Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/488

 

 

 

 

    2024          04             25                                      2024/ДШМ/488

 

Н.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дэлгэрмөнх,

хохирогч Г.П, түүний өмгөөлөгч Ц.Д,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Бд холбогдох эрүүгийн 2311 000000 0381 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н.Б, 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилахуйн арга зүйч, бага эмч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../;

Н.Б нь Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид сувилагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “...хоригдож буй нөхөр М.Нямжавыг нь эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийлгэнэ, ялыг нь хөнгөлж өгнө, сайн өмгөөлөгч авч өгнө, шүүгчид нь мөнгө өгнө, хорих ялаас нь хугацааны өмнө суллуулж өгнө." гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.Пгээс 61 удаагийн үйлдлээр 62.290.000 төгрөгийг С.Мын эзэмшлийн хаан банкны 5014294646 дугаарын дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Бг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бгаас нийт 61.290.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Пд олгохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/91 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хэргийн 231100000038 дугаартай хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаа шийтгүүлсэн. Миний бие хохирогч Г.Пгийн хохирлын тодорхой хувийг гэр бүл, нөхрийн тусламжтайгаар төлж барагдуулж байгаа. Үлдсэн хохирлыг өөрийн биеэр ажил хийж, бүрэн төлж барагдуулна. Өөрийн ээж Наран, аав Дорж нь тэтгэврийн насны хүмүүс байдаг учир хүүхдүүдээ харуулан нөхөр Н.Сгийн хамт ажил хийж, хохирол төлбөрөө бүрэн төлж дуусгана. Миний буруутай үйлдлээс болж 2-13 насны 3 хүүхэд минь давхар хохирч байгаад миний хувьд маш их харамсаж байна. Миний бие өөрийн хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшиж байгаа. Цаашид үр хүүхдүүдээ сайн өсгөж, сайн ээж байхын тулд дахин ийм алдаа дутагдал гаргахгүй байх болно. Иймд дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, надад надад итгэл үзүүлж, өөрт оногдсон ялыг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өмгөөлөгч миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсгийн эрүүгийн хариуцлагын талаар хийсэн зарим дүгнэлтийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

            Миний үйлчлүүлэгч Н.Бгийн хувьд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэг дэх гэм буруугийн асуудлаар хийсэн дүгнэлттэй маргадаггүй. Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөх талаар санал гаргаж байсан.

Харин миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 болон 3 дугаар заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон боловч энэ талаар шүүгч өмгөөлөгч миний гаргасан санал, дүгнэлтийг няцааж дүгнэлт хийгээгүй.

Шүүгдэгч Н.Б нь Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид сувилагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа өөрийн албан тушаалын байдлаа ашиглан “хохирогч Г.Пгийн нөхөр тухайн хорих ангид хоригдож байсан М.Ныг хорих ангийн эмнэлэгт хэвтүүлж өгнө, эмчилгээ хийж өгнө, эм авч өгнө, өвчний шалтгаанаар ялаас чөлөөлүүлж өгнө, өмгөөлөгч авч өгнө” гэх мэтээр нийт 61 удаагийн гүйлгээгээр 62.290.000 төгрөгийг өөртөө шилжүүлж авсан. Тэрээр энэ үйлдэлдээ маш их гэмшдэг бөгөөд хохирогч Г.Пгийн нөхөр М.Ннь өөрийнх нь аавын танил, найз нөхөр гэдэг утгаар таньж мэддэг болсон.

Дээр дурдсан “хорих ангийн эмнэлэгт хэвтүүлж өгнө, эмчилгээ хийж өгнө, эм авч өгнө, өвчний шалтгаанаар ялаас чөлөөлүүлж өгнө” гэх амлалтууд нь хууль бус гэдгийг хохирогч тал мэдэж байсан атлаа шүүгдэгчид итгэж, удаа дараа мөнгө өгөөд байгаа үйлдэл нь өөрөө гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлтэй хамааралтай гэж үзэж байна.

Үүнээс гадна миний үйлчлүүлэгч Н.Б нь 13 нас, 4 нас, 2 настай 3 хүүхдээ гэртээ өөрөө харж асрахын зэрэгцээ бага хүүхдээ хөхнөөс гаргаагүй. Одоо 2 настай бага хүүхдийн хувьд хоол ундаа идэхгүй, тэжээлийн дутагдалд орж байгаа талаар ар гэрийнхэн нь мэдэгдсэн. Энэ асуудал нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдалд хамаарч болох хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна.

Шүүгдэгч Н.Б болон түүний эцэг, эх, нөхрийн зүгээс охинд нь, эхнэрт нь хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгвөл хохирол төлбөр болон шүүхээс ногдуулсан торгууль төлбөрийг төлөх боломжтой талаар баталгаа гаргаж өгсөн.

Шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Н.Б нь 3.370.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болно.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгч Н.Бд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Хохирогч Г.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би шүүгдэгч Н.Бд үнэхээр итгэж байсан. Тухайн үед нөхөрт минь холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болж байсан. Энэ үед өмгөөлөгч минь хүртэл надад “чи Н.Бтай л уулз, өөр хүнтэй уулзаж болохгүй. Н.Бд таньдаг хүн байгаа, бичиг баримт гаргаж өгдөг гэж байсан” гэж хэлсэн учраас би итгэсэн. Урьд нь би Н.Бгийн эцэг, эхтэй хамт ажилладаг байсан. Би Н.Бг 3 настай хүүхэд байх үеэс нь эхэлж мэддэг учраас түүнд итгэж мөнгө өгсөн. ...” гэв.

Хохирогч Г.Пгийн өмгөөлөгч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Учир нь, миний үйлчлүүлэгч тухайн үед маш хүнд нөхцөл байдалтай байсан. Мөн хууль зүйн мэдлэггүйн улмаас шүүгдэгч Н.Бд итгэсэн. Шүүгдэгч Н.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж миний үйлчлүүлэгч Г.Пгээс 61 удаагийн үйлдлээр 62.290.000 төгрөг залилсан. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийг буруутгасан тайлбар гаргаж байгаа нь зохимжгүй юм. Шүүгдэгч Н.Б нь хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлөх санаа зорилгогүй байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Н.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид сувилагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “...хоригдож буй нөхөр М.Н-ыг нь эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийлгэнэ, ялыг нь хөнгөлж өгнө, сайн өмгөөлөгч авч өгнө, шүүгчид нь мөнгө өгнө, хорих ялаас нь хугацааны өмнө суллуулж өгнө." гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.Пгээс 61 удаагийн үйлдлээр 62.290.000 төгрөгийг С.Мын эзэмшлийн хаан банкны 5014294646 дугаарын дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Пгийн “... Манай нөхөр М.Ннь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ороод 5 жилийн хорих ял аваад цагдан хорих 461 дүгээр ангид очиж байсан тэгээд тэнд очсон хойно нь би нөхөртөө туслах гээд бусад хүнээс тэр газарт ажилладаг хүн байна уу гэж асууж тодруулж байсан. Бид нартай хамт ажиллаж байсан Д гэдэг залуу нь манай охин 461 дүгээр ангид сувилагч хийж байгаа гэж хэлсэн. Тэрнээс хойш түүний охин Н.Б гэгчтэй утсаар нь ярьж байгаад байнга холбогдож ярьж уулзаж байсан. …эмнэлэгт хэвтүүлээд өгөөч гэж хэлсэн чинь за тэгье гэж хэлээд надаас нэлээн олон удаа мөнгө авч байсан. Тэгээд ор хоногийн мөнгө авдаг гэж хэлээд бас мөнгө төгрөг авч байсан. Нөхрийг эндээс эмчийн бичгээр гаргаж авах хэрэгтэй байна гэж хэлээд 1,500,000 төгрөг авч байсан, бага багаар мөнгө төгрөг аваад л байсан тэгж байгаад нэг мэдсэн чинь 62,290,000 төгрөг авчихсан байсан. Бас шүүх хурал болж байна, шүүгчид өгөх мөнгө хэрэгтэй байна гэж хэлсээр байгаад мөнгө аваад байсан мөн үүнийгээ бас өмгөөлөгчид мөнгө өгнө гэж хэлээд авч байсан. Хаан банкны 5014294646 дугаартай дансаа өгч байсан, би тэр данс руу нь өөрийнхөө Хаан банкны 5032034764 дугаартай данснаасаа мөнгөө шилжүүлэн өгч байсан." /хх 124-125/,

гэрч М.Н-ын “... би бие муутай даралт ихэсдэг, зүрхний хэм алддаг гэсэн эмчийн бичигтэй 461-р ангид очиж байсан юм. Тэгээд намайг камерт байхад Н.Б нь 2 удаа нэг эмчид хэлж хэвтүүлж байсан, нэг удаа хэвтэхдээ 14 хоног хэвтэж дараагийн хэвтэхэд нь 2-3 хоноод гарсан. Ямар ямар эм тариа хэрэглэж байсан талаар мэдэхгүй байна. Дотроос л эм тариа хийж байсан даралтны болон зүрх судасны эм ууж байсан. Н.Б намайг буюу манай эхнэрийг залилсан байсныг би сүүлд нь 2022 оны 12 дугаар сарын сүүлээр мэдсэн. 2022 оны 09 дүгээр сард намайг суллаж, гаргаж авна гэж ярьж байсан. Би Н.Бд “та нар худлаа ярьж байгаад өөрсдөө хэрэгт орвоо” гэсэн чинь Н.Б “би гаргаж авна, та мөнгөө өгчих гэсэн”, би үнэмшихгүй байсан.” /хх 129-132/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний 3/74 дугаартай албан бичиг /хх 140/,

Мөрдөгчийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 141/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Н.Бгийн бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Бг албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Бг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Б нараас “... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хугацаатай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй ба эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон нь тохирсон гэж үзэв.

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгийг нь хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхитэй үйлдлээр илрэх ба бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилгоор үйлдлээ хэрэгжүүлж эхэлдэг нийгмийн хор уршиг ихтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Н.Бгийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих байгууллагад сувилагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, “...хоригдож буй нөхөр М.Н-ыг нь эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийлгэнэ, ялыг нь хөнгөрүүлж өгнө, сайн өмгөөлөгч авч өгнө, шүүгчид нь мөнгө өгнө, хорих ялаас нь хугацааны өмнө суллуулж өгнө.” гэж Г.Пг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийг төөрөгдөлд оруулж, хохирогчийг өөрийн эцэг, эхтэй найз, хамт ажилладаг байсан, өөрийг нь бага наснаас нь мэддэг гэх урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 62,290,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан нөхцөл байдал, хохирлын мөнгийг төлж барагдуулаагүй, хохирогч гомдолтой байгаа зэргийг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Бгийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 86 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бгийн цагдан хоригдсон 86 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Н.Бгаас хохиролд 3.350.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БОЛОРТУЯА

 

                      ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ