Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар  2024/ДШМ/155

 

 

 

 

 

    2024           01             30                                       2024/ДШМ/155          

 

 

Б.Э т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор П.Ганбаатар,

           шүүгдэгч Б.Э ,

           нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

           Налайх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2023/Ш3/185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Аянагүлийн бичсэн эсэргүүцлээр Б.Э т холбогдох эрүүгийн 2307 00460 0210 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

            шүүгдэгч Б.Э  нь фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан, амралтын газар ажиллуулдаггүй атлаа “А ” амралтын газарт захиалга авч эхэллээ” гэх зарыг фейсбүүкт байршуулж, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Ч.У аас “урьдчилгаа мөнгө яаралтай шилжүүл” хэмээн 185.000 төгрөгийг иргэн Б.А-н дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын газраас: Б.Э т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, хэрийг шүүхэд шилжүүлжээ.

            Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж мөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э т 720 /долоон зуун хорь/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/489 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн ялыг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар оногдуулсан ялыг шүүгдэгч Б.Э ыг биеэр эдэлж дууссаны дараа нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э ын цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

                   Прокурор Д.Аянагүл нь давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

                   Учир нь урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦ/489 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн.

                   Энэ хугацаанд тэрээр дахин залилах гэмт хэрэг үйлдсэн тул мөн шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2022/ШЦ/489 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн заалтыг хүчингүй болгож, нийт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

                   Улмаар шүүгдэгч Б.Э  нь дээрх хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс 4 хоногийн өмнө буюу 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “А  амралтын газарт захиалга авч эхэллээ” гэх зарыг фейсбүүкт байршуулж, хохирогч Ч.У аас 185,000 төгрөгийг иргэн Б.А ын эзэмшлийн “Хаан банк”-ны ****  тоот дансаар шилжүүлэн авч дахин залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь түүнийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих байгууллагад эдэлж байх хугацаанд тогтоогддог.

                   Тус прокурорын газраас шүүгдэгч Б.Э  нь “хохирогч Ч.У ыг залилж, 185,000 төгрөгийн хохирол учруулсан” үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг танилцуулахад дээрх ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрсөн тул түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн.

                   Шүүх дээрх хэргийг хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж дүгнэж байна.

                   Учир нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино.

            Иймд Нийслэлийн Налайх дүүргийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж өгнө үү,

   ... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа түүний хувийн байдалд дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Э  өмнө нь залилах гэмт хэрэг үйлдэж, ял тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж ял нэмж нэгтгэж байсан. Тухайн хэрэг шүүхийн шатанд байхад дахин гэмт хэрэг үйлдсэн нь ял эдэлж байх хугацаанд илэрч мөрдөн шалгах ажиллагаа явуулан ялтан шилжүүлж авч, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан байдаг. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байх ёстой тул шүүгдэгч Б.Э ын хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Д.Аянагүлийн бичсэн  эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.Э  нь фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан, амралтын газар ажиллуулдаггүй атлаа “А ” амралтын газарт захиалга авч эхэллээ” гэх зарыг фейсбүүкт байршуулж, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Ч.У аас “урьдчилгаа мөнгө яаралтай шилжүүл” хэмээн 185.000 төгрөгийг иргэн Б.А-н дансаар шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “...Залилах...” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хуурч, ...цахим хэрэгсэл ашиглаж, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан ба дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.У ын “...2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр фейсбүүкээс амралтын газрын зарын дагуу 185.000 төгрөг шилжүүлсэн...” /1-р хх-ийн 16-17 тал/,

насанд хүрээгүй гэрч Д.Х-н “...миний танил Э  фейсбүүкээр холбогдоод мөнгө шилжүүлье, буцаагаад шилжүүлээд өгөөч гэхээр нь ээж Алтанзулын ****  дугаартай Хаан банкны дансны дугаарыг ашиглан 180.000 төгрөг шилжүүлсэн...” /1-р хх-ийн 27-28 тал/,

шүүгдэгч Б.Э ын “...Х гэх хуурамч фейсбүүк хаягаас “Тэрэлжид байрлах амралтын газар хямдарсан тул ирж амарна уу” гэх утгатай пост оруулсан. Тэгээд маргааш орой нь 1 хүн залгахаар нь 185.000 төгрөгийг Хонгорзулаар дамжуулан авсан, ...185.000 төгрөгийг авчхаад танил ах А-тай таараад 50.000 төгрөгийг зээлээд, 135.000 төгрөгийг аваад И, М нарт 130.000 төгрөгийг аваачиж өгсөн, ...намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ...энэ хэргийг би ганцаараа үйлдсэн бөгөөд И, М нар оролцоогүй...” /1-р хх-ийн 19-21, 24-25, 37, 207-208 тал/  гэх мэдүүлгүүд

“Хаан банк” ХХК-ийн дансны хуулга /1-р хх-ийн 67-77 тал/, хохирогч Ч.У аас гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /1-р хх-ийн 79-82 тал/, фейсбүүк чатын харилцсан ярианы зурвас /1-р хх-ийн 84-89 тал/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг заасан хэмжээний дотор оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Иймд прокурор Д.Аянагүлийн бичсэн “...Б.Э т оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, 5.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагын зорилтод” нийцээгүй...” гэх агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э  нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 59 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Аянагүлийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 02 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Э ыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.ОЧМАНДАХ

 

                      ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

 

                      ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ