Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/486

 

 

 

 

     2024          04            25                                       2024/ДШМ/486

 

А.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

яллагдагч А.Бгийн өмгөөлөгч Т.М,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/492 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Амарзаяагийн бичсэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлийг үндэслэн А.Бд холбогдох эрүүгийн 2305011840082 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт  А.Б, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 1, ганц бие .................. тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 7 дугаар байрны 00 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар 2 cap баривчлах ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 586 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдсэн, /РД: ........................../;

Яллагдагч А.Б нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хороо, 37 дугаар байрны 00 тоотод Б.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хэл амаар доромжилж, үснээс нь зулгааж, нүүр цээжин тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалга, зүүн даланд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх талуудын тайлбар, мэдүүлгийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь хянаж үзээд дараах үндэслэлээр прокурорт буцаах зүйтэй гэж үзжээ. Үүнд: Яллагдагч А.Б болон хохирогч Б.Х нар нь 2009 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1094 дугаартай бүртгэлээр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд гэрлэсний бүртгэлийн лавлагаа хэрэгт хавсаргасан байна. Прокурор яллах дүгнэлтдээ “...гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд биш болсон...” гэж тэдний мэдүүлэг, хүсэлтээс өөр баримтгүйгээр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн” гэж хавтаст хэрэгт авагдсан баримт болон хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг жагсаан хуульчилсан байна. Мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна...” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл эс үйлдэхүйг хэлнэ...” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалт болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт яллагдагч, хохирогчийн хувийн байдлаас үзвэл хохирогч Б.Х яллагдагч А.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь тогтоогдоно. Мөн яллагдагч А.Б нь өмнө гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил удаа, дараа гаргаж байсан талаарх нотлох баримт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдож Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлсэн талаарх баримт тус тус хэрэгт авагджээ. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2024 оны 84 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ дээр дурдсан хуулийн холбогдох заалт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогч, яллагдагчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтоолгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Иймд яллагдагч А.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хийгдсэн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.4 дэх заалтад “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ” зэргийг нотолбол зохих хуулийн шаардлагад нийцэхгүй байх бөгөөд эдгээр ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч А.Бд холбогдох эрүүгийн 2305011840082 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, хэргийг прокурорт очтол А.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор М.Амарзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн, дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Хэрэгт авагдсан хохирогч Б.Хгийн “салсан нөхөр А.Б ирчхээд хэл амаар доромжилж, үснээс зулгааж, газар унагаад миний нүүр лүү өшиглөж эрүү, цээж хэсэгт хэд хэдэн удаа дэвссэн” гэх мэдүүлгээр яллагдагч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тархи доргилт, зүүн бугалга, зүүн даланд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгчийн захирамжид дурдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.4 дэх заалтад “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ” зэргийг нотолбол зохих хуулийн шаардлагад нийцээгүй” гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах асуудлын хүрээг тусгайлан тодорхойлсон байдаг. Гэтэл шүүх яллагдагч А.Бд холбогдох хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлгийн хуралдаан явуулж хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахдаа яллагдагчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/492 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Яллагдагч А.Бгийн өмгөөлөгч Т.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие яллагдагч А.Бгийн хүсэлтээр давж заалдах шүүхийн шатнаас эхлэн түүний өмгөөлөгчөөр ажиллаж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Учир нь, А.Б, Б.Х нар нь гэрлэлтийн баталгаатай боловч тусдаа амьдраад 8 жил болж байгаа. Гарсан маргаан нь гэр бүлийн маргаанаас болоогүй. Өөр асуудлаас болж хоорондоо маргалдаж, улмаар хохирогч Б.Хгийн биед гэмтэл учирсан. Иймд гэр бүлийн хүчирхийлэл биш гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч А.Бд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах ...” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Прокуророос яллагдагч А.Бгийн Б.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг хэл амаар доромжилж, үснээс нь зулгааж, нүүр цээжин тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалга, зүүн даланд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүхээс А.Бд холбогдох хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, шүүгдэгч А.Бгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх болон тус гэмт хэрэгтээ нь холбогдуулан шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байх тул тухайн ажиллагаануудыг нөхөж гүйцтгэсний дараа хэргийн зүйлчлэлийг тогтоож, эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Тухайлбал, хэрэгт аюулын зэргийн үнэлгээ хийгдээгүй, хохирогч Б.Хгээс урьд дээрх үйлдлийг А.Б нь гаргадаг байсан эсэх талаар мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтуудаас харахад, яллагдагч А.Б нь 2018 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, 2019 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлах шийтгэлээр шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж,

16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолно” гэж тус тус заасан ба захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болдог тул дээрх ажиллагаанууд нэг мөр хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/492 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Яллагдагч А.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/492 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Амарзаяагийн бичсэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

                                             ШҮҮГЧ                                      Т.ШИНЭБАЯР   

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ