Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 109/ШШ2025/0054

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                   109/ШШ2025/0054

    

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, нэхэмжлэгч Ц.М-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын дарга Ц.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2025.09.30-ны өдрийн 6/26 дугаартай захирамжийг 2025.10.03-ны өдөр тус сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтнаар дамжуулан гардан авсан, уг захирамжийг хууль зөрчиж гарсан хууль бус захиргааны акт гэж үзсэний үндсэн дээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Ц.М би 2012 оны 12 дугаар сарын 23-нд Архангай аймгийн Чулуут сумын засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байгаа, төрийн жинхэнэ албан хаагч юм. Энэхүү захиргааны актыг гаргаж байгаа Чулуут сумын Засаг дарга нь тухайн албан тушаалд томилогдсон цагаас хойш надад “та 50 нас хүрсэн, 4 хүүхэдтэй тэтгэвэртээ гар. Биеийн эрүүл мэндээ бод тэтгэвэртээ гар...” гэх мэт хууль бус шаардлагуудыг тавьж, 2025 оны үр дүнгийн гэрээг байгуулалгүй байж байгаад 2025 оны 7 дугаар сарын 5-нд үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурсан юм. 2025 оны 9 дүгээр сарын 30-нд Засаг даргын тамгын газрын ажилтнуудыг оролцуулж шуурхай хурал хийсэн ба тухайн хурал дээр “Сар болгон аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж байна. Ажлаа дор бүрнээ хийхгүй байна. Засаг даргын Тамгын газрын дарга та бүхнийг хариуцаж байгаа учраас Засаг даргын Тамгын газрын даргад хариуцлага тооцно...” гэсэн агуулгатай, хэн нь ямар үүрэг даалгаврыг хэрхэн хэрэгжүүлээгүй нь тодорхой бус зүйл ярьсан. Үүний дараа Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.М надад 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 6/26 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48.1, 48.3 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг үндэслэн Засаг даргатай 2025 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу эхний хагас жилийн гэрээний биелэлтийг тайлагнаж, дүгнүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэл зааж албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулан олгох сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргасан байна. Энэхүү надад хариуцлага тооцсон сумын Засаг даргын захирамж буюу захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь заалтуудыг зөрчсөн төдийгүй энэхүү актын улмаас төрийн албан хаагч Ц.М миний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн надад хариуцлага тооцсон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байхад намайг акт гаргах үйл ажиллагаанд оролцуулж сонсох ажиллагаа хийсэнгүй. Нөгөө талаар энэхүү надад хариуцлага тооцсон захиргааны акт нь өөрөө ойлгомжгүй, хэрэгжих боломжгүй Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг зөрчиж гарсан гэж үзнэ.  Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 30- өдрийн 6/26 дугаартай “Засаг даргын тамгын газрын дарга Ц.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Чулуут сумын Засаг даргын ажлыг хүлээж авснаасаа хойш миний бие тамгын газрын даргыг өрөөндөө дуудаж, албан хаагч, ажилчдын цаг ашиглалт, ажлын уялдаа холбоо удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах талаар олон удаа хэлж ярьсан тухай тэмдэглэлийн дэвтэр дээр тэмдэглэж авсан баримтууд нотлох болно. Ц.Мө-д өрөөндөө дуудаж, ажлын хариуцлага, тамгын газрын албан хаагч ажилчдыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, цаг ашиглалт, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй, ажлын уялдаагүй байгаа талаар ярилцаж тэмдэглэл хөтөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.7 дахь заалтад Бусад” хэлбэрээр сонсох ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Засаг даргын тамгын газрын дарга Ц.М-г өрөөндөө дуудахад сумын Засаг даргын орлогч М.Да-г оролцуулан уулзсан. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасны дагуу 50 нас хүрсэн, 4 хүүхэдтэй тэтгэвэртэй гарах эрх нь үүссэн тул мөн биеийн эрүүл мэндийн талаар асуудалтай байгаа тул та өргөдлөө өгөх талаар ярилцсан. Сумын Засаг даргаас тамгын газрын даргатай 2025 онд хамтран ажиллах гэрээг 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр байгуулсан. Энийг нотлох баримт нь миний тэмдэглэлийн дэвтэр дээр хөтөлсөн байгаа. Ц.М нь 2025 оны хамтран ажиллах гэрээг байгуулахдаа гэрээ нь дээрх хугацааг хараагүй гэрээгээ хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Харин тамгын газрын дарга 2025 оны хагас жилийн гэрээний биелэлтээ өгч дүгнүүлээгүй, өөрийг нь дуудаж болон хууль эрх зүй хариуцсан мэргэжилтнээр дамжуулж тайлангаа өгч, дүгнүүлэхийг хэлүүлсэн боловч тайлангаа өгөөгүй дүгнүүлээгүй.Энэ нь засаг даргатай хамтран ажиллахгүй байна гэдгийг ойлгосон. 2025 оны 07 дугаар сарын 05-нд хамтран ажиллах гэрээг байгуулаагүй, хагас хилийн тайлангаас өмнө гэрээг байгуулсан, тэгээд тайлангаа өгөх, дүгнүүлэх талаар яригдсан боловч тайлангаа өгч дүгнүүлээгүй нь сумын Засаг даргатай 2025 онд хамтран ажиллах гэрээний 5.1 дэх хэсэг буюу хамтран ажиллах гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнүүлэх гэсэн заалтыг зөрчсөн нь илэрч байна. Тамгын газрын албан хаагч, ажилчдын шуурхай хурал бүр дээр ажлын цаг ашиглалт, ажлын хариуцлагын талаар байнга яригддаг нь тамгын газрын даргын ажилдаа сул байгаа нь харагддаг. Хамгийн сүүлд 2025 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 09:00 цагт тамгын газрын албан хаагч, ажилчдыг хамарсан шуурхай хурлыг Иргэний танхимд зохион байгуулсан. Энэ хурлын тэмдэглэлийг хууль эрх зүй хариуцсан мэргэжилтнээр хөтлүүлсэн байгаа. Хурлын тэмдэглэлийг нотлох баримт болгон хавсаргасан. Тамгын газрын дарга Ц.М-д 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/26 дугаартай захирамжийг боловсруулахдаа хамтран ажиллах гэрээг байгуулсны дагуу тайлангаа өгөөгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан тухайг дурдаж сахилгын шийтгэлийг хуулийн дагуу ногдуулсан гэж үзэж байна.Тамгын газрын даргыг өрөөндөө олон удаа дуудаж, ганцаарчилсан хэлбэрээр ажлаа сайжруулах талаар хэлж байсан тухай тэмдэглэл хөтөлсөн байгаа. Мөн албан бичгээр 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ажлаа сайжруулах талаар үүрэг даалгаврыг хүргүүлсэн боловч, дэлгэрэнгүй тайланг ирүүлээгүй. Тамгын газрын албан хаагч, ажилчдын хурал дээр нээлттэй хэлж, тамгын газрын дарга Ц.Мөнхбатад хуулийн дагуу хариуцлагыг ногдуулсан болно гэжээ.

 

3. Хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Мө-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хариуцагчийн 2025 оны 12 дугаар сарын 18-нд гаргасан тайлбарыг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

1. Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга Д.Л, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.М нар 2025 онд тухайн жилийн зорилт, арга хэмжээ болон зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. (Хавтаст хэргийн 20-25 дахь тал)

 

2. Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр “Сумын Засаг даргын өгсөн удаа дараагийн үүрэг даалгавар болон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас өгсөн чиглэлийн дагуу ажил сайжруулах талаар дараах ажлыг зохион байгуулан 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тайлангаар өгөхийг үүрэг болгож байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргаас өгсөн удаа дараагийн үүрэг даалгавар, захирамж, тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах, ажлын цаг ашиглалт, үүрэг даалгаврын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах. Засаг даргын Тамгын газрын албан хаагч, ажилчдыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах. Хөгжлийн түүчээ- Чулуут 100 ойн хандивын үйл ажиллагаанд хувийн аудит хийлгэх ажлыг зохион байгуулж Засаг даргад танилцуулах, хагас жилийн тайлан мэдээг цаг хугацаанд нь хянаж хүргүүлэх, сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх” гэсэн “Ажил сайжруулах тухай” 01/181 дүгээр албан бичгийг Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.М-д хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 35 дахь тал)

 

3. Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.М 2025 оны 6 дугаар 13-ны өдөр “Засаг даргын тамгын газрын ажилчин албан хаагчдыг удирдлага зохион байгуулалтаар өдөр бүр ханган ажиллаж,ажлын цаг ашиглалтыг сайжруулах талаар 6 сарын 13-нд шуурхай хурлыг зохион байгуулан үүрэг чиглэл өгч ажиллаж байна. “Хөгжлийн түүчээ - Чулуут 100” ойн хандив зарцуулалтын тайланд хувийн аудитаар аудит хийлгэхээр хүргүүлсэн 2025 оны хагас жилийн гайлан мэдээг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн бөгөөд засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж байна” гэсэн хариуг Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргад хүргүүлсэн байна. (Хавтаст хэргийн дахь тал)

 

4. Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагч, ажилчдын хурлыг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан байх бөгөөд уг хурлын тэмдэглэлд:  “...Тамгын газрын даргад байнга ажлаа сайжруулах, удирдлага зохион байгуулалтаар албан хаагч, ажилчдаа хангаж ажиллахыг удаа дараа хэлдэг ч ажил сайжрахгүй байна.Зарим албан хаагчид, тамгын газрын даргад хариуцлага яригдана, хариуцлага тооцно. Иймд дахин дахин ингэж ярьж хэлмээргүй байна. Засаг даргын Тамгын газрын албан хаагч, ажилчдад чөлөө зөвшөөрлийг хангалттай хэнд нь ч өгч байгаа гэсэн ч эргээд үр дүн алга, ажлын цагаа баримтлахгүй байна, албан хаагчдыг дуудаад албан бичиг боловсруулах, хугацаатай үүрэг даалгавар өгөхөөр эргэж мэдэгдэхгүй алга болчихно, энэ талаар тамгын газрын даргад олон удаа цаг ашиглалт, ажлын цагаар ажил дээр албан хаагчид байхгүй, ажлаа сайжруулах талаар олон удаа хэлсэн...” гэж тэмдэглэгджээ. (Хавтаст хэргийн 39-41 дэх тал)

              5. Улмаар Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын дарга Ц.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар захирамжаар “Сумын Засаг даргын Тамгын газрын дарга Цэвэгбатын Мөнхбат нь Засаг даргатай 2025 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний 5.1. дэх хэсэгт заасны дагуу 2025 оны хагас жилийн гэрээний биелэлтийг тайлагнаж, дүгнүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, 2025 оны 10, 11, 12 дугаар сарын үндсэн цалингаас сар бүр 20 хувиар бууруулан цалинг тооцож олгохыг нягтлан бодогч Д.Ж-д зөвшөөрсөн байна.” (Хавтаст хэргийн 5 дахь тал)

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга Д.Л 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын дарга Ц.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.

 

7.  Хариуцагчийн зөвшөөрөл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

 

8. Иймд хуулийн дээрх зохицуулалтын нэхэмжлэгч Ц.М-н “Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын дарга Ц.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

9. Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйл, 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.М-н “Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын дарга Ц.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-д олгосугай.

 

3. Энэ шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                А.ТҮВШИНТУЛГА