Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 318/ШШ2025/00452

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг,  дүгээр хороо, дугаар гудамж,  тоотод оршин суух, регистрийн дугаар , ургийн овогт А.Б ,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оны 9 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сар хүртэл Х уурхайн  уурын зууханд галчаар ажилласан. Улмаар 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цэрэгт татагдаж, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан. 1989 оны 11 дүгээр сараас 1998 оныг дуустал Х  уурхайд кразын жолоочоор ажилласан. 1983 оны 9 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сар хүртэл, мөн 1989 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сар хүртэлх ажилласан цалингийн тодорхойлолт гарч ирээгүй. Нийгмийн даатгалын дэвтэр дээр 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Х  уурхайн нягтлан бодогч Ш.Жын бичигт санхүүгийн тамга дарснаар 1995 оноос өмнө Х  уурхайд 8 жил ажилласан болохыг нотолсон тэмдэглэл байгаа. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсан цалингийн тодорхойлолт олдохгүй байгаа учраас шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд миний У аймгийн Т сумын Х уурхайд 1983 оны 9 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл галчаар, 1989 оны 11 дүгээр сараас 1998 оны 12 дугаар сарыг дуустал кразын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 201 дүгээр зөвлөмжийн хуудас, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаа, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 154 дүгээр тодорхойлолт, Батлан хамгаалахын яамны харьяа Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 108/1559 дүгээр хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, Х  нүүрсний уурхайн 50, 60 жилийн ойн тэмдгийн фото зураг, ажлын цаг ашиглалтыг сайжруулах тухай тушаалын төсөл, машин, тоног төхөөрөмжийн хүч чадлын ашиглалтын сарын мэдээ гэх 21 хуудас баримт, гэрч Д.Б , Б.Д  нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн болон ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Д.Б  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, А.Б ын хаягийн хуудас зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А.Б ын У аймгийн Т сумын Х уурхайд 1983 оны 9 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл галчаар, 1989 оны 11 дүгээр сараас 1998 оны 12 дугаар сарыг дуустал кразын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч А.Б ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 201 дүгээр зөвлөмжийн хуудсанд: Хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул 1983-1987, 1989-1994 оны хоорондох ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэжээ.

3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Х уурхайн  баримт тус архивт шилжиж ирээгүй тул А.Б й холбогдох баримтыг гаргах боломжгүй болно гэжээ.

3.3. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаанд: А.Б ын 1995 оны 2-3 дугаар сар, 5-8 дугаар сар, 12 дугаар сар, 1996 оны 3-6 дугаар сар, 8-12 дугаар сар, 1997 оны 1 дүгээр сараас 1998 оны 7 дугаар сарыг дуустал, 1998 оны 9-12 дугаар сард Хар тарвагатай нүүрсний уурхайд ажиллаж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг түүвэрлэн ирүүлжээ.

3.4. А.Б ын 05 дугаар хаягийн хуудсанд: Овог, нэр А.Б , хаана, ямар ажилтай - Тариалан сумын Х уурхайд ажилчин, хуудас бичсэн, огноо 1983.04.15 гэж бүртгэгджээ. Тухайн баримтад нэхэмжлэгчийн 1984-1998 онд ажиллаж байсан байдалтай холбоотой мэдээлэл тусгагдсан байх тул баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

3.5. Батлан хамгаалахын яамны харьяа Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 108/1559 дүгээр хугацаат цэргийн алба хаасны лавлагаанд: А.Б БХЯ-ны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Увс аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 209 /186/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 548854 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ.

3.6. Х  нүүрсний уурхайн 50, 60 жилийн ойн тэмдгийн фото зураг, ажлын цаг ашиглалтыг сайжруулах тухай тушаалын төсөл, машин, тоног төхөөрөмжийн хүч чадлын ашиглалтын сарын мэдээ гэх 21 хуудас баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

3.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Б , Б.Д  нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь Б.Дүгэрсүрэн гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан ба гэрч Д.Баясгалан Би 1984-2000 онд Увс аймгийн Х уурхайд жолоочоор ажиллаж байсан. А.Б нь 1983 оны 9 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сар хүртэл тус уурхайд галчаар ажиллаж байгаад цэрэгт явахаар ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Улмаар цэргээс халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сар хүртэл Увс аймгийн Х уурхайд кразын жолоочоор ажиллаж байсан. Миний бие уурхайн даргын жолоочоор ажиллаж байсан бөгөөд А.Б  нь уурхайн хөрс зөөвөрлөдөг краз автомашины жолоочоор ажиллаж байсан. Увс аймгийн Х уурхай нь 1990 оноос хувьчлагдаж компани болж байсан гэж тус тус мэдүүлсэн ба түүний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.

4. Нэхэмжлэгч А.Б  нь У аймгийн Т сумын Х уурхайд 1983 оны 9 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл галчаар, 1989 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын дуустал, 1989 оны 11 дүгээр сараас 1998 оны 12 дугаар сарыг дуустал кразын жолоочоор ажиллаж байсан гэх боловч түүний 05 дугаар хаягийн хуудсанд Тариалан сумын Х уурхайд ажилчин гэж бүртгэгдсэн байх тул ажилчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

5. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар даатгуулагчийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах гол үндэслэл нь 1995 оноос хойш түүний нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаа байдаг бөгөөд уг хугацаанаас хамааран ажилласан жилийг тооцдог. Иймд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаанд тусгагдсан хугацаагаар нэхэмжлэгч А.Б ын ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

6. Нэхэмжлэгч А.Б  нь 1983 оны 9 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын дуустал, 1995 оны 2-3 дугаар сар, 5-8 дугаар сар, 12 дугаар сар, 1996 оны 3-6 дугаар сар, 8-12 дугаар сар, 1997 оны 1 дүгээр сараас 1998 оны 7 дугаар сарыг дуустал, 1998 оны 9-12 дугаар сард У аймгийн Т сумын Х уурхайд ажилчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаа, Батлан хамгаалахын яамны харьяа Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 108/1559 дүгээр хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, 05 дугаар хаягийн хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

7. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бөхнүүд ургийн овогт А.Б  1983 оны 9 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын дуустал, 1995 оны 2-3 дугаар сар, 5-8 дугаар сар, 12 дугаар сар, 1996 оны 3-6 дугаар сар, 8-12 дугаар сар, 1997 оны 1 дүгээр сараас 1998 оны 7 дугаар сарыг дуустал, 1998 оны 9-12 дугаар сард У аймгийн Т сумын Х уурхайд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Бөхнүүд ургийн овогт А.Б  1983 оны 9 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын дуустал, 1995 оны 2-3 дугаар сар, 5-8 дугаар сар, 12 дугаар сар, 1996 оны 3-6 дугаар сар, 8-12 дугаар сар, 1997 оны 1 дүгээр сараас 1998 оны 7 дугаар сарыг дуустал, 1998 оны 9-12 дугаар сард У аймгийн Т сумын Х уурхайд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ