Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00934

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00934

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д

Хүсэлтийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 320/2025/00710/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д- нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгсөөд, эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Тэгээд 1994 онд Д.О-тай гэр бүл болж, Жилчиг, Борбургастад одоог хүртэл малаа маллаж байна. Би малчин хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл 1995-1999 оны хоорондох малын А данс устгагдсан, бусад холбогдох баримт олдохгүй байгаа тул тус хугацаа мал малласанд тооцогдохгүй байна. Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч 2000 оныг мал маллаж байсан гэж тогтоогоод бусад хугацааг баримтгүй гээд тогтоож өгөөгүй.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 3/87 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 10/45 дугаар албан бичиг, тодорхойлолт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа тодорхойлолтоос гарсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Энэрэл өрхийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тодорхойлолт, өрхийн бүртгэлийн хуулбар, Б.Д-ын өвчний түүхийн архивын хуулбар, Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын устгах хэргийн актын архивын хуулбар, Мөрөн сумын 6-р багийн бэлэн мал гэх бичилттэй, 1999 он, 6-р баг төл бойжилтын мэдээ 1998 гэх бичилттэй дэвтрийн хуулбарууд, гэрэл зургууд, Б.Д-ын 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон иргэний паспорт, Б.Л-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-6, 7, 81, 8, 9-10, 11-13, 14-15, 16-22, 23-25, 26, 83 дахь тал)

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Д-ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-21 (А) маягтын паспорт авах өргөдөл, иргэний үнэмлэх авах өргөдөл, Д.О-ын иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, Б.Л-ийн ХААТР-11(А) маягтын төрснийг бүртгэх анкет зэрэг баримтын архивын хуулбарууд, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Хүүхдийн клиникийн төв эмнэлэг-ийн архивын хуулбар, Батлан хамгаалахын төв архиваас Д.Э-ын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын архивын хуулбарыг тус тус гаргуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим системээс Иргэн даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг-ийг татан авч, нэхэмжлэгчийн хүсэлтээр В.Д-, Г.Ш- нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 30-40, 41, 79-80, 42, 50-53, 82, 69, 70-73 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Д- нь малчин хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэрт орох тул мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

3.1. Б.Д- нь Д.О-тай 1995 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, хүү О.Л-ийг 1995 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрүүлсэн тухай нэхэмжлэгчийн тайлбар,

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Нөхрийн: иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: РГ************, иргэний бүртгэлийн дугаар: 670*********, овог: Хатиган, эцэг /эх/-ийн нэр: Д-, өөрийн нэр: О-. Эхнэрийн: иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: РЭ**************, иргэний бүртгэлийн дугаар: 673****, овог: Хонин Онход, эцэг /эх/-ийн нэр: Б-, өөрийн нэр: Д-, бүртгэсэн газар: Хөвсгөл Мөрөн, бүртгэлийн дугаар: 79, бүртгэсэн он сар өдөр: 1995/05/02 гэх бичилттэй Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: РЭ*********, иргэний бүртгэлийн дугаар: 670****, овог: Хатагин, эцэг /эх/-ийн нэр: О-, өөрийн нэр: Л-, хүйс: эрэгтэй, төрсөн он сар өдөр: 1995/05/24, төрсөн газар: эмнэлэгт, бүртгэсэн газар: Хөвсгөл Мөрөн, бүртгэлийн дугаар: 258, бүртгэсэн он сар өдөр: 1995-06-09. Эцгийн: - , Эхийн: иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: РЭ**************, иргэний бүртгэлийн дугаар: 673****, овог: Хонин Онход, эцэг /эх/-ийн нэр: Б-, өөрийн нэр: Д- гэх бичилттэй Төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 7, 81 дэхь тал)

ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн 1. Бүртгэсэн: аймаг нийслэл: Хөвсгөл, 2. Сум дүүрэг: Мөрөн, 3. Бүртгэсэн он сар өдөр: 2000.11.26...5. РД: РЭ**************, 6. Овог: Хонин-Онход, 7. Эцэг /эх/-ийн нэр: Б-, 8. Нэр: Д-...14. Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: 1, гэрлэсэн он: 1995...18. Эхнэр, нөхөр, 16 хүртэлх насны хүүхдүүд: нөхөр Д- О-, регистрийн дугаар: РГ************, гэрчилгээний хө1338***, хүү О- Л-, регистрийн дугаар: РЭ*********, гэрчилгээний №Г-258, хүү: О- Б- , РЮ***, гэрчилгээний № Г-11... гэх бичилттэй архивын хуулбар, Д.О-ын ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн ...18. Эхнэр, нөхөр, 16 хүртэлх насны хүүхдүүд: эхнэр Б- Д-, регистрийн дугаар: РЭ**************, гэрчилгээний хө1387***, хүү О- Л-, регисрийн дугаар: РЭ*********, гэрчилгээний № Г-258, хүү: О- Б- , РЮ***, гэрчилгээний №Г-11... гэх бичилттэй архивын хуулбар, О.Л-ийн ХААТР-11 (А) маягтын төрсний бүртгэх анкетын архивын хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 34, 36, 37, 39-40, 79-80 дахь тал)

3.2. Б.Д- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт 1998 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн клиникийн төв эмнэлэг. Өвчний түүхийн №077918, тасаг: Уролог, тусгай заалт: -, овог нэр: О- Л-, төрсөн: 1995 он 5 сар 24 өдөр, нас: 2н9с, эрэгтэй, яс үндэс: халх, хаана ямар ажилтай: эцэг малчин, эх малчин...больницод хэвтсэн: 1998 он 2 сар 10 өдөр 10 цаг...гарсан: 98 он 2 сар 23 өдөр... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 79-80 дахь тал)

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ...Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандан гаргасан хүсэлт, нотлох баримтын хүрээнд төрөлтийн түүхийг үндэслэн 2000 он /арван хоёр сар/-ыг малчнаар шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв... гэх бичилттэй Малчин байдлыг тогтоох тухай 88 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 83 дахь тал)

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Д- О- (РГ************) нь 10 дугаар багт 1995 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шилжиж ирсэн бүртгэл, эхнэр Б- Д- (РЭ**************) нь 1995 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрлэсэн бүртгэл ХӨ№1338**** дугаартай хуучин иргэний паспортад тэмдэглэсэн...манай багт тасралтгүй малаа маллаж байгаа гэр бүл болохыг тодорхойлов гэх бичилттэй 10/45 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 5 дахь тал)

Гэрч В.Д-ийн ...1994 онд Б.Д-, Д.О- нар гэр бүл болоод Мөрөн сумын Жилчиг, Борбургаст гэх газраар нутаглаж...одоог хүртэл тус газраар малаа маллаж байна. Тэмээнээс бусад малыг маллаж ирсэн...Би 1995 онд Мөрөн суманд шилжиж ирсэн...1995-2000 онд Цагаанбургас, Жилчиг хэсгийг хариуцан ажиллаж байсан...Д.О-, Б.Д- нь малаа үзүүлдэг, эмчилгээ, туулга, угаалга, тарилга хийлгэдэг байсан...Бид нар жил бүрийн баримт, мэдээ, тайлан гээд бичиг баримтаа цэгцэлж Мөрөн суманд хүлээлгэж өгдөг байсан. Надад 2000 оноос хойшхи хувийн мал эмнэлгийн баримт бол байгаа. Тэр баримтууд дотор нь Д.О-ын өрхтэй холбоотой бүртгэл мэдээлэл байгаа... гэх мэдүүлэг, гэрч Г.Ш-ын ...Б.Д- нь 1994 онд Д.О-тай гэр бүл болсон ба тусдаа айл гэр болоод Борбургас, Жилчиг талаар хадмуудтайгаа ойр нутаглаж, мал маллаж ирсэн. Одоог хүртэл хонь, ямаа, үхэр, адуу маллаж байна. ...Нутаг орондоо олон жил амьдарч ирсэний хувьд нэг нутаг усны хүмүүсээ сайн мэднэ...Би 1974 онд цэргээс ирээд, гэр бүл болоод Давшилт нэгдэлд мал малласан, нийтийн халуун усанд слессарь хийсэн, 1990 оноос хойш бол мал маллаж Төмөрбулаг, Борбургаст, Жилчиг нутгаар нутаглаж, мал маллаж байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 72-73 дахь тал)

Нэхэмжлэгч Б.Д-ын шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.

3.3. Харин Б.Д-ын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь хэрэгт авагдсан дараах баримтууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Үүнд:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Б.Д-д 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон иргэний паспортод Б.Д-ын мал маллаж байсан талаарх мэдээлэл байхгүй, Энэрэл өрхийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар албан бичигт баримтын эх сурвалжийг заагаагүй, хэдэн онд бүртгэсэн өрхийн бүртгэл болох нь тодорхойгүй, Б.Д-ын өвчний түүхийн архивын хуулбарт ажилгүй гэж бичсэн, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 3/87 дугаар албан бичиг, Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын устгах хэргийн 2002, 2006 оны акт нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, Мөрөн сумын 6-р багийн бэлэн мал гэх бичилттэй, 1999 он, 6-р баг төл бойжилтын мэдээ 1998 гэх бичилттэй дэвтрийн хуулбаруудын бичилт засвартай, нотлох баримтын шаардлага хангахгүй, гэрэл зургууд ач холбогдолгүй байх бөгөөд гэрчүүдийн мэдүүлгийг давхар нотлох өөр баримтгүй байна. (хавтаст хэргийн 6, 26, 8-21, 23-25 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ , 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-д тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Д- мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Б.Д-ын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт 1998 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.

4.  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2000 оны мал тооллогын баримтыг устгасан тухай Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Тус сумын Засаг даргын тамгын газрын архивт малын А данс нь үлгэрчилсэн жагсаалтын дагуу 10 жил хадгалах хугацаатай байсан... гэх бичилттэй 3/87 дугаар албан бичиг, Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын устгах хэргийн акт: 2000 он: мал тооллогын нэгтгэл...сумын П багийн малын А данс холбогдох бусад материал...мөн багийн малын А данс...мөн багийн 2000 оны мал тооллогын материал... гэх бичилттэй баримтын архивын хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 4, 14 дэхь тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Хонин онход овогт Б-гийн Д-ын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт 1998 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА