Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 109/ШШ2025/0055

 

 

 

 

 

 

 

 

                                            109/ШШ2025/0055

 

 

 

  Прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.М-н дүгнэлттэй, Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.О-д холбогдох захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.М шүүхэд гаргасан 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 134 дүгээр дүгнэлтдээ: Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.О нь бүртгэлийн 02 дугаартай зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Н.Ч-д 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна. Хэрэгт цугларсан холбогдогчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар Н.Ч нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1. дэх заалтад заасан “Барилга байгууламжид тавих шаардлагыг хангаагүй” зөрчил үйлдсэн гэж үзсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1. дэх заалтад заасан зөрчил үйлдсэн хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилжээ. Гэтэл эрх бүхий албан тушаалтан 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 0218776 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогчид шийтгэл оногдуулсан байх боловч шийтгэлийн хуудсанд шийтгэлийн төрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бичээгүй нь ойлгомжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтоон гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсгийн 28.7.1-т “Зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь "дүгээр", эсхүл "дугаар" гэж бичгээр /1.1 дүгээр зүйл. г.м/, 28.7.2-т “хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. г.м./ гэж хуулийн зүйл, хэсэг заалтыг хэрхэн бичих талаар хуульчилжээ. Эрх бүхий албан тушаалтан 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 0218776 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 12.1 зүйл 5.1-д заасны дагуу торгууль гэж бичсэн нь Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу бичигдээгүйгээс зүйл, хэсэг нь ялгагдахгүй байна. Иймд шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.О-н шийтгэл оногдуулсан 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 0218776 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн “12.1 зүйл 5.1” гэснийг “... 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1. гэж, торгууль гэснийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгов” гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

2. Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.О шүүхэд гаргасан тайлбартаа: тус аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.О-н шийтгэл оногдуулсан 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 0218776 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн “12.1 зүйл 5.1” гэснийг “... 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1. гэж, торгууль гэснийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгов” гэж өөрчлүүлэх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Тус шүүх Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.М-с Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.О-д холбогдуулан гаргасан “... Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.О-н шийтгэл оногдуулсан 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 0218776 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн “12.1 зүйл 5.1” гэснийг “... 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1. гэж, торгууль гэснийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгов гэж өөрчлөлт оруулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ.

 

2. Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.О нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасан захиргааны байгууллагад хамаарна.

 

3. Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.М-н Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.О-д холбогдуулан гаргасан дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар захиргааны хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал зөрчөөгүй, тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн байх тул шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй байна.

 

4. Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д “Хуулийн төсөл дараах бүтэцтэй байна:” гэж, 28.1.2-т “хуулийн төслийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл;” гэж, 28.1.3-т “зүйлийн доторх хэсэг;” гэж, 28.1.4-т “хэсгийн доторх заалт;” гэж, 28.1.5-д “заалтын доторх дэд заалт;” гэж, 28.7.-д “Зохицуулах харилцааны онцлогоос хамаарч шаардлагатай тохиолдолд хуулийн төслийн бүтцийн хэсгийг дараах байдлаар дугаарлаж болно:” гэж, 28.7.1-д “зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь "дүгээр", эсхүл "дугаар" гэж бичгээр /1.1 дүгээр зүйл. г.м/;” гэж, 28.7.2-т “хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. г.м./;” гэж, 28.7.3-т “хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1. г.м/;” гэж, 28.7.4-т “заалтын доторх дэд заалтыг үсгээр /1.1.а. г.м/.” гэж заажээ[1].

 

5. Аливаа хуулийн зүйл, хэсэг, заалтыг бичихдээ Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.-д заасны дагуу бичихээр байна.

 

6. Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.О-н 2025 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн 0218776 дугаартай шийтгэлийн хуудаст “Холбогдогч Н.Чу-н үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.1 зүйлийн 5.1-д заасны дагуу торгууль шийтгэл оногдуулсугай” гэж бичсэнээс үзвэл нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг бичиж талаар зохицуулсан Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.-д заасныг зөрчсөн байна.

 

7. Нөгөөтэйгүүр эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудсанд бичигдсэн хуулийн зүйл, хэсэг, заалтыг Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар гаргасан прокурорын дүгнэлтэд

“...Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Оюунболдын шийтгэл оногдуулсан 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 0218776 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн “12.1 зүйл 5.1” гэснийг “... 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1. гэж, торгууль гэснийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгов гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэсэн нь үндэслэлтэй.

 

8. Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.О прокурорын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 134 дугаартай дээрх дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд холбогдох тайлбарыг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан байна.

 

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ” гэж, 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх,” гэж, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заажээ.

 

            10. Хариуцагчийн зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

   11. Хэргийн оролцогчдод хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт заасныг баримтлан Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.М-н гаргасан 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “...Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.О-н шийтгэл оногдуулсан 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 0218776 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн “12.1 зүйл 5.1” гэснийг “... 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1. гэж, торгууль гэснийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгов гэж өөрчлөлт оруулах тухай” 134 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.О-н зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 А.ТҮВШИНТУЛГА

 

[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=11119 нийтэд илэрхий баримт