Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 318/ШШ2025/00409

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Увс аймаг, Улаангом сум, дугаар баг, гудамж, байр, тоотод оршин суух, регистрийн дугаар, Л ургийн овогт П.С ,

Л.Д ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Д  1970 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн ба 8 дугаар ангиа төгсөөд 1986 оны 9 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сар хүртэл Давшилт нэгдэлд тракторын жолооч Р.Б ачигчаар ажиллаж байсан. Л.Д  2025 оны 3 дугаар сард тэтгэврийн нас болж бичиг баримтаа бүрдүүлэхээр тухайн үед ажиллаж байсан тушаал, шийдвэрийг Увс аймгийн архиваас авах гэсэн боловч Давшилт нэгдлийн архив шатсаны улмаас шүүх боломжгүй гэсэн тодорхойлолт өгсөн учраас шүүхэд хандаж байна. Иймд Л.Д ийн Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1986 оны 9 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 204 дүгээр зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр тодорхойлолт, гэрч Д.Б , Ш.Х  нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Л.Д ийн ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гын Л.Д ийн 1986 оны 9 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд ачигчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гын Л.Д ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 204 дүгээр зөвлөмжийн хуудсанд: Хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул 1986-1988 оны хоорондох ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэжээ.

3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр тодорхойлолтод: Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн баримт тус архивд шилжиж ирээгүй тул Л.Д тэй холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй байна гэжээ.

3.3. Л.Д ийн ХААТР-1 маягтад Овог, нэр Л.Д , ажилладаг байгууллага Давшилт нэгдэл, ажилд орсон он 1986, эрхэлдэг ажил ачигч гэж бүртгэгджээ. Тухайн баримтад нэхэмжлэгчийн 1986-1988 онд ажиллаж байсан байдлын талаар тусгагдсан байх тул баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гын хүсэлтээр Д.Б , Ш.Х  нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч тухайн хүсэлтээсээ татгалзсан болно.

4. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй холбоотой баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй хэдий ч Л.Д  1986 оны 9 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд ачигчаар ажиллаж байсан болох нь түүний ХААТР-1 маягтаар тогтоогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Илжгэн ургийн овогт Л.Д ийн 1986 оны 9 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Илжгэн ургийн овогт Л.Д ийн 1986 оны 9 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ