Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 115/ШШ2025/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Болорцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: О ХХК,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын харьяа .... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.О нарын хооронд үүссэн төлбөр багасгахтай холбоотой зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /цахимаар/, хариуцагч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Гомдол гаргагч О ХХК нь хариуцагч .... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1 дугаар Шийтгэлийн хуудас-аар оногдуулсан 24,662,929 төгрөгийн нөхөн татварыг 50 хувь буюу 12,331,464 төгрөгөөр багасгуулах шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргажээ.

 

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:

2.1. Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр О ХХК-ийн Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /цаашид БТКУС гэх/-ийн 9403.20 код бүхий ангиллаар гаальд мэдүүлсэн бараанд хяналт шалгалт хийх явцад БТКУС-ийн 9403.20 кодод хамаарах бараа биш, барааны нэр төрөл, барааны тоо хэмжээг дутуу, худал мэдүүлсэн зөрчлийг илрүүлж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж О ХХК-д 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2. Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 24,662,929.7 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын 50 хувьтай тэнцэх хэмжээ буюу 12,331,464.8 төгрөгийн торгууль оногдуулжээ.

2.2. Гомдол гаргагчаас 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Гаалийн ерөнхий газарт гомдол гарган, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02-2.1/3196 дугаар албан бичгээр хариу хүлээн авч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, мөн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2 захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Тус шүүхэд О ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдлоо шуудангаар илгээснийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3 дугаар шүүгчийн захирамжаар эрх бүхий албан тушаалтанд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.

3. Гомдол гаргагч О ХХК шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ:

3.1. О ХХК нь тавилгын үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг компани бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр .... дэх Гаалийн газарт гаалийн бүрдүүлэлт хийж төмөр хөлтэй, модон тавцантай, доороо 2 шургуулгатай сурагчийн ширээ, иж бүрдэлд 2 ширхэг сандал багтсан барааг оруулж ирсэн бөгөөд уг барааг анх гаальд мэдүүлэхдээ гаалийн бүрдүүлэлт хийсэн хуулийн этгээд БТКУС-ийн 9403.20 гэсэн код бүхий барааны ангиллын дагуу мэдүүлсэн.

Гаалийн байцаагч манай барааны кодыг 9403.89 гэсэн ангиллаар авч гаалийн татварт 20,269,600 төгрөг төлүүлээд байхад .... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.О Улаанбаатар хотын гаалийн үнэлгээний төвөөс зөвлөмж ирсэн, танай бараанд үзлэг хийнэ гээд нэг ширээг угсруулж үзээд танай барааны гаальд мэдүүлэх код 940360-аар мэдүүлж, татвараа төлөхийг шаардсан. Манай бараа модон эдлэл бус татварын төлөх үндэслэлгүй гэж хэлэхэд гаалийн Үнэлгээний төвийн дарга танай бараа рентгенээр өөр харагдаж байсан гэх нэг л үндэслэл хэлсэн байдаг.

Дээрх барааны ангиллын кодын талаарх маргаанаа эцэслэн шийдвэрлэж чадалгүйгээр дахин гаалийн татварт 9403.60 гэсэн ангиллын дагуу 24,662,929 төгрөгийг төлөхийг шаардсан. Уг татварыг цахимаар төлсөн бөгөөд цахимаар төлснийг нотлох татвар төлсөн санхүүгийн баримтынхаа зургийг гар утсан дээрээ авч бэхжүүлсэн. Өөр ямар нэгэн хэлбэрээр татвар ногдуулсан гэх баримтыг гардуулаагүй, уг татварыг төлөөд нэмж 15,000,000 төгрөгийн торгуулийг бараагаа хурдан авахын тулд төлсөн, Гаалийн үнэлгээний төвөөс хүргүүлсэн ангиллын кодыг үндэслэн гаалийн улсын байцаагч дээрх татвар, торгуулийг ногдуулсан бөгөөд энэ талаар ямар нэгэн бичгийн хэлбэрээр акт үйлдэж уг актаа хуульд заасан журмын дагуу гардуулаагүй.

Манай компани дээрх сурагчийн ширээ, сандлыг гаалийн хилээр нэвтрүүлэхэд Монгол Улсын гаальд 2025 оны 07 дугаар сарын 22, 24-ний өдрүүдэд нийтдээ 2 удаа мэдүүлж гаалийн татварт 44,932,529 төгрөг, торгуульд 15,000,000 төгрөг тус тус төлсөн байх ба 9403.89 буюу сурагчийн ширээ, сандал гэсэн ангиллын дагуу 20,269,600 төгрөг төлөөд бараагаа нэвтрүүлж байхад рентгенд өөр харагдаж байсан гэх ямар ч үндэслэлгүй шалтгаанаар барааны ангиллын кодыг 9403.60 болгон өөрчлүүлж манай байгууллагаас гаалийн татварт 24,662,929 төгрөгийг торгуулийн хамт ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэн гаалийн үнэлгээний төвийн гаргасан шийдвэрийн талаар Гаалийн ерөнхий газрын дарга Р.Од 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан, уг гомдлын хариуг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3196 тоот албан бичгээр ирүүлсэн. Уг албан бичигт ...2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ширээ, төмөр гэж мэдүүлсэн гэх боловч манай компани сурагчийн ширээ, сандал гэж үнэн зөв мэдүүлсэн байхад үзлэгийн тэмдэглэлд үндэслэн 9403.60 буюу модон тавилга гэсэн ангиллаар татвар ногдуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3, 4.13 дугаар зүйлийг үндэслэн торгуулийн арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Манай компанид Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авсан нь тодорхойгүй, Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, заалт зөрчсөн талаар огт мэдэгдээгүй, гаалийн татвар, тарифын дагуу торгууль ногдуулсан гэх боловч хэдэн төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан нь тодорхой бус, Зөрчлийн тухай хуулийн 11.21-д Гаалийн тухай хууль зөрчих гэсэн зөрчлийг хуульчилсан байх ба уг зөрчлийн аль зөрчилд хамааруулан шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй, зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байхад торгуулийн хэмжээ хэдэн төгрөг болохыг мэдэгдээгүй, 9403.89 гэсэн ангиллаар авч гаалийн татварт 20,269,600 төгрөг төлүүлээд дахин 9403.60 буюу модон тавилга гэсэн ангиллаар 24,662,929 төгрөг торгуулийн хамт төлүүлж торгуулийн арга хэмжээ авсан нь үндэслэлгүй.

Иймээс .... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн сурагчийн ширээ, сандал гэж мэдүүлсэн байхад төмөр ширээ, сандал гэж худал мэдүүлсэн гэх үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3, 4.13-т заасныг үндэслэн торгуулийн арга хэмжээ авч төлбөр тогтоосон захиргааны актын төлбөр болох 24,662,929 төгрөгийг 50 хувь буюу 12,331,464 төгрөгөөр багасгаж өгнө үү гэжээ.

3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үзлэгийн тэмдэглэл дээр төмөр ширээ, оффис сандал гэж тэмдэглэсэн байсан. Ингээд үндсэндээ гааль руу буруу мэдээлэл өгсөн байна. Рентгенээр харахад бол өөр харагдаж байна гэдэг ганц үндэслэл хэлдэг, ингээд манай барааны код өөр байх ёстой гэдэг агуулгаар улсын байцаагч бид нарт хандсан. Ингээд 9403.60 кодоор тодорхойлж, 24,662,000 төгрөг төлөлтийг шаардсан. Үүний дагуу татварыг төлөөд санхүүгийн баримтаа хүргүүлсэн. Сурагчийн ширээ сандлыг гааль руу нэвтрүүлэхийн тулд 2025 оны 07 дугаар сарын 22, 24-ний өдөр 2 удаа мэдүүлсэн. Гаалийн татварт 44,932,529 төгрөг, торгууль 12,000,000 төгрөг төлсөн. Ийм агуулгаар үндсэндээ гаалиас бараагаа авч гаалийн хил нэвтэрсэн. Яагаад энэ мөнгийг төлсөн бэ? гэвэл бараагаа авахаас өөр аргагүй байсан. Бид нарын гол гомдоод байгаа зүйл юу вэ гэхээр үндсэндээ анх гаалийн мэдүүлэг дээр сурагчийн ширээ, сандал гэж мэдүүлсэн. Гаалийн байцаагч ширээ төмөр гэж хурдал мэдүүлсэн байна гэдэг. Ингэж худал мэдүүлсэн гэдэг агуулгаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэсэн. Тиймээс 24,662,929 төгрөгийн 50 хувийг багасгаж өгөөч гэсэн агуулгатай гомдол гаргасан гэв.

4. Хариуцагч .... сумын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.О шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

4.1. О ХХК нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр .... дэх Гаалийн газарт гаалийн бүрдүүлэлт хийж Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем буюу БТКУС-ийн код 9403.20 гэж мэдүүлснийг гаалийн улсын байцаагч Д.О би Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3, 4.13 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу газар дээр нь биет үзлэг хийж, мэдүүлсэн бараатай тулган шалгахад БТКУС код 9403.20-д хамаарах бараа биш, бодит байдлаас зөрүүтэй, барааны тоо ширхгийг дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн тул, хуульд заасан журмын дагуу О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хөндлөнгийн гэрчийг байлцуулан тэмдэглэл үйлдэж, гаальд худал мэдүүлсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн; бол татварыг нөхөн төлүүлж, хүн хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг үндэслэн торгуулийн арга хэмжээ тооцсон.

Нэхэмжлэгч О ХХК-ийн гаальд мэдүүлсэн бараа БТКУС код 9403.60.00-т хамаарах тухай тодорхой тайлбарыг Гаалийн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 11-ний 02-2.1/3196 албан бичгээр О ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Болормаад дэлгэрэнгүй бичиж хүргүүлсэн.

О ХХК-ийн гаальд мэдүүлсэн бараанд ногдох татварын нийт дүн 44,932,529 төгрөг, үүнээс татварт төлсөн 20,269,600 төгрөг, зөрүүтэй барааны татварт нөхөн төлүүлсэн 24,662,929 төгрөг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу нөхөн төлүүлсэн татварын 50 хувьтай тэнцэх хэмжээгээр буюу 12,331,464 төгрөгийн торгуулийг эрх бүхий албан тушаалтны 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан.

Гаалийн улсын байцаагч нь Гаалийн тухай хуулийн 246, 2691, 273, 274, 2931 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйл, Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд заасны дагуу татвар ногдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Танай компани анх 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гурван нэр төрлийн бараа мэдүүлж орж ирсэн. Биет байдлаар үзлэг хийхэд нэр төрөл, тоо хэмжээ зөрсөн сурагчийн ширээ сандал нэмэгдэж орж ирсэн. Мөн гаальд мэдүүлээгүй бараа байсан. Тухайн барааны код яагаад өөрчлөгдсөн бэ гэвэл, барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан системийн конвенцод зааснаар тухайн барааны онцлог шинжийг тодорхойлоход модон тавцантай ширээ, модон тавцан, модон түшлэгтэй сандал байсан учраас барааны код 9403.60.00 болж өөрчлөгдөж, Гаалийн татварын хувь хэмжээнд бас өөрчлөлт орсон. Яагаад гэвэл тус ширээний үндсэн зориулалт нь сууж хичээл хийх зориулалттай, ажлын тавцан нь модон байгаа учраас модон тавилга руугаа ороод барааны код нь өөрчлөгдсөн.

Хяналт шалгалт үзлэг хийсэн он, сар, өдрөө баримтын дотор нь буруу бичсэн байна. Дээр нь бичсэн 2025 оны 07 дугаар сарын 23 гэсэн нь зөв. Үзлэгийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийсэн, энэ өдрөө мөн мэдүүлэг авч, хууль ёсны төлөөлөгчөөр томилсон.

 

4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь яг юу шаардаад байгааг ойлгосонгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3, 4.13 дугаар зүйлд зааснаар зөрчил шалган шийдвэрлэсэн. Одоо 24,000,000 төгрөгийг 50 хувиар багасгуулмаар байна гэдэг нь өөрөө энэ зөрчлийг хүлээн зөвшөөрч байна гэдгээ гомдлоороо тодорхойлчхож байх шиг байна. Тухайн зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэсэн материалаас харахад Монгол Улсад нөхөн төлүүлсэн татвар нь 24,000,000 төгрөг, торгуулийн арга хэмжээ нь 12,000,000 төгрөг байна. Торгуулийн үнийн дүнтэй холбоотойгоор 50 хувиар бууруулна гэсэн байна. Энийг Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлэг маань өөрөө энэ 50 хувиар бууруулах заалтад хамаарахгүй гэж заасан байдаг. Татварын хувь хэмжээг буюу татварыг 50 хувиар бууруулах тухай асуудлыг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч яриад байх шиг байгаа юм. Гэтэл Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд зааснаар татварын хувь хэмжээг бууруулах, хөнгөлөх, чөлөөлөх нь Монгол Улсын хууль болон эрх бүхий байгууллагаас баталсан Засгийн газрын тогтоол, Улсын Их Хурлын тогтоолд заасны дагуу татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудал яригддаг. Тэрнээс биш зөрчил шалган шийдвэрлэж байгаа гаалийн улсын байцаагч нь аливаа нэгэн татвараас хөнгөлөх, чөлөөлөх эрх байхгүй. Холбогдох хуульд заасны дагуу 50 хувиар эсвэл бүрэн гүйцэт хөнгөлөх асуудал яригдах болохоос шууд энэ асуудлыг шийдэх боломжгүй. Гаалийн улсын байцаагчийн тухайн барааг нягтлан шалгаад тавьсан актыг гомдол гаргагч нь хүлээн зөвшөөрсөн учраас 50 хувиар хөнгөрүүлье гэдэг нь Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 11 дүгээр зүйлд хамаарахгүй гэдэг агуулга байгаа учраас гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэж, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Гомдол гаргагч О ХХК нь хариуцагч .... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1 дугаар Шийтгэлийн хуудас-аар оногдуулсан нөхөн татварын 24,662,929 төгрөгийг 50 хувь буюу 12,331,464 төгрөгөөр багасгуулах гомдлын шаардлага гаргасан.

 

3. Маргааны үйл баримтын талаар

3.1. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь .... дэх Гаалийн газрын харьяа Дардан гаалийн хяналтын бүсэд хяналт шалгалт хийж, 9772 УНВ, 6987 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд ачигдсан О ХХК-ийн 3 нэр төрлийн бараанд 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийсэн.

Үзлэгээр О ХХК-ийн гаалийн мэдүүлгээр БТКУС-ийн 9403.20 код, 2000 ширхэг гэж мэдүүлсэн 1 иж бүрдэл бараа, сурагчийн модон тавцантай төмөр хөлтэй, ширээ сандлыг ширээ, төмөр гэж худал мэдүүлсэн, мөн 139 ширээ, 278 сандлын тоо ширхгийг дутуу мэдүүлсэн, 2 нэр төрлийн бараа болох WPC материалтай гадна террасны шал 60 ширхэг, оффис сандал 48 ширхгийг огт гаальд мэдүүлээгүй зөрчлийг илрүүлж, О ХХК-ийг холбогдогчоор тогтоож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан болох нь үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зураг, биет шалгалт хийсэн барааны мэдээллийн хуудас, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол зэрэг баримт /хавтаст хэргийн 64-66, 70, 105-109 дахь тал/-аар тогтоогдож байна.

 

3.2. Үүний дараагаар О ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр О.Барсболдыг тогтоож, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болох нь итгэмжлэл, эрх бүхий албан тушаалтны хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл зэргээр тогтоож байх ба хариуцагч .... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нь 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 1 дугаар шийтгэлийн хуудсаар О ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 24,662,929.7 төгрөгийн нөхөн татвар, 12,331,464.8 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Улмаар 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1 дугаар шийтгэлийн хуудсыг О ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Барсболдод гардуулж, дээрх шийтгэлийн хуудсаар оногдуулсан нөхөн татвар болон торгуулийг бүрэн төлсөн болох нь шилжүүлгийн мэдээлэл, татвар төлсөн баримт /хавтаст хэргийн 67-68, 69, 73, 74, 78, 79, 127 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

 

4. О ХХК нь гомдлын шаардлагын үндэслэлээ манай компани барааны кодоо 9403.20, сурагчийн ширээ, сандал гэж зөв тодорхойлсон, төмөр ширээ гэж худал мэдүүлээгүй, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ямар зөрчилд хамааруулан шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй гэх агуулгаар,

хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь БТКУС-ийн код 9403.60 ангиллын бараанд хамаарахаар байхад нэр төрөл, тоо хэмжээг худал мэдүүлсэн, мөн зарим барааг гаальд огт мэдүүлээгүй гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчилд гаалийн нөхөн татвар оногдуулж, торгуулийн арга хэмжээ авсан нь үндэслэлтэй гэж тус тус маргасан.

 

4.1. Гомдол гаргагчийн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ямар зөрчилд хамааруулан шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй гэх үндэслэлийн тухайд:

Өмнөх 3.1 дэх хэсэгт дүгнэснээр эрх бүхий албан тушаалтны хийсэн үзлэгээр О ХХК-ийн гаалийн мэдүүлгээр БТКУС-ийн 9403.20 код, 2000 ширхэг гэж мэдүүлсэн 1 иж бүрдэл бараа, сурагчийн модон тавцантай төмөр хөлтэй, ширээ сандлыг ширээ, төмөр гэж худал мэдүүлсэн, мөн 139 ширээ, 278 сандлын тоо ширхгийг дутуу мэдүүлсэн, 2 нэр төрлийн бараа болох WPC материалтай гадна террасны шал 60 ширхэг, оффис сандал 48 ширхгийг огт гаальд мэдүүлээгүй гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлсэн болох нь тогтоогдсон.

Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1 дугаар шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсэгт барааны нэр төрөл, тоо хэмжээ худал мэдүүлсэн гэж гомдол гаргагчийн зөрчлийг тодорхойлсон нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2. гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн; гэж заасантай нийцэж байна.

Иймээс гомдол гаргагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ямар зөрчилд хамааруулан шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

4.2. Гомдол гаргагчийн манай компани барааны кодоо 9403.20 буюу сурагчийн ширээ, сандал гэж гаальд зөв мэдүүлсэн, төмөр ширээ гэж худал мэдүүлээгүй байхад модон тавилга гэж дахин татвар оногдуулсан нь үндэслэлгүй гэх үндэслэлийн тухайд:

Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1-д мэдүүлэгч нь гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийг үнэн зөвийг хариуцах үүрэг хүлээнэ гэж заасан бол мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д зааснаар гаалийн албан тушаалтан нь мэдүүлгийг хүлээн авсан даруйд гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв бодитой, хоорондоо тохирч байгаа эсэхийг шалгаж үзэх үүрэгтэй байна.

Эрх бүхий албан тушаалтан нь Гаалийн ерөнхий газраас зөвлөмж ирүүлснээр О ХХК-ийн гаальд мэдүүлсэн бараанд биет үзлэг хийж, сурагчийн модон тавцантай, төмөр хөлтэй ширээ, сандлыг 9403.20 буюу ширээ, төмөр гэж барааны ангиллыг худал мэдүүлсэн,

Гаальд мэдүүлэгт 2000 ширхэг ширээ, сандал гэж мэдүүлсэн боловч 139 ширээ, 278 сандлыг дутуу мэдүүлсэн,

WPC материалтай гадны террасны шал 60 ширхэг, хар өнгийн оффис сандал 48 ширхгийг огт гаальд мэдүүлээгүй зөрчлийг илрүүлсэн болох нь өмнөх 3.1, 3.2 дахь хэсэгт дүгнэснээр тогтоогдсон.

Гомдол гаргагчаас 60 ширхэг террасны шал, 48 ширхэг оффис сандлыг гаальд мэдүүлээгүй, сурагчийн 139 ширээ, 278 сандлыг дутуу мэдүүлсэн зөрчил гаргасан тухайд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Мөн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1. Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.Мэдүүлэгч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ангиллын кодыг Уялдуулсан системийн дагуу тодорхойлж мэдүүлнэ., 22.2.Гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон барааны ангиллын кодыг гаалийн мэдүүлэг болон барааг шалгах үед хянаж шийдвэрлэнэ. гэж тус тус заасан.

 

Уялдуулсан системийн Ерөнхий тайлбар дүрмийн 3 (b)-д зааснаар Янз бүрийн материалаас тогтсон буюу янз бүрийн бүрдэл хэсгүүдээр хийгдсэн холимог, нийлмэл бүтэцтэй барааны хувьд тэдгээрийн үндсэн шинжийг тодорхойлогч нэг материал буюу бүрдэл хэсгээр хийсэнд тооцож ангилна. гэж заасан байна.

О ХХК-ийн гаальд мэдүүлсэн сурагчийн ширээ, сандлын хувьд тавцан нь модон материалтай, төмөр хөлтэй болох нь үзлэг, үзлэгийн ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургаар тус тус тогтоогдсон байна. Сурагчийн ширээ, сандлын үндсэн шинжийг тодорхойлж байгаа материал буюу бүрэлдэхүүн нь ширээ, сандлын тавцан байх бөгөөд түүний материал нь мод байх тул О ХХК-аас БТКУС-ийн кодыг 9403.20 буюу бусад төмөр тавилга-ын ангилалд хамааруулан мэдүүлсэн нь үндэслэлгүй байна.

Иймээс эрх бүхий албан тушаалтан нь мэдүүлгийг хүлээн авсан даруйд гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв бодитой, хоорондоо тохирч байгаа эсэхийг шалгаж үзэх үүргээ хэрэгжүүлэн барааны ангиллын кодыг БТКУС-ийн 9403.60.00 код буюу бусад модон тавилга гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

5. Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ. 3.5 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлнэ., мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 3-д Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх үндэслэл энэ хуулийн ... Арван нэгдүгээр бүлэг, ...-д заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарахгүй. гэж тус тус заасан байх тул гомдол гаргагч О ХХК-д шийтгэл оногдуулсан 24,662,929 төгрөгийн нөхөн татварын 50 хувь буюу 12,331,464 төгрөгөөр хэмжээг хөнгөрүүлэх, багасгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх ба эрх бүхий албан тушаалтны 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1 дугаар Шийтгэлийн хуудас-аар О ХХК-д 24,662,929.7 төгрөгийн нөхөн татвар, 12,331,464.8 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байх тул гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 22.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан .... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.От холбогдуулан гаргасан .... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1 дугаар Шийтгэлийн хуудас-аар оногдуулсан 24,662,929 төгрөгийн нөхөн татварыг 50 хувь буюу 12,331,464 төгрөгөөр багасгуулах О ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.БОЛОРЦЭЦЭГ