Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/481

 

 

 

 

         2024            4            24                                         2024/ДШМ/481

 

 

Э.А, Д.Д, Д.М,

С.Х, Б.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч А.О, М.А,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.О,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Г.Т,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Хулангийн бичсэн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцэл, шүүгдэгч Б.Сийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.А, Д.Д, Д.М, С.Х, Б.С нарт холбогдох эрүүгийн 2102002700159 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

            Х овгийн Э.А, 1987 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт .................... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:..........................,

Б овгийн Д.Д, 1974 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан ахлах байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 2, хүүхдийн хамт ..........................тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:......................./,

 

М овгийн  Д.М, 1974 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Ховд аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .................... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:................/,

З овгийн Х, 1973 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........................ тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:......................./,         

Б овгийн  Б.С, 1979 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн ахлах байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ..................... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:........................../,

 

Шүүгдэгч Э.А нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож “иргэн Р.Э нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээлгээгүй байхдаа “2020 оны 5 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монголын гудамж, “Жапэн Таун”-ны эргэх уулзвар дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчлийн 2010000846 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулалгүйгээр, Р.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр сэргээсэн байсныг 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Р.Эд давуу байдал бий болгосон,

 

Шүүгдэгч Д.Д нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн ахлах хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцож “иргэн Р.Э нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээлгээгүй байхдаа “2020 оны 5 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монголын гудамж, “Жапэн Таун”-ны эргэх уулзвар дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчлийн 2010000846 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулалгүйгээр, Р.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр сэргээсэн байсныг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Р.Эд давуу байдал бий болгосон,

 

Шүүгдэгч Д.М нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцож:

 -Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч Д.Дгаар дамжуулан иргэн Р.Э нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээлгээгүй байхдаа “2020 оны 5 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монголын гудамж, “Жапэн Таун”-ы эргэх уулзвар дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчлийн 2010000846 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулалгүйгээр, Р.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр сэргээсэн байсныг 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах шийдвэрийг хэрэг бүртгэгч Э.Аээр гаргуулж иргэн Р.Эд давуу байдал бий болгосон,

-Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Хаас тавьсан хууль бус хүсэлтийн дагуу “иргэн У.А нь 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Далайхүү төвийн урд замд 56-86 УБУ улсын дугаартай “Тоёота Сай” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зохицуулагч Ч.Аын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулах шаардлагыг биелүүлэлгүй зайлсхийсэн” гэх зөрчлийг шалгаж байсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан ахлах байцаагч Б.Ст нөлөөлөн, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн шийтгэл оногдуулахгүй байх хууль бус үүрэг чиглэл өгч улмаар иргэн У.Аын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 дахь заалтад заасан “техникийн хяналтын үзлэгт оруулаагүй” гэх үндэслэлээр 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж түүнд давуу байдал бий болгосон,

 

Шүүгдэгч Б.С нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож “Иргэн У.А нь 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Далайхүү төвийн урд замд 56-86 УБУ улсын дугаартай “Тоёота Сай” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зохицуулагч Ч.Аын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулах шаардлагыг биелүүлэлгүй зайлсхийсэн” гэсэн зөрчлийг шалгахдаа Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга Д.Мын тухайн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх шийтгэлийг оногдуулахгүй байх хууль бус үүрэг чиглэлийн дагуу иргэн У.Аын гаргасан дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 дахь заалтад заасан “техникийн хяналтын үзлэгт оруулаагүй” гэх үндэслэлээр 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж түүнд давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч С.Х нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн даргаар ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцож Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Мод “иргэн У.А нь 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Далайхүү төвийн урд замд 56-86 УБУ улсын дугаартай “Тоёота Сай” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зохицуулагч Ч.Аын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулах шаардлагыг биелүүлэлгүй зайлсхийсэн” гэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх шийтгэлийг оногдуулахгүй байх талаар хууль бус хүсэлтийг тавьж улмаар тухайн зөрчлийг шалгаж байсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан ахлах байцаагч Б.Ст нөлөөлөн иргэн У.Ад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Э.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

С.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Халиун морьт овогт Эрдэнэцогтын Э.Аийг Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Мухар овогт Дөрвөдийн Д.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэрэгт,

шүүгдэгч Боржигин овогт Дүгэрсүрэнгийн Д.Дг Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Боржигон овогт Батмөнхийн Б.Сийг нийтийн албан тушаалтан гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Захар овогт Сүрэнжавын Хүрэлбаатарыг нийтийн албан тушаалтан гэмт хэргийн хатгагчаар хамтран оролцож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Мухар овогт Дөрвөдийн Д.Мыг нийтийн албан тушаалтан гэмт хэргийн хатгагчаар хамтран оролцож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, С.Х нарыг тус тус нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.500.000 төгрөгөөр торгох ялаар тус бүрийг шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, С.Х, Б.С нарт оногдуулсан торгох ялыг арван найман сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М, С.Х, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн 9 ширхэг сиди, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 2 хавтас, 2 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсарган хадгалж, Э.А, Д.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.М, С.Х, Б.С нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, шүүгдэгч Д.М, Б.С, С.Х нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Б.Д.М, С.Х, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Э.А, Д.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.С давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Нийслэлийн прокурорын газраас иргэн У.Аын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх шийтгэлийг оногдуулалгүй Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 дахь заалтад заасан “техникийн хяналтын үзлэгт оруулаагүй” гэх үндэслэлээр 50.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулж түүнд давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч миний бие яллах дүгнэлтийг эс зөвшөөрч ....2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр У.Аын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулах ёсгүй байсан, учир нь “Зөрчлийн холбогдогч У.Аын согтуурлыг шалгахдаа 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын эрүүл мэнд, спортын сайд, хууль зүйн сайдын хамтарсан А/138.А/131 дугаартай тушаалаар батлагдсан журам”-ын 2.4-т “Зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч, Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ” гэж заасан.

Түүнчлэн, Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дахь хэсгийн 32.2-т “Энэ хуулийн 32.1-д заасны дагуу шалгуулахаас татгалзсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл тухайн хүнээс шинжилгээнд зориулж дээж авч болно” гэх хууль тогтоомжийн дагуу У.Аын цусыг шинжээч томилж шинжилгээнд өгсөн. Дээрх хуулийн заалтад “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж заасан байдаг, харин зөрчил гаргагч У.А нь коронатай ковидтой үед “Драгер” багаж үлээхгүй, согтуурлаа цусны шинжилгээгээр шалгуулна гэх хүсэлтээ хэлээд цусны шинжилгээгээ өгсөн энэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахдаа “Драгер” багаж үлээхээс татгалзсан болохоос согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл биш, харин А/138, А/131 дугаартай тушаалаар батлагдсан журамд заагдсан аргаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахаар зөрчилд холбогдогчоос цусны шинжилгээ авсан ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас өөр зүйл ангиар шийтгэл оногдуулсан талаар хэрэгт авагдсан бичгийн баримт, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч нараас мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсоноор У.Аын гаргасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 дахь заалтад заасан “техникийн хяналтын үзлэгт оруулаагүй” гэх үндэслэлээр 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг шүүх дүгнэхдээ ...У.Ад холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан дээрх ажиллагаанд үндэслэн явуулсан ажиллагааг дүгнэж илэрхий үндэслэл муутай шийдвэр гаргаж түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шийдвэр гаргах байсан ба энэ нь бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогджээ” гэж үзсэн нь прокуророос миний биеийг буруутгасан үйлдлийг няцаасан. Дээрх байдлаас дүгнэхэд У.Аын согтуугаар үйлдсэн зөрчлийг зөвхөн би биш шүүгч ч үгүйсгэсэн нь үндэслэлтэй болох нь харагдаж байгаа нь тухайн холбогдогчийн зөрчил нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй байсан учраас тогтоогдсон нөхцөл байдлыг хянан үзэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар зөрчлийн холбогдогч У.Ад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 дахь заалтад заасан “техникийн хяналтын үзлэгт оруулаагүй” гэх үндэслэлээр 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэр үндэслэлтэй болохыг мөн нотоллоо.

2. Харин шүүхээс зөрчлийн холбогдогч У.Аын гаргасан зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зөрчлийг агуулсан байж болзошгүй зөрчлийг шалгахдаа зохих шийдвэр гаргаагүй гэж үзэхдээ хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй дурдах байдлаар шийтгэх тогтоолд бичсэн нь шүүгч өөрийнхөө шийдвэрт эргэлзсэн учраас нотлох баримтыг дурдаагүй ба энэ нь зөрчилд холбогдогч У.Аын үйлдсэн зөрчлийг нотлохын тулд авсан ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ...хүнд холбогдуулан 4 төрлийн шинжилгээ хийлгэх... үндэслэл буюу дээрх 4.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 2 дахь хэсэгт “Дараах тохиолдолд хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэж болно:

2.1. гэрч, хохирогч, холбогдогч зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл сэтгэцийн байдлыг тодорхойлох,

2.2. холбогдогчийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоох шаардлагатай бол;

2.3. холбогдогчийн насыг гэрчлэх баримт бичиг байхгүй бөгөөд түүний насыг тогтоох нь зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой бол,

2.4. Хүний биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох шаардлагатай бол” гэх заалтад холбогдогчийн гаргасан үйлдэл буюу согтуурсан, мансуурсан эсэхийг

тогтоохоор шинжилгээ хийлгэх талаар зохицуулалт байхгүй байсантай холбогдуулан шүүгч хууль зүйн дүгнэлтээ хийж чадаагүй гэж дүгнэхэд хүрсэн.

Түүнчлэн шүүгч өөрийн гаргасан шийдвэртээ дээрх байдлаар эргэлзэж, тухайн нотлох баримт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд заасан “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй” гэх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан зохицуулалтыг үндэслэн миний биед холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалтыг хэрэглэж хэрэгсэхгүй болгох боломжтой байсан.

Гэтэл шүүгч өөрийн гаргасан шийдвэрт хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр шууд агуулгаар миний эрх зүйн байдлыг дордуулж, шийтгэл оногдуулсан нь түүний шийдвэр шударга ёсны заримд нийцэхгүй, хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

3. 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр УИХ-ын хуралдаанаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд өөрчлөлт орсон. Уг өөрчлөлтөөр Эрүүгийн хуульд “согтуурсан хүн” гэдгийг хэрхэн ойлгох талаар тодорхой болгосон байсан. Тодруулбал, хүний амьсгал дахь спиртийн агууламж 0.20, цусан дахь спиртийн агууламж 0.50 түүнээс дээш хувь илэрснийг ойлгоно гэж тодорхой тайлбарласан байна.

Энэ нь өмнө нь дагаж мөрдөж байсан хуулиудыг хэрхэн хэрэглэх талаар хууль хэрэгжүүлэгч нарын эргэлзээтэй байсан зохицуулалтыг нарийвчлан зааж, хуулийг зөв хэрэглэхэд ойлгомжтой зохицуулалт орсон ба тухайн үед хэрэглэж байсан хуульд ийм зохицуулалт заасан бол би хуулийн дагуу шийдэх байсан, би тухайн үед мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, холбогдох журмын дагуу зөрчлийг шийдвэрлэсэн, иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчилсан байдаг. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан. Өөрөөр хэлбэл, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлтдээ яллаж байгаа хэргийн товч агуулгыг дурдсан. Харин шүүгдэгч Б.Сийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлд арга хэмжээ аваагүй гэж буруутгаж байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийн хүрээнд гэснийг хэтрүүлэн дүгнэж шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч С.Х, Д.М нар нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдын ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Б.Ст хөндлөнгөөс нөлөөлсөн гэж дүгнэсэн. Мөн Б.Сийг ятгаж нөлөөлсөн нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн. Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаагаар С.Х нь Д.М руу У.Аын тухай ярьсан байдаг. Мөн Туяа, У.А нар С.Х руу ярьсан байдаг. Эдгээр хүмүүс хоорондоо яриад байгаа нь тэр хүмүүсийн хоорондын яриа буюу Б.Сийн тухай огт яриагүй. Д.Мын зүгээс хуулийн дагуу хурдан шуурхай шийдвэрлээрэй гэж хэлсэн. Өөр хууль бус үүрэг даалгавар өгөөгүй байдаг. Энэ нь Б.С, Д.М нарын мэдүүлгээр тогтоогдсон. Харин С.Д.М нь Б.Ст хууль бус үүрэг чиглэл өгсөн эсэх мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдоогүй. Ятгасан гэх үйл баримт тогтоогдоогүй. Үүнийг анхан шатны шүүх таамаглаж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар тогтоогдоогүй байхад таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй. Магадгүй Б.Сийн согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд арга хэмжээ аваагүй үйлдлийг өмгөөлөгчийн зүгээс хуулиар тодорхойлсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийн шинжтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байдаг. Иймд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Э.Аийн өмгөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Э.А нь Р.Эд давуу байдал олгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт холбогдсон байдаг. Болсон үйл явдлын хувьд Р.Э нь 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байдаг.

Улмаар Р.Э 2018 онд жолоодох эрхээ хасуулсанаас 2 жилийн дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдсон байдаг.

Зөрчилд холбогдогч Р.Э, зөрчлийн хэрэг бүртгэгч Э.А дээр ирэхдээ хүчинтэй жолооны үнэмлэхний лавлагааны хамт ирсэн байдаг ба хэрэг бүртгэгч Э.А нь Р.Эг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн гэж зөрчлийн тухай хуульд заасны дагуу 400.000 мянган төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан. Замын хөдөлгөөны аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 18.3.3-т тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хассан хугацаа дуусгавар болсон тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргэсэнд тооцохоор хуульчилсан байдаг.

Эрүүгийн 2102002700159 дугаартай хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн дараах нөхцөл байдлууд тогтоогддог болно.

-Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шүүгдэгч Э.Аээр өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан, гэрчийн мэдүүлэг авахдаа түүнийг хуурч, дарамтлах хэлбэрээр албадаж мэдүүлэг авсан байдаг.

- Эрүүгийн 2102002700159 дугаартай хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдаагүй ба өөр хэрэгт явуулж байсан мөрдөн шалгах нууц ажиллагааны материалыг тус хэрэгт хавсаргасан байдаг бөгөөд өөр хэрэгт явагдаж байсан мөрдөн шалгах нууц ажиллагааны материалыг прокурорын зөвшөөрөлгүй Эрүүгийн 2102002700159 дугаартай хэрэгт хавсаргасан байдаг.

-Мөн өөр буюу 1941000550216 дугаартай хэрэгт явагдаж байсан мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах прокурорын хугацаа дууссан байсан ба хугацаа сунгасан тогтоолыг шүүх хурлыг 30 хүртэл хоногоор хойшлуулсан хугацаанд ирүүлэхдээ 1941000550216 дугаартай хэрэгт явуулаагүй өөр төрлийн мөрдөн шалгах ажиллагааны хугацаа сунгасан тогтоолыг шүүхэд ирүүлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлыг анхан шатны шүүх тал бүрээс нь үнэлж, Эрүүгийн 2102002700159 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж нотлох баримт цуглуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2 дахь хэсэг заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Э.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсонд нийцсэн шийдвэр тул хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүгдэгч Э.Аийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолд Э.Ат холбогдох хэсгийг үндэслэлтэй дүгнэсэн тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэх саналтай байна. Шийтгэх тогтоолд нотолбол зохих байдлыг эргэлзээгүй бүх талаас нь нотолж чадсангүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болголоо гэж дурдсан. Энэ нь үндэслэлтэй. Гэтэл прокуророос хэдийгээр А31 гэдэг нотлох баримтыг хууль ёсны дагуу бүрдүүлж чадаагүй гэж үзэж байгаа бол ядаж гүйцэтгэгч Э.Аийн үйлдэл бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдож байна гэдэг. Гэтэл энэ хэрэг дээр бусад холбогдогчийг буруутгаж байгаа нотлох баримт болох нууц ажиллагааны баримт өөрөө хууль ёсоор авагдаагүй, хууль ёсны нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй болж байгааг прокурор өөрөө хүлээн зөвшөөрч байгаа юм бол бүлэглэсэн үйлдэл гэж яригдахгүй бөгөөд гүйцэтгэгч гэдэг ойлголт байхгүй байх ёстой. Гэтэл гүйцэтгэгчид нь яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бэ гэдэг үндэслэлийг яриад байгаа нь хуульд нийцэхгүй. Хэрвээ Э.Аийг ганцаараа үйлдсэн гэж үзэж байгаа бол энэ хэргийн оролцогчийн хувьд субъектив санаа зорилго гэмт хэргийг үйлдэх сэдэлт шалтгаан нь юу байсан бэ, ямар оролцоогоор оролцсон бэ гэдгийг прокурор хяналтын хугацаандаа хангалттай нотлох баримт цуглуулж ялган тогтоож чадаагүй. Хэргийн ачааллаас болоод тухайн хугацаанд зөрчлийн хэрэг бүрдүүлэх ажиллагааг удааширсан нөхцөл байдлаар хийсэн. Шүүгдэгч Э.А нь “шинэ боловсон хүчин байсан, ачааллын хувьд маш их ачаалалтай учраас хүнээ дуудахаар ирдэггүй. Үүнээс болоод хугацаа алдсан гэж хэлдэг. Цуглуулсан нотлох баримт дээр өөрийн итгэл үнэмшлээр дүгнэлт хийсэн гэж ярьдаг. Тухайн зөрчлийн талаарх нотлох баримт анх удаагаа над дээр орж ирсэн нотлох баримт. Үүнд хууль зүйн талаас нь дүгнэлт хийхдээ би шинээр ирсэн нотлох баримтуудаа хэрхэн яаж дүгнэлт хийх вэ гэдгээ бодож байгаад өөрийн итгэл үнэмшлээр дүгнэлтээ гаргасан. Шинэ нотлох баримт гэдэг нь эрх сэргээлгэсэн хүчинтэй гэдэг лавлагааг би яаж үнэлэх вэ гэдэг дээр эргэлзээд эхэлсэн. Өмнө нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар олон удаа шууд эрхийг нь хасаад баривчлах шийтгэл эдлүүлдэг байсан гэж хэлдэг. Гэтэл сэргээгдэж орж ирсэн нотлох баримттай өмнө таарч байгаагүй. Үүн дээрээ эргэлзэж байгаад хүчинтэй материалаа үнэлэх юм байна гээд үнэлээд арга хэмжээ авсаны дараа прокурор хянаад үндэслэлтэй гэж дүгнэсэн” гэдэг. Уг тайлбараас үзэх юм бол сэдэлт шалтгаан нь гэмт хэргийн шинжтэй үйлдээгүй юм байна гэдэг агуулга харагддаг. Гэмт хэргийн шинжтэй байсан юм уу, үнэхээр ажлын ачаалал, мэдлэг ур чадварын хувьд хангалтгүйгээс болсон уу гэдгийг ялган тогтооход хангалттай хүрэлцэхүйц нотлох баримтыг цуглуулаагүй. Зөвхөн Р.Эаас нууц ажиллагаа явуулсан Д.М, Д.Д нарын харилцааны ярианууд байгаа учраас шууд Э.Атэй шалтгаант холбоотой гээд зүтгүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа МУҮХ болон бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасан. Чанд сахиулахын тулд шүүгч эргэлзээтэй нотлох баримт байна гэж дүгнэсэн нь үнэн зөв юм. Субъектив санаа зорилгын хувьд өөрөө гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрч байсан гэдэг зүйлийг ярьдаг. Энэ гэрчийн мэдүүлгийг өгөхөд дарамт, шахалт мөрдөгчийн ятгалгаа байсан гэж удаа дараа хэлж гомдлоо гаргасан байдаг. Тухайн гомдлуудыг хангахгүй орхисон шалтгаан нь энэ гаргаж байгаа гомдлынхоо нотлох баримтыг гаргаагүй гэдэг. Гэтэл тухайн нотлох баримт нь албан тушаалтанд байсан. Эсхүл мөрдөн шалгагдаж байгаа субъектэд байсан. Эсхүл хяналт тавьж байгаа прокурор өөрөө татаж аваад нотлох баримтыг шалгах эрхээ хэрэгжүүлээгүй. Ингээд нотлох баримтгүй гэдгээр гомдлыг хэрэгсэхгүй болгоод байсан нь үндэслэлгүй. Үүнийг прокурор шалгаж өгөхгүй юм бол шүүхийн шатанд хэлэлцүүлнэ гэдэг байдлаар явсан. Энэ хэрэг шалгагдах болсон үндэслэл нь хэн нэгнээс гомдол гаргаагүй АТГ-н мөрдөн шалгах комиссын нэг мэргэжилтэнгээс Р.Э гэдэг хүн дээр шалтгалт явуулж байгаад шалгасан байдаг. 2020 оноос хойш 3-4 удаа буцаагдсан хэрэг байдаг. Нэмж оруулж ирж байгаа нотлох баримт нь өөр хэргийн нотлох баримтыг хуулбарлаад хавсаргасан. Хангалттай нотлох баримт байхгүй учраас хэрэгсэхгүй болгож байна гэсэн нь үндэслэлтэй бөгөөд Р.Э гэх хүнд ял шийтгэл оногдуулах цаад санаа зорилгын үүднээс цагдаагийн албан хаагч нарыг буруутгасан шийдвэр гаргахад тэр хэрэгт ач холбогдолтой гэдэг үндэслэлээр зүтгүүлсэн гэж хардаж байна. Прокурорын гэмт хэрэг нотлогдсон гэх тайлбар нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эсэргүүцлийн үндэслэл нь “...Шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “...тухайн хэрэгт өөр хэргээс хуулбарлан авсан А-31 дугаартай магадлагааг хэрэгт бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгч ...мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах... ажиллагааг хийхийг прокурорын зөвшөөрлөөр явуулна” гэсэн заалтыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасны дагуу тухайн баримтыг шүүх нотлох баримт гэж үзээгүй” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заагаагүй хэм хэмжээг үндэслэн шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал нийцээгүй.”

...Өөрөөр хэлбэл баримт бичигт үзлэг хийж, хуулбарлан авах мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй гэж үзэхээр байна.

...хэрэг хянан шийдвэрлэхийг 30 хоногоор хойшлуулж, уг хугацаанд шүүгчийн захирамжид заасны дагуу Улсын Ерөнхий прокурорын газраас мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах тогтоолыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулан хэрэгт хавсаргаснаар мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэл бий болсон байдаг.

...улсын яллагчаас Э.Аийн гэрчээр өгсөн мэдүүлгийг шинжлэн судлахдаа түүний мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаагүй, харин шүүгдэгч Д.Дгийн үйлдэлтэй холбоотой хэсгийг шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нь хүний эрхийн зөрчилд хамаарахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.А, Д.Д нараас гэрчийн мэдүүлэг авахын өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасан эрхийг танилцуулж гарын үсэг зуруулсан тэмдэглэлд тусгалгүй мэдүүлэг авч хууль зөрчсөн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.” гээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн байна.

Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолыг гаргахдаа тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь: хэсгийн Нэг-д

"... Улсын яллагчийн дүгнэлтэд тусгагдсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэх өөр хэргээс хуулбарлан авсан А-31 дугаартай магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж бэхжүүлжээ.

Тодруулбал тухайн хэрэгт өөр хэргээс хуулбарлан авсан А-31 дугаартай магадлагааг хэрэгт бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаанаас бүрдэнэ.” гэсэн заалтыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж заасны дагуу тухайн баримтыг шүүх нотлох баримт гэж үзээгүй.

Түүнчлэн шүүгдэгч Э.А, Д.Д нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрсдийн нь эсрэг, тэдгээрийн эрх ашиг хөндөгдөх байдлаар гэрчээр тус тус мэдүүлэг /1 хх-ийн 85-89, 92-94/ авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.”, 6-д “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.” гэж заасан эрхийг хангалгүй, шүүгдэгч Э.А, Д.Д нараас мэдүүлэг авахдаа тухайн хуулийн заалтын талаар тэмдэглэлд тусгалгүй мэдүүлэг авч хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдээс гэм буруутай байж болохуйц байдлаар гэрчээр мэдүүлэг авч улмаар тухайн мэдүүлгийг нь өөрийг нь яллах нотлох баримтаар тооцох нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүний эрхийн зөрчил болохыг дурьдах нь зүйтэй.

Гэрч Р.Э нь “...Д.Моос асуухад эрх сэргээхийн тулд сургалтанд суух ёстой гэсэн. Тэгээд эрхээ сэргээлгээд очсон...” гэсэн. /3 хх-ийн 191-196/ агуулгатай мэдүүлэг өгчээ.

Дээрхээс үзвэл улсын яллагчаас шүүгдэгч Э.А, Д.Д, Д.М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж буй шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлэг, өөр хэргээс хуулбарлан авсан А-31 дугаартай магадлагаа гэх баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж цуглуулсан байх тул нотлох баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ба түүнээс бусад баримтуудаар гэмт хэргийг хэзээ, хаана, хэрхэн яаж үйлдсэн зэрэг нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж шүүх дүгнэлээ.” гээд:

Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №24 дугаар тогтоол, түүний тайлбарыг шийтгэх тогтоолд туйлын тодорхой үндэслэл болгон дурьдаж Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.А, Д.М болон миний үйлчлүүлэгч Д.Д нарт холбогдох хэргийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл улсын яллагчийн эсэргүүцэлд: шийтгэх тогтоолд нотлох баримт гэх хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн баримт, сэлт, мэдээллийг ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангаж байгаа болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хэрхэн нотлогдож байгааг огт тусгаагүй байна.

Эсэргүүцэлд тусгагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заагаагүй хэм хэмжээг үндэслэсэн гэж байгаа боловч тухайн зүйлийн 3 дахь гэсэн хэсгийн заалтыг дэлгэрэнгүй дурдсан ба гагцхүү “3” гэсэн заалтыг “2” гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа болох нь тогтоолд дурдсан үндэслэлээс тодорхой харагдаж байгаа ба энэ нь тогтоолыг заавал хүчингүй болгох үндэслэл биш бөгөөд давж заалдах шатны шүүхээс техникийн шинжтэй алдааг залруулах бүрэн боломжтой юм. /ЭХХШТХ-н 36.14-р зүйлд зааснаар/

Түүнчлэн улсын яллагчийн эсэргүүцэлд баримт бичигт үзлэг хийж, хуулбарлан авах мөрдөн шалгах ажиллагаа нь дээрх хуулийн 22.1 дэх хэсгийн 3 дахь хэсэгт заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй гэж үзэхээр байна гэж дурдсан нь ч бичиг техникийн алдаа гарсан байна гэдгийг мэдсэн, ойлгосон байгааг харуулж байна.

Гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөр хэрэг бүртгэлтийн буюу 210200004 дугаартай хэргээс мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой баримт бичигт үзлэг хийж, хуулбарлан авч байгаа тохиолдолд заавал прокурорын зөвшөөрлөөр явуулах талаар маш тодорхой хуульчилсан бөгөөд шүүхээс шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль ёсны бөгөөд эсэргүүцэл үндэслэлгүй бичигдсэн болохыг нотолно.

Нэгэнт мөрдөн шалгах нууц ажиллагаа нь хууль зөрчиж явагдсан ба Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах тогтоол, хугацаа сунгах тогтоол нь Э.А, Д.Дд холбогдох хэрэг бүртгэлтийн дугаартай 210200270 болон мөрдөн байцаалтын 2102002700159 дугаартай хэрэгт хийгдсэн ажиллагаа биш болох нь хугацаа сунгасан тогтоолуудад дурьдсан үндэслэл, хэргийн дугаар нь өөр байгаагаар хангалттай тогтоогдсон.

Ийнхүү прокуророос гол яллах үндэслэл, нотолгоо болгож буй мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах шийдвэр, түүний үр дүнд цугларсан баримтууд, түүнийг бичиг баримтаар мөрдөгч дур мэдэн шууд хуулбарлан 2102002700159 дугаартай хэрэгт хавсаргасан ажиллагаа нь хууль бус тул Э.А, Д.Д нарын гэрчээр өгсөн мэдүүлгээр тэднийг яллах үндэслэл болохгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.” гэж заасан ба өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж тайлбарлан өгч мэдүүлэг өгөхөөс татгалзах болон өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эсэх талаар тэмдэглэлд огт тусгаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.

Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч миний зүгээс:

...Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа баримтлах бүхий л гол зарчимуудыг ноцтой зөрчсөнийг тайлбартаа нэмж дурьдах нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах зарчимууд зөрчигдсөн.

Нэгд: 1.6 дугаар зүйлийн /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажйллатаа хууль ёсны байх/ 1-д заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”

Хоёр. 1.7 дугаар зүйлийн /Хэргийн бодит байдлыг тогтоох/ 1-д заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”

2-т заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”

4-т заасан “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно.”

Гурав. 1.14 дүгээр зүйлийн /Өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах/ 1-д заасан “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.” Гэсэн хуулийн үндсэн суурь зарчим зөрчигдсөн.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл, журмуудыг дараах байдлаар зөрчсөн.

Дээрх хуулийн 22.1 дүгээр зүйлийн /Мөрдөн шалгах ажиллагаа/ 1-д заасан “мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2-т заасан “мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаанаас бүрдэнэ” гэснийг тус тус ноцтой зөрчсөн.

Ийнхүү мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн /Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх/ 1-д заасан “мөрдөгч хэрэг бүтгэлтийн хэрэг нээсэн бол прокурорт даруй мэдэгдэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тогтоолыг 72 цагийн дотор прокурорт танилцуулна” 2-т заасан “хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно” гэсэн заалтуудыг мөн зөрчиж гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг бүртгэлд оруулаагүй, цаашилбал хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоол үйлдэлгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг.

Дээрх бүхий л Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн үндэслэл, хэргийн нотлогдсон гэх нөхцөл байдлуудад шүүхээс бодитойгоор дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй”, мөн зүйлийн 14-т “Нотлох баримтыг шинжлэн  судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн заалтуудын дагуу хуулийг зөв хэрэглэж хэргийг мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа болно.

Иймд ЭХХШТХ-ийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Прокурор Ц.Хулан бичсэн эсэргүүцэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.А, Д.Д, Д.М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж буй шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлэг, өөр хэргээс хуулбарлан авсан А-31 дугаартай магадлагаа гэх баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж цуглуулсан байх тул нотлох баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ба түүнээс бусад баримтуудаар гэмт хэргийг хэзээ, хаана, хэрхэн яаж үйлдсэн зэрэг нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүссэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Э.Аийн гэрчээр өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаанаас бусад нотлох баримт буюу Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 14-2а/497, 14-2а/498 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2хх 185-185, 187-219/,

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 21/456 дугаартай албан бичиг, түүний хавсралт, 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 21/429 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2хх 221-224, 3хх 47-72/,

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 26к/381 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2хх 227-240/,

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 8г/232 дугаартай албан бичиг, түүний хавсралт /3хх 74-75/,

Гэрч Г.А, Б.М, О.Г, Н.Х, Ч.Б, Р.Э, В.Б, Н.М нарын мэдүүлэг /3хх 147-207/ зэргээр шүүгдэгч Э.А нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож иргэн Р.Э нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээлгээгүй байхдаа “2020 оны 5 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө Хан-Уул Дүүргийн 15 дугаар хороо, Их Монголын гудамж, “Жапэн Таун”-ы эргэх уулзвар дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчлийн 2010000846 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулалгүйгээр, Р.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр сэргээсэн байсныг 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Р.Эд давуу байдал бий болгосон үйл баримт хангалттай тогтоогдсон байхад нотлох баримт хүрэлцээгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж дүгнэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь илт үндэслэлгүй байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...тухайн хэрэгт өөр хэргээс хуулбарлан авсан А-31 дугаартай магадлагааг хэрэгт бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгч ...мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах... ажиллагааг хийхийг прокурорын зөвшөөрлөөр явуулна.” гэсэн заалтыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж, заасны дагуу тухайн баримтыг шүүх нотлох баримт гэж үзээгүй...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заагаагүй хэм хэмжээг үндэслэж шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Мөрдөгч эрүүгийн 1941000550216 дугаартай хэргийн оролцогч Р.Эд чиглэсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааны зарим хэсгийг нотлох баримтаар бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулбарлан авч, тэмдэглэл үйлдсэн нь хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл баримт бичигт үзлэг хийж, хуулбарлан авах мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй гэж үзэхээр байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Э.А нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд өмгөөлөгч нараас гаргасан “мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг хуульд заасан хугацааны дотор явуулсан эсэх нь тодорхойгүй” гэх саналыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэхийг 30 хоногоор хойшлуулж, уг хугацаанд шүүгчийн захирамжид заасны дагуу Улсын ерөнхий прокурорын газраас мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах тогтоолыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулан хэрэгт хавсаргаснаар мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэл бий болсон байдаг.      

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Э.Аийн гэрчээр өгсөн мэдүүлгийг шинжлэн судлахдаа түүний мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаагүй, харин шүүгдэгч Д.Дгийн үйлдэлтэй холбоотой хэсгийг шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нь хүний эрхийн зөрчилд хамаарахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.А, Д.Д нараас гэрчийн мэдүүлэг авахын өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан эрхийг танилцуулж, гарын үсэг зуруулсан тэмдэглэл хэрэгт хавсаргагдсан байхад дээрх хуулийн заалтыг тэмдэглэлд тусгалгүй мэдүүлэг авч хууль зөрчсөн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай.

 

1. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

 

Нийслэлийн прокурорын газраас Э.А, Д.Д, Д.М нарыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч болон хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа “иргэн Р.Э нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгээгүй байхдаа “2020 оны 5 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монголын гудамж, “Жапан Таун”-ы эргэх уулзвар дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчлийн 2010000846 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулалгүйгээр, Р.Эы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр сэргээсэн байсныг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасч, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Р.Эд давуу байдал бий болгосон гэж дүгнэж, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэхдээ:

 

Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14-2а/498 дугаартай, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 21/456 дугаартай, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 21/429 дугаартай, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 26к/381 дугаартай, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 8г/232 дугаартай, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 131 дугаартай албан бичгүүд, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл болон баримтууд, гэрч Г.А, Б.М, О.Г, Н.Х, Ч.Б, Р.Э, В.Б, Н.М нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг яллах үндэслэл болгожээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, зөрчилд холбогдогч Р.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2020 оны 5 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Эрх бүхий албан тушаалтан Э.А нь зөрчилд холбогдогчийн эрх сэргэсэн дээрх нөхцөл байдлыг харгалзан түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийн шинж үгүйсгэгдсэн гэж үзээд мөн хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулсныг шүүгдэгч Э.А, Д.Д, Д.М нарыг хамтран санаатайгаар Р.Эд давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй буюу зөрчилд холбогдогч Р.Эд давуу байдал бий болгох зорилгоор баривчлах шийтгэл оногдуулахгүй байх санаа зорилго агуулж, шүүгдэгч Э.Аийг уг гэмт хэргийн гүйцэтгэгчээр, шүүгдэгч Д.Д, Д.Мыг нарыг уг гэмт хэргийн хатгагчаар тус тус хамтран оролцож үйлдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай, харин дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог.  

 

Иймд эрх бүхий албан тушаалтны хууль буруу хэрэглэсэн үйлдэл нь зөрчилд холбогдогч Р.Эд “баривчлагдахгүй байх” нөхцөл байдал бий болгосон байх хэдий ч эрх бүхий албан тушаалтан бусадтай хамтран санаатайгаар түүнд давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул энэ талаар бичсэн прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Шүүгдэгч С.Х нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн даргаар ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцож Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Мод “иргэн У.А нь 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Далайхүү төвийн урд замд 56-86 УБУ улсын дугаартай “Тоёота Сай” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зохицуулагч Ч.Аын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулах шаардлагыг биелүүлэлгүй зайлсхийсэн” гэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх шийтгэлийг оногдуулахгүй байх талаар хууль бус хүсэлтийг тавьж улмаар тухайн зөрчлийг шалгаж байсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан ахлах байцаагч Б.Ст нөлөөлөн иргэн У.Ад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж түүнд давуу байдал бий болгосон,

шүүгдэгч Д.М нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцож Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Хаас тавьсан хууль бус хүсэлтийн дагуу “иргэн У.А нь 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Далайхүү төвийн урд замд 56-86 УБУ улсын дугаартай “Тоёота Сай” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зохицуулагч Ч.Аын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулах шаардлагыг биелүүлэлгүй зайлсхийсэн” гэх зөрчлийг шалгаж байсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан ахлах байцаагч Б.Ст нөлөөлөн, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн шийтгэл оногдуулахгүй байх хууль бус үүрэг чиглэл өгч улмаар иргэн У.Аын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 дахь заалтад заасан “техникийн хяналтын үзлэгт оруулаагүй” гэх үндэслэлээр 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж түүнд давуу байдал бий болгосон,

шүүгдэгч Б.С нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож “Иргэн У.А нь 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Далайхүү төвийн урд замд 56-86 УБУ улсын дугаартай “Тоёота Сай” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зохицуулагч Ч.Аын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулах шаардлагыг биелүүлэлгүй зайлсхийсэн” гэсэн зөрчлийг шалгахдаа Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга Д.Мын тухайн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх шийтгэлийг оногдуулахгүй байх хууль бус үүрэг чиглэлийн дагуу иргэн У.Аын гаргасан дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 дахь заалтад заасан “техникийн хяналтын үзлэгт оруулаагүй” гэх үндэслэлээр 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Ч.Аын “... Би 2021 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхад 56-86 УБУ улсын дугаартай Тоёота Сай загварын тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан, тэгэхэд 56-86 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл унаж явсан эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд драгер багаж үлээлгэх гэхэд үлээхгүй гээд цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага биелүүлэхгүй байсан... Цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага биелүүлэхгүй байсан учир 56-86 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ТС-9 журмын хашаанд хийгээд, тээврийн хэрэгсэл жолоодож явсан эмэгтэйг Төмөр зам дахь эрүүлжүүлэх байр луу аваад явсан, Эрүүлжүүлэх саатуулах байранд авчраад эрүүлжүүлэх байр луу хийх гэхэд драгер багаж үлээгээгүй, согтуурлыг шалгаагүй учир авахгүй гэсэн... уг эмэгтэйг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Цагдаагийн хэлтсийн байранд авчран тухайн эмэгтэйг сандал дээр суулган харж хоносон бөгөөд өглөө ажил эхлэхэд Замын цагдаагийн хэлтсийн дарга Д.Мод тухайн У.Алтанзул гэж эмэгтэйг материалжуулсан баримтын хамт хүлээлгэн өгсөн. ...” /11хх 236-238/,

 

гэрч А.Туяагийн “… 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 07 цагийн үед миний гар утас руу залгаад “...найз нь жоохон юм уучихсан явж байгаад замын цагдаад баригдчихлаа...” гэсэн. Тэгээд одоо Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн газраас гарч байна гэхээр нь “...манай гэрт хүрээд ир найз нь ганц нэг таньдаг хүнээсээ асууж өгье...” гэсэн. Тэгээд У.Алтанзул манай гэрт ирсэн. Тэгээд би өөрийн танил Хүрэлбаатарын 99111263 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд өдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 28-ны 13 цагийн үед Хүрэлбаатар гар утсаа авч надтай ярьсан. Би Хүрэлбаатараас өөрийн найз Алтанзул согтуу машин барьж яваад Сүхбаатар дүүргийн замын цагдаад баригдсан талаар хэлж эрхийг хасуулахгүйгээр аргалж янзлаад өгөөч...” гэж гуйсан. Тэгтэл Хүрэлбаатар над руу эргэж утсаар холбогдоод Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн дарга Д.Мтой очоод уулз гэсэн. Тэгэхээр нь найз Алтанзулын хамт Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэс рүү очих үед Д.М гэх дарга нь байгаагүй ба Д.Мтой утсаар ярихад Б.С гэх зөрчлийн байцаагчтай уулз гэсэн. Тэгээд Б.С гэх байцаагчтай уулзах гэсэн байгаагүй ба маргааш нь буюу 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө найз У.Алтанзулын хамт Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэс рүү очиж Б.С гэх зөрчлийн байцаагчтай уулзахаар очсон ба Алтанзул Б.Сийн ажлынх нь өрөө рүү нь орж уулзаад гарч ирсэн. Б.С гэх байцаагч нь манай найз Аптанзулын согтуугаар машин барьсан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн ба машиныг нь журмын хашаанаас гаргах зөвшөөрөл бичиж өгсөн байсан. ... С.Х нь Д.Мтой холбогдож найз У.Алтанзулын согтуугаар машин барьсан асуудлыг эрхийг нь хасуулахгүй аргалах талаар хэлж ярьж өгсний дагуу Д.Мтой утсаар ярьсан. Тэр үед Д.М гэх хүн “Б.С гэх байцаагч дээр У.Алтанзулын асуудал байгаа юм байна, Б.Ст хэлчихсэн тэр байцаагчтай уулз” гэж хэлсэн. ...” /12хх 83-84/,

 

гэрч У.Алтанзулын “...би 2021 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 56-86 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваагүй. Би худлаа яриагүй, би энэ ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би цусны шинжилгээгээ өгөөгүй... Энэ 56-86 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай төрсөн дүү Уранчимэгийн У.А одоо нэрийг нь санахгүй байна ББСБ-аар зээлээр авч байсан. 2021 оны 6 дугаар сард энэ 56-86 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан байгаа. Энэ машиныг манай дүү бид 2 эзэмшиж унадаг байсан. ..." /11хх 240-241/,

 

гэрч У.Аын “...Би 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн орой найз Туяагийн хамт зуслан руу явж тэндээ найзуудтайгаа пиво ууцгаасан юм. Тэгээд өглөө үүрээр 05 цагийн үед зуслангаас гэртээ харихаар найз Туяагийн хамт хот руу өөрийн 56-86 УБУ улсын дугаартай “Тоёота Сай” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байх замд 32-н тойргийн автобусны буудлын орчимд замын цагдаагийн алба хаагч зогсоож шалгасан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах драйгер багаж үлээлгэх гэхээр нь вино уучихсан байсан болохоор үлээж шалгуулаагүй юм. Харин машинд миний жолооны үнэмлэх байгаа учраас машины гэрчилгээний завсар байсан өөрийн эгч Уранчимэгийн Алтанзулын үнэмлэхийг өгчихсөн юм. Гэтэл намайг зогсоож шалгасан замын цагдаагийн алба хаагч миний автомашин Хангай хотхоны хойно байдаг журмын хашаанд түр саатуулаад харин намайг драйгер үлээж согтуурлаа шалгуулаагүй учраас Төмөр замын цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байр руу эрүүлжүүлэхээр авч явсан. Гэтэл тухайн үед эрүүлжүүлэх байр нь Ковид19 цар тахлын улмаас хүн хүлээж авахгүй гээд намайг хүлээж авахаас татгалзсан. Тэгээд намайг шалгасан замын цадаагийн алба хаагч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч очиж Б.С гэх цагдаагийн алба хаагчид миний гаргасан зөрчлийг шалгуулахаар хүлээлгэн өгсөн. Б.С гэх замын цагдаагийн байцаагч намайг драйгер үлээж согтуурлаа шалгуулаагүй учраас Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв рүү дагуулж очиж судаснаас цус авсан. ...Тэгээд би найз Туяагийн гэрт очсон ба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлаа эрхээ хасуулахгүй байхын тулд найз Туяагаас таньдаг хүн байвал яриад өгөөч гэсэн. Гэтэл Туяа өөрийн танил Хүрэлбаатар гэх нэг дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар ажилладаг хүн рүү хэлээд тэр замын цагдаагийн дарга гэх хүн нь Б.С гэх байцаагч руу хэлж өгсөн. Тэр өдөр нь Сухбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн Б.С гэх байцаагчтай уулзах гэсэн байгаагүй учраас маргааш нь буюу 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө найз Туяагийн хамт Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэс рүү очиж Б.С гэх зөрчлийн байцаагчтай уулзсан. Тэгээд Б.С гэх байцаагч нь намайг согтуугаар машин барьсан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 50,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч асуудлыг шийдвэрлэсэн ба машиныг нь журмын хашаанаас гаргах зөвшөөрөл бичиж өгсөн. ...” /12хх 86-87/ гэсэн мэдүүлгүүд,

 

Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 56/1539 дугаартай албан бичиг, хавсралт /10хх 187-198/,

 

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 26ив/41 дугаартай албан бичиг, шийтгэлийн хуудас “....ахлах байцаагчаар ажиллаж байсан, цагдаагийн бэлтгэл хошууч Батмөнхийн Б.С нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох шийтгэлийг Police Reader шалгагч багажаар оруулсан байна. Уг зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэгдээгүй тус хэлтэст архивлагдаагүй болно...” /10хх 208-209/ гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Замын цагдаагийн албаны бэлэн бус торгуулийн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /10хх 210-211/,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №117 дугаартай албан бичиг “...2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэн У.Алтанзул /РД: ХИ84112065/-ын цусны сорьцыг Лаборант К.Алмегүл авч өгөн явуулсан нь үнэн байна...” гэсэн тэмдэглэл бүхий баримт /11хх 1/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 04/1049 дугаартай албан бичиг, хавсралт “...Тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч Д.Золзаяагийн 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гаргасан 2196 дугаартай шинжилгээний дүгнэлт 2 хуудас, шинжилгээний зураг 1 хуудас, шинжээч томилсон тогтоол 2 хуудсыг тус тус хуулбарлан хүргүүлэв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт /11хх 3-8/,

 

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 21/918 дугаартай албан бичиг, хавсралт “...У.Алтанзулын төрсөн дүү Уранчимэгийн У.А /РД:ХИ88091842/ нь 2018 оны 6 дугаар сарын 1-ний шөнө 02 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 1 дүгээр төрөхийн урд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эгчийнхээ эзэмшлийн Хонда маркийн 55-52 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, цагдаагийн албан хаагчид зогсоолгон шалгагдахдаа У.Алтанзулын жолоодох эрхийн үнэмлэхийг үзүүлэн түүний эрхийг хязгаарлуулсан байна. Дээрх нөхцөл байдал зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх шатанд тогтоогдож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор торгох шийтгэл хүлээн шийдвэрлэгдсэн байна...” гэсэн тэмдэглэл бүхий баримт /11хх 18-30/,

 

2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Успех” ХХК-ийн ТС-9 журмын хашааны 2021 оны 4 дүгээр сарын 28, 29-ний өдрийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт /11хх 36-40/,

 

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 26ив/81 дугаартай албан бичиг, хавсралт “Тус хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдийн хоногийн нөхцөл байдлын мэдээ болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдийн журналын хуулбар зэргийг “үнэн зөв” болохыг баталгаажуулж хавсралтаар хүргүүлэв...” /11хх 51-59/ гэсэн тэмдэглэл бүхий баримт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Д.М, С.Х, Б.С нарын гэм буруутай үйлдлийг бодитой тогтоожээ.

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Сийн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, шүүгдэгч С.Х, шүүгдэгч Д.М нарын гэмт хэрэгт хатгагчаар тус тус хамтран оролцож, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж У.Ад давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд нь үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.С, С.Х, Д.М нарт тус тус нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Сийн “...У.Ад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2-т заасан үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд түүнд давуу байдал үүсгээгүй байх тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.

 

Учир нь, дээр дурдсан баримтуудаас үзэхэд, зөрчилд холбогдогч У.Аын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зохицуулагч Ч.Аын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулах шаардлагыг биелүүлэлгүй зайлсхийсэн зөрчил гаргасан нь хангалттай нотлогдон тогтоогдож байхад шүүгдэгч Б.С нь Замын цагдаагийн хэлтсийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа дээрх үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2-т заасан “техникийн хяналтын үзлэгт оруулаагүй” гэж хэргийн үйл баримттай хамааралгүйгээр илт үндэслэлгүй зүйлчлэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулах болон 400,000 төгрөгөөр торгуулах нөхцөл байдлаас зайлсхийх давуу байдал бий болгосон байх тул түүний энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Сийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ