Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 428

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Д.Цолмон,

Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Аргай овогт Нн Сд холбогдох 1808014110456 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Аргай овогт Нн С /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Н.С нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2030  цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Геологийн төв лаборатор”-ийн орчимд такси жолоодон явахдаа “иргэн Ч.Г автомашинаар урдуур нь орж гэнэт зогссон” асуудлаас болж маргалдан, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            Яллах талын нотлох баримтууд.

           1.Хохирогч Ч.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2018 оны 03 дугаар сарын 15-ны орой 20 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн приус-10 маркийн ...улсын дугаартай цагаан өнгийн автомашинтайгаа  Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Лабораторийн буудал орчимд ганцаараа явж байхад буудал өнгөрөөд хоёр хүн гараа өргөхөөр нь тэр хоёрыг авах санаатай нэгдүгээр эгнээ рүү жаахан шахаад орж зогссон чинь араас Хондо пит маркийн ...дугаарын цэнхэрдүү өнгөтэй машины жолооч бууж ирээд чи ингэж яваад байхдаа яадаг юм гэж хэлэхээр нь би “уучлаарай” гэсэн, тэгтэл намайг үгийн зөрүүгүй үсдэж аваад нүүр рүү 4-5 удаа өшиглөсөн. Би арай гэж зугатаагаад машиндаа суугаад явсан. ...миний гэмтлийг зөв тодорхойлсон байна. би томографийн зураг Натур эмнэлэгт 120,000 төгрөгөөр харуулсан, нүдний Солонго эмнэлэгт 25,000 төгрөгөөр үзүүлж зөвлөгөө авсан. Нийт 145,000 төгрөг гарсан, ...” гэх мэдүүлэг /хх 6 х/

            2.Шүүгдэгч Н.Сгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Тэр өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 15-ны орой 20 цаг өнгөрч байхад би өөрийн эзэмшлийн Хондо пит маркийн ...улсын дугаартай цэнхэр өнгийн машинтайгаа Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Лавбораторийн буудлын орчим явж байхад хохирогч гэх Г нь Приус-10 маркийн ...дугаартай цагаан өнгийн автомашинтайгаа миний урдуур гэнэт тоормоз дараад ороод ирсэн. Би тэр залуугийн машиныг мөргөх шахаад зогссон. Машинаа зогсоогоод чи яаж яваад байгаа юм бэ гээд цонхоороо орилж хэлэхэд Г өөдөөс юу гээд байгаа пизда вэ гээд өөрөө бууж ирэхээр нь би бас машинаасаа буусан бөгөөд тэр намайг заамдаад боохоор нь би нэг удаа нүүрэн тус газарт нь цохиод замын голд унагаасан. Ноцолдож байгаад замын хажууд бас нэг удаа хөмсөг рүү нь цохичихоод машиндаа суугаад явсан чинь тэр залуу машинтайгаа дахин араас нэхэж ирээд зам ээрээд машинтайгаа шахаад явуулахгүй депогийн буудал хүртэл явсан. Тэгэхээр нь би машинаа чөлөөлж зогсоод нөгөө жолооч руу очих гэхэд тэр хурдаа нэмээд зугатаад явсан. Ийм л зүйл болсон. ..." гэх мэдүүлэг /хх 22-23 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

3.Шинжээчийн 3721 тоот дүгнэлт

1.Ч.Гийн биед тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

            3.Гэмтлийн ззрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх 14 х/

 

Хувийн байдлын талаарх баримтууд.

1.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 25 х/

2.Н.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 26 х/

3.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 27 х/

 

Хохирлын талаарх нотлох баримтууд.

1.Хохирогч Ч.Гийн “... гомдлоо барагдуулж 150,000 төгрөг авсан, цаашид санал хүсэлт байхгүй ...” гэх хүсэлт /хх 55 х/

2.Хохирлын баримт /хх 54 х/

3.Эвлэрлийн баталгаа /хх 59 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Дүгнэлтийн хэсэг:

Н.С нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2030 үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Геологийн төв лаборатор”-ийн орчимд такси жолоодон явахдаа “иргэн Ч.Г автомашинаар урдуур нь орж гэнэт зогссон” асуудлаас болж маргалдан, түүний нүүрэн тус газар гараар цохисон болох нь:

 

            Шүүгдэгч Н.Сгийн “... Машинаа зогсоогоод чи яаж яваад байгаа юм бэ гээд цонхоороо орилж хэлэхэд Г өөдөөс юу гээд байгаа пизда вэ гээд өөрөө бууж ирэхээр нь би бас машинаасаа буусан бөгөөд тэр намайг заамдаад боохоор нь би нэг удаа нүүрэн тус газарт нь цохиод замын голд унагаасан. Ноцолдож байгаад замын хажууд бас нэг удаа хөмсөг рүү нь цохичихоод машиндаа суугаад явсан ..." гэх мэдүүлэг /хх 22-23 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Хохирогч Ч.Гийн “... Лабораторийн буудалд ганцаараа явж байхад буудал өнгөрөөд хоёр хүн гараа өргөхөөр нь тэр хоёрыг авах санаатай нэгдүгээр эгнээ рүү жаахан шахаад орж зогссон чинь араас Хондо пит маркийн ...дугаарын цэнхэрдүү өнгөтэй машины жолооч бууж ирээд чи ингэж яваад байхдаа яадаг юм гэж хэлэхээр нь би “уучлаарай” гэсэн, тэгтэл намайг үгийн зөрүүгүй үсдэж аваад нүүр рүү 4-5 удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 6 х /

          Шинжээчийн 3721 тоот дүгнэлт

1.Ч.Гийн биед тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

            3.Гэмтлийн ззрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх 14 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар: Н.С Ч.Гийг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой гэдгийг шалгуур болговол Ч.Гийн зодуулсны улмаас  хөнгөн хохирол учирсан нь Н.С түүнийг зодсон үйлдлээс болсон явдал тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаас харахад Н.Сгийн хохирогчийг зодсон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Н.С насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг болно.    

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н.Сгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч Ч.Гийн “... гомдлоо барагдуулж 150,000 төгрөг авсан, цаашид санал хүсэлт байхгүй ...” гэх хүсэлт /хх 55 х/, эвлэрлийн баталгаа /хх 59 х/ зэргээр шүүгдэгч хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байгаа.

 

             Н.С нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн урдуур нь орж ирж гэнэт зогссон зэрэг зохисгүй үйлдэл нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг гарахад автозамын хөдөлгөөний ачаалал, шүүгдэгчийн биеэ зөв авч явж чадаагүй байдал нөлөөлсөн, хор уршгийн хувьд их биш, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Аргай овогт Нн Сг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Сг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Н.Сд үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Н.Сд мэдэгдсүгэй.

  5.Н.Сгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ