Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 0598

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэнд-Очир, улсын яллагч Ба.Эрдэнэбаатар, хохирогч  Ц.М, шүүгдэгч И.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт И Г холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706014340597  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт И Г, 19  оны  дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй,  дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 2,  эхнэрийн  хамт С дүүргийн  дүгээр хороо  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дугаар зүйлийн  дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн , 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хйилгэх ялаар шийтгүүлж байсан,  РД: У

       

       Холбогдсон хэргийн талаар:

       И.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.М хүчирхийлэл үйлдэж зодож хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  И.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёр барилгын хатаагч суулгаж явдаг ажил хийдэг юм. Тухайн үед нэг зүйл дутаж түүнээсээ болж маргалдсан. Эхнэр  машинаас бууж гэртээ харьсан.  Би найзыгаа гэртээ дуудаж архи уусан. Тэгээд гэрээс "зайл" гэхээр  би "явлаа" гэж хэлтэл манай эхнэр намайг гаргахгүй гээд хоорондоо түлхэлцсэн. Миний гараас эхнэр барьчихсан байсан. Би гарнаас нь татаж түлхсэн. Эхнэрийн биед би гэмтэл учруулсан нь үнэн. Эмчилгээ хийлгээгүй гэв. 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.М мэдүүлэхдээ: Бид хоёрын тухайд 7 хоногийн 4 өдөр нь хэрүүл маргаан гардаг гэдэг нь манай гэрт олон хүмүүс амьдардаг байсан ба үүнээс болж ойлголцохгүй маргаан болдог байсан. Манай нөхөр жоохон омогтой ууртай. Би ч мөн  адил жоохон ууртай. Бид хоёрын аль алинаас нь л болдог. Тухайн үед хамт ирсэн найз нартай нь хамт гаргаж явуулахгүй гэж л би түүнтэй түлхэлцэлж муудалцсан.  Би түүний нүүрийг маажиж, хувцасыг нь  урж татсан  зэрэг миний буруу үйлдэл байгаа.  Ганц энэ хүнийг буруутгаж болохгүй. Би цочмог ууртай. Тэр орой би ганцаараа архи уусан.  Тэгээд уурандаа Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст өргөдөл өгсөн гэтэл маргааш нь   Батбилгүүн байцаагчид цохолтоор очсон байсан байцаагчтай очиж уулзаарай гэж  нөхөртөө хэлж дуудахад ирээгүй. Миний гар утас, картыг авч яваад мөнгө орхиогүй байхаар нь миний  уур хүрээд  цагдаад мэдэгдвэл хаа нэг газраас олоод ирэх байх гэсэн үүднээс дуудлага өгсөн.   Энэ хэргээс хойш намайг зодсон асуудал гараагүй. Надад санал гомдол байхгүй. Бид хоёр цаашид хамтран амьдрахаар шийдээд байгаа. Нэхэмжлэх зүйлгүй гэв.

     Шүүгдэгч  И.Г мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 201 оны 8 дугаар сарын 21-нд би Х дүүргийн  дугаар хороо Хурд хороололд нэг айлд өлгүүр суулгах ажлаар хамтран амьдрагч М  хамт явж байхдаа бид хоёр маргалдсан. Маргаан юунаас болсон бэ гэвэл намайг залгахад М утсаа авахгүй байсан юм тэгэхээр нь би чи утсаа авч байгаач гэхэд чи одоо юу юм бэ гээд яваад өгсөн юм. Тэгээд тэр асуудлаас болоод маргалдсан. Орой нь тэрээр гэртээ согтуу ирсэн. Тэгээд надаас архины мөнгө 20.000 төгрөг өг гэхээр нь би өгөхгүй гэхэд намайг зайл гэсэн. Би гарах гэтэл цагдаа дуудчихсан байсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд цагдаа нар луу дайраад болохгүй байсан. Өөр асуудал болоогүй гэжээ. /хх-ийн 19/               

          Хохирогч Ц.М  мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 21-ны орой 22.00 цагийн орчимд гэртээ иртэл нөхөр согтуу байж байсан. Гэтэл намайг шууд доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би явлаа гэхэд үгүй явуулахгүй гэсэн. Тэгээд өөрөө согтуугаар машин бариад явчихаар нь би цагдаад согтуу хүн машин барьж явж байна гэж дуудлага өгсөн. Гэтэл гэртээ эргэж орж ирчихээд намайг үсдэж шалан дээр нуруугаар харуулж унагаачихаад ахар сүүлний яс руу хоёр удаа өшиглөж баруун хацар луу хоёр удаа алгадсан. Ер нь уурлах болгондоо долоо хоногийн дөрвөн өдөрт нь байнга хэрүүлтэй байдаг. Намайг тэр болгондоо зодож байсан. Би гомдолтой байна гэжээ. /хх-н 14-17/ 

          Мөрдөн шалгах ажиллагааны үед И.Г гэрчээр асуусан тэмдэглэл: Манай эхнэр архи ууж гэртээ орж ирээд мөнгө нэхээд байхаар нь би өгөхгүй гэхэд уурлаад намайг зайл гэсэн. Намайг гэрээсээ гараад явахад цагдаа дуудчихсан байсан. Би тухайн үед эрүүл байсан гэжээ.  /хх-н 18-20/        

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 22/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн  10789  тоот акты ын дүгнэлт:

1.М биед баруун бугалга, 2 өвдөгт цус хуралт, зулгарал, зүүн шанаа ахар сүүлэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 23/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл /хх-н 24-25/

          Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Г бид хоёр багийн найзууд юм. 2017 оны 8 дугаар сарын 21-ны өдөр эхнэрээ зодсон асуудал болоогүй. Бид нар гадуур айлд өлгүүр суулгачихаад тэднийд ирсэн. Нэг мэдэхэд л тэр хоёр хэрэлдээд унасан. Юунаас болсон юм мэдэхгүй. Гаднаас Г С бид гурав орж ирсэн гэрт нь М нэг хүүхэнтэй пиво уугаад байж байсан. С бид хоёр жижиг өрөөнд нь байж байсан тэгээд тэр хоёр бүр том дуугараад хэрэлдээд байтал нөгөө найз хүүхэн нь бид хоёр дээр ирээд салгаач гэсэн. Бид хоёр том өрөөнд нь ортол Г би гарлаа гээд явсан. М нөхрийхөө нүүрийг маажих гээд байсан. Тэгтэл М би цагдаа дуудаж танай найзыг бариулна гээд түрүүлээд гарсан. Бид нар ажил хийж байгаад ирсэн болохоор эрүүл байсан. Тэр хоёр эхнээсээ хэрэлдэх гээд байсан болохоор нь С бид хоёр жижиг өрөөнд нь орчихсон юм гэжээ.  / хх-н 80-81/

         Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би тархины хүнд гэмтлийн улмаас юмаа санахгүй болчихдог юм. Тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна. М бид хоёр пиво уусан тэрээр нөхөртэйгээ хэрэлдээд байхаар нь бм гараад явчихсан. Бид хоёр тэр өдөр пиво уугаад мөн нэг шил архи хувааж уусан болохоор би согтсон байсан гэжээ.  / хх-н 82-83/

         И.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 99-100/

         И.Г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-28/, / хх-н 91-93,95-98/

   И.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 29/, оршин суугаа газрын тодорхойлолт  /хх-н 26/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд  /30-77/ зэрэг болно.          

         И.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 55-29 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.М хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

Хохирогч Ц.М биед баруун бугалга, 2 өвдөгт цус хуралт, зулгарал, зүүн шанаа ахар сүүлэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт.  /хх-н 23/

          Хохирогч Ц.М  мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн. Гэтэл гэртээ эргэж орж ирчихээд намайг үсдэж шалан дээр нуруугаар харуулж унагаачихаад ахар сүүлний яс руу хоёр удаа өшиглөж баруун хацар луу хоёр удаа алгадсан. Ер нь уурлах болгондоо долоо хоногийн дөрвөн өдөрт нь байнга хэрүүлтэй байдаг. Намайг тэр болгондоо зодож байсан. Би гомдолтой байна гэсэн мэдүүлэг  /хх-н 14-17/ 

          Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. Нэг мэдэхэд л тэр хоёр хэрэлдээд унасан. Юунаас болсон юм мэдэхгүй. Гаднаас Г, С бид гурав орж ирсэн гэрт нь М нэг хүүхэнтэй пиво уугаад байж байсан. С бид хоёр жижиг өрөөнд нь байж байсан тэгээд тэр хоёр бүр том дуугараад хэрэлдээд байтал нөгөө найз хүүхэн нь бид хоёр дээр ирээд салгаач гэсэн. Бид хоёр том өрөөнд нь ортол Г би гарлаа гээд явсан. М нөхрийхөө нүүрийг маажих гээд байсан гэсэн мэдүүлэг / хх-н 80-81/

           Шүүгдэгч И.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн …бид хоёр барилгын хатаагч суулгаж явдаг. тухайн үед нэг зүйл дутаж түүнээсээ болж маргалдсан. Эхнэр  машинаас бууж гэртээ харьсан.  би найзыгаа гэртээ дуудаж архи уусан. Гэрээс "зайл" гэхээр  нь би "явлаа" гэж хэлсэн чинь манай эхнэр намайг гаргахгүй гээд хоорондоо түлхэлцсэн. Миний гараас эхнэр барьчихсан байсан. Би гарнаас нь татаж түлхсэн. Эхнэрийн биед би гэмтэл учруулсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          И.Г нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ц.Мй архины мөнгө нэхсэн асуудлаас болж маргалдан улмаар түүнийг түлхэж  унаган биед  нь баруун бугалга, 2 өвдөгт цус хуралт, зулгарал, зүүн шанаа ахар сүүлэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         И.Г, Ц.М нар нь хамтран амьдарсан цагаас хойш И.Гархи уусан гэж байнга маргаан гарч улмаар хохирогчийн эрх чөлөөнд нь халдаж хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдсон, энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн хэсэг зөв тохирсон байна.

        Иймд И.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэлийг гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзн оногдуулахаар шийдвэрлэв.

        Хохирогч өөрт учирсан гэмтэлдээ ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй учраас шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          И.Г нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. М овогт И Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт   зааснаар  И.Г 1000  нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   И.Гр  нь торгох ялыг таван  сарын дотор нэг сард 200.000 төгрөгийг  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  И.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. И.Г  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол И.Г хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, И.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж И.Г авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН