Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/506

 

 

 

 

 

  2024           04             30                                         2024/ДШМ/506          

 

 

Т.А т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор Г.Билгүүн,

           шүүгдэгч Т.А  /цахимаар/,

           нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалсан 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.А ын гаргасан давж заалдах гомдол, прокурор Г.Билгүүний бичсэн эсэргүүцлээр Т.А т холбогдох эрүүгийн 2302 00758 0019 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Т.А  нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Дельта-9 тетрагидроканнабинол /дельта-9 Tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Хаягт байрлах нийтийн байрны 2 дугаар давхрын 6 тоот өрөөнд 3 ширхэг шавар мэт зүйлд бохирлогдсон тугалган цаас, шавар мэт зүйлд бохирлогдсон зиплок түгжээтэй тунгалаг өнгийн гялгар уут болон “Хужирт” гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн хуванцар савтай, 251.5 грамм цэвэр жинтэй, мөн өөрийн биедээ “P” гэсэн бичиглэлтэй дугуй хуванцар савтай, савны хамт 3.2121 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокуророос: Т.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “№1 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн 3 ширхэг шавар мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №2 гэж дугаарласан “Хужирт” гэх бичиглэлтэй хуванцар савтай, бор өнгийн ургамал мэт зүйл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 251.5 грамм каннабис, №1 гэж дугаарласан зиплок  ууттай R  гэсэн бичиглэлтэй дугуй хуванцар савтай, бор өнгийн наалдамхай дээжийн савны хамт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 3.2121 грамм, №2 гэж дугаарласан зиплок ууттай 30 ширхэг “Тебантин” гэх бичиглэлтэй, капсултай эмийг шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг мэдэгдэж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.А  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

                   Шүүгдэгч Т.А  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч оролцсон. Гэвч анхан шатны шүүхээс миний энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзээгүй юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх өр төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

      

                   Прокурор Г.Билгүүн давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос шүүгдэгч Т.А ыг "сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан" гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

            Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Т.А ыг "...мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов", "...шүүгдэгч Т.А  нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв" гэж тодорхойлох нь хэсэгт Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн ямар шинжээр гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй бичигдсэн.

            Мөн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “А-г хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай" гэж Эрүүгийн хуулийн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн зарим шинжийг орхигдуулсан байна.

            Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг болон тогтоох хэсэг зөрүүтэй бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

            Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугааp зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох арван тохиолдлыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.6-д "шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй" гэж тодорхой заасан байна.

            Мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох зүйлсийг жагсаан заасан ба үүнийг зөрчсөн нь дээрх хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдох талаар мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болох талаар уг хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заажээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад "Шарынхан овгийн Тэрбишийн Анхбаярыг хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай" гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А ын гаргасан давж заалдах гомдол, прокурор Г.Билгүүний бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Т.А  нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Дельта-9 тетрагидроканнабинол /дельта-9 Tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Хаягт байрлах нийтийн байрны 2 дугаар давхрын 6 тоот өрөөнд 3 ширхэг шавар мэт зүйлд бохирлогдсон тугалган цаас, шавар мэт зүйлд бохирлогдсон зиплок түгжээтэй тунгалаг өнгийн гялгар уут болон “Хужирт” гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн хуванцар савтай, 251.5 грамм цэвэр жинтэй, мөн өөрийн биедээ “P” гэсэн бичиглэлтэй дугуй хуванцар савтай, савны хамт 3.2121 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-33 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-41 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5789 дугаартай шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-81 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5777 дугаартай шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 84-87 тал/, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын 989 дугаартай дүгнэлт /хх-ийн 93-94 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 тал/,

Т.А ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2 хоногийн өмнө ганцаараа нийтийн тээвэрт суугаад Төв аймгийн Жаргалант суманд очиж мансууруулах үйлчилгээтэй өвч түүсэн. Тэгээд буцаж ирээд ютюбээс бичлэг харж байгаад шавар гаргаж авсан. Тухайн үед ахуйн газ дотор өвсөө хийж холиод ууршуулж шавар гаргаж авсан. 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шавраа тугалган цаасан дээр тавьж байгаад найз охинтойгоо хэрэглэсэн...яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. ...” /хх 97-98,154-155 тал/ гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Т.А  “...ял шийтгэх хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол, прокурор “...анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тус гэмт хэргийн “олж авсан” гэх шинжийг орхигдуулсан тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцлийг бичжээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

 

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцох учиртай.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Харин нийслэлийн прокурорын газраас Т.А т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тус гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо “Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх “олж авсан” гэх шинжийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтаар орхигдуулж шийдвэрлэсэн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Мөн Т.А т Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнссэн байх ба 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно...” гэж заасны дагуу Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолоор Т.А т хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сар тэнссэн хугацааг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт хамруулан өршөөн хэрэгсэхгүй болгосон нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Т.А ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч А-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч А-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж өөрчилсүгэй.

 

2.  Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолоор Т.А т хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сар тэнссэн хугацааг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А ыг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Л.ДАРЬСҮРЭН

                                   ШҮҮГЧ                                          С.БОЛОРТУЯА

                                   ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ