| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00426/и |
| Дугаар | 318/ШШ2025/00454 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 318/ШШ2025/00454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймаг, сум, дугаар баг, айл, тоотод оршин суух, регистрийн дугаар , ургийн овогт М.Г,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1970 онд төрсөн. Би 1986-1989 оны хооронд цэцэрлэгийн багшийн сургууль төгсөж ирээд Увс аймгийн Өлгий сумын цэцэрлэгт 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгчээр ажиллаж байгаад Улаангом суманд шилжиж ирсэн. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөрмөрийн дэвтэр, ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Өлгий сумын цэцэрлэгт 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 196 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаар тодорхойлолт, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 149 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар тушаалын хуулбар, гэрч М.О, М.Хнарын иргэний үнэмлэхийн болон ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр М.О, М.Хнарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, М.Ггийн хаягийн хуудас, ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Ггийн 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өлгий сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч М.Ггийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 196 дугаар зөвлөмжийн хуудсанд: Ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул 1989-1995 оны хоорондох ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Өлгий сумын цэцэрлэгийн 1989-1994 оны тушаал, цалингийн баримтыг шүүн үзэхэд Мягмарын Гүнсэлмаатай холбогдох 1989 оны 9-12, 1990 оны 2-3, 8-12, 1991 оны 1-6, 8-12, 1992 оны 1 сарын цалин гарсан болно гэжээ. Мөн Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 149 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Мягмарын Гүнсэлмаагийн 1989 оны 9 дүгээр сараас 1992 оны 1 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Өлгий сумын цэцэрлэгт ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна.
3.3. Цэцэрлэгийн багшийн сургуулиас 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр М.Гд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Цэцэрлэгийн багшийн сургуульд сурагчаар авч элсүүлэв, 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр сургууль төгссөн тул Ардын боловсролын яамны мэдэлд хуваарилав, 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Өлгий сумын цэцэрлэгийн багшаар авч ажиллуулав, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр амьдралын шаардлагаар аймаг шилжиж байгаа тул цэцэрлэгийн бага бүлгийн багшийн ажлаас чөлөөлөв гэжээ.
3.4. Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар тушаалын хуулбарт: Мягмарын Гүнсэлмааг 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс Өлгий сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр ажиллуулахаар томилов гэжээ. Тухайн тушаалын хуулбар нь нэхэмжлэгчийн 1989-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт ач холбогдолтой байх тул тушаалын хуулбарыг шийдвэрийн үндэслэл болгов.
3.5. М.Ггийн ХААТР-1 маягтыг 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн байх ба баримтад тухайн цаг үеийн мэдээлэл тусгагдсан байх тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ. Мөн нэхэмжлэгчийн хаягийн хуудсанд Увс аймгийн Өлгий сумын дунд сургуульд суралцаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв.
3.6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр М.О, М.Х нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч М.Орлом Би 1987-2000 онд Увс аймгийн Өлгий сумын Хүүхдийн цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагч, туслах тогоочоор ажиллаж байсан. Би тус сумын хүүхдийн цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байх үед буюу 1989 оны зун М.Г нь тус цэцэрлэгт багшаар томилогдож байсан. Бид үе тэнгийн нас ойролцоо учир найз нөхдийн холбоотой хамтран ажиллаж байсан. М.Г нь 1989 оны 7 дугаар сараас 1994 оныг дуустал тус цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад гэр бүлээрээ аймаг руу шилжсэн гэж, гэрч М.Хундага Би 1986-2015 онд Увс аймгийн Өлгий сумын Хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгч, туслах багшаар ажиллаж байсан. М.Г нь Цэцэрлэгийн багшийн сургууль төгсөж ирээд 1989 оны 7 дугаар сард Өлгий сумын яли, цэцэрлэгийн комбинат нэршилтэй байх үед хүмүүжүүлэгч багшаар томилогдож байсан. М.Г нь 1989 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал багшаар ажиллаж байгаад аймаг руу шилжсэн гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож боломжтой гэж үзэв.
4. Нэхэмжлэгч М.Г 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өлгий сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 149 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар тушаалын хуулбар, гэрч М.О, М.Хнарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг ургийн овогт Мягмарын Гүнсэлмаагийн 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өлгий сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ургийн овогт М.Г 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өлгий сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ