| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0037/э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Б.Батнасан
Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Д.Ариун-Эрдэнэ
Шүүгдэгч Л.Д түүний өмгөөлөгч Б.Болормаа
Шүүгдэгч Ш.Т түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Гэрч Ё.Н, О.Г, Б.Б, Г.Б, Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.У, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Д, Ш.Т нарт холбогдох 1716001140012 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Л.Д: Монгол Улсын иргэн, халх, ... өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, туслах сувилагч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс жуух бичиг авч байсан мөн тэргүүний ажилтан болж байсан, ДЮ... регистрийн дугаартай, У овогт Л-н Д гэв.
Шүүгдэгч Б.У: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй,*** ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар шагнагдаж байсан, ДБ... регистрийн дугаартай, Т овогт Б-н У гэв.
Шүүгдэгч Ш.Т: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч, сувилагч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Говь-Алтай аймгийн ... тоотод хаягийн бүртгэлтэй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДИ... регистрийн дугаартай, Х овогт Ш-н Т гэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс “аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолт”-ын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг ажилд томилох гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Г.Б-ийн ээж Л.Д-гээс 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед бэлнээр авсан,
Шүүгдэгч Л.Д нь өөрийн охин Г.Б-ийг ажилд томилуулж түүнд давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-д албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед бэлнээр өгсөн,
Мөн шүүгдэгч Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Т-гаас 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн хахуулийг 2017 он 02 дугаар сард бэлнээр авсан,
Шүүгдэгч Ш.Т нь ажилд томилогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-ын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 800.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 02 дугаар сард бэлнээр өгсөн гэмт хэрэг тус тус үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Л.Д нь өөрийн охин Г.Б-ийг ажилд томилуулж түүнд давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн *** даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-ад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед бэлнээр өгсөнөөр түүний охин Г.Б нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүний нөөцийн менежерээр ажилд томилогдсон, шүүгдэгч Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс “***”-ын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг ажилд томилох гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Г.Б-ийн ээж Л.Д-гээс 500.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед бэлнээр авсан,
Шүүгдэгч Ш.Т нь ажилд томилогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн *** даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-ын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 800.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 02 дугаар сарын сүүлч, 03 дугаар сарын эхээр бэлнээр өгч улмаар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс халдварт, сүрьеэгийн тасагт диспансерийн сувилагчаар томилогдсон, мөн шүүгдэгч Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Т-гаас 800.000 төгрөгийн хахуулийг 2017 он 02 дугаар сарын сүүлч, 03 дугаар сарын эхээр бэлнээр авсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.У, Л.Д, Ш.Т нар гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Л.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Б.У даргад 500.000 төгрөг гарт нь бариулж өгөөгүй, ширээн дээр тавьсан. Хахууль гэж өгөөгүй, ажилд оруулж өгсөнд баярлалаа гэж өгсөн. Дараа нь коридорт таарахад чи мөнгөө ав гээд хэлж байсан. Бид нарт нааш цааш ороод явах зав байдаггүй. Ийм асуудал гаргахад мөнгөө авсан. Нэг өдөр цагдаагаас утасдаад та 500.000 төгрөгөө аваад ир гэсэн. Бид нар төрийн албан хаагчид цалингаас цалингийн хооронд байдаг учраас нөгөө мөнгөө аваад хэрэглэсэн байсан. Тэгээд энэ тэндээс цуглуулж авчирч өгсөн. Тэгсэн хураагаад авсан. Тэгэхээр нь хураагаад авчдаг юм уу гэсэн түр хурааж авна гээд 500.000 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Манай хүүхэд Б нь Баянхонгор аймгаас шилжиж ирээд манай эмнэлэгт хүний нөөцийн ажилтанаар ажилд орсон юм. Тэгээд эмнэлгийн дарга Б.У-ад ажилд оруулсанд баярлалаа гэж хэлээд би 500.000 төгрөг бэлнээр нь цаасанд боогоод өгсөн чинь авахгүй гэж хэлэхээр нь би ширээн дээр тавьчихаад гараад явсан юм. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр би өрөөнд нь ороод тамга даруулах гэж байхад миний өгсөн 500.000 төгрөгийг буцаагаад энэ мөнгөө ав та дээр авахгүй гээд байхад яагаад өрөөнд хаячихаад яваад өгсөн юм бэ гэж хэлээд надад өгсөн... охинд маань туслах гээд байгаа юм чинь гээд охиндоо ч хэлэхгүйгээр цалингаасаа 500.000 төгрөгийг бэлнээр Б.У захиралд ажлынх нь өрөөнд оруулж бэлнээр өгсөн. Б.У захирал намайг мөнгө өгөх үед “за та чинь мөнгө төгрөг болж яахнав дээ” гэж хэлж байсан л даа. Гэхдээ өгсөн мөнгийг маань аваад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-174, 2хх-210-рт/,
Шүүгдэгч Ш.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би 2000 онд Анагаах ухааны коллежид элсэж ороод бага эмч, сувилагч мэргэжлээр 2003 онд төгссөн. Хөдөө Тонхил сумд ажиллаж байгаад 2014 оны 06 дугаар сард энд хүний нөөцөд бүртгүүлж 2 сар гаран ажиллаж байгаад шалгалтаа өгдөг журмаар тестийн шалгалт, гардангийн шалгалт өгөөд би тэнцсэн. Тэгээд хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, өдрийн эмчилгээн дээр ажилласан. Хүний оронд 2 жил гаран түр ажилласан. Би шалгалтаа өгдөг журмаар нь өгөөд хүний оронд ажиллаж байгаад жинхэлсэн нь үнэн. Өнөөдөр шүүх хуралдааны танхим эцсийн байдлаар үнэн зөвөөр нь шийдэж өгөх байлгүй дээ үнэн зөвөөрөө явъя гэж бодож байна. Яагаад гэхээр Авилгатай тэмцэх газраас мөрдөн байцаагч Э гэдэг хүн над руу 11 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагийн үед над руу ярьсан. Би хадам ээжийн даралт ихдээд очсон байж байгаад гэртээ ороод ирсэн чинь охин ээж таны утас руу нэг хүн залгаад тамгын газар дээр ирсэн байна. Ээжийгээ хүрээд ир гэж хэл гэсэн байсан. Ээж даралт нь ихдээд байсан ганцааранг нь орхичихоод ирсэн болохоор ээж рүү ярьчихаад байж байсан над руу хурдан ир гээд 2, 3 удаа залгасан. Хурдан ирэхгүй бол Улаанбаатар хотод бэлэн байлгана шүү гээд дуудсан. Тэгээд би Авилгатай тэмцэх газар гэж мэдэхгүй юм чинь хуулийн зөвлөх О эгч рүү залгаж дуудаж байна ямар хүмүүс яадаг юм бэ гэж асуусан чинь Авилгатай тэмцэх газраас хүмүүс ирсэн шалгалт хийгээд байгаа гэсэн. Лицензийн хугацаа дууссан уу тэр талаар бичиг баримт шалгаж байгаа байх оч гэсэн. Тэгээд би 20 цаг 30 минутад очсон байх. Намайг орсон чинь гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр хичнээн удаж ирдэг юм. Та хүнд авилгал өгсөн байна гэрчийн мэдүүлэг байна гэсэн. Эхлээд орсон чинь утас чинь хаана байна гээд миний утсыг бараг булаагаад авсан. Та хүнд мөнгө төгрөг өгсөн гэдгээ хэлээд гэртээ очиж амрах нэг зам байна. Мөн өгсөн гэдгээ хэлэхгүй сахилгад суух хоёр зам байна. Өмнөх хүмүүс нь сахилгад суусан утас нь энд байна танд хоёр зам байна гэсэн. Тэгээд би үгүй хүнд мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй би шалгалт өгдөг журмаар нь өгөөд ажилд орсон гээд би доошоо хараад суусан чинь та юунд гөлөлзөөд байгаа юм миний урдаас эгцлээд хараад суу гэсэн. Би мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй гэсэн чинь намайг айлгаж сүрдүүлсэн. Мөнгө өгсөн гээд хэлчих юм бол таны ажилтай ярих юм байхгүй, ажилгүй болно гэсэн асуудал байхгүй, тэр хүмүүст чинь хэлэхгүй гээд энэ хүмүүсийн дарамт шахалтаас болоод энэ хүнд мөнгө өгсөн гэж хэлээд энэ хүнийг хэрэгт татчихаад байж байгаад гомдолтой байна. Шүүх үнэн зөвөөр нь шийдэж өгдөг бол шийдэж өгөөрэй. Би энэ хурлын танхимд эцсийн шийдвэрээ л хэлж байна. Өөр надад хэлэх зүйл байхгүй... Халдварт сүрьеэгийн тасагт диспансерийн сувилагчаар 2017 оны 03 дугаар сард түр ажиллаж байгаад 9 сараас жинхлэх тушаал гарсан” гэсэн мэдүүлэг болон түүний мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...Халдвар сүрьеэгийн тасгийн диспансерийн сувилагчийн албан тушаалд томилогдохын тулд Нэгдсэн эмнэлгийн дарга Б.У-ад 800.000 төгрөгийг бэлнээр нь 2017 оны 02 сард аваачиж өгсөн. Энэ талаар миний нөхөр Б мэдэж байгаа. би түр тушаалаар удаан ажиллаж байсан болохоор жинхлэх тушаал гаргаж өгөөч гэж У даргаас зөндөө олон удаа гуйж, шийдэж өгөхгүй болохоор нь мөнгө өгсөн юм... би тухайн үед хүлээн авахын тасагт сувилагчийн оронд түр ажиллаж байсан юм... У захиралд зээлж өгөөгүй, буцааж аваагүй, ажилд томилж өгөөч гэж өгсөн. Үүний дараа халдварт сүрьеэгийн тасагт сувилагчаар томилогдсон гэж ойлгож болно... ” гэсэн мэдүүлэг /2хх-204-рт/,
Шүүгдэгч Б.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Авилгатай тэмцэх газраас дуудаж мэдүүлэг аваад 500.000, 800.000 төгрөг авсан гэсэн асуудал ярьсан. Би 500.000 төгрөг хүн ажлын байраар хангаж өгнө гэж хэлж аваагүй. Л.Д гуай баярлалаа гэж хэлээд 500.000 төгрөг ширээн дээр тавьсан. Би та энэ мөнгөө ав гэсэн авалгүй гараад явсан. Араас нь өгөх гэтэл хүн орж ирээд өгөлгүй байж байгаад таарахад тэр юмаа аваарай гэж хэлж байсан. 11 сард Авилгатай тэмцэх газрынхан ярихад тэр мөнгийг нь буцааж өгсөн....” гэсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хүний нөөцийн менежерийн сул орон тоо гарахад манайд ажилд орохоор өргөдөл, анкетаа өгсөн 6 хүнээс Б-г хүний нөөцийн менежерийн ажилд сурсан гэдгээр нь ажилд авсан юм. Түүнээс шалгалт аваагүй. Би түүнд “Ба ажлаа өгөх гэж байгаа. Түүний оронд чамд хүний нөөцөөр ажиллах боломж байна. Чи сураад ирвэл ажилд авч болно” гэж хэлэхэд Б хүний нөөцийн менежерээр сураад ирсэн байсан. Тэгээд түүнийг ажилд томилсон юм...” гэсэн мэдүүлэг /2хх-227-рт/,
Гэрч Ё.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Ш.Т, Л.Д эгч нарыг мөнгө өгсөн байх үндэслэлтэй гэдгийг хүний амнаас сонссон. Сувилахуй албаны дарга хийж байсан О.Г-гийн амнаас сонссон учраас хууль хяналтын байгууллагад нь хандсан байгаа. Хүний нөөцийн албан дээр орсон байгаа би өөрөө Анагаахын сургуульд цагийн багш хийдэг учраас Б-ийг ямар сурч байсан гэдгийг мэднэ. Тийм учраас Б гэнэт манай боловсон хүчнээр ороод ирсэн. Тэгээд үүний цаана юм явж байсан байж болзошгүй гэдэг үүднээс хууль хяналтын байгууллагад нь хандаад тухайн хүмүүс шалгалтаа явуулсан... ” гэсэн мэдүүлэг болон түүний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Б-ийн ээж Д нь Нэгдсэн эмнэлгийн лабораторын үйлчлэгч ажилтай бөгөөд удирдлагын зөвлөлийн гишүүнээр ажилладаг хүн байдаг юм. Тэрээр өөрийн охин Б-ийг Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албаны даргын ажилд томилуулахаар 500.000 төгрөг өглөө. Үүнээс ихийг өгч чадсангүй гэж хэлснийг мэс заслын тасгийн ахлах сувилагч ажилтай О.Г надад хэлсэн юм. Б нь 2017 оны 04 дүгээр сард Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албаны даргаар томилогдсон...” гэсэн мэдүүлэг /1хх-7рт/,
Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...би нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилогдохдоо сонгон шалгаруулалтад ороогүй, хүний нөөцийн менежерийн албан тушаалд тавигдах ажлын байрны тодорхойлолтыг хангахгүй байгаа гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1хх-201рт/,
Гэрч Н.Г-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...500.000 төгрөгний талаар бол эхнэр маань надад хэлж байгаагүй. Гэхдээ эмнэлгийн захиралд Бунжаа /Б/-г ажилд томилуулах гэж мөнгө өгсөн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-214-рт/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 500.000 төгрөг зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлэхэд Л.Д 500.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед шүүгдэгч Б.У-ад өгсөн, шүүгдэгч Ш.Т 2017 он 02 дугаар сарын сүүлч, 03 дугаар сарын эхээр шүүгдэгч Б.У-ад 800.000 төгрөгийн хахуулийг тус тус өгсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Д “...У даргад хахууль гэж өгөөгүй, хүүхэд ажилд оруулж өгсөнд баярлалаа гэж өгсөн...” гэсэн мэдүүлэг нь түүний охин Г.Б-ийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүний нөөцийн менежерээр томилсон Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын Б/31 дугаарын тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудсан дахь/, шүүгдэгч Л.Д шүүгдэгч Б.У-ад 500.000 төгрөгийг “...2017 оны 1-3 сарын үед охин Г.Б-ийг сургалтад явсан, эзгүй байхад нь өгсөн...” гэсэн мэдүүлгээр хахуульд өгөөгүй гэх шүүгдэгч Л.Д-гийн мэдүүлэг нь няцаагдаж байна гэсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Д-гийн өмгөөлөгч Б.Болормаа дүгнэлтдээ “...Шүүгдэгч Л.Д-д холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмаар бэхжүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, гэм буруугүйд тооцож өгнө үү” гэснийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь өмгөөлөгчийн дүгнэлтэд дурьдагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйл, 9.6 дугаар зүйлүүдэд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу гомдол хүсэлт гаргасан асуудал хавтаст хэрэгт байхгүй байна.
Мөн өмгөөлөгч Б.Болормаа шүүгдэгч Л.Д-гээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар шөнийн цагаар мэдүүлэг авч хууль зөрчсөн гэж дүгнэлтдээ дүгнэж, шүүхийн хэлэлцүүлэгт тодорхойлолт ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж бэхжүүлэн хэрэгт хавсаргасан боловч нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэв. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.4-т зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурорт гарган өгч, түүнийг хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах, мөн зүйлийн 2.7-д зааснаар өөрсдийнх нь зөвшөөрснөөр хүн, хуулийн этгээдээс хэрэгт ач холбогдол бүхий тайлбар, баримт бичиг, тодорхойлолт гаргуулж авах гэсэн заалтуудтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч Нэгдсэн эмнэлгээс тодорхойлолт гаргуулж авахдаа хүсэлт гаргасан эсэх, тодорхойлолт гаргасан болон гарын үсэг зурсан ажилтнууд зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна.
Шүүгдэгч Ш.Т-гийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ш.Т-д холбогдох үйлдлийг аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, тус хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг зөрчиж, хүнлэг бусаар харьцаж мэдүүлэг авсан, прокурор нь нөлөөлж мэдүүлэг өгүүлсэн, прокурорын талаар аймгийн прокурорт нь гомдол гаргаж шийдвэрлүүлж, хариуг нь шүүхэд өгсөн, прокурор таамаглал дэвшүүлж яллах гээд байна, хавтаст хэрэгт ломбарднаас 800.000 төгрөг авч өгсөн гэсэн баримт байхгүй юм. Иймд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Т-д ашигтайгаар шийдвэрлэж, гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэснийг шүүх хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.У-ыг гэм буруугүйд тооцуулах, шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Д.Батсүх шүүгдэгч Б.У-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргуулахыг хүссэн дүгнэлт гаргасныг хангах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ. Учир нь дараах үндэслэлүүдээр шүүгдэгч Б.У, шүүгдэгч Ш.Т нарт холбогдох үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ш.Т-г гэрчээр асуухдаа /2 дугаар хавтаст хэргийн 203 дугаар хуудас/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрхийг тайлбарлан өгч, мөн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хуулийн заалтыг сануулсан тэмдэглэл байна. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 55-57 дугаар хуудсан дахь шүүгдэгч Ш.Т-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулж авсан тэмдэглэл байгаа бөгөөд шүүгдэгч Ш.Т нь гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө 800.000 төгрөгийг шүүгдэгч Б.У-ад ажилд жинхлэх тушаал гаргаж өгөөч гэж 2 удаа гуйсан боловч шийдэж өгөхгүй болохоор нь өгсөн гэдгээ мэдүүлсэн байна. Хоёр дугаар хавтаст хэргийн 207 дугаар хуудсан дахь гэрчээр асуугдсан тэмдэглэлд гэрч Б.Б Ш.Т-г шүүгдэгч Б.У-ад 800.000 төгрөг өгсөн гэдгийг мэдэхгүй гэж мэдүүлсэн, 3 дугаар хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудсан дахь дахин мэдүүлэг өгсөн тэмдэглэлд “...Эхнэр бид хоёр 2017 оны 02-03 сарын орчимд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дарга У-ад 800.000 төгрөг өгчихье, ядаж ажил төрөлд жинхэлж оруулахад туслах байх гэж ярилцсан. Манай эхнэр эмнэлэгт 103-ын сувилагчаар ажиллаж байх үед миний өөрийн 5336023883 данснаас 800.000 төгрөгийг авч У-ын өрөөнд ширээн дээр нь тавьчихаад гарсан гэж хэлсэн. Мөнгө өгсний дараахан манай эхнэрийг 103-ын тасгаас шилжүүлж, халдварт сүрьеэгийн тасагт сувилагчаар оруулж 6 сар ажиллуулаад тушаалыг нь жинхлүүлсэн юм...” гэж мэдүүлсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Б мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ үгүйсгэж мэдүүлэг өгсөн байдал нь хуульд заасны дагуу гэр бүлийнхээ гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхээ дагуу зөрүүтэй мэдүүлсэн байх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу гэрч Б.Б-ийн хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг үндэслэл болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь 1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудсан дахь нэгдсэн эмнэлэгийн даргын Б/13 дугаарын тушаалаар 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Ш.Тг Халдварт сүрьеэгийн тасагт диспансарын сувилагчаар ажиллуулахаар, 14 дүгээр хуудсан дахь Б/50 дугаарын тушаалаар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс Ш.Тг Халдварт сүрьеэгийн тасагт диспансарын сувилагчаар тус тус томилж ажиллуулсан болох нь тогтоогдсон байх бөгөөд бодит байдлыг шүүгдэгч Ш.Т өөрөө болон гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн байна.
Мөн улсын яллагчийн шүүх хуралдааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны тэмдэглэд тусгуулж бэхжүүлэн хэрэгт хавсаргуулсан 25 хуудас нотлох баримт нь улсын яллагчийн дүгнэлтэд тодорхойлсноор хэрэгт хамааралтай байна гэж үзэв.
Мөн шүүгдэгч Л.Д-гийн өмгөөлөгч Б.Болормаа 1 хуудас, шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ 2 хуудас, Ш.Т-гийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан 2 хуудас нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулан хэрэгт хавсаргуулсан болно.
Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Д.Батсүхийн “шүүх хуралдаанд улсын яллагчийн өгсөн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж дүгнэлтдээ дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хавтаст хэргийн материалд байгаа Г.Б-ийг ажилд томилсон тушаал болон зарим гэрч нарын мэдүүлэгт гэрч Г.Б-ийг Г.Б гэж бичсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т нь “...мөнгө өгсөн гэж хэлээд энэ хүнийг хэрэгт татчихаад байж байгаад гомдолтой байна... мөнгө өгөөгүй”, шүүгдэгч Б.У нь “Ш.Т-гаас мөнгө төгрөг авсан асуудал байхгүй” гэж мэдүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардах эрхгүй учир шүүгдэгч нар мэдүүлгээ хэрхэн мэдүүлэх, мэдүүлэг өгөхөөс татгалзах талаар хуульд заасан эрхийнх нь асуудал байна.
Өмгөөлөгч Ж.Мөнхнасан нь “...гэрч Б.Б-ээс мэдүүлэг авахдаа гэр бүл, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөлгүйгээр мэдүүлэг авсан”, шүүгдэгч Ш.Т нь “...Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болно, өмгөөлөгч авах эрхтэй гэдэг талаар надад танилцуулаагүй...” гэж мэдүүлж байх боловч хэргийн материалаас үзэхэд гэрчээр Ш.Т, Б.Б нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрхүүдийг тайлбарлан өгч мэдүүлэг авсан, эрх үүрэгтэйгээ танилцсан байдал нь мэдүүлгийн тэмдэглэлд Ш.Т, Б.Б нар нь гарын үсэг зурсан, Ш.Т-гаас 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авахдаа мөн адил эрх, үүргийг тайлбарлан өгч яллагдагч Ш.Т нь танилцсан тэмдэглэлд гарын үсэг зурсан байна.
Шүүх шүүгдэгч Ш.Т-гийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Д.Батсүхийн “Энэ хууль зөрчигдөж Б.Б-ээс авсан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах” санал гаргаж байна, Ж.Мөнхнасан өмгөөлөгчийн “2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б.Б-ийн мэдүүлгийг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Ш.Т-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, өмгөөлөгч Д.Ариун Эрдэнэ гэрч Ё.Н-ын мэдүүлэг зэргийг нотлох баримтаас хасуулах” хүсэлт тус тус гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх талаар зохицуулсан бөгөөд гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх эсэхийг хуульд зохицуулаагүй байна.
Гэрч О.Г нь мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Б.У-тай ажил хэргийн харилцаатай, хувийн ямар нэгэн харилцаа байхгүй гэсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгч мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Б.У-тай садан төрлийн холбоотой гэж байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас улсын яллагч мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн гэх асуудал нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн шинээр өгсөн нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У-ад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Д-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.У-ыг 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авах гэмт хэргийг, шүүгдэгч Л.Д-г бусдад давуу байдал бий болгох зорилгоор, шүүгдэгч Ш.Т-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Б.У-ыг 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авах гэмт хэргийг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-г бусдад давуу байдал бий болгох зорилгоор, шүүгдэгч Ш.Тг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Ш.Т нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч тус бүрийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Б.У-ад Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг, шүүгдэгч Л.Д, Ш.Т нарт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хасахдаа дээрх зүйл хэсгүүдэд заасан доод хэмжээгээр шийдвэрлэсэн бөгөөд тус зүйл хэсгүүдэд зааснаар нь нийтийн албанд томилогдох эрхийг хасаж гэж нийтлэг байдлаар нь бичих нь зүйтэй гэж үзлээ. Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4-т "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж заасан бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан албан тушаалыг бүгдийг, эсвэл заримыг бичих боломжгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.У, Л.Д, Ш.Т нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.У-ын 100900033401 дугаартай төрийн сангийн дансанд тушаасан 2.143.000 төгрөгийн асуудлыг тус хэрэгт хамааралгүй учир шүүх шийдвэрлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.У-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 800.000 төгрөг болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 500.000 төгрөгийг тус тус улсын төсөвт олгохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***-ын ***-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авах гэмт хэргийг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт ***-ын ***-г бусдад давуу байдал бий болгох зорилгоор, *** овгийн ***-гийн ***-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч ***-ыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч тус бүрийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ***-ын нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 16.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч ***-ад оногдуулсан 16.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 дэх жилд 6.000.000 төгрөгийг, 2, 3 дахь жилд тус бүр 5.000.000 төгрөгөөр, шүүгдэгч ***, *** нарт тус бүрд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийг жил бүр 900.000 төгрөгөөр 3 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг танилцуулсугай.
6. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ын нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан эрх хасах ял, шүүгдэгч ***, *** нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялуудыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 800.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***-ын өмчлөлийн *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод байрлах *** м.кв талбай бүхий *** дугаартай орон сууц, шүүгдэгч ***-гийн өмчлөлийн *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод байрлах *** бүртгэлийн дугаартай хувийн орон сууцыг тус тус битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *** серийн дугаар бүхий 500.000 төгрөгийг улсын төсөвт олгосугай.
11. Энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч ***-ын *** дугаартай төрийн сангийн дансанд тушаасан 2.143.000 төгрөгийн асуудлыг тус хэрэгт хамааралгүй учир шүүх шийдвэрлээгүй зэргийг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***, ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА