Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 218/МА2021/00006

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр Дугаар 218/МА2021/00006 Сайнцагаан сум

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Х.Байгалмаа, ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2021/00081 тоот шийдвэртэй, *******ын нэхэмжлэлтэй *******т хариуцагдах гэм хорын хохиролд 1607266 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Сайнбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Сайнбилэг

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие 2020.06.28-ны өдөр иргэн *******т хамран тус газраа цохиулж, ар дагзаараа газарт хүчтэй унаж, тухайн үед хамраас их цус гарч сумын эмнэлэгтээ үзүүлсэн бөгөөд хамрын зөөлөн эдийн гэмтэл, хамрын цус алдалт, тархины доргилт, 2020.06.29-ний өдрийн мэдрэлийн эмчийн үзлэгт тархины битүү гэмтэл, гавал тархины доргилт гэж тус тус оношлогдсон бөгөөд шүүхийн шинжилгээний шинжээч эмчид үзүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн дүгнэлт гарсан, би Улаанбаатар хотод Med trauma hospital эмнэлэгт 2020.07.06-ны өдөр үзүүлж, тархины соронзон резонист томографын оношилгоо хийлгэхэд 2 талын дух зулайн дэлбэнгийн гадрын доорх болон гүний цагаан бодист олон тооны цэгчилсэн тархалттай, T2/FLAIR горимуудад өндөр тодролттой өөрчлөлтүүдтэй гэсэн дүгнэлт гарч, Эм Би Жи Мед гэмтэл согогийн эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Миний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чулуунбатын Сайнбилэгт захиргааны арга хэмжээ тооцсон талаар надад мэдэгдсэн. Би энэ хүнээр хамран тус газраа цохиулж, ар дагзаараа унаснаас болж эмчилгээ хийлгэсэн зардлаас надад нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй тус эмчилгээний болон бусад зардалд нийт 1.607.266 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд *******тэй хашаа газрын асуудлаас болж маргалдсаны улмаас ******* *******ын хамран тус газар цохисноор сумын эмнэлэг очиж үзүүлж сумын эрүүл мэндийн төвөөс нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэж зөвлөсний дагуу аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн байдаг. Улаанбаатар xoтод томографын оношилгоо хийлгэсэн мөн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Одоо байнгын толгой өвдөж, хамраас цус гарах шинж тэмдэг илэрдэг. Шүүхийн шинжилгээний төвөөс *******ын биед гэмтэл учраагүй гэж дүгнэлт гарсан, үүнийг зөвшөөрөөгүй дахин шинжээч томилуулсан боловч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Хариуцагч *******ийг бусдын биед халдаж зодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон. Бид *******ын эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд нийт 1.607.266 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Сайнбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр *******ын биед гэмтэл тогтоогдоогүй, *******ын биед хохирол учраагүй. Тухайн үед *******ийн залгаа газар дээр ******* хашаа сунгаж байтал тэдний хооронд маргаан үүсээд ******* өөрийгөө хамгаалж гараараа хориглох үйлдэл хийсэн, цагдаагийн байгууллагаас энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийн шинж байхгүй байна гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, гэм хор учирсан бол хохирол, үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоо учирсан нөхцөл бүрдсэн байх ёстой байтал гэм хор учирсан гэдгээ нэхэмжлэгч нотолж чадахгүй байна. ******* томограф зураг авхуулсан байсан уг шинжилгээнд түүний биеийн бүх үзүүлэлт хэвийн, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэсэн бичилт дутуу байсан, шинжилгээний зардал 66.720 төгрөг гэсэн байгаа бөгөөд Эм Би Жи Мед эмнэлгийн өвчтөний түүх дээр түүнийг эмнэлгээс гарсан гэж тэмдэглээгүй, өвчтөний түүх дээр суурь тархины өвчтэй хүн гэсэн оноштой тархи өвдөж байгаа нь тэрнээс болж байж болно. Шинжээчийн дүгнэлтийг 3 удаа гаргасан. ******* *******ын биед гэмтэл, хор уршиг учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас харахад Брайнакт гэх нэг төрлийн эм маш ихээр авсан байсан, уг эм нь тархины тэжээл байсан. *******ын эмчид үзүүлж байх үед өөрийнх нь өгүүлэмжид үндэслээд түүнийг үзсэн эмч уг эмийг уу гэж хэлсэн юм билээ. *******ын биед ******* гэмтэл учруулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч *******ээс гэм хорын хохиролд 1.123.026 /нэг сая нэг зуун хорин гурван мянга хорин зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 484.240 /дөрвөн зуун наян дөрвөн мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.100 /дөчин мянга нэг зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 31.502 /гучин нэгэн мянга таван зуун хоёр/төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Сайнбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2021/00081 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Үүнд:

Нэг. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 479.1, 505 дугаар зүйлийн 505.1 -д зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг арилгахад гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна гэжээ. Гэтэл хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын эрүүл мэндэд гэмтэл хохирол учруулаагүй болох нь шүүх шинжилгээний байгууллагын шинжээчдийн 3 удаагийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Эдгээр дүгнэлтүүд нотлох баримтаар хэрэгт авагдсан байхад шүүх тэдгээр дүгнэлтүүдийг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэрхэн үнэлсэн тухай шийдвэрт тодорхой тусгаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын эрүүл мэндэд учирсан гэм хор болон гэм буруутай этгээдийн үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоо зайлшгүй байх шаардлагатай. Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэж үзэх тохиолдолд тухайн гэмтэл ямар хүчин зүйлийн нөлөөллөөр хэзээ үүссэн болохыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарч, уг дүгнэлт хэргийг шийдвэрлэх нэг баримт болдог гэж ойлгож байна.

Хоёр. Мөн шийдвэрийн үндэслэл болгосон хохирлын хэмжээ нотолсон нотлох баримтын нэг болох томограф шинжилгээний үзүүлэлтүүд нь хэвийн гэж гарсан байдаг. Эм тариа худалдан авсан баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй учир нь: эм тариа худалдан авсан зарим баримт нь хэзээ хэн гэж эмч жор бичсэн нь тодорхойгүй, мөн эм тарианы үнийн дүнгийн баримтууд нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй, тоо үсэг арилсан. Med Trauma hospital гэх эмнэлэгт томограф шинжилгээ хийлгэсэн байх бөгөөд шинжилгээний төлбөрт 320000 төгрөг төлсөн гэх е баримт нь тус эмнэлгийн баримт мөн эсэх нь тодорхойгүй. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснээр шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Гэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт ...эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний зардлыг *******ийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гарсан зардал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж бүрэлдэхүүн дүгнэлээ гэсэн нь үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үзэж байна.

Гурав. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох ёстой байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар ******* нь 2020 оны 06 дугаар 28-ны өдөр *******т хамран тус газраа цохиулсны улмаас 2020.07.04-2020-07.28-ны өдрийн хооронд эмнэлгийн тусламж авч эмчилгээ хийлгэсний зардлаа хариуцагчаас нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй... гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227 дугаар зүйл нь үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага гэсэн гэрээнээс татгалзах, үүсэх үр дагаврын талаарх хуулийн зохицуулалт гэж ойлгогдож байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь үүргийн биелэлттэй холбоотой гэм хорын хохирол бус эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол байх тул гэрээний үүргийн зохицуулалтыг гэм хорын маргааны шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал, бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2021/00081 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч *******ээс гэм хорын хохирол гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Гэвч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас Эм би жи мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 484240 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ энэхүү зардал нь *******ийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ээс 482.240 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Сайнбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хариуцагч ******* нь *******ын биед халдсан гэж зөрчлийн арга хэмжээ авагдсан. Шүүх шинжилгээний албаны 3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр эрүүл мэндэд гэмтэл тогтоогдоогүй. Иргэний хуулийн 497.1-т зааснаар бусдын эрүүл мэндэд учруулсан хор хохирол учруулсан нь шалтгаант холбоотой байх ёстой. Гэтэл шууд шалтгаант холбоо байхгүй гэж үзэж байна. Зарим нэр төрлийн эм нь олон тоогоор авсан, нэр тоо нь арилсан, уншихад түвэгтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байсан. Шинжээчийн дүгнэлтээр гэмтэл тогтоогдохгүй гэж гарсан байхад зайлшгүй хот яваад эмнэлэгт үзүүлэх шаардлага байсан уу. Томографикаар өөрчлөлт гараагүй байсан. Тиймээс шалтгаант холбоо байхгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй шийдвэрлэсэн. Хангаж шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргасан. гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 сарын 01-ний өдрийн 139/ШШ2021/00081 дугаартай шүүхийн шийдвэрээс 484.240 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэлтэй гэж үзэж эмчилгээний зардал гаргуулахаар шийдвэрлэсэн. 2020 оны 6 сарын 28-ны өдөр Сайнбилэг Төгсбаярын биед халдсан. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг болон гэрчийн мэдүүлгээр хүний биед халдсан нь тогтоогдож Сайнбилэгт 100.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авагдсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу зардлаа нэхэмжлэх нь зүйтэй, хэвтэн эмчлүүлсэн 484.240 төгрөгийг шалтгаант холбоогүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхэд өвчтөний хэвтэн эмчлүүлсэн картыг ирүүлсэн. *******ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримт нь *******тэй шалтгаант холбоотой учраас энэ зардлыг гаргуулах нь зүйтэй. ******* картанд нь бичсэн эмчийн зөвлөгөөний дагуу өгсөн эмийг авсан. Иймээс гаргасан гомдлыг хангаж, 484240 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2020 оны 7 сарын 01-ний өдөр эмч үзээд нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэж зөвлөсөн, *******ын толгой өвдөөд байдаг учраас эмнэлэгт үзүүлээд явж байгаа нь буруу биш. Цаашид гарах эмчилгээ, өөрт учирсан зовууриа үзүүлэх нь зөв гэж үзэж байна. Тиймээс хариуцагч талын гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

******* нь *******т холбогдуулан биед нь халдаж, зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1607266 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

*******ын биед шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй, эмнэлэгт үзүүлж эмчлүүлэх хэмжээний эрүүл мэндийн зайлшгүй шалтгаант нөхцөл үүсээгүй, Эм Би Жи Мед эмнэлгийн өвчтөний түүх дээр түүнийг суурь тархины өвчтэй гэсэн онош бичигдсэн гэх үндэслэлээр ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчид хамран тус газраа цохиулж, ар дагзаараа газар унаснаас болж эмчилгээ хийлгэсний зардал нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, үгүйсгэсэн үндэслэл, өөрийн гэм буруугүй гэдгийг нотлуулахаар Дундговь аймгийн Прокурорын газраас *******т холбогдох 202200193 тоот материалаас 2020.10.27-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 146 дугаар прокурорын тогтоол, хариу мэдэгдэх хуудас, шинжээчийн 167, 19, 1121 дугаар дүгнэлтүүдийг баримтаар гаргуулсан, гэрч С.Цэрэнчимэгийг асуулгасан бөгөөд гэрчийн мэдүүлгээр ******* нь *******ыг хамран тус газарт нь цохисон гэдэг нь тогтоогдсон, зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүйг үндэслэн уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. гэж дүгнэн хариуцагчаас гэм хорын хохирлыг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэжээ.

*******ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй учир хохирол төлөх үндэсгүй гэж түүний өмгөөлөгч тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн татгалзлыг дэмжсэн тайлбарыг гарган мэтгэлцжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн зохицуулалтын гэм хор учруулагчаас хамгаалагдах объектод бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгө багтахаар, харин гэм хор учруулагчийн гэм буруугийн хэлбэр нь санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ байхаар хуульчилсан.

Хуулийн энэхүү зохицуулалтыг заавал гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байснаар зөвхөн хохирол төлөгдөх үндэслэл болно гэж явцууруулж ойлгох нь учир дутагдалтай юм.

Анхан шатны шүүх *******ын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч ******* нь *******ын биед халдаж, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100.000 төгрөгөөр торгуулж шийтгүүлсэн энэ үйлдлийн улмаас *******ын биед гэмтэл учирсан үйл баримт болсон нь тогтоогдсон гэж дүгнэн гэм хорын хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл ******* үйлдлээрээ *******ын эрхэнд халдсан үйлдэл нь тогтоогдсон байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс шийдвэрийн үндэслэл болгосон хохирлын баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй, хэзээ хэн гэж эмч жор бичсэн нь тодорхойгүй, мөн эм тарианы үнийн дүнгийн баримтууд нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй, тоо үсэг арилсан. Med Trauma hospital гэх эмнэлэгт томограф шинжилгээ хийлгэсэн байх бөгөөд шинжилгээний төлбөрт 320000 төгрөг төлсөн гэх е баримт нь тус эмнэлгийн баримт мөн эсэх нь тодорхойгүй гэжээ.

Тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Med Trauma hospital гэх эмнэлэгт томограф шинжилгээ хийлгэж, шинжилгээний төлбөрт 320000 төгрөг төлсөн гэх е баримтын зүүн дээд талд тус эмнэлгийн logo буюу таних тэмдэг нь дарагдсан байна. Үүнийг хууль бус аргаар цуглуулсан, хуурамч нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага-ын зохицуулалтыг гэм хорын маргааны шийдвэрийн үндэслэл болгосон гэх гомдол үндэслэлтэй байх тул шүүх, хуулийг буруу тайлбарлан шийдвэрт дүгнэлт хийсэн гэж үзнэ. Гэхдээ энэ нь шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Гэм хорын нийтлэг зохицуулалт болох Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасны дагуу 2020.07.04-2020.07.28-ны өдрийн хооронд эмнэлгийн тусламж авч, эмчилгээ хийлгэсний зардлаа хариуцагчаас нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо *******ын нэхэмжлэлийн шаардлагаас Эм би жи мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 484240 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ энэхүү зардал нь *******ийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ээс 482.240 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

*******ын нуруу үе мөчний ба бусад эд эрхтний гэмтэл бэртлийн үеийн мэс засал гэх оношоор Эм Би Жи Мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмчилгээ үйлчилгээ авсан тухай тус эмнэлгийн төлбөрийн е-баримт нь *******ийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор гарсан зардал гэдгийг нотлохгүй байна гэж үзэн 482.240 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл хуульд нийцсэн, үүнтэй холбоотой хэрэг цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтад нийцүүлэн дүгнэсэн байна.

Иймд хариуцагч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2021/00081 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40100, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс төлсөн 15177 төгрөгүүдийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ