Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 52

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

         Улсын яллагч Н.Мөнхбат

         Хохирогч Д.Ц

         Шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Эт холбогдох 1816000810040 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Л.Э: Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, ... төрсөн, 27 настай, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, малчин ажилтай, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн Говь-Алтай аймгийн ... оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Цовогт Л-н Э, РД: .... гэв.

 

  Шүүгдэгч Л.Э нь “...2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор багт Д.Жар-ы гэрт иргэн Д.Цийг аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Л.Э нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор багт Д.Жар-ы гэрт худаг асаасангүй гэх шалтгаанаар очиж, иргэн Д.Цийг аягаар цохиж түүний биед дух, баруун хөмсгөнд шарх гэмтэл буюу шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

        Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Л.Э гэм буруутай болох нь:

 

        Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тухайн хэргийг болоход би энэ айлд очоод ахтай юм яриад байж байхад Ц эгч босч ирээд чи яагаад байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би тантай юм яриагүй байна та сууж бай гэсэн. Тэгэхэд Ц эгч босч ирээд намайг барьж аваад цохисон. Тэгэхээр нь би цохисон. Тухайн гэрт Жар ах, Ж, хохирогч мөн байсан. Намайг очиход хохирогч гэртээ ганцаараа байсан тул би юм яриагүй том ах хайчсан юм бэ гэж асуусан. Тэгэхэд мал руу явсан одоо ирэх байх гэсэн. Том ахыг ирэхэд нь би худгаа эрт асаасангүй гээд яриад сууж байхад энэ эгч дундуур орж ирээд намайг барьж авч цохисон. Тэгэхээр нь би Ц эгчийн толгой руу нь баруун гараараа цохисон. Хохирогчид 312.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл хохирлыг одоо төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,  

 

  Хохирогч Д.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тэр өглөө малаа бэлчээгээд ирээд байж байхад Л.Э худгаа асаагаач гээд аймар ууртай ирсэн. Би чи чинь яасан аймар юм бэ гэж байсан. Манай том ах, хүүтэйгээ малд явсан байж байгаад ирээд худаг усны талаар ярьж байгаад та нарыг худгаа асаахгүй бол моторыг чинь эвдээд хаячихна шүү гэхээр нь чи яахаараа хүний мотор эвдэлдэг юм гэсэн чинь хэний мотор юм гэхээр нь би миний мотор гэсэн. Тэгсэн чинь аваад тавьчихна гэхээр нь аваад тавиад гэсэн чинь доромжлоод байна уу гээд баруун гартаа ууж байсан аягаа барьж байсан. Өмнө нь ханцуйгаа шамлаад байхаар нь би тэрийг нь ажиглаж л байсан. Аяганы амсар дээрээс нь бариад босоод ирэхээр нь би шар аяганд цай ууж сууж байгаад босоод ирэхээр нь өмнөөс түлхчихье гэж бодсон чинь миний толгой руу 3, 4, 5 цохисон. Доромжлоод байна уу гэж босч ирээд шууд цохисон... Би хот явж үзүүлж байгаад томографикийн зураг авахуулсан, эм бичиж өгсөн тэрийг нь авсан нэхэмжилж байгаа. Мөн манай өвөл тэжээж байсан үхрүүд намайг эмнэлэгт хэвтэж байхад үхсэн байсан тэрийг нэхэмжлэх боломжтой юм уу сайн мэдэхгүй байна. Хэрэгт 198.100 төгрөг нэхэмжилсэн гэсэн баримт байгаа. Тэрнээс гадна би сумаас дуудлага өгөөд очихдоо бензинээ хийлгэдэг.  57.000 төгрөгийн бензин хийлгэсэн. Тэр байхгүй байсан. Цус их алдсан учраас тарилга хийлгэ гээд тэр нь олдохгүй, сэхээнд байж магадгүй гэхээр нь аваад хийлгэсэн.”  гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Д.Жийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед аав Жар-ы хамтаар ямаа хайж байгаад гэртээ орж ирэхэд эгч Ц эгч гэрийн зүүн талд харин У ах аавыг “худгаа эрт онгойлгохгүй яав, хаврын муудсан мал ус уухгүй бол муудна” гэсэн. Тэгтэл аав “нэг ямаагаа хайж яваад ирлээ. Чи ямар худаг ажиллууллаа гээд ямаа өгчих биш” гэхэд Улаанаа ах “өгчихөж болно ш дээ” гэсэн... Тэгээд Ц эгч, У ах хоёр хэрэлдсэн. Удалгүй хоёулаа босоод ирэхэд Ц эгч У ахын хоолойг боож аягаар цохиж У ах гартаа байсан аягаар цохитол Ц эгчээс цус гарч эхэлсэн... Ц эгч босоод У ахыг боогоод баруун гартаа байсан шар өнгөтэй аягаар цохиод авахад Улаанаа ах гартаа байсан цагаан өнгөтэй аягаар баруун хөмсөгний тэнд нь нэг удаа цохисон...”  гэсэн мэдүүлэг /хх-20-рт/,

 

Гэрч Д.Жар-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед ямаа хайж байгаад гэртээ орж ирэхэд У гэрт ирчихсэн байсан. Би мэнд мэдэлцээд суухад У “худгаа асаасангүй. Эрт асаахгүй бол мал буцаагдаж байна” гэхээр нь би “та нартай хэдэн цагт асаах талаар гэрээ хийгээгүй. Одоо очиж асаалаа” гэж хэлсэн.  У “Худгаа асаахгүй бол удлаа. Болохгүй бол худгийг чинь эвдэж асаана гэж хэлсэн” би “Эвддэг нь чи юм уу” гэж хэлээд хоорондоо босоод ирсэн. Тэгээд манай дүү, У хоёр бие биентэйгээ барилцаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-21-рт/,

 

Гэрч Б.О-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай хүү Э хэлэхдээ “малаа услахаар Жар-ыд очоод цай ууж байхад Ц хоолойноос нь барьж аваад шар өнгөтэй аягаар цохисон. Тэгэхээр нь би өөрийн цай ууж байсан аягаар цохисон чинь цус гарсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-24-рт/,

 

1. Д.Цийн биед дух, баруун хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 92 дугаартай акт, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу  хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Э-аас 454.900 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц-д олгож, түүний хохирол нэхэмжилсэн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангахгүй 70.000 төгрөгний баримт болон цистон зэрэг бөөрний эмчилгээнд хэрэглэсэн эмний үнэ 151.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Л-н Э-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс сар бүр 150.000 /нэг зуун тавин/ төгрөгөөр гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг танилцуулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Эаас 454.900 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Цид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 151.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн аяганы 10 ширхэг хагарсан хэсэг, шар өнгөтэй аяганы 2 ширхэг хагарсан хэсэг зэргийг устгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн цахим үнэмлэхийг буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА