Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2017/0317

 

2017 оны 05 сарын 03 өдөр Дугаар 221/МА2017/0317 Улаанбаатар хот

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.З, Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 88 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б-ын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 88 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.4, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын гаргасан Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоох, 2015 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Барилгын политехник коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн Ц.Б давж заалдах гомдолдоо: Ц.Б миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэн Ц.Б-ын нэхэмжлэлтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 88 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэг. Шүүхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд өгсөн дүгнэлт үндэслэлгүй болох тухайд. Би багш мэргэжилтэй, мэргэжлээрээ улсад 30 жил ажиллаж үүнээс сүүлийн 20 жилд нь Барилгын 1ккш техникумийн багш, тэнхимийн эрхлэгч, декан, захирлын албан тушаалд ажилласан. 2010 оны 12 дугаар сарын 03-ньлөдөр Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн Ректорын Б-92 тоот тушаалаар Улаанбаатар хот дахь Политехник коллежийн захирлын албан тушаалд 5 жилийн хугацаатай томилогдон ажиллаж байсан. Гэтэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн байгууллагуудыг ЩУТИС-ийн харьяанаас гаргаж Хөдөлмөрийн яамны харьяа болгосноор У.таанбаагар хог дахь Политехник коллежийн захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд орсон юм. Улмаар Хөдөлмөрийн сайдаар Я.С томилогдон ирмэгцээ Улаанбаатар хот дахь Политехник коллежид 2 тэрбум төгрөгийн төслийг амжилттай хэрэгжүүлэн, Үр дүнгийн гэрээг "онц-сайн" гэсэн үнэлгээтэй дүгнүүлэн ажиллаж байсан намайг Үйлдвэрлэл-Урлалын политехникийн коллежийн ажлыг сайжруулж тус коллежид хэрэгжүүлэх ёстой байсан 1,8 тэрбум төгрөгийн төслийг амжилттай хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгч 2014 оны 3 дугаар сарын 11-ны,өдрийн Б-06 тоот тушаалаар Үйлдвэрлэл-Урлалын политехникийн коллежийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Үйлдвэр-Урлалын политехник коллежийн Захирлын албан тушаал бол Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т.. зааснаар төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан бөгөөд Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар тогтоосон "Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн . төрийн үйлчилгээний албан тушаал"-ын ... ТҮМБ-7-ын ...ангилал зэрэглэлд хамаарах ба төсвийн ерөнхийлөн захирагчтай Үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг албан тушаал юм.

Би Үйлдвэр-Урлалын политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлыг төсвийн ерөнхийлөн захирагч Хөдөлмөрийн сайд байгуулсан Үр дүнгийн гэрээ -ний дагуу хийж гүйцэтгэж, ажил сайжруулах, гадны төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээрэй гэсэн үүрэг даалгаврыг нь хангалттай сайн биелүүлж ажиллаж байсан.

Энэхүү Үр дүнгийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу гэрээний үргэлжлэх хугацааг "2014-2015 оны хичээлийн жилийг дуусах хүртэл" гэж. 4.2-1 "Төсвийн шууд захирагч гэрээний биелэлтийг 2015 оны 08 дугаар сарын 01-ны өдөр дотор багтаан ирүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагч 2015 оны 09 дүгээр сарын 01 -ны өдрийн дотор багтаан дугнэнэ" гэж заасан байтал Хөдөлмөрийн сайд С.Ч Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэлгүйгээр, гэрээний хугацаа дуусаагүй байхад ямар ч хуулийн үндэслэлгүйгээр 2015 оны 03 дугаар сарын 27-ны. өдрийн Б/46 дугаартай тушаал-аар намайг ажлаас халсан шийдвэрийг гаргасан. Тухайн үед миний гэргий Д.А "элэгний дахин хавдар" өвчний улмаас Австри улсын Вена хотод эмчлүүлж байсан бөгөөд миний бие Австри улс руу гэргийгээ асрах зайлшгүй шаардлагаар явах гэж байсан цаг хугацаатай давхцаж энэ асуудал үүссэн, удалгүй гэргий минь өвчний улмаас өөд болж, миний бие ч өвдөж эмнэлгээс салахгүй байсаар цаг хугацаа өнгөрсөн. Амьдралд минь тохиосон гачигдлын улмаас би ажлаас үндэслэлгүйгээр халагдсан асуудлаар болон сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаар шүүхэд хандаж хөөцөлдөж чадаагүй, сэтгэлзүйн хувьд ч, цаг хугацааны хувьд ч ямар ч боломжгүй байсан. Гэтэл энэ нөхцөл байдлыг маань харгалзан үзээгүй, холбогдох нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийгээгүй явдал нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Миний хувьд амьдралынхаа 30 жилийг зориулж, өөрийгөө, гэр бүлээ умартан ажилласан ажлаасаа нэг л өдөр ямар ч хуулийн үндэслэлгүйгээр, ямар ч хүндэтгэлгүйгээр халагдаж эрхэлсэн ажилгүй, орлогогүй болсон байхад шүүх "маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Ц.Б-ын. эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/46 дугаартай тушаалын улмаас миний дараах эрх, хууль ёсны ашиг сонирхол дор дурдсан байдлаар зөрчигдсөн.

          Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн баталгаа алдагдаж, хөдөлмөрлөх, хуульд заасан үндэслэлээс гадуур эрхэлсэн ажлаасаа халагдахгүй, чөлөөлөгдөхгүй байх эрх маань зөрчигдсөн,

          Ажилгүй, орлогогүй болсон,

          Улмаар улсад ажилласан жил хуулийн үндэслэлгүйгээр тасалдсан, энэ нь тэтгэвэрт гарахад ажилласан жилийг тооцоход сөрөг нөлөөлөлтэй гэдэг нь тодорхой. Энэ мэтээр шууд болон дам байдлаар сөрөг үр дагаврыг надад учруулж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Нөгөөтэйгүүр шүүх "Нэхэмжлэгч Ц.Б нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг эс зөвшөөрч 2015 оны 8, 9 дүгээр сард Хөдөлмөрийн яаманд гомдол гаргаж байсан гэх боловч энэ нь баримтаар нртлогдохгүи байна" гэж дүгнэж үндэслэлийг: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4/1210 дугаар албан бичиг, -2017 оны 01 дүгээр сарын 06-цы өдрийн 4/59 дүгээр албан бичиг, -хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд "Архивын эх баримт дотроос бүгдийг нь шүүж үзсэн. Ц.Б-ын тэтгэмж хүссэн өргөдөл л гарч ирсэн. Өөр өргөдөл байхгүй байсан" гэх тайлбар зэргээр тогтоогдож байна гэж үзсэн явдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ" гэсэн зарчимд нийцэхгүй байна. Хариуцагч төрийн байгууллагын өөрийнх нь албан бичиг, тайлбарыг үндэслэн намайг өргөдөл гомдол гаргаж байгаагүй болохыг тогтоосон гэж үзэх нь талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох эрхийг хязгаарласан, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан үгүйсгэсэн дүгнэлт болсон. Зүй нь бол дээр дурдсан Хөдөлмөрийн яамны албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нь хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдож байгаа тогтоох ёстой байсан. Өөрөөр хэлбэл "Архивын эх баримт дотроос бүгдийг нь шүүж үзсэн" гэх тайлбар ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг тодруулахгүйгээр шүүх зөвхөн хариуцагчийн албан бичиг, тайлбар зэргээр "тогтоогдож байна" гэж дүгнэсэн явдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3-д заасан шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзнэ, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй хуулийн заалтад нийцээгүйн улмаас шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэж байна. Түүнчлэн миний бие Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.М-д 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдөр өргөдөл гаргах болсон шалтгаан маань Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д "гэр бүл, төрөл садангийн хүн нас барах, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ тэтгэх" гэсэн хуулийн заалтыг үндэслэн олон жил ажилласан байгууллага, хамт олондоо хандаж ар гэрт маань тохиолдсон гачигдалтай байдлыг маань ойлгож тусламж үзүүлээч гэж хандсан болохоос намайг ажлаас үндэслэлгүй халсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч ажлаас халагдсанытэтгэмжхүсчхандаагүй юм. Хоёр. Хөдөлмөрийн сайдын 2014 оны Б/06 дугаар тушаал илт хууль бус акт байсан болон 2015 оны Б/46 дугаар тушаал илт хууль бус эсэхэд шүүхээс өгсөн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тухайд: Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/46 дугаартай тушаалыг дараах үндэслэлээр илт хууль бус акт гэж үзсэн болно. Үүнд:

Төрийн албаны үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмын агуулга нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хуулиар тогтоосон журмын дагуу үйл ажиллагаа явуулах байдлаар илэрдэг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас болон төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх үндэслэлийг тоочин хуульчилсан байхад хариуцагч Хөдөлмөрийн сайд маргаан бүхий Б/46 тушаалыг гаргахдаа хуулиар тогтоосон үндэслэл, журмыг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-д зааснаар Үйлдвэр-Урлалын политехник коллежийн захирлыг томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй боловч намайг захиргааны санаачилгаар чөлөөлөх нөхцөл байдал бий болоогүй байхад хуульд заагаагүй үндэслэлээр буюу "Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор" гэсэн үндэслэлээр чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэсний дагуу илт хууль бус захиргааны акт болсон. 2. Хөдөлмөрийн сайдын Б/46 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд "захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана" гээд 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэсэн зарчимд нийцээгүй.

Маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт "Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Төрийн" албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор" гэж захиргааны актын зорилгыг тодорхойлсон, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа энэхүү маргаан бүхий актыг гаргах болсон нөхцөлийг Ц.Б-ыг Үйлдвэр-Урлалын политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Хөдөлмөрийн сайдын 2014 оны Б/06 дугаартай тушаал хууль зөрчсөн байсан учраас гэж тайлбарласан. Гэвч энэ нь дээр дурдсанчлан захиргааны санаачилгаар төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх, халах хуульд заасан үндэслэл биш юм. Цаашилбал Үйлдвэр-Урлалын политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан намайг чөлөөлж дахин түр орлон гүйцэтгэгч томилсон явдал нь маргаан бүхий актын үндэслэлд дурдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилго", хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "өмнөх Хөдөлмөрийн сайдын хуульд зөрчсөн тушаалыг хүчингүй болгож, алдаа дутагдлаа засварлах" гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий акт нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй болохыг илтгэж байна. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргах ажиллагааг Хөдөлмөрийн сайд хэн нэгний гомдлоор бус өөрөө санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд акт гаргах болсон бодит нөхцөл байдлыг өмнөх алдаагаа залруулах гэж тайлбарласан, актын зорилгыг холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах гэж дурдсан байсан боловч эцэстээ гаргасан шийдвэр нь өөрөө хууль зөрчсөн учраас зорилгодоо нийцээгүй, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй учраас илт хууль бус акт болсон гэж үзэж байна.

Гурав. Хууль хэрэглээний тухайд:

Шүүхээс маргаан бүхий актууд гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.9 дэх заалтуудад захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх тохиолдлуудыг хуульчилж өгсөн бөгөөд Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/46 дугаартай тушаал нь хуулийн дээрх заалтад заасан захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудад байхгүй, эрх зүйн илт болон илэрхий алдаа байхгүй байх тул маргаан бүхий акт нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь:

Маргаан бүхий актыг гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" бол тухайн акт илт хууль бус болох тухай заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай тогтоолын 6-д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэдэгт: -захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон нэмэлт хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэдэгт хамааруулж үзнэ гэж тайлбарласан байна.

Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/46 дугаартай тушаал нь Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт дурдсанчлан дараах шинжийг агуулж байна. Үүнд:

-бүрэн эрхээ хэтрүүлсэн буюу хуульд заасан үндэслэлээр гадуур төрийн албан хаагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн,

-тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Ц.Б-ыг Үйлдвэр-Урлалын политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалдаа холбогдох хуулийн заалтыг хэрэглээгүй, зөвхөн тухайн захирлын албан тушаалд төрийн албан хаагчийг томилох, чөлөөлөх эрхийг Хөдөлмөрийн сайдад өөрт нь олгосон хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн тул Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/46 дугаартай тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн дагуу мөн л илт хууль бус акт болсон гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны пгүүхийы, 2017 оны 01 дүгээр сарын 31-ны. өдрийн 88 дугаартай Шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд анх 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ... Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 03 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ажилгүй байсан бүх хугацаанд ногдох олговрыг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлжээ.

Анхан шатны шүүх ...Ц.Б нь Төрийн албаны зөвлөл болон Хөдөлмөрийн яаманд дээрх актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар тухайн үед хуулийн хугацаанд гомдол гаргаж байгаагүй болох нь ... тогтоогдож байна ... гэж зөв дүгнэсэн байх боловч дээрх нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан, маргааныг шийдвэрлэсэн нь буруу байна. Тодруулбал,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д ... иргэн ... захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах, 12 дугаар зүйлийн 12.1-д иргэн хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, 34 дүгээр зүйлийн 34.1-д шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 34.1.8-д энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн этгээд нь холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах, түүнчлэн дээд шатны албан тушаалтан хуульд заасан хугацаанд тухайн гомдлыг шийдвэрлээгүй, эсхүл шийдвэрлэсэн боловч тус шийдвэрийг нь зөвшөөрөхгүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж буй захиргааны актыг хүчингүй болгуулах, хууль бус болохыг тогтоолгох-оор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, харин шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны актыг хүчингүй болгуулах, хууль бус болохыг тогтоолгох-ын алинаар нь тодорхойлсноос үл хамааран нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор, хэрэв нэхэмжлэл гаргагч хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчлагдсан байна.

Харин 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, ... илт хууль бус болох ... нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийн Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэх зохицуулалтууд нь тус хуулиуд дагаж мөрдөгдсөн цаг хугацаанаас өмнө гарсан үйл баримт, захиргааны актыг хянан шийдвэрлэхэд буцаж үйлчлэх талаар хуульд тусгайлан заагаагүй тул 2014 оны 03 болон 2015 оны 03 дугаар сард гарсан захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх хууль зүйн боломжгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06, 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргах болсон шалтгаан үндэслэлийг хөөн хэлэлцэх хугацаа тооцуулахгүйн тулд тус актуудыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан байх ба нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулийн дээрх зохицуулалтыг баримтлаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 ... заалтын дагуу Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаал нь илт хууль бус акт болсон ... Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасан ...бүрэн эрхийн хүрээнд гаргасан, мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан ...захирамжилсан шинжтэй илт хууль бус захиргааны акт байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5... хуулийн 106.3 ... Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д ... заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна ... гэж нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлон маргажээ.

Хавтаст хэрэгт Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Ц.Б-ыг Үйлдвэрлэл-Урлалын политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Б/06 дугаар тушаал, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Ц.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох тухай б/46 тушаал, Ц.Б-ын Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.М-д хандаж гаргасан 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ... Үйлдвэрлэл - Урлалын политехник коллежийн захирлаар түр ажиллаж байгаад Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/46 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, ... ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгож миний амьдралд туслалцаа үзүүлнэ үү ... гэх хүсэлт, Хөдөлмөрийн яамны 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ... ажлаас халагдсаны тэтгэмж авах хүсэлт ирүүлсний дагуу ... 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг /3162.0/ төгрөгийг олгох ... гэх 3/1975 дугаар албан бичиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Тайлбар, нотлох баримт хүргүүлэх тухай албан бичгийн хавсралт ...Үйлдвэрлэл-Урлалын политехникийн коллеж-д 1-т Б.Д (78.1 оноо), 2-рт Ц.Батмягмар (77.9 оноо) ... гэж тэмдэглэгдсэн Зарим мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежийн захирлын сонгон шалгаруулалтын нэгдсэн дүн зэрэг нотлох баримтууд авагджээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ц.Б нь маргаан бүхий тушаалуудтай холбогдуулан төрийн албаны зөвлөл, захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй буюу захиргааны байгууллага, албан тушаалтан гомдлыг нь хүлээн зөвшөөрч хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөл байдал бий болоогүй нь тогтоогдсон, тэрээр маргаан бүхий тушаалуудтай холбогдуулан шүүхэд 2014 оны 04 дүгээр сарын 11, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэл гаргах ёстой байтал гаргаагүй атлаа тус тушаалуудыг захиргааны актын илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарах-аар хуульчилсан Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /2016/ хуульд нийцээгүй, илт хууль бус гэх үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тооцолгүй хүлээн авч, хэрэг үүсгэн маргааныг шийдвэрлэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06, 2015 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлсэн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /2002/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол гэж захиргааны актыг илт хууль бус эсхүл хүчингүй болгуулахаар шаардсанаас үл хамааран нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тооцож шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан, заавал биелүүлэх хуулиар тогтоосон шаардлагыг шүүх үзэмжээр хэрэглэж хэн нэгэн нэхэмжлэл гаргагчид давуу байдлыг бий болгох, эсхүл нэхэмжлэгчийн сонголтоор хэрэглэх боломжгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсны дараа юуны түрүүнд маргаан бүхий захиргааны актууд гарсан тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тооцогдох эсэхийг анхаараагүй буюу иргэн хуулийн этгээдээс тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан тус гомдлыг хүлээн зөвшөөрч хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөл байдал бий болоогүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байхад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэж захиргааны хэрэг үүсгэж, маргааныг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ...  захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа ... хуульд заасан журмын дагуу явагдсан бол ... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах, 54 дүгээр зүйлийн 54.1.8-т энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, 109 дүгээр зүйлийн 109.2-д Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасантай тус тус нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргаагүй, ажлаас чөлөөлөгдсөний дараа ар гэрт гачигдал тохиолдсон, өөрөө өвчтэй байсан гэж тайлбарласан байх бөгөөд шүүх түүний ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн сайдад гомдол гаргасан гэх тайлбартай холбогдуулан хариуцагчаас тодруулах ажиллагааг хийсэн байх боловч хариуцагчаас гомдол нь бүртгэгдээгүй гэж шүүхэд мэдүүлсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар ... тодорхойлно, 33.15-д Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 33.16-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тооцно гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлох, захиргааны байгууллагаас тус хугацааг сэргээх журмыг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд ... хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно гэж шүүх хөөн хэлэлцэх хугацаа сэргээх журмыг тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ц.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж буй захиргааны акт болон хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх талаар эрх бүхий этгээдэд гомдол, хүсэлт гаргах эрх нь нээлттэй болохыг тэмдэглэв.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 88 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан Ц.Б-ын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Ц.Б-ын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоолгох, 2015 оны 03 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ногдох олговрыг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                    ШҮҮГЧ                                              С.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ