| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/02058/И |
| Дугаар | 210/МА2021/01681 |
| Огноо | 2021-11-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2021/01681
|
Э.Дагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, бүрэлдэхүүнд шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02750 дугаар шийдвэртэй, Э.Дагийн нэхэмжлэлтэй, Орт холбогдох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,15 дугаар хороолол, 8 дугаар байрны 56 тоот 4 өрөө орон сууцыг хууль ёсны дагуу шударгаар эзэмшиж байсан хөлслөгч мөн болохыг тогтоолгох, орон сууц хөлслөх шинэ гэрээг Э.Датай тэргүүн ээлжид байгуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Да нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,15 дугаар хороолол, 8 дугаар байрны 56 тоот 4 өрөө орон сууцыг О газрыг түрээслүүлэгч “Р” ХХК-тай анх 2009 оны 5 сараас орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. 2009-2011 онуудад давхар түрээслүүлэгч “Р” ХХК, 2012-2016 онуудад “Р” ХХК, 2016 оноос 2017 оны 8 cap хүртэл “Д” ХХК-тай тус тус орон сууц хөлслөх гэрээг шинэчлэн байгуулж ирсэн. 2009 онд сарын 550 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлж байсан бол 2016 онд сарын 740 000 төгрөгийн түрээс төлдөг болсон. Энэ хугацаанд манайх ямар нэг төлбөрийн маргаангүй байсан ба гэрээнд заасан үүргээ биелүүлж нийт 11 жил уг байранд нөхөр, хүүхдийн хамтаар амьдарч байна. 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Д” ХХК-тай орон сууц түрээслэх гэрээг байгуулж 2017 оны 7 cap хүртэл тус компанийн дансанд түрээс болон бусад зардлыг дансаар болон бэлнээр шилжүүлж байсан. “Д” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ сунгагдаагүй ч уг гэрээний 2.7-д байрны түрээс болон ашиглалтын зардлаа cap бүр тогтмол барагдуулсан нөхцөлд тухайн гэрээг шууд сунгана гэж заасан байх тул бид уг түрээсийн гэрээ сунгагдаад явж байгаа гэж ойлгож байна. Төлөөлөгчийн газраас “cap бүр өгсөн нэхэмжлэхийн дагуу 404224686 тоот дансанд төлбөрийг шилжүүлж бай” гэсэн учраас 2017 оны 8 сараас эхлэн 2021 оны 4 cap буюу өнөөг хүртэл зардлаа тогтмол шилжүүлж, зохих төлбөрүүдийг цаг хугацаанд нь төлсөөр ирсэн. Тус хугацаанд Төлөөлөгчийн газраас миний түрээсэлж буй орон сууцны эзэмшил, ашиглалт, төлбөр тооцоотой холбоотой ямар нэг гомдол, санал ирж байгаагүй юм. Гэтэл 2019 оны 6 сараас эхлэн тус байрны оршин суугчдын болон манай гэрт Төлөөлөгчийн газраас хүмүүс ирж “тус орон сууцыг өөр хүнд түрээслүүлсэн тул шинэ түрээслэгч нарт яаралтай суллаж өг, гарахгүй бол албадан гаргана” гэх мэтээр айлган сүрдүүлж, зарим түрээслэгч иргэдийн өмч хөрөнгийг хурааж, ус цахилгаан тасалж, хаалга үүд эвдэх зэрэг ёс зүйгүй үйлдлийг байнга гаргах болсон. Энэ талаар “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” ТББ, Огазарт мэдэгдсэн боловч одоог хүртэл тайлбар өгөөгүй. Мөн удаа дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ авч өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Ерөнхий түрээслэгч нь Огазар байх атлаа бидэнд хууль ёсны мэдэгдэл өгөлгүй хуульд заасан түрээслэгчдийн давуу эрхийг зөрчиж байгаа нь хууль бус юм. Уг асуудалтай холбоотой нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 9 дүгээр сард гаргасан ба “...нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, хэргийн материалтай танилцуулахаар шүүхэд дуудсан боловч ирээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй” гэх үндэслэлээр 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн 101/Ш32021/04759 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Миний бие 2020 оны 09 дүгээр сараас эхлэн нөхөр Д.Бат-Өлзий “Оюу Толгой” ХХК-д ажилд орсон тул түүнтэй хамт Өмнөговь аймгийн Ханбогд суманд түр оршин сууж, Ковид-19 цар тахлын улмаас улс оронд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбоотой шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Одоо маргаан бүхий орон сууцанд дүү Э.Юмжирмаа миний 4-12 насны хоёр хүүхдийн хамт амьдран сууж байгаа. Иймд Э.Да намайг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,15 дугаар хороолол, 8 дугаар байрны 56 тоот, 4 өрөө орон сууцыг хууль ёсны дагуу шударгаар эзэмшиж байсан хөлслөгч мөн болохыг тогтоож, орон сууц хөлслөх шинэ гэрээг Э.Датай тэргүүн ээлжид байгуулахыг Огазарт даалгаж өгнө үү. Өмнө нь гэрээний хугацаа дуусахад гэрээний талаар бичиг ирдэг байсан боловч 2017 оноос хойш бичиг ирээгүй. Зөвхөн төлбөр төлөхийг шаардаж байсан. Нэхэмжлэхийг Дад өгсөн гэдэг боловч энэ үед Дтай гэрээ дуусгавар болсон байсан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тамга, гэрчилгээний талаар ярьж байна. Эдгээр баримт нь энэ хэрэгт хамааралгүй юм. Нэхэмжлэгч тал нь төлөөлөгчийн газар нь “Д” ХХК-тай хугацаагүй гэрээ байгуулсан гэж байна. Төлөөлөгчийн газар албадан гаргуулах эрхгүй гэж байна. Төлөөлөгчийн газар нь зөвхөн ашиглалтын зардал авах ёстой гэж бодож байгаа бол үүнийгээ нотлох үүрэгтэй. Гэтэл үүнийг нотлохгүй бол хоосон үг юм. Бид нэхэмжлэгчтэй цаашид гэрээ байгуулах шаардлагагүй. Бид шүүхэд байгаа баримтаа гаргах үүрэгтэй. Энэ тохиолдолд өмчлөгчийн хувьд өмчийг чөлөөлж өгөхийг шаардаж байна. Үүний тулд өмчлөгчийн гэрчилгээ л байхад болно. Бид нэхэмжлэгчтэй ямар нэг гэрээ байгуулахгүй. Төлбөр хийсэн баримтаар шударга ёсны эзэмшигч болохгүй. Учир нь өмчлөгчийн эрхийн эсрэг юмаа ашиглаж эхэлсэн. Нэхэмжлэгч нь өөрийн хүслийг өмчлөгчид хүчээр тулгаж байна. Төлөөлөгчийн газартай Иргэний хууль, олон улсын хууль, ОХУ-н хууль гээд дурын хуульд нийуүүлэн сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулагддаг. Эрх зүйн харилцааг хүчээр үүсгэхийг даалгах зүйл байхгүй. Хэргийн материалд байгаа баримтын үндсэн дээр нэхэмжлэгч нь уг хөрөнгийг ашиглах эрхтэй гэж нотолгоо баримтгүй. Нэхэмжлэлийг хангахгүй байхыг хүсэж байна. Төлөөлөгчийн газар нь зөвхөн ашиглалтын зардлыг л авна гэж байна. Өөр үйл ажиллагаа явуулах эрхгүй гэдэг баримтаа гаргах ёстой. Гэрээг автоматаар сунгагдана гэж би хэлээгүй. Монгол улсын хуульд тийм дүрэм байдгийг л мэднэ гэсэн болохоор би зөвшөөрөөгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 303 дугаар зүйлийн 303.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Орт холбогдох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,15 дугаар хороолол, 8 дугаар байрны 56 тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцыг хууль ёсны дагуу шударгаар эзэмшиж байсан хөлслөгч мөн болохыг тогтоолгож, орон сууц хөлслөх шинэ гэрээг Э.Датай тэргүүн ээлжид байгуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Э.Дагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “....иймд өнөөдөр нэхэмжлэгчийг уг орон сууцыг хууль ёсны дагуу шударгаар эзэмшигч буюу хөлслөгч гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэжээ. Тухайн орон сууцанд орон сууц хөлслөх гэрээ байгуулан амьдарч байгаа хүн шударгаар хөлсөлж амьдарсан байна. Гэрээ хэлцэлгүй, ашиглалтын зардлыг төлөхгүй байгаа, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа этгээдийг зүгээр хөлслөгч гэж хэлнэ. Шүүх шударга эзэмшигч, шударга бус эзэмшигч хоёрын ялгааг олж анхаараагүй. Шүүх үндэслэх хэсэгтээ “гэрээ дуусахаас өмнө гэрээ сунгах хүсэлт гаргаагүй буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэрээ сунгах хүсэлтээ гаргах ёстой байсан, эрхээ алдсан” гэж үзжээ. Хариуцагч талын шүүхэд гарган өгсөн, ус, дулаан, эрчим хүчний байгууллагуудад явуулсан гэх албан бичгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс олон сарын өмнөх огноотой байгаа. Тэгэхээр гэрээ байгуулах эрхээ алдсан “Д” ХХК-д гэрээ сунгах хүсэлтээ өгөөгүй буруутай гэдгийг ойлгохгүй байна. Иргэний хуульд гэрээ байгуулах эрхээ алдсан этгээдэд гэрээ сунгах хүсэлтээ гаргаагүйг буруутгах хуулийн зохицуулалт алга. Түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал нь хоёр өөр зүйл юм. Түрээсийн төлбөр авдаг байгууллага нь байхгүй болсон, ашиглалтын зардал авдаг байгууллага нь байгаа. Тэгэхээр ашиглалтын зардлаа төлж байсныг шүүх буруутгаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Төлөөлөгчийн газар нь ашиг олох зорилгогүй үйл ажиллагаа явуулах зорилгоор “Д” ХХК болон хэд хэдэн газартай ерөнхий түрээслэгчийн гэрээ байгуулж уг ерөнхий түрээслэгч нь орон сууцанд амьдрагч иргэдтэй гэрээ байгуулдаг.Иймд төлөөлөгчийн газар нь өөрсдөө шууд гэрээ байгуулах санал гаргаагүй өнөөдрийг хүрсэн. Шүүхэд “Д” ХХК-тай байгуулсан төлөөлөгчийн газрын гэрээ, гэрээг дуусгавар болгосон хэлцлийг нотлох баримтаар гаргуулах гэхэд шүүх хэрэгт хамааралгүй гэсэн. Уг нь уг гэрээн дээр орон сууцанд амьдрагч иргэдтэй яаж, ямар замаар гэрээ байгуулах, гэрээ дуусгавар болоход хөлслөгч нарын гэрээг хүчинтэйд тооцох эсэх, ашиглалтын зардал, түрээсийн төлбөрийг хэрхэн салгаж ойлгох талаар тодорхой дурьдагдсан байдаг. В.Бов нь дипломат эрхтэй, түүний энэ эрхийг тодруулахаас нааш шүүхийн шийдвэрийг үнэн зөв гэж үзэх ямар ч үндэслэлгүй. Би В.Бовыг дипломат эрхтэй гэж үзээд анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүхээс хангаагүй. Дипломат эрхтэй этгээд хэргийн оролцогч болох тохиолдолд байдаггүй ба дэлхий нийтээр хориглосон олон улсын эрх зүйн хэм хэмжээ байдаг. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, В.Бовын дипломат эрхтэй эсэх, “Д” ХХК болон ОХУ-ын өмчийг удирдах газрын хоорондын гэрээ хийгдсэн эсэх зэрэг асуудлыг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Э.Да нь хариуцагч Орт холбогдуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,15 дугаар хороолол, 8 дугаар байрны 56 тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцыг хууль ёсны дагуу шударгаар эзэмшиж байсан хөлслөгч болохыг тогтоолгох, орон сууц хөлслөх шинэ гэрээг Э.Датай тэргүүн ээлжид байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,15 хороолол, 8 дугаар байр 3,300 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Оросын Холбооны Улс болохыг улсын бүртгэлийн Ү-2204008824 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000763877 тоот гэрчилгээг олгожээ. /хх39/
Э.Да нь “Д” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулж, уг гэрээгээр Э.Да нь дээрх орон сууцыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай, сарын 620,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон байна. /хх124/ Дээрх гэрээний 2.7-д “хөлслөгч нь байрны түрээс болон ашиглалтын зардлаа сар бүр тогтмол барагдуулсан нөхцөлд тухайн гэрээг шууд сунгана” гэж заасан байх ба уг гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дууссан, уг хугацаанаас хойш орон сууц хөлслөх гэрээний төлбөр төлсөн үйл баримт тогтоогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Түүнчлэн Э.Дагийн гэрээний хөлс төлж байсан гэх баримтууд нь орон сууцны ашиглалтын зардалд хамааралтай байна.
Э.Да болон “Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 4.6-д “хөлслөгч гэрээний хугацаа дуусгавар болохоос 14 хоногийн өмнө гэрээг сунгах хүсэлтээ гаргах эрхтэй” гэж заажээ. Нэхэмжлэгч Э.Да уг гэрээг сунгах талаарх хүсэлтийг өмчлөгч эсхүл “Д” ХХК-д гаргасан гэх үйл баримтыг баримтаар нотлоогүй. Гэрээ сунгах хүсэлт гаргах эрх нь хөлслөгчид байсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.
Иймд “Д” ХХК-тай гэрээний харилцаатай байсан нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар, Хилийн чанад дахь өмчийн удирдлагын газар, Монгол Улс дахь төлөөлөгчийн газрыг Э.Датай Иргэний хуулийн 302, 303 дахь хэсэгт зааснаар хөлслөхтэй холбоотой харилцаанд гэрээ байгуулах давуу эрхийг эдлэх эрх үүссэн, орон сууц хөлслөх гэрээ байгуулах эрх олгох үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч талаас дипломат эрхтэй В.Бовыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохгүй байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэх агуулгатай давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбарлаж буй гомдол үндэслэлгүй болно. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт “Гадаад улсын дипломат дархан эрх, эрх ямба эдэлдэг иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд сайн дураар зөвшөөрснөөс бусад тохиолдолд Монгол Улсын шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарагдахгүй” гэж заасан байх бөгөөд В.Бовыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх татан оролцуулсан байдал тогтоодоогүй, тэрээр өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбар гаргаж сайн дураар оролцсон байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02750 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЗОЛЗАЯА
|