| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00495/И |
| Дугаар | 318/ШШ2025/00442 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 318/ШШ2025/00442
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: аймаг, сум, дугаар багт байрлах, улсын бүртгэлийн, регистрийн дугаартай, Д ТӨХК-ийн,
Хариуцагч: аймаг, сум, дугаар баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, Б -д холбогдох,
Дулааны төлбөр 2,442,474 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У ТӨХК нь "Б ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар дулааны төлбөрийн нэхэмжлэлээ сар бүрийн 22-ны өдөр өгдөг ба тухайн дулаан хэрэглэгч байгууллага нь нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс 3 хоногийн дотор төлбөрийг төлж барагдуулах ёстой байдаг. Б төлбөрийг төлөх нэхэмжлэлийг сар бүр хүргүүлсэн боловч өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд "У ТӨХК-д учирсан гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөр 1,628,316 (5-р сарын бичилт орсон болно) төгрөг, гэрээний 4.5-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байх тул алданги 814,158 төгрөг, нийт 2,442,474 төгрөгийн хохирлыг Б -аас гаргуулж өгнө үү
Хариуцагч Б ХХК-ийн захирал Х.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие У ТӨХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Алданги 814,158 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн төлбөр 1,628,316 төгрөгийг төлж барагдуулах болно. Алданги дээр тохиролцож, үндсэн төлбөр дээр тохиролцох саналтай байна. Хэрэв нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрвөл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Б ХХК-тай харилцан тохиролцож алданги 814,158 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 1,628,316 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцэх боломжтой гэжээ.
Хариуцагч Б ХХК-ийн захирал Х.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э ын тайлбартай танилцлаа. Хүлээн зөвшөөр байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
У ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан дулааны төлбөр 2,442,474 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,628,316 төгрөг гаргуулахаар багасгасан ба хариуцагч Б ХХК нь 1,628,316 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэх боломжтой талаар тайлбар гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , хариуцагч Б ХХК-ийн захирал Р.Өлзийтэгш нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, 1,628,316 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.
Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн байх ба дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд У ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,030 төгрөгөөс 27,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 27,015 төгрөг, зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 1,628,316 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 41,003.056 төгрөгийн тал хувь 20,501.528 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч У ТӨХК-д олгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , хариуцагч Б ХХК нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож дулааны төлбөр 2,442,474 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 814,158 төгрөгийг хасаж, үлдэх 1,628,316 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,030 төгрөгөөс 27,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 27,015 төгрөг, хариуцагч Б ХХК-аас 20,501.528 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У ТӨХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ