Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/125

 


 



 

  2024             01           23                                           2024/ДШМ/125

 

Р.Э , Х.С , 

О.Ц , Э.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Энэрэл, 

яллагдагч  Р.Э , Х.С , тэдний өмгөөлөгч Б.Отгончимэг,

яллагдагч Э.Б,

яллагдагч О.Ц ,

хохирогч Х.О гийн өмгөөлөгч О.Билгүүн, 

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/1902 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Энэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Р.Э , Х.С , Э.Б О.Ц  нарт холбогдох эрүүгийн 2105 00098 0050 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Яллагдагч М нийгэмлэгийн “У "-ийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн дарга Э.Б хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Р.Э , нэгдүгээр цехийн агуулахын эрхлэгч Х.С , авто ачигчийн жолооч О.Ц  нарын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших “У ”-ийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2 дугаартай агуулахад хураасан ачаа, бараа нурж, хохирогч Х.О гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           Баянгол дүүргийн прокурорын газраас: Яллагдагч Р.Э , Х.С , О.Ц , Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар “М ” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй байж     нийгэмлэгийн ачиж буулгах тээвэр  экспедицийн  механикжсан ангийн албан тушаалтан, ажилчдыг шалган шийдвэрлэж гэм буруугийн асуудлыг хэлэлцсэн, мөн хохирогч Х.О гийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг “М ” ХХК, “Т ” ХХК, “Г " ХХК, М нийгэмлэгийн “У ”-ийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги зэрэг хариуцвал зохих эсэх этгээдүүдээс чухам аль нь хариуцах ёстой талаар мөрдөн шалгах ажиллагаагаар хууль зүйн дүгнэлт хийж, иргэний хариуцагчаар татах зохих этгээдийг зөв тогтоож ирүүлэх, мөн түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар “М ” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хөдөлмөрийн болон аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж хяналт тавин ажиллах үүргийг хэн хариуцахыг тогтоож, хохирогчийн гэм хорын хохирол, хор уршгийг хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татах талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тэдгээрт хуульд заасан эрх, үүргийг эдлэх боломжоор хангаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Хэргийг прокурорт очтол Э.Б Р.Э , Х.С , О.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

              Прокурор Г.Энэрэл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 

Дээрх  хэргийг анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэхээс өмнө яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагчийн өмгөөлөгч Б.Отгончимэгээс гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар хэргийг шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. 

Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон боловч урьд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байтал анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулан, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэргийг буцаахгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. 

Мөн нийслэлийн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо “М ” ХХК-иас байгууллагынхаа ачааг авах гэж очсон “Г ” ХХК-ийн гадаад харилцааны менежер ажилтай хохирогч Х.О д хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх, дагуулан явах, талбайгаар сэлгүүцэхгүй байх талаарх зааварчилгааг өгөх, ачааг агуулахаас буулгах ажиллагаанд хөдөлмөр, аюулгүй байдлын ямар журам мөрдөгдөх асуудлыг хэн хариуцах эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөгч, прокурор, шүүгчийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зэрэг ажиллагааг хийлгүүлэх талаар тус тус дурдсан бөгөөд анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “М ” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг зөрчсөн эсэх талаар тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татах зэрэг ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэх боломжтой байхад хууль зөрчин, урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэргийг прокурорт буцаажээ. 

              Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1902 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...

              ...Өмнө нь давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд яллагдагч  нарын өмгөөлөгч нарын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад шүүхэд шилжүүлсэн захирамж нь хүчин төгөлдөр байгаа. Анхан шатны шүүх хэргийг давж заалдах шатны шүүхээс хүлээн аваад өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна гэж үзээд эсэргүүцэл бичсэн байгаа. ...” гэв.

              Яллагдагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байгууллага дээр харамсалтай асуудал гарсан ч би хууль ёсны дагуу дүрэм журам, шаардлагыг биелүүлээд явж байгаа. 2020 оноос хойш цагдаагийн байгууллагад хандаад дуудсан газар нь мэдүүлэг тодорхойлолтоо өгсөн. Бидний зүгээс 3 жил хүсэж байгаа зүйл бол холбогдогч нарыг зөв тогтоогоод, шинжээчийн дүгнэлт дээр хяналт тавьж өгнө үү гэж байгаа. Би ажил олгогч биш байхад ажлын байран дээр ирж үзээгүй шинжээч нь яллах тогтоол дээр намайг хөдөлмөр аюулгүй байдлын чиглэлээр ажил хийгээгүй, ажил олгогч гэж бичсэн байсан. Хөдөлмөр аюулгүй байдлын чиглэлээр ажилласан гэдэг  нь  ажлын байран дээр очиж үзсэн шинжээчийн дүгнэлтээр тодорхой байдаг. Дээр дурдсан зүйлээр  бид нарыг үндэслэлгүйгээр яллаад байна. Зөв холбогдогчийг тогтоогоод өгнө үү  гэж мөрдөгч прокурор, шүүх дээр хэлж байсан. ...” гэв.

              Яллагдагч Р.Э , Х.С  нарын өмгөөлөгч Б.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэгийн гаргасан урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Э.Б нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан. Хэргийг хүлээж аваад шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарласныг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болсон нь шүүхийн ажиллагаа бүхэлдээ хүчингүй болж байгаа юм.  Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Х.О гийн өмгөөлөгч О.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагчаар зохих этгээдийг татах, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруутай этгээдийг зөв тогтоох талаар өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хүсэлтүүдийг гаргаж оролцож байсан боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дуусах хүртэл хугацаанд хүсэлтийг хэлэлцэхгүй байсаар анхан шатны шүүх хуралдаан болоод давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр хэрэг буцсан. Прокурорын эсэргүүцлийн хууль зүйн үндэслэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийг шүүхэд шилжүүлсэн захирамж нь хүчинтэй, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа нь тухайн гэм буруугийн хурлыг хүчингүй болгож байна гэж ойлгож байна. Иймд хэргийг шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй гэдэг нь үндэслэлтэй байгаа учраас анхан шатны шүүхийн ажиллагааг түдгэлзүүлж нэмэлт ажиллагааг хийлгэхээр шийдэж өгнө үү. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Яллагдагч М нийгэмлэгийн “У "-ийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн дарга Э.Б хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Р.Э , нэгдүгээр цехийн агуулахын эрхлэгч Х.С , авто ачигчийн жолооч О.Ц  нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших “У ”-ийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2 дугаартай агуулахад хураасан ачаа, бараа нурж, хохирогч Х.О гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Э , Х.С , Э.Б О.Ц  нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас хянан хэлэлцээд шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж хуульчилсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ДШМ/640 дугаартай магадлалаар 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй байна гэж үзсэн. 

Улмаар дээрх хуулийн заалтын дагуу тодорхой ажиллагаа хийх зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан зохицуулалтын хүрээнд ажиллагаа хийх боломжтой байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх боломжтой байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасныг зөрчин хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/1902 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Энэрэлийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дээрх үндэслэлээр хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч нарт авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/1902 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай. 

2. Яллагдагч Р.Э , Х.С , Э.Б О.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                     ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ