Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 315/ШШ2025/00173

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 21 315/ШШ2025/00173

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг, Мандахын 901 тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, Хайлааст гудамжны 120 тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 8,133,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 19-ний өдөр хүлээн авч 2025 оны 03 дугаар сарын 24-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Хариуцагчийн өмгөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 8,133,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Би Facebook-ийн зарын дагуу *******тэй холбогдож Toyota Prius-XW20 маркийн 44-72 СҮҮ улсын дугаартай авто машиныг худалдан авахаар тохиролцон, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 8,200,000 төгрөгийг өөрийн ХААН банкны дугаарын данснаас О.Бат-Эрдэнийн ХААН банкны данс руу шилжүүлсэн. 100,000 төгрөгийг надад буцааж өгсөн. Авто машиныг Монгол даатгалд даатгуулж 33,000 төгрөгийн хураамж төлсөн. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, авто машиныг хүлээн авсан. Копутыг сөхөж үзээд гайгүй байх гэж бодоод нэг их санаанд ороогүй. Гэртээ авч ирээд авто машинаа шалгаж үзэхэд О.Бат-Эрдэнийн худалдсан авто машин нь рулийн аппарат дуугарсан, моторын дээд ангиар тос хаясан, урдаасаа мөргөлдсөний улмаас өөр авто машины лонжром залгаж гагнасан нь ханзарсан эвдрэлтэй кузов солихоос өөрөөр янзлах боломжгүй болсон, асаахаар кропондоо орохгүй эвдэрсэн байсан. Ингээд тэр даруйдаа буюу авто машинаа авсан өдөртөө *******д авто машин чинь ийм, ийм эвдрэлтэй байна, буцаая гэж хэлсэн боловч мөнгө байхгүй, буцаахгүй гээд утсаа тасалсан. Гэрт нь очиж хэлсэн боловч эхнэртэйгээ, хадам ээжтэйгээ өөдөөс загнаад сүүлдээ цагдаа дуудсан. Авто машиныг нь хашаанд нь аваачиж тавьсан боловч энэ машинаа ав гээд хөөгөөд байсан учраас авто машинаа хашаандаа аваачиж тавьсан. Одоо авто машины лонжром эвдрэлтэй учраас унаж болохгүй болсон. Засвар хийлгэе гэхээр кузов солихоос эхлээд маш үнэтэй тусахаар байгаа учраас засвар хийлгэж чадахгүй байна. Судалж үзэхэд кузов солиход 3,500,000-4,000,000 төгрөг, моторын дээд ангийг засварлахад 700,000 төгрөг орохоор байх тул энэ мөнгийг өгвөл наймаа хийх боломжтой, үгүй гэвэл гэрээгээ цуцлаад өгсөн мөнгөө 8,133,000 төгрөгөө авна, машиныг нь өгнө. Би нэхэмжлэгчид 8,200,000 төгрөг шилжүүлсэн. Уг машины оношилгоо, татвар, жолоочийн хариуцлагын даатгалд 133,000 төгрөг төлсөн. Энэ хүний над руу шилжүүлсэн 200,000 төгрөгийг хасч тооцоод 8,133,000 төгрөг гаргуулна гэв.

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн Toyota Prius-XW20 маркийн 44-72СҮҮ улсын дугаартай авто машиныг өөрийн Facebook "" хаягнаас 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зарна гэж зар оруулсан. 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Хүрэл-Ухнай овогтой Нармандах нь ******* утсаар холбогдож авто машиныг чинь үзье гэж 7-р багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Баяншарга хорооллын барилгын хашааны үүдэнд хүрээд ир гэхээр нь 21 цагийн үед уг барилгын хашааны үүдэнд очсон. Авто машины гадна талыг хараад авъя гэсэн. Үйлдвэрлэсэн он хамаагүй 8,000,000 /найман сая/ төгрөг бэлэн өгөөд өнөө оройдоо ч хамаагүй авъя, маргааш 500,000 /таван зуун/ мянган төгрөгийг нь өгье гэсэн. Би машинаа 10 саяар зарна гэсэн. Тэгээд би маргааш болъё гэж хэлээд явсан. Миний авто машиныг өөрөө жолоодож аймгийн зүүн урд талын Тэс клонк орчихоод буцаад барилгынхаа хажууд ирээд маргааш авъя гэж надад хэлсэн. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 09 цаг өнгөрч байхад өөрийн дугаар болох ******* дугаараас холбогдож хүрээд ир авто машинаа авъя гэж хэлсэн. Сүхбаатар аймгийн авто тээврийн үндэсний төвийн салбарт очиж ******* миний бие өөрийн эзэмшлийн Toyota Prius-XW20 маркийн 44-72 СҮҮ улсын дугаартай авто машиныг *******ын нэр дээр шилжүүлсэн. Нэр шилжүүлсний дараа манай гэрийн дэргэд байдаг авто машины доод ангийг хардаг яаман дээр гарч доод хэсгийг нь хараад асуудалгүй юм байна гэж хэлээд буцаад Баруун-Урт сумын 5- р багийн нутаг дэвсгэрт байрлах Дэлгэр-Ундрах дэлгүүрийн хажуу талын Хаан банкны АТМ рүү очиж 8.200.000 /найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг өөрийн данс тоот ХААН банкны данснаас ******* миний данс руу шилжүүлсэн. ******* нь үлдэгдэл 300.000 /гурван зуун/ мянган төгрөгөө оношилгоонд яндан тэнцсэний дараа өгье гэсэн. Тэгээд авто машинаа аваад явсан би гэр рүүгээ явган харьсан. Тэр өдрөө 14 цаг 30 минутын орчим над руу залгаж рулийн аппарат дуутай байна гэж хэлэхээр нь манай гэр бүлийн хүн Эрээнээс 400 /дөрвөн зуун/ юань буюу монгол мөнгөөр 200.000 /хоёр зуун/ мянган төгрөгөөр авчирсан шинэ рулийн аппаратыг өгсөн. 17 цагийн үед над руу эргэж залгаад рулийн аппарат ориг биш байна нэмж 300,000 төгрөг өг гэхээр нь би 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг *******ын данс руу шилжүүлсэн. 2025 оны 02 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед залгаж, авто машинаа буцааж ав би мөнгөө авъя гэж залгасан. Би та авто машиныг үзэж хараад өөрийн нэр дээр шилжүүлж авсан учраас мөнгийг чинь буцаах боломжгүй гэж хэлсэн. Маргааш үдийн хойно 13 цаг өнгөрөөгөөд 7-р багийн нутаг дэвсгэрт орших 3-р сургуулийн жижүүрийн ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхад ******* нь ирээд хэрүүл маргаан үүсгэсэн. Би юм хэлээгүй авто машиныхаа мөнгөөр зээлээ дарсан гэдгээ хэлэхэд намайг хэл амаар доромжилсон. Нэхэмжлэгч нь гэр орон, ажил дээр ирж, хэл амаар доромжилж, биед халдаж, гэр орны амгалан тайван байдлыг алдагдуулж, цагдаад хүртэл хандаж байсан. ******* нь надаас худалдаж авсан авто машинаа унаад 3-р сургууль рүү өглөө болгон хүүхдээ хүргэж өгдөг. Одоо энэ авто машинаа гэр бүлийнхээ хэрэгцээндээ байнга унаж яваа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч өөрөө жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулж 33,000 төгрөг төлсөн. Даатгал, татвар, оношилгоонд 133,000 төгрөг төлөөгүй байх. 200,000 төгрөгийг рулийн аппаратын үнэ гэж авсан гэв.

3. Нэхэмжлэгчээс *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хуулбар, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, авто машины гэмтлийг харуулсан фото зураг /хх 8-16 х/

 

4. Хариуцагчаас хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 24-26 х/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 8,133,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч *******эс Toyota Prius-XW20 маркийн 44-72 СҮҮ улсын дугаартай авто машиныг 8,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 8,200,000 төгрөгийг нь төлж, улсын үзлэгт орсны дараа автомашины янданг зөвшөөрвөл 300,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож худалдан авсан. Гэртээ авч ирээд авто машинаа шалгаж үзэхэд О.Бат-Эрдэнийн худалдсан авто машин нь рулийн аппарат дуугарсан, моторын дээд ангиар тос хаясан, авто машины лонжром залгаж гагнасан, кропондоо ордоггүй эвдрэлтэй байсан.

Тэгээд *******д авто машин чинь эвдрэлтэй байна, буцаая гэж хэлсэн боловч буцаахгүй гэсэн. Иймд гэрээг цуцалж, машиныг нь буцаан өгч, машины үнэд төлсөн 8,200,000 төгрөгнөөс 200,000 төгрөгийг буцаан авсан тул машины үнэд 8,000,000 төгрөг, машины даатгал, татвар, оношилгооны 133,000 төгрөг төлсөн тул нийт 8,133,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Нэхэмжлэгч тус машиныг өөрөө гаднаас нь хараад унаж үзээд, бас авто машины доод ангийг хардаг нүх буюу яаман дээр гаргаж хараад асуудалгүй юм байна гээд надад мөнгөө шилжүүлж, худалдан авсан. Маргааш нь рулийн аппарат болохгүй дуутай байна гэхээр нь шинэ авсан байсан рулийн аппаратаа өгсөн. Уг аппаратыг ориг биш байна нэмж 200,000 төгрөг өг гэхээр нь шилжүүлсэн. Угаасаа хуучин машиныг өөрөө үзэж хараад авсан мөртлөө одоо кузов солино, моторын дээд анги солино гэж 4,200,000 төгрөг нэхэх буюу наймаа буцна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг машиныг өөрийн хэрэгцээндээ унаад л явж байгаа. Мөн жолоочийн хариуцлагын даатгалд төлсөн 33,000 төгрөгийг би хариуцахгүй гэж татгалзжээ.

5. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Toyota Prius-XW20 маркийн 44-72 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, тус машины янданг тээврийн хэрэгслийн улсын үзлэгт тэнцэхгүй бол 8,500,000 төгрөгөөс 300,000 төгрөг татахаар тохиролцож, машины үнэд 8,200,000 төгрөгийг төлж, машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь нэхэмжлэгчийн 2025.02.12-ны өдөр хариуцагч О.Батэрдэнийн тоот данс руу 8,200,000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хуулбар, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 9-12, 24-26 х/

7. Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу...., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

8. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин уг худалдсан автомашин биет байдлын доголдолтой /эвдрэл, гэмтэл/ байсан эсэх талаар маргасан.

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан: ..Тухайн үед машиныг унаж үзэхэд доод талдаа юм дуугарч, копутыг нь сөхөж үзэхэд моторын дээд ангиар тос хаясан байсан. Копутыг сөхөж үзээд гайгүй байх гэж бодоод нэг их санаанд ороогүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, машиныг хүлээн авсан. Автомашины татвар, оношилгооны мөнгийг шилжүүлсэн... гэх тайлбар,

10. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан: .. Машин унаж үзэн копут сөхөж, мөн машины доогуур нь шагайж үзсэн. Янданг шалгаж үзэхээр, манай зүүн талын засварын газрын яамны нүхэнд оруулан янданг нь үзүүлэн, янданг төмрөөр зурж тэмдэг тавьсан. Яаман дээр гархад тэр машиныг доороос нь бүхэлд нь харсан. Засварын газар орж янданг шалгасны дараа мөнгөө шилжүүлсэн гэх тайлбарууд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар нэхэмжлэгч мэдсэн буюу мэдэх боломжтой байсан байна гэж шүүх дүгнэлээ.

11. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.

12. Нэхэмжлэгч иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гэрээ байгуулах эсэхээ хэнээс ч хараат бусаар сонгох эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хууль буюу гэрээнд заасан үүргийг давхар хүлээх учиртай. Хуучин автомашиныг худалдан авахдаа эвдрэл, гэмтлийг нүдээр хараад шууд тодорхойлох боломжгүй боловч худалдан авагч нь эд зүйлийг шалгаж авах ерөнхий үүргийн хүрээнд эрх бүхий байгууллагаар тодорхойлуулах боломж байсан гэж шүүх үзнэ.

13. Иймд нэхэмжлэгч ******* нь тээврийн хэрэгслийг шалган авах үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

14. Мөн нэхэмжлэгч нь худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах шаардлага гаргасан.

15. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан.

16. Нэхэмжлэгч ******* нь машин худалдан авсаны маргааш өдөр нь худалдан авсан авто машины рулийн аппарат дуугарсан гэмтэлтэй байгаа талаар мэдэгдэж хариуцагчаас Хятад улсад үйлдвэрлэсэн шинэ рулийн аппарат авсан, мөн уг аппарат ориг биш байна гэж нэмж 200,000 төгрөг авсан үйл баримт тогтоогдсон ба энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

17. Энэ нь нэхэмжлэгч ******* нь тухайн автомашины биет байдлын доголдлын талаар машин худалдаж авсан даруйдаа мэдэж Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлж, рулийн аппартаа солиулсан байна гэж үзлээ.

18. ******* нь уг автомашиныг эвдрэлтэй унах боломжгүй автомашин гэж тайлбарлаж байх боловч тухайн үед уг автомашиныг жолоодож үзсэн, мөн яаман дээр гаргаж доороос нь тонгойж шалгаж үзээд хуучин автомашин худалдан авч унаад явсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

19. Харин нэхэмжлэгчийн уг автомашиныг худалдан авахад байсан эвдрэл гэмтлийн улмаас замын хөдөлгөөнд оролцох боломжгүй автомашин байсан гэсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

20. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн даатгал, оношилгооны төлбөрийн 133,000 төгрөгийн шаардлагын тухайд нэхэмжлэгч уг автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч жолоочийн хариуцлагын даатгалд 33,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх ба 100,000 төгрөгийг юунд төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

21. Иргэний хуулийн 245-р зүйлийн 245.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон ......эд хөрөнгө хүлээн авах зардлыг худалдан авагч хариуцна гэж зааснаар уг автомашиныг нэхэмжлэгч худалдан авснаар жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулж төлсөн 33,000 төгрөгийг хариуцагч хариуцах үндэслэлгүй байна.

22. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 8,133,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

21. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,078 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******тэй байгуулсан худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 8,133,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,078 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэв.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА