Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 415

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч С.Базарсад /ҮД:2338/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чонос овогт Дгийн Тд холбогдох 1708024650412 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

 Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд нь

- Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Чонос овогт Дгийн Т /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

             Яллах талын нотлох баримтууд.

1.Хохирогч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ...тоотод гэртээ байж байхад Т нь архи уусан ирээд би хоол хийж байсан чинь хүүхдээ үнсье гэсэн чинь үнсүүлээгүй, тэгсэн Т уурлаад   хүүхдүүдэд үг зааж өглөө гээд өөрийнхөө өмсөж байсан өмднөөсөө тэлээг сугалж аваад миний зүүн далруу ороолгохоор нь би тэлээг нь булааж авсан чинь  намайг үсдэж дараад хоолой боогоод автал хажуу айлын Д гэрт орж ирээд Тыг салгаад гэрээс гараад явсан. Т дахин намайг үсдэж аваад модон орны толгой мөргүүлж, би хашгирч байгаад үсээ тавиулж гэрээс зугтааж гараад Дгийн гэрт орж дүү Ванчин руу залгаж Т зодоод байна хүрээд ир гэж дуудсан. ...Миний биед ямар нэгэн зовиур өвдөх өвчин байхгүй, би гомдолгүй. ... " гэх мэдүүлэг /хх 28-31 х/,

 

2.Шүүгдэгч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонт 23-77 тоотод 22 цагийн орчим архи уучихсан согтуу гэртээ ортол эхнэр Б хүүхдүүд байсан. Би хүүхэд Төгсбаярыг үнсэх гэсэн чинь үнсүүлэхгүй зугтаахаар нь би уурлаж Бг чи хүүхдүүдэд янз бүрийн юм ярьлаа гэж уурлаж Бтай маргалдсан. Тэгж байгаад зүүж байсан тэлээгээ өмднөөс сугалж аваад Бгийн бие рүү толгой мөр лүү 2 удаа ороолгож цохисон. Тэгсэн чинь Б тэлээг булааж аваад над руу уйлаад дайрахаар нь зүгээр бай гэж байгаад унтаад өгсөн. Тухайн үед нэлээн согтуу байсан болохоор зарим юмыг сайн санахгүй байна.  ...” гэх мэдүүлэг  /хх 48-49 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

                3.Гэрч Н.Вийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ээж Ган-Өлзийгийн төрсөн дүү Б 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчим утсаар залгаж нөхөр Т зодоод байна, манай гэрт хүрээд ир гэхээр нь би яваад очсон чинь Т гэртээ унтаж байсан. Б 3 хүүхэдтэйгээ байсан. Б Тыг сэрээгээд хэрэггүй явъя гээд 3 хүүхэдтэй хамт бид 4 манайх руу явсан. Тухайн үед Б уйлчихсан өөр зодуулсан юм харагдаагүй. Манайд хоночхоод маргааш өглөө нь хартал дал орчим улайчихсан зүүн чихний ард талаар улаан эрээн болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 36- 37 х/,

 

                4.Гэрч С.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 23-ны орой гэртээ байж байхад охин Б утсаар дуудаж нөхөр Т архи уусан согтуу ирээд намайг зодоод байна гэхээр нь гэрт нь яваад очсон. Тэгтэл Т архи уусан согтуу Бг зүүж байсан тэлээгээр ороолгосон гээд Б уйлсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 32-33 х/,

 

                5.Шинжээч Б.Ариунзулын: “...Бгийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд өшиглөх, гараар цохих, тэлээгээр цохиход алинд ч үүсэж болно. Тухайн үед шинэ гэмтэл байсан. хуучин ямар нэгэн гэмтэл байгаагүй. Уг гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан. Тийм болохоор гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг гарах цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх мэдүүлэг /хх 34-35 х/,

 

            6.Шинжээчийн 13433 дугаар дүгнэлт

           1.Бгийн биед баруун зүүн даланд цус хуралт, зүүн чихний дэлбээн зөөлөн эдийн гэмтэл, зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

           4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 39 х/

 

Хувийн байдлын талаарх баримтууд.

1.Д.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 50 х/

2.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 52, 54 х/

3.Д.Тын зан байдлын тодорхойлолт /хх 56 х/

4.Д.Тын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 57-59 х/

 

Хохирлын баримт:

               1.Хохирогч С.Бгийн “Эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх 86 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлтийн хэсэг.

           Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ...тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр С.Бг “хүүхэд үнсүүлсэнгүй” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж улмаар өөрийн өмдний суран тэлээгээр түүнийг ороолгон зодсон болох нь:

 

Хохирогч С.Бгийн “... 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ...тоотод гэртээ байж байхад Т нь архи уусан ирээд би хоол хийж байсан чинь хүүхдээ үнсье гэсэн чинь үнсүүлээгүй, тэгсэн Т уурлаад чи хүүхдүүдэд үг зааж өглөө гээд өөрийнхөө өмсөж байсан өмднөөсөө тэлээг сугалж аваад миний зүүн далруу ороолгохоор нь би тэлээг нь булааж авсан чинь  намайг үсдэж дараад хоолой боогоод автал хажуу айлын Д гэрт орж ирээд Тыг салгаад гэрээс гараад явсан. Т дахин намайг үсдэж аваад модон орны толгой мөргүүлсэн ... " гэх мэдүүлэг /хх 28-31 х/,

 

Шүүгдэгч Д.Тын “... 2017 оны 10 сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонт 23-77 тоотод 22 цагийн орчим архи уучихсан согтуу гэртээ ортол эхнэр Б хүүхдүүд байсан. Би хүүхэд Төгсбаярыг үнсэх гэсэн чинь үнсүүлэхгүй зугтаахаар нь би уурлаж Бг чи хүүхдүүдэд янз бүрийн юм ярьлаа гэж уурлаж Бтай маргалдсан. Тэгж байгаад зүүж байсан тэлээгээ өмднөөс сугалж аваад Бгийн толгой мөр лүү 2 удаа ороолгож цохисон.  ...” гэх мэдүүлэг  /хх 48-49 х/,

 

               Гэрч С.Сгийн “.... Т архи уусан согтуу Бг зүүж байсан тэлээгээр ороолгосон гээд Б уйлсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 32-33 х/,

 

               Шинжээч Б.Ариунзулын: “...Бгийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд өшиглөх, гараар цохих, тэлээгээр цохиход алинд ч үүсэж болно. Тухайн үед шинэ гэмтэл байсан. хуучин ямар нэгэн гэмтэл байгаагүй. Уг гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан. Тийм болохоор гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг гарах цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх мэдүүлэг /хх 34-35 х/,

 

           Шинжээчийн 13433 дугаар дүгнэлт:

          1.Бгийн биед баруун зүүн даланд цус хуралт, зүүн чихний дэлбээн зөөлөн эдийн гэмтэл, зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. ...” гэх дүгнэлт /хх 39 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар: Д.Тын С.Бг өмдний суран тэлээгээр зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн суран тэлээгээр зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой гэдгийг шалгуур болговол С.Бгийн эрүүл мэндэд “баруун зүүн даланд цус хуралт, зүүн чихний дэлбээн зөөлөн эдийн гэмтэл, зүүн чихний ар хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан нь Д.Тын түүнийг суран тэлээгээр зодсоноос болсон явдал юм. Хөнгөн хохирол учирсан хор уршиг, шүүгдэгчийн үйлдэл хоёр дээрх байдлаар хоорондоо шалтгаант холбоотой, мөн бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн зэрэг нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Уг гэмт хэргийн санаа зорилгыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй боловч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаас харахад Д.Тын С.Бг зодсон үйлдэл нь түүний өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.  

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Ж.Т нь насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон. Шүүгдэгч Д.Т, хохирогч С.Б нар гэр бүлийн баталгаа байхгүй ч гэсэн нэг гэр бүлд хамтран амьдардаг болох нь тэдгээрийн өөрсдийн мэдүүлэг, хорооны засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байгаа тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.

 

           Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д ..., хамтран амьдрагч ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

 

Шүүгдэгч Д.Тыг С.Бгийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч С.Б эмчилгээтэй холбоотой төлбөр нэхэмжлээгүй болох нь хавтаст хэргийн 28-31, 86 дугаар хуудсан дахь баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

            Д.Тд холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ, гэр бүлийн бусад гишүүдийн дэргэд үйлдсэн, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан түүнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шүүх шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чонос овогт Дгийн Тыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Тыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Тд мэдэгдсүгэй. 

 

 4.Д.Тын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ