| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2025/0047/з |
| Дугаар | 124/ШШ2025/0048 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 124/ШШ2025/0048
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг би, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б-ийн ирүүлсэн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0953685 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлттэй улсын байцаагч Ц.М-д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Увс аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Б би, тус аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч, Ц.М нь бүртгэлийн СТСХ25-49 дугаартай А ХХК- ны нягтлан бодогч Б.Ш нь байгууллагынхаа 2024 оны жил эцсийн санхүүгийн тайланг илгээгээгүй гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж, Б.Ш-т 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 0953685 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэжээ.
Бүртгэлийн СТХСТ25-49 дугаартай материалыг шалгалтын хүрээнд хянахад эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, хүний эрхийг ноцтой зөрчсөн байна. Үүнд:
1. Эрх бүхий албан тушаалтан нь 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр аж ахуйн нэгж байгууллагуудын 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тушаасан байдлыг цахим системээр хянах явцад А ХХК-ны нягтлан бодогч Б.Ш нь байгууллагынхаа 2024 оны жил эцсийн санхүүгийн тайланг илгээгээгүй гэх зөрчлийг илрүүлж, Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Эрх бүхий албан тушаалтан нь 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №0953685 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ
Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн 10.3-т зааснаас бусад болон энэ хуулийн 10,4-т заасан нэгтгэсэн санхүүгийн тайлангийн нэгтгэлд оролцогч аж ахуйн нэгж, байгууллага жилийн санхүүгийн тайлангаа дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ
Сангийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/205 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүргүүлэх, хүлээн авах, тайлангийн мэдээллийг ашиглах журам-ын 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Журмын 2.1.1-д заасан хуулийн хугацаанд тайланг системд хүргүүлээгүй тайлагнагч байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн тухайн тайлант үеийн санхүүгийн тайланг хүлээн авна гэж зохицуулсан байна.
Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч . санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 9.5 дахь хэсэгт Харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж байгаа санхүүгийн тайланг аж.ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, эсхүл ерөнхий нягтлан бодогч цахим гарын үсэг зурж баталгаажуулна гэж зааснаас үзэхэд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын жил эцсийн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд хүргүүлэх үүрэг нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хуулиар үүрэг болгон хуульчилсан байх тул тухайн зөрчлийн холбогдогч нь А ХХК байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хуулийн этгээдийн нягтлан бодогч Б.Ш-ыг зөрчлийн хэргийн холбогдогчоор тодорхойлж, шийтгэл оногдуулсан байна
Иймд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах байтал тухайн зөрчилд иргэнээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
2. Материалд авагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд эрх бүхий албан тушаалтан Ц.М нь бүртгэлийн СТСХ25-49 дугаартай материалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №0953685 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Ш-т Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ
Гэтэл холбогдогч Б.Ш нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр торгох шийтгэлийн мөнгөн дүн болох 400.000 төгрөгийг тус эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах шийдвэр гараагүй байхад торгох шийтгэлийн мөнгийг Төрийн сангийн дансанд тушаалгасан байна.
Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдоогүй, мөн хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулсан шийдвэрээ гаргаагүй, зөрчилд холбогдогчийн үйлдлийг шалгаж, зөрчлийг нотлох чиг үүргээ хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл тогтоогдоогүй байх үед иргэн Б.Шыг холбогдогч гэж үзэж, 400.000 төгрөгийн торгох шийтгэлийг урьдчилан төлүүлжээ.
Эрх бүхий албан тушаалтны энэхүү үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ мөн зүйлийн 8 дахь хэсэгт заасан Оролцогч зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт энэ хуулийн 7.7 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргана... гэх заалтыг ноцтой зөрчсөн байна.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ гэж заасан байхад торгох шийтгэлийн мөнгөн дүнг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаас өмнө урьдчилан төлүүлсэн нь хүний эрхийг ноцтой зөрчсөн, шийдвэрт гомдол гаргах эрхийг нь хязгаарласан гэж үзнэ.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч, Ц.М-ийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №0953685 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж, хүргүүлэв” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М би “А” ХХК-ны нягтлан бодогч Б.Ш-т 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 0953685 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дах заалтад зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Б хянаж үзээд үндэслэлгүй гэж үзсэн байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дах заалтад зааснаар хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах байтал тухайн зөрчилд иргэнээр оногдуулах нь үндэслэлгүй, мөн шийтгэлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө тушаалгасан гэж үзээд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан прокурорын дүгнэлтийн талаар тайлбарыг тодорхой дурдсан.
Санхүүгийн тайланг ebalance цахим системд байгууллагын захирал нягтлангаа холбож зөвхөн нягтлан бодогч тайлангаа цахимд шивэхээр зохицуулагдсан байдаг. Мөн “А” ХХК-ийн нягтлан бодогч Б.Ш нь хэргийн материалын бүрдэл болох иргэний үнэмлэхийн хуулбараа хугацаанд нь өгөөгүйгээс шийтгэл оногдуулсан хугацааны хувьд төлбөр тушаасан баримтаас ялгаатай байгаа болно.
Иймд прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б тус шүүхэд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М-д холбогдуулан 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0953685 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг гаргасан.
Увс аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М-ийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0953685 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Ш-т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дах заалтад зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М прокурорын дүгнэлттэй холбогдуулаад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж тайлбар гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б-ийн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0953685 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ