Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 318/ШШ2025/00453

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Увс аймаг, сум, дугаар баг, -ийн тоотод оршин суух, регистрийн дугаар, ургийн овогт З.О,

Ш.А ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.А  нь Эрчим хүчний салбарт тасралтгүй 34 жил ажилласан бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад 1990-1995 онд ажиллаж байсан байгууллагуудын ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудын эх хувь шаардлагатай болсон. Ш.А  нь 1990 онд Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженерийн мэргэжлээр төгсөөд Увс аймагт хуваарилагдан 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрчим хүчний хяналт хэмжүүрийн тасгийн даргын 04 дүгээр тушаалаар Эрчим хүчний хяналт хэмжүүрийн тасагт мастераар ажиллаж эхэлсэн болох нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа. 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Түлш эрчим хүчний сайдын 5/1571 тоот тушаалын дагуу эрчим хүчний хяналт хэмжүүрийн тасгийг ЭХҮ-т нэгтгэсэн. 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс ЭХНҮ-т ажиллаж байгаад Баруун аймгуудын Эрчим хүчний системийн ашиглалтын өмнөх захиргаа, Увс аймгийн Эрчим хүчний хяналт хэмжүүрийн тасгийн баримт, Увс аймгийн архивд шилжиж ирээгүй гэсэн архивын лавлагаа гарсан учраас холбогдох тушаалын эх хувийг гаргах боломжгүй байна. Иймд Ш.А 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ш.А иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ш.А ажил байдлын тодорхойлолт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 123 дугаар тодорхойлолт, Хүнд үйлдвэрийн яамны харьяа Эрчим хүчний тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын үйлдвэрийн Улаангом дахь хяналт хэмжүүрийн тасгийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Түлш эрчим хүчний яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаар Ажилд томилох тухай тушаал, Эрчим хүчний яамны харьяа Баруун аймгуудын эрчим хүчний системийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1995 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, Баруун бүсийн эрчим хүчний системийн даргын 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох, цалин тогтоох эрх олгох тухай тушаал зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Д Ш.А ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О-ийн Ш.А 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрчим хүчний хяналт хэмжүүрийн тасаг, Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр болон Баруун аймгуудын Эрчим хүчний системийн ашиглалтын өмнөх захиргаанд мастераар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О-ийн Ш.А ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар зөвлөмжийн хуудсанд: Ш.А  нь Баруун аймгуудын Эрчим хүчний системийн ашиглалтын өмнөх захиргаа, Увс аймгийн Эрчим хүчний хяналт хэмжүүрийн тасагт 1990-1995 он хүртэл ажиллаж байх үеийн ажилд орсон, чөлөөлсөн тушаал аймгийн архиваас гараагүй тул уг онуудыг оруулан ажилласан жилийг тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.

3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 123 дугаар тодорхойлолтод: Баруун аймгуудын Эрчим хүчний системийн ашиглалтын өмнөх захиргаа, Увс аймгийн Эрчим хүчний хяналт хэмжүүрийн тасгийн баримт тус архивт шилжиж ирээгүй тул Ш.А холбогдох баримтыг гаргах боломжгүй болно гэжээ.

3.3. Поилтехникийн дээд сургуулиас 1990 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Ш.А д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ...1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Эрчим хүчний хяналт хэмжүүрийн тасагт мастераар авч ажиллуулав, 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ТЭХҮЯамны 5/1571 тогтоолын дагуу ЭХНҮ-т шилжүүлэв, 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр БАЭХСАӨЗахиргаанд диспетчер, инженерээр бэлтгэхээр авч ажиллуулав, энэ дэвтрээр улсад ажилласан хугацааг 4 жил 14 сараар тооцов гэх бичилтүүд хийгджээ.

3.4. Хүнд үйлдвэрийн яамны харьяа Эрчим хүчний тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын үйлдвэрийн Улаангом дахь хяналт хэмжүүрийн тасгийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар мастер Ш.А г 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс ажлаас чөлөөлж, ЭХНҮ-т шилжүүлсэн, Түлш эрчим хүчний яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаар Ажилд томилох тухай тушаалаар хяналт хэмжүүрийн албаны мастераар Ш.А г 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллуулсан, Эрчим хүчний яамны харьяа Баруун аймгуудын эрчим хүчний системийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1995 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралтаар Ш.А г 1995 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон диспетчер, инженерийн ажлаас чөлөөлсөн, Баруун бүсийн эрчим хүчний системийн даргын 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох, цалин тогтоох эрх олгох тухай тушаалаар Ш.А г диспетчер, инженерээр ажилд томилж, цалинг тогтоосон байна. Хүнд үйлдвэрийн яамны харьяа Эрчим хүчний тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын үйлдвэрийн Улаангом дахь хяналт хэмжүүрийн тасгийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Түлш эрчим хүчний яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаар Ажилд томилох тухай тушаалууд нь нэхэмжлэгчийн 1990-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт ач холбогдолтой байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгов. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар даатгуулагчийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах гол үндэслэл нь 1995 оноос хойш түүний нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаа байдаг бөгөөд уг хугацаанаас хамааран ажилласан жилийг тооцдог. Нэхэмжлэгч Ш.А  1995 онд цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байх тул нэхэмжлэгчийг дээрх хугацаанд ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна. Иймд Эрчим хүчний яамны харьяа Баруун аймгуудын эрчим хүчний системийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1995 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, Баруун бүсийн эрчим хүчний системийн даргын 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох, цалин тогтоох эрх олгох тухай тушаалыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ.

3.5. Ш.А ХААТР-1 маягтад Овог, нэр Ш.А, Политехникумын дээд сургууль, оюутан, элсэн орсон он 1985, маягтыг бүртгэсэн огноо 1988.04.22 гэж бүртгэгджээ. Тухайн баримтад нэхэмжлэгчийн сургуульд суралцаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул баримтыг иргэний хэрэгт хамааралгүй гэж үзлээ.

3.6. Ш.А ажил байдлын тодорхойлолтыг хэн гэх этгээд тодорхойлсон нь тодорхойгүй байх тул тухайн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оийн Ш.А  1990-1992 онд Эрчим хүчний хяналт хэмжүүрийн тасагт ажиллаж байсан гэх боловч нэхэмжлэгчийг Хүнд үйлдвэрийн яамны харьяа Эрчим хүчний тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын үйлдвэрийн Улаангом дахь хяналт хэмжүүрийн тасгийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт шилжүүлсэн байх тул Эрчим хүчний тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын үйлдвэрийн Улаангом дахь хяналт хэмжүүрийн тасагт ажиллаж байсан гэж үзэв. Мөн нэхэмжлэгч Ш.А г 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баруун аймгуудын Эрчим хүчний системийн ашиглалтын өмнөх захиргаанд диспетчер, инженерээр авч ажиллуулсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул дээрх хугацаанд диспетчер, инженерээр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

5. Нэхэмжлэгч Ш.А  1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрчим хүчний тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын үйлдвэрийн У дахь хяналт хэмжүүрийн тасаг болон Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт мастераар, Баруун аймгуудын Эрчим хүчний системийн ашиглалтын өмнөх захиргаанд диспетчер, инженерээр ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хүнд үйлдвэрийн яамны харьяа Эрчим хүчний тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын үйлдвэрийн У дахь хяналт хэмжүүрийн тасгийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Түлш эрчим хүчний яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаар Ажилд томилох тухай тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

6. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х ургийн овогт Ш.А 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Эрчим хүчний тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын үйлдвэрийн Улаангом дахь хяналт хэмжүүрийн тасагт мастераар, 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт мастераар, 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оныг дуустал Баруун аймгуудын Эрчим хүчний системийн ашиглалтын өмнөх захиргаанд диспетчер, инженерээр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Харагчид ургийн овогт Ш.У 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Эрчим хүчний тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын үйлдвэрийн Улаангом дахь хяналт хэмжүүрийн тасагт мастераар, 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт мастераар, 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оныг дуустал Баруун аймгуудын Эрчим хүчний системийн ашиглалтын өмнөх захиргаанд диспетчер, инженерээр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ