ая тухтай өвөлжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах их засварын ажлыг цаг алдалгүй төлөвлөгөөний дагуу хийж байсан. Гэтэл Увс "Ц Т С" ХХК Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу цахилгаан хязгаарлах мэдэгдэл өгөхгүйгээр гэнэт цахилгаан тасалснаас 15 м-ийн өндөрт дүүжлүүр төхөөрөмж дээр Станцын барилгын засвар хийж байсан 3 хүн дүүжлүүрийн тог тасарснаас болж аюулд өртөж амь насаа алдах шахсан. Манай 2 байгууллага 2024 оны 6 сараас эхлэн өр барагдуулах хуваарь гаргаад сар бүр 28,0 сая төгрөг тасралтгүй төлснөөр өргүй болсон. Гэтэл дахин шинээр өр гаргаж ирж бүр ковидын үед төрөөс төлбөрөө авсан цахилгааны төлбөрийг манай компаниар дахиж төлүүлэх гэж дарамт үзүүлж тог тасалж байна. Хариуцагч Увс аймгийн “Ц Т С” ХХК-ийн манай байгууллагын цахилгаан эрчим хүчийг хязгаарласнаас үүдэн манай компани Монгол Улсын Засгийн газар, Улс болон аймгийн Онцгой комисс, Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах боломжгүй байдалд хүрлээ. Мөн түүнчлэн Увс “Ц Т С” ХХК-ийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарласан эс үйлдэхүйгээс шалтгаалж дулааны станц цаашид ажиллах боломжгүй болж дулааны эрчим хүчний хэрэглэгчдийг дулаанаар хангах боломжгүй хүндхэн нөхцөл байдал үүслээ. Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан, орон нутгийн удирдлага, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно.” гэж заасан. Гэтэл манай компани нь Увс аймгийн Улаангом сумын дулааны хангамжийг Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс олгосон Дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрлийн дагуу дулаанаар найдвартай, тогтвортой, тасралтгүй хангасаар өнөөдрийг хүрсэн бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил хийхэд ихээхэн саад учруулж Увс "Ц Т С" ХХК-ийн захирал Г.З нь монополь эрх эдэлж, гамшгийн байдал бий болгож нийгэмд, нийтэд хохирол бий болгох нөхцөл бий болгож, хийж байгаа ажлаараа ард түмний “...эрүүл, аюулгүй амьдрах эрхтэй...” гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг барьцаалах үйлдэл явуулж байгаад гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, мөн хуулийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.” гэсэн хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл “У Д С” ХХК-ийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлахдаа компаниас санал аваагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдээгүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн “Ц Т С” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компани нь Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас эрчим хүчийг худалдаж авч Увс аймгийг бүхэлд нь хангаж түгээдэг байгууллага. У Д С ХХК нь манай эрчим хүчийг хэрэглэдэг томоохон хэрэглэгчийн нэг юм. 2025 оны 07 сарын 22-ны өдөр ЦЭХ тасалдсан тухайд, 2025 оны 07 сарын 22-ны албан бичиг хүргэж өгөөхөөр манай ажилтан очсон боловч мэдэгдэл хүлээж авах хүн байгаагүй. 2025 оны 07 сарын 23-ны өдөр манай ажилчид очиж таслалт хийсэн байдаг. Уг байгууллага нь олон жилийн турш цахилгаан эрчим хүчний төлбөрөө дутуу төвлөрүүлж ирсэн ба манай компанийн зүгээс 2022 оны 08 сарын 01-ний өдөр нэхэмжлэл гарган 299,626,893 төгрөгийг нэхэмжилсэн шүүхийн маргаан 2 талаас Улсын дээд шүүхэд гомдол гаргасан эцсийн шийдвэр гараагүй байгаа. 2025 оны 11 сарын 05-ны байдлаар 397,887,044.37 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Тухайн компани халаалт дулаанаар байгууллага, иргэнийг хангадаг байж болно. Харин давуу эрх эдэлж өндөр албан тушаалтан, сайд дарга нараар дарамтлуулж ЦЭХ-ий төлбөрөө дутуу төвлөрүүлэх эрх болон үүрэг байхгүй байтал олон жилийн турш "Онцгой хэрэглэгч" гэсэн нэрээр төлбөр дутуу төвлөрүүлсээр ирсэн нь манай компанийн эдийн засаг, өвөлжилтийн бэлтгэл ажил хангах, Худалдаж авсан цахилгааны төлбөрөө төлж чадахгүй өр үүсэх, өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад хохирол учруулсаар ирсэн. Халаалт, дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд үлдэгдэл өр төлбөртэй боловч 2025 оны 09 сарын 06-ны өдрийн 11 цаг 18 минутад “У Д С” ХХК-ийг цахилгаан эрчим хүчээр хангаж, 2025 оны 09 сарын 10-ны өдрөөс ЦЭХ-ээр хангах гэрээ байгуулан уг өдрөөс хойш төлбөрийн улмаас таслалт хийхгүй ЦЭХ-ээр тасралтгүй ханган үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгэнт цахилгаанаар хангасан учир, өр төлбөрийн асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлэгдэх тул хариуцагч талтай эвлэрэх боломжтой. Иймд нэхэмжлэлийн цахилгаан эрчим хүчний таслалт хийсэн нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэг дэх шаардлагаасаа татгалзаж байна. Харин хоёр дахь шаардлагын хувьд хариуцагч тал цахилгаан эрчим хүчээр хангасан тул талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэг дэх шаардлагаасаа татгалзаад 2 дахь шаардлага дээрээ талууд хэн аль нь маргаангүй гэвэл эвлэрэн хэлэлцэх боломжтой” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “У Д С” ХХК нь шүүхэд “Цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарласан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, цахилгаан эрчим хүчээр хангахыг даалгах тухай” нэхэмжлэлийг гаргажээ.
2. Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э болон хариуцагч Увс “Ц Т С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрсэн ба нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо тохиролцсон, энэхүү эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийн оролцогчид эвлэрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
3. Торуулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нь ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж тус тус заасан.
4. Нэхэмжлэгч “У Д С” ХХК 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1/255 дугаартай албан бичгээр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Э-ыг, хариуцагч Увс “Ц Т С” ХХК 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 393 дугаартай албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө Д.М-г тус тус томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 дахь заалтад заасан эвлэрэн хэлэлцэх эрхийг эдлүүлэхээр итгэмжлэл олгожээ.
5. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч “У Д С” ХХК-ийн зүгээс Увс “Ц Т С” ХХК-д холбогдуулан гаргасан “Цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарласан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, харин хариуцагч Увс “Ц Т С” ХХК нь “У Д С” ХХК-ийг цахилгаан эрчим хүчээр хангах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх замаар эвлэрэн хэлэлцэж байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдааны тэмдэглэлд тусгав.
6. Иймд нэгэнт нэхэмжлэгч болон хариуцагч нар эвлэрч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч, хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан ба уг агуулгыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан болно.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч “У Д С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “У Д С” ХХК “Цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарласан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Увс “Ц Т С” ХХК “У Д С” ХХК-ийг цахилгаан эрчим хүчээр хангах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх замаар харилцан тохиролцож эвлэрсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У Д С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ